| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0170/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/186 |
| Огноо | 2021-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гойд овогт Чүлтэмийн *******д холбогдох эрүүгийн 2115001320183 дугаартай, 163/2021/0170/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Гойд овогт Чүлтэмийн *******, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, _______________ гэх газарт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:______________/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт иргэн Д.*******гийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн 2115001320183 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт иргэн Д.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь цохиж, түүний биед хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******гийн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд Хишиг-Өндөр сумын 5 дугаар багт байрлах гэртээ байж байсан. Тухайн үед манай ээж ******* нь хойд аав болох *******д Улаанбаатар хот явах гэж байна гээд хуушуур хайрч өгсөн. Тэгсэн “түлэнхий байна, амт муутай байна” гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд Улаанбаатар хот явах унаа нь хүрээд ирэхээр нь “унаа чинь ирчихлээ” гээд яваад очсон чинь надтай хэрүүл хийгээд байхаар би “яасан их хэрүүл хийдэг юм, хийсэн хоолыг нь дуугүй ид” гэж хэлээд нэг удаа мангасдаж түлхсэн чинь ******* нь миний хамар хэсэгт баруун гараараа нэг удаа цохихоор нь би тэврээд авсан чинь манай ээж ******* дундуур орж ирээд салгахад би газар унасан ба миний дээрээс ******* нь миний төмсөгнөөс базаад тавихгүй 5 минут орчим болоод арай хийж салахаар нь би уурандаа хутга барьж ална гэж айлгасан юм. ...” гэх мэдүүлэг /хх-9-10 тал/,
Гэрч Д.*******ийн өгсөн: “...Баярмагнай нь манай нөхөр болох *******тэй урд нь маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Эвтэй найртай байдаг юм. Манай хүү болох Батмангай нь өргөдлөө буцааж авмаар байна гэж надад хэлж байсан. Уурандаа дэмий өргөдөл өглөө гэж хэлсэн. ******* бид хоёр хүү болох *******гийнхаа эмчилгээг хийхээр тохироод болчихсон байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-15-16 тал/
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №201 дугаартай шинжээчийн:
1. Магадлуулагчийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-20-21 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.*******гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчим Хишиг-Өндөр сумын 5 дугаар багт байрлах гэртээ манай эхнэр *******ийн том хүү *******, ******* нарын хамт байсан. Эхнэр болох *******тэй маргалдаад байж байхад ******* нь босож ирээд миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохихоор нь зөрүүлээд “яаж байгаа юм бэ?” гэж хэлээд *******гийн хамар хэсэгт нэг удаа цохиод барьцалдаад авсан. ******* нь намайг дараад унахаар нь би босож ирээд төмсөг хэсгээс нь удаан базаад тавьсан. Тэгээд л салсан. Тэгсэн чинь ******* нь цагдаад дуудлага өгсөн байсан. Тухайн үед бага зэргийн согтолттой байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-52 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ч.*******гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ч.*******гийн хохирогчийн нүүрэн тус газарт цохиж буй үйлдэл идэвхтэй, ийнхүү цохих нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ч.*******гийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******г 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт Д.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь цохиж, түүний биед хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ч.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснээр өөр хоорондоо харилцан тохиролцсон бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Ч.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 40-44 талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн талаарх болон гэрлэлт бүртгэлийн талаарх лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн урд хорооны “Бор толгой” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/72 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.*******гийн торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар тутам хувь тэнцүүлж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гойд овогт Чүлтэмийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, уг ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******д сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР