Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 32

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.А

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2дугаар “С.А-г ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгуулж, Төрийн аудитын байгууллагад ажлын туршлага хангаж буй өөр албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2001 онд ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2017 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийг Санхүүгийн менежмент мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.

Нийслэлийн Аудитын газарт /хуучин нэрээр/ 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар тушаалаар гүйцэтгэлийн аудитын албанд аудитор /шинжээч/-оор томилогдож 2014 оны 12 дугаар сард төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.

Төрийн аудитын байгууллагад ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин аудитын олон улсын стандарт, үндэсний аудитын газраас батлагдсан заавар журмын дагуу ажиллаж, хариуцсан ажлаа цаг хугацаанд нь үр дүнтэй гүйцэтгэхэд мэдлэг, ур чадвараа дайчилж ирсэн бөгөөд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж сүүлийн 3 жилд сайн үнэлгээтэй дүгнэгдэж байсан.

Гэвч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2 дугаар тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн:, 40.5 дахь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан боловч хуульд заасны дагуу мэдэгдээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн гэх боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулах ажиллагаа байсан.

Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн ба Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна. Тушаалын 1 дүгээр заалтад Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдөж батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу бүтцийн өөрчлөлт орсон нөхцөлд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж болох ч яг ямар бүтцийн өөрчлөлтөөр ажилтанг ажлаас халж байгаа нь тодорхойгүй өөрөөр хэлбэл орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан, салбар нэгж татан буугдсан зэрэг нь тодорхойгүй тушаал гарснаас гадна ажлаас халах нэг үндэслэлийг ажлын байрны тодорхойлолтод нийцэхгүй болсон гэжээ. Миний хувьд анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон учраас шинээр нэмсэн, төрийн албанд 5-аас дээш жил ажилласан гэсэн шаардлагад нийцэхгүй хэмээн ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2 дугаар “С.А-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Төрийн аудитын байгууллагад ажлын туршлага хангаж буй өөр албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2 дугаар тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлын байранд тавигдсан 5 жил ажилласан гэсэн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Төрийн аудитын байгууллага цогц, нэг тогтолцоотой байгууллага. Нийслэлийн аудитын газарт ажиллаж байгаа аудиторыг Монгол Улсын Ерөнхий аудитор өөрөө томилж чөлөөлдөг. Улсын хэмжээнд 2014 оноос хойш 389 хүн ажиллаж байгаа. Энэ орон тоо цөөрөөгүй. Төсөвч гэсэн өсөж буураагүй хэвээрээ байгаа. Нийслэлийн аудитын газар нь тусдаа байгууллага гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас халсан. Шинээр орон тоо батлахдаа 50 байсан орон тоог 45 болгож бууруулж, ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчилсэн. Өмнө нь төрийн албанд ажилласан байх гэсэн шаардлага тавигддаг байсан бол одоо 5 жилийн хугацаанд төрийн албанд ажилласан байх гэсэн шаардлага тавигдсан. Ажилласан жилийг ийм байдлаар баталж болох боловч батлангуутаа бүх албан тушаалтнуудыг ажилласан жилийн байдлаар жагсаасан. Тухайн үед даргаар ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг аудитор, хэлтсийн даргаар ажиллаж байсан хүнийг албан тушаал бууруулж аудитор болгосон ба нийт 10 хүнийг төрийн албанд 5 жил ажиллаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Бидний ойлгож байгаагаар тухайн тушаал батлагдаж болох ч батлагдсанаас хойш шинээр авч байгаа үйл баримтад хэрэглэгдэх ёстой байсан. Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан журам болон ажлын байрны тодорхойлолтыг хангаж 2014 онд ажилд орсон. Өөр дарга томилогдож ирээд, ажлын байрны тодорхойлолтыг шинээр батлаад ажлаас халсан. Үндэсний аудитын газар  хүний орон тоотой байсан бөгөөд шинэ бүтэц орон тоогоор  хүний орон тоотой болсон. Нэг талд нь орон тоог бууруулж, нөгөө талд нь орон тоог ихэсгэсэн үйл явц дунд хүмүүсийг ажлаас чөлөөлсөн. 2 жилийн хугацаанд цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгчтэй адилхан 3 жил ажилласан хүнийг ажилд авсан нь харагддаг. 3 жил ажилласан хүнийг Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан. Түүнийгээ энэ хүн төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн гэрээнээс харахад аудиторын албан тушаал дээр АА-6 зэрэгтэй ажиллаж байна. АА-6 нь Нийслэлийн аудитын газрын аудиторын шинжээч буюу төрийн жинхэнэ албан хаагч байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр зохих журмын дагуу ажиллуулах ёстой. Хугацаа нь хүрээгүй тохиолдолд төрийн үйлчилгээний албан тушаалтан гээд хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Ажилласан жил нь хүрэнгүүт жинхэлсэн тушаалыг нь гаргадаг асуудал үүсч байна. Бидний зүгээс нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжих ёстой гэж харж байгаа. Нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасны үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг. Тушаалаас харахад 50 хүний орон тоотой байж байгаад 45 болж буураад тушаалыг хангасан мэт харагддаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт нь тухайн албан тушаалтанг албан тушаал буурсан бол шууд хал гэж заасан заалт биш. Мэдлэг, ур чадварын хувьд тэнцэхгүй байсан бол мэргэшүүлээд авч болох байсан. Хуульд эцсийн нөхцөлд л ажлаас чөлөөлөх тухай заасан байгаа. Орон нутагт байх ажлын байранд 3 жил ажилласан байх шаардлагыг хангаж байсан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа хөдөө орон нутагт 4 удаа сонгон шалгаруулалт зарласан. Нэхэмжлэгчийг шилжүүлэх боломжтой байтал энэ үүргээ биелүүлэхгүй ажлаас нь шууд халсан. Ажлаас халагдсаны дараа Төрийн албаны зөвлөлд хандахад төрийн албан хаагч биш гэсэн хариу албан тоот ирсэн. Учир нь хариуцагч байгууллага Засгийн газрын харъяа байгууллага биш гэдэг утгаараа тусдаа журам хэрэгжүүлж сонгон шалгаруулалт явуулдаг. Төрийн албаны зөвлөлөөр дамжих ёстой байтал хариуцагч байгууллага өөрийн вэйб сайтаар дамжуулж, сонгон шалгаруулалт зарладаг. Тиймээс Төрийн албаны зөвлөлд бүртгэгдэж, төрийн жинхэнэ албан хаагч гэдэг ангилалд ордоггүй...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Ерөнхий аудиторт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт зэргийг шинэчлэн баталж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах тушаал шийдвэрүүдийг гарсан байдаг.       

1.1 Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, ... төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ. гэж заасанд нийцүүлэн "Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар байсныг Монгол Улсын Ерөнхий Аудиторын  2017 оны А/5 дугаар тушаалын хавсралтаар Нийслэл дэх Төрийн аудитын газар болгож өөрчилсөн. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

1.2. Нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үурэг үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь Төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж /нийцлийн аудитын/ байгаагүй тул зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан. Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Нийцлийн аудитын алба байгаагүйг шинээр бий болгож 1 хэлтэс 1 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан стандартын хэрэгжилтийг хангах, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

1.3 Мөн нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/8дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтыг баталсан. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 7.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу батлан гаргасан нь тухайн ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг нарийвчлан тогтоож гаргасан хүчин төгөлдөр тушаал юм. Өмнө нь Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаалын хавсралт 3-р батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь Төрийн жинхэнэ албанд цаашлаад Төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байсан тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь нарийвчлан тогтоож, хэрэгжүүлэх боломжит жишиг хувилбарыг боловсруулж системийнхээ хэмжээнд мөрдүүлж эхлээд байна.

            Дээр дурдсан тушаалууд нь Монгол Улсын Ерөнхий аудиторын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... гэж үзэх үндэслэлтэй юм.

Улсын дээд шүүхийн 2010 оны Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 08 дугаар тогтоолын 15-д Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ. гэж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, ... ээ өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно. гэж, мөн тус тайлбарт Энэ хэсэгт заасан ...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн... гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно. гэж тус тус тайлбарласан байдаг.

Дээрх хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар /хуучин нэрээр/-ийн албан хаагчдыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасны дагуу батлагдсан Нийслэл дэх Төрийн аудитын газар-ын ажилтан, албан хаагчдыг шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу томилох шаардлага үүссэн.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д Мөн хэсэгт заасан ...шалгаруулж авна гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэсэн тайлбарын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалын 4 дүгээр заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж, шинэчлэн батлагдсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгасугай гэж үүрэг болгосны дагуу Сонгон шалгаруулалтын комисс сонсох ажиллагаа явуулж, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгаруулалт явуулж, танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар нь Газрын дарга , Дэд дарга , Хэлтсийн дарга бөгөөд менежер , Ахлах аудитор , Аудитор , нягтлан бодогч , Хуульч , Мэдээлэл технологийн ажилтан , Даргын туслах  нийт  орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар  орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан юм. Шинжээчийг Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д аудитын баг" гэж ... аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг гэж тодорхойлсон байна.

            Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газарт /хуучнаар/ шинжээч-ийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд шинэчлэн баталсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо нь хасагдсан нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/2дугаар тушаал нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлүүлж зохих журмын дагуу гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Уг тушаалын дагуу 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн болно. Гэтэл нэхэмжлэгч нь холбогдох дүрэм, журмын дагуу төрийн албанд томилогдоогүйн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/8 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр /албан тушаал/ болох аудитор болон удирдах ажилтны шаардлагыг хангахгүй бөгөөд Эдийн засагч, менежер мэргэжилтэй нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 4-т "Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ” гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм.

            Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: гэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллах албан тушаалыг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь үүнд хамаарахгүй бөгөөд Төрийн захиргааны ангилал, зэрэглэл болох АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны Ахлах түшмэл-ийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн захиргааны, төрийн тусгай алба нь Төрийн жинхэнэ албанд хамаардаг тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаагүй. 

Нэхэмжлэгчийн тайлбарласан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тухай асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27,2.3, 27.2.4-т тус тус нарийвчлан зохицуулсан байна. Энэ нь мөн хуулийн 27.2-т зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчид тусгайлан олгогддог баталгаа юм.

Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсож Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулж байж эцэслэн гаргадаг. Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдад сонсох ажиллагааг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар гарахын өмнө 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны А/8 дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2017 оны А/206 дугаар тушаалыг батлан гаргахын өмнө 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус сонсох ажиллагааг явуулж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу шалгаруулан шинэчлэн батлагдсан орон тоо, ажлын байранд томилох, чөлөөлөх шийдвэр гарах, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх талаар танилцуулж сонсох ажиллагааг явуулсан. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч С.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.А тус шүүхэд хандаж “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2дугаар “С.Аг ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгуулж, Төрийн аудитын байгууллагад ажлын туршлага хангаж буй өөр албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” шаардлага гаргаж шүүх хуралдаан дээр 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсан тул дэмжиж буй шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 онд анх ажилд орохдоо тухайн үед үйлчилж байсан сонгон шалгаруулах журмын дагуу шалгалт өгч орсон...ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдсэн хэдий ч энэ нь шинэчилсэн хугацаанаас хойш үйлчлэх ёстой...” гэж тодорхойлон, хариуцагчаас “...үүнийг Төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар тушаалаар С.А г Нийслэлийн аудитын газрын шинжээчийн албан тушаалд томилсон байх ба 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2дугаар бүхий “С.А г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар...”Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй...” гэсэн үндэслэлээр түүнийг Нийслэл дэх төрийн аудитын газрын мэдлээс чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/5дүгээр тушаалаар Нийслэлийн Төрийн аудитын газрыг Нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчлөн байгуулж улмаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байна.

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.-т “Монгол Улсын Ерөнхий аудитор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 13.4.7.-т “эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах;” мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй” байна.

 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27 дугаар зүйлийн 27.2.4-д Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.

Хариуцагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн төрийн аудитын газрыг Нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчлөн байгуулснаар нэхэмжлэгчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалын чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй ба энэ тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар дээр дурдсан хуулиар журамласан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/8дугаар тушаалаар Нийслэл дэх төрийн аудитын газрын бүтцийн нэгжүүдийн ажлын байрны жагсаалт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг шинэчлэн баталсан, мөн оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар Нийслэлийн аудитын газрын албан хаагчдыг...албан тушаалаас чөлөөлж мөн өдрөөс Нийслэл дэх төрийн аудитын газрын мэдэлд авах,...шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх  Сонгон шалгаруулалтын комисст даалгажээ.

Энэ нь Монгол улсын Ерөнхий аудитор нь Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71.3-т ..аудитор, шинжээчид тавих шаардлага, ажлын байрны тодорхойлолтыг батална, 14 дүгээр зүйлийн 14.3-т “...төрийн аудитын байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ төрийн албаны нийтлэг хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон тогтолцоог боловсруулж мөрдөнө” гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч С.А гийн өмнө хашиж байсан Нийслэлийн аудитын газрын шинжээчийн албан тушаал /ажлын байр/-ны шаардлагад төрийн албанд ажилласан хугацаа, туршлагыг тусгайлан заалгүй “төрийн албанд ажилласан байх” ерөнхий шаардлага тавьсан байсныг шинэчлэн баталсан Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтоор төрийн албанд 5 жилээс доошгүй ажилласан байх шаардлага тавигдсанаар нэхэмжлэгч уг шаардлагыг хангаагүй нь Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэлээр тогтоогдсон. 

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь анх аудитын байгууллагад ажилд орохдоо ч “төрийн албанд ажилласан туршлагатай байх” гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй, төрийн албанд ажиллаагүй байсны дээр Гүйцэтгэлийн аудиторын ажлын байрны шинэчилсэн тодорхойлолтод зааснаар төрийн албанд 5 жил ажиллаагүй байна. 

Иймд нэхэмжлэгч С.А г ...ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй...гэх үндэслэлээр  ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэсэн хуулийн заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэж “аудитор”-ын албан тушаалд тавигдах “төрийн албанд 5-аас доошгүй ажилласан байх” шалгуурыг гол зарчим болгож сонгосон нь захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд нийцсэн учир хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Төрийн аудитын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Агаас Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/2дугаар “С.А г ажлаас чөлөөлөх” тухай тушаалыг хүчингүй болгуулж, Төрийн аудитын байгууллагад ажлын туршлага хангаж буй өөр албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН

           ШҮҮГЧИД                                     Д.ХАЛИУНА

                                                                Ц.МӨНХЗУЛ