| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0178/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/192 |
| Огноо | 2021-09-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.*******т холбогдох эрүүгийн 2115000000181 дугаартай, 163/2021/0178/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Тайж овогт Санжаагийн *******, 1984 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, _________ оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ТЭЦ ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд 1 удаа ял шийтгүүлж байсан. /РД:________/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.*******ийг 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “Жаргалант хороо” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.*******тэй маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч С.*******ийг 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “Жаргалант хороо” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.*******тэй маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн 2115000000181 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “Жаргалант хороо” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.*******тэй маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.*******ийн гэрчээр болон хохирогчоор өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн үед уулздаг залуу ******* нь намайг зодсон. Тухайн өдөр Булган аймгийн “Хангай” амралтын газарт ******* бид хоёр хамт очсон юм. Тэгээд тэндээ хоол, ундаа хийж идчихээд орой нь буцна гэж байсан. Бид хоёр архи, пиво уусан болохоор хоноод маргааш нь Орхон аймаг явахаар болсон. Тэгтэл ******* намайг найзтайгаа хардаад бид хоёр хэрэлдэж, муудалцаад “Хангай” амралтаасаа явсан юм. Тэндээсээ хөдлөөд явж байх замдаа машин дотор намайг толгой хэсэгт цохиод машины шил хэсэгт 1-2 удаа толгойг минь мөргүүлсэн. Би “болиоч” гээд орилоход хөдөө хээр зогсож байгаад намайг машинаасаа үсдэж чирж буулгаад нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд толгойгоороо намайг мөргөсөн. Би “болиоч, өвдөөд байна” гээд *******т хэлэхэд миний хоолойг боож амыг маань амьсгаа авахгүй болтол нь 2-3 удаа тагласан. Би эсэргүүцэл үзүүлэн ноцолдоод гарыг нь авахуултал дахиад ам таглаад байсан. Тэгээд би ухаангүй болчихсон байсан. Өглөө сэрсэн чинь гадаа газар хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-10-16 тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №406 дугаартай:
1. Н.*******ийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, нүүр, 2 гар, хөлд зөөлөн эдийн олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Тархи доргилт, хамрын ясны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно.” гэх дүгнэлт /хх-25-26 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.*******ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.*******ийн хохирогчийн биед халдан зодох, үсдэх, цохих зэрэг нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч С.*******ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.******* нь 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “Жаргалант хороо” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.*******тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй хэдий ч шүүгдэгч С.Батхшигт нь хохирогчид эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг төлжээ.
Иймд хохирогч нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч С.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 32-41, 60 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, эд хөрөнгийн талаарх лавлагаа, оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт зэргээр шүүгдэгч С.******* нь ам бүл 3, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг баг, 5-21-22 тоотод амьдардаг, “ТЭЦ-3” ХХК-д жолооч ажилтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал, хөрөнгө, орлогын байдлыг тогтоосон байна.
Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4/80 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор … биелүүлэх үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч дээрх хугацаанд торгох ялыг биелүүлэх боломжтой гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Санжаагийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батхишигийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР