Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 71

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

улсын яллагч А.Ганзориг,

хохирогч Д.Лхагвахорлоо,

шүүгдэгч Ш.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан  дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Шийхаагийн Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 2016 2601 1443 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн, 51 настай, бүрэн бус дунд, эрэгтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо нуурын 2-25 тоотод бүртгэлтэй хаяг, түр оршин суух хаяг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 3-60 дугаар байрны 2 дугаар орцны подвольд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл 1990 оны 12 дугаар сарын 09-нд Төмөр замын шүүхээс 115 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 239.2, 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар 3 жил хорих, 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЯХД, 1994 оны 3 дугаар сарын 14-нд Нийслэлийн шүүхийн 38 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 86.2.6-д зааснаар 25 жил хорих ял, 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Шийхаагийн Мөнхбаатар РД:ЧД65113017,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Мөнхбаатар нь ял шийтгэлгүйд тооцох хугацаа арилаагүй байхдаа 2016 оны 5 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3-60 дугаар байрны 2 дугаар орцны подвальд хамтран амьдрагч Д.Лхагвахорлоог хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:     

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:     

Шүүгдэгч Ш.Мөнхбаатар нь ял шийтгэлгүйд тооцох хугацаа арилаагүй байхдаа 2016 оны 5 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3-60 дугаар байрны 2 дугаар орцны подвальд хамтран амьдрагч Д.Лхагвахорлоог хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:    

- хохирогч Д.Лхагвахорлоогийн:...2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3-60-р байрны 2 дугаар орцны подвольд хамтран амьдрагч Мөнхбаатарын хамт байж байтал Мөнхбаатарын Тунгаа, Отгонбаяр гэх 2 найз нь ирээд архи уусан. Тэгтэл Мөнхбаатар надаас виза картаа нэхээд байхаар нь би надад чиний карт байхгүй, чи өөрөө авсан биз дээ гээд маргалдсан. Тэгээд би явах гээд цүнхээ авах гэтэл цүнхнээс бариад татаад оосорын таслаад миний нүүрэн тус газар 1 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь чи намайг дандаа ингэж цохиж зодож байхын гээд өөдөөс нь дайраад нүүрэнд нь цохисон юм. Тэнд байсан 2 найз нь салгаад тухайн өдрийн шөнийн 2 цагт би гараад цагдаа дуудаж цагдаатай хамт гэрт орсон. Тэгэхэд Мөнхбаатарын дүү Мөнх-Ургамал ирчихсэн байсан ба чи хүний мууг үзэх гэж байдаг гээд ахыгаа өмөөрөөд хувцсаараа 2 удаа цохиод үснээс зулгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

- гэрч Ш.Мөнх-Ургамалын:...2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 3-620 дугаар байрны 2 дугаар орцонд гэртээ байхад манай ах Мөнхбаатар эхнэр Лхагвахорлоотой хамт хажуу талд амьдардаг ба хүмүүстэй архи уугаад шуугиад байхаар нь би гэрт нь яваад ортол Лхагвахорлоогийн зүүн талын хөмсөгнийхөн орчимд хөхөрсөн байсан. Тэгэхээр нь би хамт архи уухаар ийм юм болж байгаан гэж хэлсэн чинь Лхагвахорлоо миний буруу юу би яасын гээд над руу орилоод, гэртээ цэр нусаа гаргаад байхаар нь гэрийн цэвэрлэчихээд подвольд амьдарч байж цэвэрлэхгүй юм гэж хэлчихээд гараад явсан. Шөнө 2 цагийн орчимд цагдаа нар ирээд Мөнхбаатар ах орж ирээд намайг дуудахаар нь би гарч цагдаа нартай уулзаад зогсож байхад Лхагвахорлоо байсан. Тэгэхээр нь би Лхагвахорлоог чи цагдаа дуудаад байхдаа яадын энэ 2-ыг хамтад нь эрүүлжүүлэх рүү аваад яв гээд газар байсан куртикээр 2 удаа шавхуурдсан. Тэгтэл Лхагвахорлоо над руу цүнхээрээ толгойн тус газар цохисон, би үснээс нь зулгаагаад доош нь дараад гарцгаа энийг ч гэсэн эрүүлжүүлэхэд өг гэж хэлчихээд гэр лүүгээ орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

-шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 7377 тоот дугаартай шинжээчийн:...Д.Лхагвахорлоогийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонгои алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

-ял шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/,

-шүүгдэгч Ш.Мөнхбаатарын:...2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 3-60 дугаар байрны 2 дугаар орцны подвольд гэртээ байхад манай найз Отгонбаяр, Туяа нар ирээд бид нар 0.5 грамм нэг шил архи, 0.75 грамм нэг шил архи уугаад сууж байхад Лхагвахорлоо намайг чи яагаад согтохгүй байгаа юм, чи хурдан согтдог, согтохгүй байна чи уухгүй байгаа юм уу гээд хэрүүл өдөх гээд байсан. Чи яахаараа намайг ингэж байдын гээд бид 2 маргалдсан. Маргалдаж байхад Лхагвахорлоо миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон...тэгэхээр нь би чамаас салж өөр хүнтэй сууна гэж хэлтэл дахиад миний нүүрэн тус газар 10 гаруй удаа цохиод дайраад байхаар нь би тэсэхээ болиод Лхагвахорлоогийн нүд рүү нь гараараа саваад цохичихсон...тэгтэл Лхагвахорлоо цагдаа дуудна гээд гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.    

Иймд шүүгдэгч Ш.Мөнхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 59-р хуудас/,

Шүүгдэгч Ш.Мөнхбаатар нь Нийслэлийн шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, мөн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 25 жил хорих ял, Эрүүгийн  хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 25 жил хорих ял шийтгэгдсэн, Баянзүрх дүүргийн 2010 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан /хх-53-54/-аас тооцоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5-д гэж зааснаар шүүгдэгчийн үйлдсэн  тухайн онц хүнд гэмт хэргийн ялтай байдал дуусаагүй байна гэж үзнэ.

Иймд шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн гэх үндэслэлээр ялаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан баривчлах ял оногдуулав.     

           Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болно.       

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:      

 

1. Шүүгдэгч Ш.Мөнхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Ш.Мөнхбаатарыг 1 /нэг/ сар баривчлах ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ш.Мөнхбаатарт оногдуулсан 1 /нэг/ сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.       

4. Шүүгдэгч Ш.Мөнхбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.  

5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.     

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Мөнхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.ГАНБААТАР