Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 282

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багт оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, Ваанчиг орги овгийн Хуягийн Баяртогтоход холбогдох

866200 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Баяртогтох нь Тарагт сумын сум хөгжүүлэх сангаас 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2500000 төгрөгийг сарын 0.21 хувь, жилийн 2.52 хувийн хүүтэй зээлийг 2 жилийн хугацаатай Хагас эрчимжүүлсэн аж ахуй-н зориулалттай зээлсэн. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоход зээлээ төлөөгүй, удаа дараа хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ гүйцэт төлөхгүй байсаар 2 жилийн хугацаа хэтэрч гэрээний нөхцлийг зөрчиж байна. Иймд Тарагт сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэр болох 765200 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу торгууль 101000 төгрөг нийт 866200 төгрөгийг Х.Баяртогтохоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дуламдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх сум хөгжүүлэх сангаас 2015 онд 2500000 төгрөгийн зээл авсан. Тэгээд 1800000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 866200 төгрөгийг 20 хоногийн дотор төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга нь хариуцагч Х.Баяртогтоход холбогдуулан 866200 төгрөг гаргуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дуламдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 866200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 866200 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дуламдорж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар хариуцагчаас 12669.5 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА