Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр         Дугаар 2018/ДЗШ/21                                            Баруун-Урт

 

А.Бд холбогдох

хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Прокурор Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа

Шүүгдэгч А.Б

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн, прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн 1830000600041 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1999 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг, “Хавирга” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж уг ялаа 2018 оны 02 дугаар сарын 05-нд эдэлж дууссан Туван овгийн А.Б /РД: ЛЖ99120475/ 

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг, Хонхорын байрны 8-6 тоот хашаанд уяатай байсан иргэн Г.Амарбатын морийг хулгайлж, 500000 төгрөгийн, уг моринд тохоотой байсан мөнгөн чимэглэлтэй эмээл, суран хазаарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 2050000 төгрөгийн тус тус хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч А.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Туван овгийн А.Бг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, Г.Амарбатад учирсан 2550000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ: Шүүгдэгч А.Б нь нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө болон малыг хулгайлсан болох нь тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

 

Анхан шатны шүүх нь прокуророос шүүгдэгчийг яллаж байгаа мал хулгайлах үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо яллах нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заалгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 

 

Тус шүүхэд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг 

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар  аймаг  дахь  сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан шатны шүүхийн 

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Бд холбогдох, эрүүгийн 1830000600041 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, хувийн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Бд урьд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД                 Б.ДЭНСМАА

                                                   С.ОЮУНТУНГАЛАГ