Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/178

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Р.*******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.*******ад холбогдох эрүүгийн 2115000000156 дугаартай, 163/2021/0159/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Цорос овогтой Рагчаагийн *******, 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ___________ гэх газарт оршин суух хаягтай, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД:______/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.******* нь М.Санжаажамц, А.Лхамжав, Н.Очирпүрэв нартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 3 дугаар сарын 28-29-ний шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Г.*******ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 6-н завхай мөнгөн эмээл, Жийжүү хар төмөр дөрөө, жижиг гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний 41 размерын орос хромон гутал зэрэг эд зүйлс хулгайлж 7.761.080 төгрөгийн хохирол;

Мөн 2020 оны 3 дугаар сарын 28-29-ний шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Б.*******ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 46 инчийн зурагт, 1 завхай эмээл 60 лан, 32 метр урт сур, 5 товруутай мөнгөн хазаар, эрэгтэй, эмэгтэй хүний хуримын монетон бөгж, ногоон даавуун гадаргатай эрэгтэй сэгсүүргэн дээл, ногоон торгон гадаргатай эрэгтэй хүний хурган дээл, эмэгтэй хүний хурган дотортой торгон дээл, эрэгтэй хүний булган малгай, монетон ээмэг, арьсан түрийвч, бэлэн 60.000 төгрөг, их гарын 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний 41 размерын орос хромон гутал зэрэг эд зүйлс хулгайлж 18.092.400 төгрөгийн хохирол;

-2020 оны 3 дугаар сарын 28-29-ний шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Л.*******ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 42 инчийн ЛСД зурагтыг хулгайлж 725.560 төгрөгийн хохирол;

-2020 оны 3 дугаар сарын 28-29-ний шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Б.*******ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 0.75 литрийн Соёрхол архи 1 шил хулгайлж нийт 16.700 төгрөгийн хохирол;

-2020 оны 3 дугаар сарын 28-29-ний шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Д.Лувсанлхагвын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч жижиг дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг гуутай бурхан багш, дунд зэргийн хэмжээтэй гуутай бурхан, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч зэрэг эд зүйлс хулгайлж нийт 2.219.330 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

  Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Р.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

    Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч Р.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил, 02 сарын хугацаатай хорих ял оногдуулах ялын санал, дүгнэлтийг гаргажээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих санал, дүгнэлтийг гаргажээ.

   Эрүүгийн 2115000000156 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

   Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.*******ыг М.Санжаажамц, А.Лхамжав, Н.Очирпүрэв нартай бүлэглэж, 2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Г.*******, Б.*******, Л.*******, Б.*******, Д.******* нарын буюу бусдын амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-30 тал/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, тогтоол /1хх-31-38 тал/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх-39-54 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-55-66 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.*******ийн өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хөдөө байж байхад сумын хэсгийн төлөөлөгч миний гар утас руу залгаад “төвд байх танай гэрт хулгай орсон байна. Яаралтай ир” гэж хэлсэн. Манай гэрийн цоожны цүүг суга татаад гэрт ороод хойморт байх авдарнаас эд зүйлийг нь гаргаад хаячихсан, дотроос нь миний 6 завхай мөнгөн эмээлийн хат төмөр жийжүү дөрөөтэй, тохом гөлөм байхгүй байсан. Би 6 завхайтай эмээл, хромон гутал зэргийг авсан. Мөнгөн аягыг аваагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх- 89-90 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ын өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 29-ний орой 18 цаг өнгөрч байхад төвд байх гэртээ иртэл манай хашааны хаалга онгорхой байсан. ...Гэрт яваад ортол манай баруун талд байх цонх онгорхой, зурагт болон гэр доторх эд зүйлийг онгичоод хаячихсан байхаар нь гайхаад дээшээ гарч үзэхэд миний 12 завхай мөнгөн эмээл, хазаар байхгүй авдар савыг бүгдийг нь онгичоод хаячихсан байсан. ...Би 12 завхай мөнгөн эмээл, мөнгөн хазаар, 3 ширхэг дээл, хромон гутал, өөрийнхөө бөгж, ЛСД зурагт, 2 ширхэг 15 метр урттай сур, булган малгай зэрэг эд зүйлсээ авсан. Одоо мөнгөн аяганууд, эхнэрийн ээмэг, бөгж, түрийвч, 60.000 төгрөгийг буцааж аваагүй байна...” гэх мэдүүлэг /1хх-82- 85 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.*******ын өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 30-ны өглөө танай сумын төвд байх байшинд хулгай орсон байна. Сумын төвд яаралтай ир гээд хэсгийн төлөөлөгч ярьсан. Тэгээд гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын цонхоор нь хулгайч орж байшинд байсан ЛСД зурагтыг аваад явсан байсан. ...Тэгээд нилээн хэд хоногийн дараа Сайханы хэсгийн төлөөлөгч залгаад сумын төв дээр хүрээд ир, зурагтаа ав гэж хэлсэн. Тэгээд эхнэрийн хамт ороод зурагтаа таньж авсан. ...” гэх мэдүүлэг /1хх-77-80 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ын өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд манай байшингийн урд цонхыг түлхэж хулгайч ороод авдранд байсан бэлэн 500.000 төгрөгийг, 1 шил архитай хамт авсан байсан. ...Хэрэг болсноос хойш нилээд хэд хоногийн дараа байшингаасаа нүүх гээд юм аа базааж байхад хувцасны шүүгээнд байрлах миний улаан хүрэн өнгийн дээлэнд уг 500.000 төгрөг бэлнээр байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-95-97 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Лувсанлхагвын өгсөн: “...Гуулин гуутай 2 жижиг бурхан, нэг бурхан нь бол бурхан багш, нөгөөхийг нь санахгүй байна. Мөнгөн аягыг бол нэгийг нь би 1970 онд, нэгийг нь 1980 он гарсны дараа, нөгөөхийг нь 2015 онд авч байсан...” гэсэн мэдүүлэг/1-р ХХ-ийн 99-103-р ху/

        Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.*******гийн “...2020 оны 4 дүгээр сарын эхээр өдрөө санахгүй байна. Гэгээтэй өдрийн цагаар ганцаараа мотоцикльтой Н.Очирпүрэв манайд ирээд өрөндөө энийг авах уу? надад эмээлийн 6 ширхэг мөнгөн завхай хэрэглэл үзүүлсэн. Би тухайн үед үнийг нь судалж үзээд хариу хэлье гэж хэлтэл Н.Очирпүрэв нь энэ эмээлийн 6 ширхэг хэрэглэлийг танайд түр орхичихъё гээд манайд 6 ширхэг эмээлийн мөнгөн хэрэглэлээ орхиод явсан...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 112-113-р ху/

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.*******ийн “...******* гэж хүн 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3 дугаар багт байрлах “Баялаг-3” нэртэй барьцаат зээлийн газарт эрэгтэй монетон бөгж /6.5 гр/ барьцаанд тавьж 422.000 төгрөг бэлнээр авсан. Тухайн үед миний бөгж л гэж хэлж байсан санагдаж байна..." гэсэн мэдүүлэг/1-р ХХ-ийн 115-р ху/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.*******ийн “...2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ******* гэх залуу эрэгтэй хүний монетон хаан сүйтэй 6.5 гр жинтэй бөгжийг 422.000 төгрөгөөр тавьсан. Өөрөөсөө гадна бас нэг залуутай хамт орж ирсэн...” гэсэн мэдүүлэг/1-р XX- ийн 129-р ху/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ийн “...Би 2020 оны 3 дугаар сарын 29-ний өглөө 06 цаг гэхэд боссон. Намайг гэрээс гарахад манай хашааны урдуур цагаан өнгөтэй ар талын багаж нь тэгшхэн жижиг машин зүүн талаас баруун тийшээ явсан...” гэсэн мэдүүлэг/1-р ХХ-ийн 149-150-р ху/

   Тольдох оюуны өгөөж ХХК-ны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №210055 дугаартай алдагдсан эд зүйлсийг нийт 28.755.070 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1хх-190-198 тал/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд Р.*******ын гэм буруугаа хүлээж яллагдагчаар өгсөн: “...Нийт 5 айлд орсон ба 1 дэх айлаас зурагт авсан, 2 дахь айлаас 12 завхай эмээл 1 ширхэг, 1 хос хромон гутал, 3 ширхэг үстэй дээл, булган малгай, элдсэн сур 2 ширхэг, хэтэвч, эрэгтэй хүний монетон бөгж, зурагт зэргийг авч гарч ирэхийг харсан. Мөн 3 дахь айлаас 6 завхай эмээл 1 ширхэг, 1 хос хромон гутал, 4, 5 дахь айлаас юу авсан талаар мэдэхгүй байна. ...Би 6 завхай эмээлийн мөнгөн тоноглолыг авсан. ...” гэх мэдүүлэг /1хх-234-235 тал/,

   Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

   Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Р.*******ын үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэм буруутай нь нотлогдсон байна.

  Шүүгдэгч Р.******* нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан төдийгүй түүнийг зөөж тээвэрлэх машин механизмыг олж ашиглан өөрийн эзэмшилд оруулж захиран зарцуулсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Булган аймгийн прокурорын газраас Р.*******, М.Санжаажамц, А.Лхамжав, Н.Очирпүрэв нарыг бүлэглэж, 2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Г.*******, Б.*******, Л.*******, Б.*******, Д.******* нарын буюу бусдын амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацаанд Р.******* нь хаана байгаа нь тодорхойгүй, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байна.  Тиймээс Прокурорын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4/01 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу Р.*******, М.Санжаажамц, А.Лхамжав, Н.Очирпүрэв нарт холбогдох эрүүгийн 1915003860212 дугаартай нэгтгэсэн хэргээс Р.*******ад холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Р.*******ын үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашигласан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.*******ыг М.Санжаажамц, А.Лхамжав, Н.Очирпүрэв нартай бүлэглэж, 2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Г.*******, Б.*******, Л.*******, Б.*******, Д.******* нарын буюу бусдын амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 7.434.590 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Р.******* нь хохирлоос өөрт ногдох хэсгийг буюу нийт 1.858.647 төгрөгийг төлсөн байна.

Үүнээс хохирогч Б.*******т 4175 төгрөг, Д.*******д 584.832 төгрөг, Б.Эрдэнэ-очирт 1.246.120 төгрөг, Г.*******эд 23.520 төгрөгийг тус тус төлж барагдуулжээ. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос өөрт ногдох хэсгийг төлсөн тул түүнийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.*******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Р.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Р.******* нь ам бүл 5, ээж, дүү нарын хамтаар Архангай аймгийн Өгийнуур сум 2 дугаар багийн нутаг “Шорвог” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол төлбөрийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар түүнд 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг хуульчилсан бөгөөд уг хуулийн 3.1 дүгээр хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж;

Мөн хуулийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Р.******* нь 2020 оны 3 дугаар сарын 28-29-ний шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх бөгөөд урд өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж байгаагүй нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж;

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. ...” гэж заасан байна. Шүүгдэгч Р.******* нь ам бүл 5, ээж, дүү нарын хамтаар Архангай аймгийн Өгийнуур сум 2 дугаар багийн нутаг “Шорвог” гэх газарт мал маллан амьдардаг нь багийн Засаг даргын тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 7.434.590 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Р.******* нь хохирлоос өөрт ногдох хэсгийг буюу нийт 1.858.647 төгрөгийг шүүхийн шатанд бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна. Тиймээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Р.*******ад оногдуулсан 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Р.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар 3 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүнийг Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.******* нь М.Санжаажамц, А.Лхамжав, Н.Очирпүрэв нартай хамт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөл, эзэмшилд байдаг нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 35-84 УНН улсын дугаартай, цагаан өнгийн Toyota Probox загварын тээврийн хэрэгслийн үнэ 5.600.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Р.******* болон М.Санжаажамц, А.Лхамжав, Н.Очирпүрэв нараас тус бүр 1.400.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Р.******* 46 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цорос овогт Рагчаагийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Р.*******ыг 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.*******ад оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.*******ын цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулан тооцсугай.

5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч Р.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ыг Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг сануулсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Р.******* нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч С.Алтангэрэлийн эзэмшилд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 5.600.000 төгрөгийг шүүгдэгч Р.******* болон М.Санжаажамц, А.Лхамжав, Н.Очирпүрэв нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР