Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/188

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

Улсын яллагч Э.Гантулга,

Иргэний нэхэмжлэгч Г.*******,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Мужаан Бор овогт Төмөрбаатрын *******т холбогдох эрүүгийн 2115001090164 дугаартай, 163/2021/0169/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Мужаан Бор овогт Төмөрбаатарын *******, 1987 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ___________ оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: ____________/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.*******ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.*******гийн өгсөн: Гомдол, санал байхгүй. Шүүгдэгчээс байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 6.013.761 төгрөгийг гаргуулах саналтай байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115001090164 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.******* нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг  “Цүүцийн  баруун салаа”” гэх газар ойгоос зөвшөөрөлгүйгээр 13.869 м3 нарс /хуурай/ төрлийн мод бэлтгэж, 2021 оны 6 сарын 09 ны өдөр Булган аймаг Хангал сумын Хялганат тосгон руу **-** БУА улсын дугаартай ЗИЛ-131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 2.004.587 төгрөгийн шууд хохирол учруулж, Ойн тухай хууль зөрчсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9 тал/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12 тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-13-20, 24-25  тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22 тал/,

Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-24 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-66-71 тал/,

Сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлт /хх- 81 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.*******гийн өгсөн: “...Би ******* сумын Засаг даргын тамгын газарт 3 дугаар багийн байгаль  хамгаалагчаар ажилладаг. Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Цүүцийн баруун салаа” гэх газраас 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хангал сумын 4 дүгээр багийн иргэн Т.******* нь хууль бусаар мод бэлтгэсэн байна. Байгаль экологид учирсан хохирлоо нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,

Гэрч И.*******гийн өгсөн “....2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр танил ******* надруу утсаар холбогдож “******* сумын 4 дүгээр багийн “Цүүцийн  баруун салаа” руу модонд хамт яваад өгөөч” гэж гуйхаар нь зөвшөөрсөн. *******ын эзэмшлийн **-** БУА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Цүүцийн баруун салаа” гэдэг газарт очсон. Тэгээд тус газраас 7 ширхэг Нарс төрлийн мод унагааж бэлтгэсэн. Тухайн газраасаа ******* сумын 3 дугаар багийн нутагт “******* мөрний арал” гэдэг газарт буулгасан. Би сайн ойлгоогүй. ******* явж байгаад энд буулгана гээд  буулгасан. ...” гэх мэдүүлэг /хх-47-49 тал/,

Гэрч Н.*******гийн өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 07 ны өдөр хуучин хамт ажиллаж байсан залуу ******* над руу утсаар холбогдож “******* сум 4 дүгээр багийн нутаг “Цүүцийн  баруун салаа руу модонд хамт яваад өгөөч” гэж гуйхаар нь зөвшөөрөөд *******ын эзэмшлийн **-** БУА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймаг ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Цүүцийн баруун салаа” гэдэг газарт очсон. Тухайн газраас 7 ширхэг Нарс төрлийн мод унагааж бэлтгээд ачиж ирээд ******* сумын 3-р багийн нутагт  “******* мөрний арал” гэдэг газар буулгасан. Би анх модонд явахдаа “бичиг баримттай зөвшөөрөлтэй юм уу?” гэхэд “зөвшөөрөлтэй” гэж хэлж байсан болохоор мэдээгүй явсан. ******* хөрөөчин хийж модыг унагааж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-56-58 тал/,

Хялганат сум дундын ойн ангийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр №10 дугаар шинжээчийн:

1. Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Цүүцийн баруун салаа” гэдэг газарт 258 дугаар хэсэглэлийн 9 дүгээр ялгаралд “Хялганат түрүү” ХХК-ний 2021 оны мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдсэн.

2. Мод бэлтгэсэн “Цүүцийн баруун салаа” гэдэг газар нь ойн бүсчлэлийн хувьд ашиглалтын бүсийн ой буюу 3 дугаар мужид хамаарна.

3. Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн нарс хуурай 2-4 метр хэрэглээний бөөрөнхий мод болно.

4. Тухайн бэлтгэсэн модны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 2.004.587 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-81 тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтийн газрын байгаль орчны хяналтын  улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон: ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 6.013.761 төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт /хх-86 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.*******ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр *******, ******* нарын хамт миний эзэмшлийн **-** БУА улсын дугаартай  ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр  ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Цүүцийн баруун салаа” гэх газарт мод бэлтгэхэд Хялганат тосгоноос явсан. Цүүцийн баруун салаа гэх газарт очоод 7 ширхэг Нарс төрлийн босоо мод унагаагаад  өөрийн эзэмшлийн **-** БУА улсын дугаартай “ЗИЛ-131” маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг Арал гэх газар явж байхад машины зүүн хойд талын 3 ширхэг дугуйны хойд талын дугуй хагарахаар нь тэр газраа ачсан байсан модоо буулгаж тавьчихаад машинаа аваад явсан. Буулгасан модоо очиж авч чадахгүй байлгасаар байгаад 2021 оны 6 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед очиж аваад Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны төвд тээвэрлээд орж байхад  цагдаа зогсоож шалгасан. ******* ах, ******* хоёр хууль бусаар мод бэлтгэснийг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-101 тал/,

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Т.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Т.******* нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, зөвшөөрөлгүйгээр ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч Т.******* нь мод бэлтгэх арга, технологийг зөрчсөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Т.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.******* 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг  “Цүүцийн  баруун салаа”” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр 13.869 м3 нарс /хуурай/ төрлийн мод бэлтгэж, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Булган аймаг Хангал сумын Хялганат тосгон руу **-** БУА улсын дугаартай “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.******* гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 2.004.587 төгрөгийн шууд хохирол /хх-81 тал/ учирсан нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 6.013.761 төгрөгийн /хх-86 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Т.*******оос 6.013.761 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.******* нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 6.013.761 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 89-93 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгийн талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.******* нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны  Малчдын 2322 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, уг ялын доод хэмжээ болох 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.517.405 төгрөгийн үнэлгээ бүхий **-** БУА улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 33 ширхэг буюу 13.869 м3 хэмжээтэй нарс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 84000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мужаан Бор овогт Төмөрбаатарын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Т.*******оос байгаль экологид учруулсан хохирол 6.013.761 /зургаан сая  арван гурван мянга долоон зуун жаран нэг / төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 94-04 БУА улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 33 ширхэг буюу 13.869 м3 хэмжээтэй нарс /хуурай/ төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОТГОНБААТАР