Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.*******т холбогдох эрүүгийн 2115000000182 дугаартай, 163/2021/0171/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Шаавай овогт *******ийн *******, 1992 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ________ гэх газарт оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:_______/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.******* өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Ө.*******ыг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт иргэн Ө.*******ийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, прокурорын гаргасан ялын санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Эрүүгийн 2115000000182 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.******* нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт иргэн Ө.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа биед нь халдаж тархины доргилт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ө.*******ийн өгсөн: “....Би Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Толгой” гэх газарт ээж *******, ах ******* нарын хамт мал маллаж амьдардаг. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр манай ах *******ын найз гэх 2 хүн Эрдэнэт хотоос манай гэрт ирсэн юм. Тэгээд манай ах найз нартайгаа хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд манай гэрт ирсэн ахын 2 найз нар нь явсаны дараа манай ах надаас “гар утсаа өгч байгаач, би өөрийнхөө гар утсыг олохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд миний гар утсыг аваад өөрийнхөө гар утас руу залгасан. Тэгтэл “чи намайг ах гэж хүндэлсэнгүй” гэж хэлсэн. Учир нь би өөрийн гар утас дээрээ ахынхаа гар утасны дугаарыг “*******” гэж нэрээр нь хадгалсан байсан юм. Тэгэхээр нь би ах *******ын өмнөөс “та намайг хэзээ дүүгээ гэж боддог байсан юм бэ?” гэж хэлсэн. Тэгтэл манай ах ******* намайг баруун гараараа миний баруун талын хацар хэсэгт нэг удаа алгадсан юм. Тэгтэл миний хамраас цус гарсан. Гэрийн гаднаас миний ээж ******* гэрт орж ирээд салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,

Гэрч Н.*******ийн өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн орой 22 цаг 30 минутын орчим манай эхнэр ******* над руу утсаар яриад “******* дүүгээ зодчихлоо. Охин *******ийн ам, хамраас нь цус гараад байна. Би эндээс машин олоод шууд эмнэлэг рүү явлаа шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр хүрээд ирсэн чинь эхнэр *******, охин ******* нар эмнэлэг дээр ирсэн байсан. Эхнэрээсээ юу болсон талаар асуухад “хүү *******ын найзууд болох 2 залуу Орхон аймгаас манай хөдөө байдаг гэрт очсон. Тэгээд хүү ******* найз нартайгаа нийлж айраг ууж согтоод дүүгээ зодчихлоо” гэж хэлсэн. Яг юуны улмаас хэрхэн яаж зодсон талаар нь би мэдээгүй. Охин *******ийг эмнэлэгт үзүүлсэн чинь гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүл гээд шууд хэвтүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-15 тал/

Гэрч М.*******гийн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 06-ны орой гадаа бүрий болж байтал миний бага охин ******* гэрийн гадаа орилох шиг болсон. Тэгэхээр нь би гэрээс гараад хартал тугалын зэлний ойролцоо миний охин ******* ах *******ын хамт зогсож байсан. Тэгээд би хоёр хүүхэд дэрээ явж очиход миний бага охин *******ийн хамраас нь цус гарсан байдалтай зогсож байсан. “Юу болсон бэ?” гэж хоёр хүүхдээсээ асуухад “ах намайг алгадлаа” гэж охин ******* хэлсэн. Тэгэхээр нь би та хоёр яахаараа хэрэлдэж байгаа юм бэ? гэж хэлээд охин *******ийг Орхон аймаг оруулж эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд эмч нар миний охин *******ийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №448 дугаартай:

1. Ө.*******ийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт нь тухайн үед үүссэн байх боломжтой. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Тархи доргилт, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх дүгнэлт /хх-29-30 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.*******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 06-ны орой гадаа бүрий болж байсан. Миний төрсөн дүү ******* гадаа тугалын зэлэн дээр үхэр сааж байхаар нь би дэргэд нь очоод “ахдаа гар утсаа өгөөч, би өөрийнхөө гар утсыг хаячихсан байна. Өөрийнхөө гар утсыг олъё” гэж хэлсэн. Тэгтэл манай дүү ******* миний өөдөөс “яах гээд байгаа юм бэ? ямар ядаргаатай юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гар утсаа кодыг нь гаргаад өг” гэж хэлсэн. Тэгтэл надад гар утсаа кодоо гаргаж өгсөн. Тэгээд би дүүгийнхээ гар утаснаас өөрийнхөө гар утас руу залгахад миний дугаарыг миний нэрээр буюу “*******” гэж хадгалсан байсан. Тэгэхээр нь би дүү *******т хандаж “чи ахынхаа нэрийг ямар учраас бүтэн нэрээр хадгалж байгаа юм бэ?” гэхэд та ер нь миний ах юм уу?” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ахыгаа чи юу гэж байгаа юм бэ?” гээд дүү *******ийг нэг удаа хацар хэсэгт нь гараараа алагдсан. Тэгтэл манай дүү *******ийн хамарнаас цус гараад уйлсан. Миний дүү *******ийг уйлж байхыг ээж ******* сонсоод гэрээс гарч ирээд “дүүгээ зодлоо” гэж хэлээд эмнэлэг рүү авч явсан тийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх-54-55 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ө.*******ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ө.******* хохирогчийн нүүрэн тус газарт алгадаж буй үйлдэл идэвхтэй, ийнхүү цохих нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ө.*******ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.******* нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт өөрийн төрсөн дүү болох Ө.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа биед нь халдан зодож, тархины доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ө.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Ө.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ө.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ө.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 38-46 талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолтууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ө.******* нь ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамтаар Булган аймгийн Орхон сумын Халиун 1 дүгээр багийн “Таван толгой” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ө.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 4/76 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ө.******* нь үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ө.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шаавай овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.*******т 450 /дөрвөн зуун тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, шүүгдэгч Ө.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ө.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР