| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/184 |
| Огноо | 2021-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Н.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хамба овогт Нэргүйн Батбаатарт холбогдох эрүүгийн 2115000000186 дугаартай, 163/2021/0172/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хамба овогт Нэргүйн Батбаатар, 1985 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, __________оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: ГД_________/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Батбаатарыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батбаатарын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Н.Батбаатарыг 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар иргэн Б.Аюуш, А.Дорж нарыг зодож тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаатарт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргын тамгын газарт хийлгүүлэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн 2115000000186 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Батбаатар нь 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар иргэн Б.Аюуш, А.Дорж нарыг зодож, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Аюушийн өгсөн “ ... Батбаатар, Доржоо хоёр муудалцаад бие биедээ агсам тавиад, зодолдоод байсан. Тэгээд Батбаатар, Доржоо хоёрын маргаан нь ширүүсээд байхаар нь би Батбаатарыг аваад гарах гэсэн чинь Батбаатар “чи муу намайг хорих болоогүй” гээд тэвэрч аваад шидчих шиг болсон. Тэгсэн миний баруун гарнаас цус гарсан. Тэгээд би нэг хэсэг мэдрэлгүй болоод хэвтсэн. Миний баруун гарны шуу, булчин, тохой хэсэгт ямар ч байсан 5 удаа зүсэгдсэн, их хэмжээний цус гарсан. Сумын эмнэлэгт ирээд нилээн олон оёдол тавиулсан. ...Батбаатар Дорж хоёр газар хэвтээгээрээ ноцолдож, зодолдоод байсан. Батбаатар нь босоод Доржийг өшиглөөд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-28-30 тал/,
Хохирогч А.Доржийн өгсөн: “...Би жаахан согтоод сууж байтал Батбаатар надтай маргаад миний баруун хацар луу цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд тэрнээс хойш би юу болсон талаар сайн санахгүй байна. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-34 тал/,
Гэрч О.Шижирбаатарын өгсөн: “...Тухайн өдөр 16 цагийн үед Аюуш ахтай уулзтал Мэндбаяр ахын машины ард суучихсан баруун гарын шуу, бугалга хэсэг нь иртэй юмаар зүсэгдээд ярагдчихсан нил цус болчихсон сууж байсан. Тэгсэн Аюуш ах надад “би Батбаатартай архи уусан, Батбаатар миний гарыг ийм болгочихлоо цагдаад хэлэх үү, яах уу?” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ?, хэлсэн нь дээр шүү дээ” гээд би шууд цагдаагийн хэсэг дээр ирээд сумын цагдаа Мягмардоржид хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-36-38 тал/,
Гэрч Ш.Сугарсүрэнгийн өгсөн: “...Манай гэрт бид нар архи ууж байхад Аюуш, Батбаатар хоёр хоорондоо маргаад муудалцаад, зодолдоод байсан. ...Гэнэт Аюушийн баруун гараас цус гараад байхаар нь манай гэрийн дэрний уутаар гарыг нь боогоод бас цусыг нь арчсан чинь тогтохгүй байсан. Ингээд эмнэлэг, цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-51-53 тал/,
Гэрч Ч.Мягмардоржийн өгсөн: “...Намайг байшинд ороход Сугарсүрэнгийн гэрт хүмүүс архи уусан байдалтай үүдний хулдаас, дрож хэсэг цус болчихсон байсан. Тэр цусыг орны дэрний уутаар арчсан байдалтай байсан. Мөн тэр даавуу нь цус болчихсон дрожин дээр байсан. Харин Доржоо, Батбаатар хоёр нэлээн согтуу байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Батбаатар надад хэлэхдээ “Аюуш агсам тавиад байхаар нь зодолдсон” гэхээр нь “хутгаа яасан юм бэ?” гэж асуухад Батбаатар “би хутгаа зам гаргаад хол хаячихсан байгаа, асуудалгүй” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 199 дугаартай Амартүвшин овогтой Доржийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн:
1. Магадлуулагчийн биед уруулд нэг тооны язарсан шарх, баруун өвдгөнд нэг тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх дүгнэлт /хх- 79-80 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай Баяраа овогтой Аюушийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн:
1. Магадлуулагчийн биед баруун гарын шуу, тохой, бугалганд дөрвөн тооны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн ззрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх- 87-88 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Батбаатарын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Намайг газарт унасан байхад Дорж хэд хэдэн удаа миний толгой дээр цохисон. Тэгээд Аюуш Доржийг салгаж авах үед би босож ирээд Доржийг нүүр хэсэгт нь цохисон. Сүүлд нь уруул нь хавдчихсан байсан. Тэгээд би Доржийг цохичихоод хойшоогоо гишгэтэл хөл алдаад Аюуштай хамт гэрийнх нь үүд хэсэгт унасан. Тэгээд нэг мэдсэн чинь Аюушийн гарнаас цус гарч байхаар нь сайн хартал баруун гарынх нь шуу хэсэг нь урагдчихсан харагдсан” гэх мэдүүлэг /хх 104-105 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Дорж, Б.Аюуш нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Батбаатарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Батбаатар нь бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Н.Батбаатарын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Батбаатарыг 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний биед халдан зодож тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Батбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Дорж, Б.Аюуш нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Н.Батбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Батбаатарыг хоёр хүний бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Батбаатарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Батбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Мөн хавтаст хэргийн 120-129 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, улсын бүртгэлийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.Бат-Эрдэнэ нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Батбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/73 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Н.Батбаатарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэх нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хөх эрээн, цагаан эрээн өнгийн дэрний уут 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хамба овогт Нэргүйн Батбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаатарыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батбаатарт оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Батбаатарт сануулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хөх эрээн, цагаан эрээн өнгийн дэрний уут 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР