| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0175/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/194 |
| Огноо | 2021-09-10 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ид холбогдох эрүүгийн 2115001000157 дугаартай, 163/2021/0175/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Монгол овогт Болор-Эрдэнийн *******, 1995 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ____________ гэх газарт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: ___________/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*******ийг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн мэдүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Б.******* нь 2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас иргэн Б.*******ын эзэмшлийн 1 тооны цавьдар зүсмийн гүүг машин механизм ашиглаж бэлчээрээс нь хулгайлан авч бусдад зарж борлуулсаны улмаас 861.538 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгох санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих санал, дүгнэлтийг тус тус гаргаж байна гэжээ.
Эрүүгийн 2115001000157 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.*******ид холбогдох эрүүгийн 2115001000157 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 1 дүгээр сард Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас иргэн Б.*******ын эзэмшлийн 1 тооны цавьдар зүсмийн гүүг машин механизм ашиглаж бэлчээрээс нь хулгайлан авч бусдад зарж борлуулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.*******ын өгсөн: “…2021 оны 01 дүгээр сарын сүүлээр би адуугаа “Шанд” гэх газарт оруулсан юм. Тэгээд хэд хоногийн дараа “Үзүүрийн ус” гэх газарт адуугаа харахад хул азаргатай 23 тооны адуунаас 1 тооны цавьдар зүсмийн буруу чих нь онь эмтэй, тамгагүй цавьдар зүсмийн гүү байхгүй байсан. Тэгэхээр нь тэр хавиар хоёр, гурван өдөр хайгаад олоогүй. Тэгээд байж байтал Одонбат гэх залуу манай гэрт ирээд надтай юм яриад сууж байснаа “танай алга болсон гүүг Болорын *******, Бүүвэйбаатар нар авсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш нь Мөнхөө гэх айлд очиход Сандагдож, Бүүвэйбаатар, Ууганаа, хүргэн Төмөрөө нар байхаар нь би тэр хоёрт хандаад “ахынхаа цавьдар гүүг яагаад та 2 авчихаа вэ?” гэхэд эхэндээ “би аваагүй” гээд байхаар нь би “Отгонбат та хоёрыг авсан гэж хэлсэн” гэхэд “авсан, уучлаарай ахаа төлье” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
Гэрч М.*******ийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын сүүлээр байх манай нөхөр адуугаа “Шанд” гэх газарт оруулсан. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа адуун нь дээрээ очиход манай адуунаас цавьдар зүсмийн гүү дутсан байсан. Тэр хавиар хайгаад байсан. Тэгээд өөрөө бол дотроо Бүүвэйбаатар гэх залууг сэжиглээд тэр л авчихлаа гээд байсан. Бүүвэйбаатар, Болорын Сандагаа гэх 2 залуу нийлээд авчихсан байна, төлж өгье гэж байна гэж ярьж байсан. …” гэх мэдүүлэг /хх-23 тал/,
Гэрч Б.Оюун-Эрдэнийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард манай эгч *******ийн банкны мөнгө төлөх гээд Гурванбулаг сумын ******* гэх залуугаас “мөнгө зээлэх үү” гэж асуусан. Тэгсэн нөгөөх нь “бэлэн мөнгө байхгүй” гээд хэсэг чимээгүй байж байснаа ******* эргээд манай эгч рүү залгаад “та надаас нэг адуу ирээд авчих, мөнгийг нь тэгж байгаад увуулж цувуулж авъя” гэж хэлсэн байсан. Тэгээд би явахад нь цуг явсан. Бид 2 засмал дээр хүлээгээд байж байхад тэр 2 цэнхэр өнгийн мотоцикль унаад ирсэн. Би тэр үед *******, Бүүвэйбаатар нарыг анх удаа харсан. Тэгээд бид хоёрыг дагуулаад саравчтай байшинтай айлд очсон. ******* тухайн үед “манай адуу” гэж байсан. Өдрийн цагаар өөрийнхөө хаваржаан дотор нядлаад өгсөн болохоор юу ч бодоогүй. Сандагдож, Бүүвэйбаатар нар хоёулаа нэг мотоцикльтойгоо сундалдаж яваад хөөж ирсэн. Тэгээд нэг нь яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 36-38 тал/,
Гэрч Б.*******ийн өгсөн: “...Би зүсийг нь сайн мэдэхгүй байна. Нэг тооны гүү ирээд авчих гэж ******* нар руу ярьсан. Би тийшээ явахад *******, Бүүвэйбаатар нар мотоцикльтой сундалдаж ирээд намайг дагуулж яваад айлын хаваржаан дээр очоод хаваржааны урдхан байсан адууг хөөж ирээд нэг адууг харуулаад “энэ адуу болж байна уу?” гэж хэлсэн. Тэгээд би болно гээд тэр адууг хаваржаан дээр Бүүвэйбаатар хашилцаж өгөөд яваад өгсөн. ******* тэр адууг барьж аваад нядлаад надад өгөөд явуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-41-43 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр би гэрээсээ өглөө эрт гараад адуундаа явж байсан. Тэгээд саахалт айлын хүү Бүүвэйбаатрыг зам тосуулаад Булган аймгийн төв рүү явуулах санаатай хамт дагуулаад явсан. Тэгээд өөрийн адууг бөөгнүүлж байтал над руу Чимгээ эгч залгаад “мөнгө зээлэх боломж байна уу?” гэхээр нь “надад одоохондоо байхгүй байна, хэд хоногоос болох байх” гэж хэлээд утсаа салгасан. ...Тэгээд өөрийн адууг хайж байгаад манай нутгийн ******* гэх айлын адуу таарахаар нь би айлын хашаанд хашиж байгаад цавьдар зүсмийн соёолон гүүг барьж аваад хашаанаас уясан. Тэгээд би мотоциклиороо Бүүвэйбаатар дээр очиход “унаа ирэхгүй байна” гээд байж байсан. Тэгэхээр нь “би унаа харж байя, чи манай адууг харчихаад хүрээд ир” гэж хэлээд Бүүвэйбаатарыг явуулсан. Тэгээд би унаа харж байхдаа Чимгээ эгч рүү утсаар залгаад “адуу авах боломж байгаа юм уу?” гэж асуутал “бэлэн мөнгөөр бол авч чадахгүй” гэж хэлэхээр нь “дараа нь мөнгийг нь авъя” гэтэл “очиж авах унаа олдохгүй байна” гэхээр нь “та жижиг машинтай ч хамаагүй хүрээд ирэхгүй юу даа, би төхөөрөөд өгье” гэж хэлсэн. Тэгсэн чинь “за тэгвэл яваад очъё” гэж хэлсэн. Удалгүй Бүүвэйбаатар ирсэн ба удаагүй Чимгээ эгч цагаан өнгийн машинтай өөрөөсөө гадна нэг хүнтэй хамт ирсэн. Тэгээд Бүүвэйбаатар нь “унаа олдохгүй юм байна, айлын адуу харж байгаа тэрийгээ олъё явлаа” гэж хэлэхээр нь “за тэг, тэг” гэж хэлээд мотоциклио өгөөд явуулсан. Тэгээд би нөгөө цавьдар гүүг уяж орхисон хаваржаа руу Чимгээ эгчийн машинд сууж очоод улмаар цавьдар гүүг төхөөрч машинд нь ачиж өгөөд явуулсан. Харин би зам дээр үлдээд Бүүвэйбаатарыг ирэхийг хүлээж байгаад адуугаа туугаад ирэхээр нь хамт суугаад гэрлүүгээ харьцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх-84-86 тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас иргэн Б.*******ын эзэмшлийн 1 тооны цавьдар зүсмийн гүүг машин механизм ашиглаж бэлчээрээс нь хулгайлан авч бусдад зарж борлуулсаны улмаас 861.538 төгрөгийн хохирол учируулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.*******ын өгсөн гэх мэдүүлэг /хх-14-15 тал/, гэрч М.*******ийн өгсөн гэх мэдүүлэг /хх-23 тал/, гэрч Б.Оюун-Эрдэнийн өгсөн гэх мэдүүлэг /хх 36-38 тал/, гэрч Б.*******ийн өгсөн гэх мэдүүлэг /хх-41-43 тал/, гэрч Г.Төмөрбаатарын өгсөн гэх мэдүүлэг /хх-46-47 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ийн яллагдагчаар өгсөн гэх мэдүүлэг /хх-84-86 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Б.*******ийг 2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас иргэн Б.*******ын эзэмшлийн 1 тооны цавьдар зүсмийн гүүг машин механизм ашиглаж бэлчээрээс нь хулгайлан авч бусдад зарж борлуулсаны улмаас 861.538 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Б.*******ийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн мал нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.******* нь уг адууг бусдын өмчлөл, эзэмшлийн адуу болохыг мэдсээр байж малын бэлчээрээс тууж авч явсан зэрэг үйлдлээр түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Б.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ийг 2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас иргэн Б.*******ын эзэмшлийн 1 тооны цавьдар зүсмийн гүүг машин механизм ашиглаж бэлчээрээс нь хулгайлан авч бусдад зарж борлуулсаны улмаас 861.538 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******т 861.538 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.******* нь хохирлыг биет байдлаар буюу нэг унагатай гүүг хохирогчид өгчээ. Түүнчлэн хохирогч Б.******* нь адуугаа хайхад зарцуулсан бензиний үнэ болох 300.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч бүрэн төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгажээ.
Иймд хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч Б.*******ийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******ийг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгчийн ар гэр болон түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлөгдсөн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус зохицуулсан байна.
Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Болор-Эрдэнийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ийг өөрийн оршин суугаа газар буюу Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хязгаарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР