Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Ө,

Улсын яллагч Б.Д,

Хохирогч А.С,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Э-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр 2-4 насны хүүхдүүдийн хамт Д аймаг З сумын ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.Э /РД:.../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 09 дүгээр 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт А.С-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 09 сарын 10-ны өдөр С, О бид гурав архи ууж, юм ярьж сууж байхдаа би О-той муудалцаж, маргалдаад салсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө С, М ах, Н нартай уулзаад О-оос би уучлалт гуйх санаатай замаасаа 0,75 литрийн “Соёрхол” нэртэй 2 шил архи дэлгүүрээс аваад очсон. О-ын гэрээс бид нар Д-ын ажил хийж байгаа газар очоод нэг шил архи уугаад сууж байхад Н яваад өгсөн. Д ажил хийж байсан тул ганц нэг татаад юм яриад ажлаа хийж байсан. Тэгээд бид нарын ууж байсан архи дуусаад М ах “Ерөөл” нэртэй 0,75 литрийн 1 шил архи, 2,5 литрийн пиво аваад ирсэн. Тэгээд бид нарыг уугаад сууж байхад Д ажилтай гээд яваад өгсөн. 13 цагийн орчимд бид нар Ц гэх найзынд очиход С, Ц-г дуудсан гээд Ц гэртээ ирсэн. Тэгээд бид нар хальт Ц-ийн гэрт орчихоод буцаж гарч ирээд гэрийнх нь баруун урд талд гадаа суусан. Би М ахтай хамт дэлгүүр орж “Ерөөл” нэртэй 0,75 литрийн 1 шил архи авч ирээд бид нар уугаад сууж байхад Э ирсэн. Тэгээд би бас нилээн муудсан байсан тул дараагийн архинуудыг хэн нь авч ирсэн талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар архиа уугаад юм яриад сууж байхад Д ирээд бид нартай юм яриад архи уугаад суусан. Тэгээд 17 цагийн орчимд Г мотоциклтэй ирэхэд М ах сууж байсан газраасаа босоод Г-г алгадаад авах шиг болоод буцаад суусан. Энэ үед С сууж байсан газраасаа босож ирээд гутлын түрийнээсээ морины хөлс хусдаг модон хусуур гаргаж ирээд Г-ны толгой хэсэг рүү цохиод Г мотоциклтэйгээ баруун тийшээ унах үед би сууж байсан газраасаа босож ирээд С-ыг нүүр хэсэг рүү баруун талын гараараа цохиод газар түлхээд унагасан. Би нэлээн согтсон байсан тул ямар учраас С-ыг цохиод, түлхээд унагасан талаар мэдэхгүй байгаа юм. Тэгээд бид нарын дунд тийм их зодоон нүдээн болоогүй, тэнд байсан хүмүүс салгаад бид нар сууж байгаад үлдэгдэл архиа уугаад Ц намайг гэрт хүргэж өгөөд унтаж амарсан. Сайн санахгүй байгаа юм. А.С-ын биед гараараа цохиж гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардалд 800,000 төгрөг өгсөн. Надаас мөнгө төгрөг нэхээгүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 60-61/,

Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн орчимд Э, М, Н нарын хамт таньдаг О гэх айлд очих замдаа гэр хороололд байдаг хүнсний дэлгүүр орж Э 2 шил “Соёрхол” нэртэй 0,75 литрийн архи авсан. Тэгээд О гэх айлд очоод тэндээс бид нар Д-ын ажил хийж байсан газар очиж хоёр шил архиа уугаад сууж байхад Н яваад өгсөн. Д ганц нэг удаа татсан. Тэгээд бид нарын ууж байсан архи дуусаад М дахин “Ерөөл” нэртэй 0,75 литрийн 1 шил архи, 2,5 литрийн 1 ширхэг пиво авч ирсэн. Бид нарыг уугаад сууж байхад Д ажилтай гээд яваад өгсөн. Тэгээд М, Э бид гурав 13 цаг өнгөрч байхад Замын-Үүд сум 3 дугаар баг ... тоотод амьдардаг Ц-ийнд ирсэн. Би Ц-ийнд ирэхэд нэлээн муудсан байсан. Ц ганцаараа байсан би нэлээн муудсан байсан тул хэдэн шил архи бид нар уусан талаар сайн мэдэхгүй байна. Би хэсэг унтаж амарсан. Тэгээд би сэрээд тэд нартай Ц-ийн гэрийн баруун талд гадаа архи уугаад сууж байхад 18 цагийн орчимд Г мотоциклтэй Ц-ийн гадаа ирсэн. “Г бид хоёр яг юунаас болж хэрүүл маргаан болсон талаар санахгүй байна” ямар ч байсан Г-ыг мотоциклээс буугаад ирэх үед би гутлын түрийнд байсан морины хөлс хусдаг модон хусуурыг гаргаж ирээд Г-ны нуруу хэсэг рүү цохиод Э Г-ыг өмөөрөөд миний нүд рүү цохиод түлхээд газар унагасан. Тэгээд Г, Э бид нарыг тэнд байсан хүмүүс салгаад би Ц-ийн гэрийн гадаа баруун урд талд байсан ачааны тээврийн хэрэгслийн хажуу хэсэгт унтсан байсан. Тэгээд би сэрсэн чинь миний баруун талын нүд зовиуртай байсан. Намайг сэрэхэд гэрийн гадаа О, гэр дотор Э унтаж байсан. Тэгээд би О-оор найз А-ын гэрт хүргүүлж ирэхэд хүн байхгүй байсан. О гэртээ харьж амарлаа гээд яваад өгсөн. Миний биеийн байдал сайн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээнд Э.Э 800,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 15/,

Гэрч З.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байхад манай найзууд С, Э, Э, Э, Д, М нар 13 цагийн орчимд манайд ирсэн. Манай найзууд морь мал уядаг тул ганц нэг шил архи уугаад юм яриад гэрийн гадаа баруун талд сууж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээд байдаггүй юм өнөөдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. 17 цаг өнгөрч байхад бид нар гэрийн гадаа сууж байсан. Энэ үед найз Г мотоциклтэй ирсэн. Би энэ үед манай гэрийн баруун урд талд байсан ачааны тээврийн хэрэгслийн урд талд бие засаад, тэд нарын уусан архины шилийг цэвэрлээд явж байсан. Энэ үед Г-г мотоциклээс буух гэж байхад С гутлын түрүүнээсээ морины хөлс хусдаг цагаан өнгийн модон хусуур гаргаж ирээд Г-ны толгой зүүн хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон. Тэгээд би хогоо хогийн саванд хаячихаад ирэхэд Г, С хоёр газар унасан байхаар нь татаж босгосон, тэр хоёрын хажуу талд Э зогсож байсан. С гэрийн баруун талд суухаар нь гайгүй юу гэж асуухад гайгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар юм ярьж сууж байхдаа тэд нар тал шил архи уугаад дууссан. Тэгээд 30-40 минутын дараа Д-ын эхнэр нь ирээд аваад явсан. 5-10 минутын дараа С, Э хоёр гэртээ харьж амарлаа гээд яваад өгсөн. Тэгээд би Э-ыг гэрт нь хүргэж өгөөд ирэхэд Г байхгүй байсан. Манай найз Э гэрт унтаж байсан. Тэгээд би ахтай хамт ачааны тээврийн хэрэгсэл барих гээд явсан. Тэгээд би ээжийнд очиж амарсан. С-ын аль нэг шанаа хэсэг нь хавдсан байсан. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн орчимд гэртээ байж байхад Э, С нар хоёр залуутай 4-лээ манайд ирсэн. Бид нар манай гэрээс гараад Д гэх Э, С нарын найзын блокон хашаа хийж байгаа газар очсон. Өмнөх өдөр нь Э бид хоёр муудалцсан байсан тул уучлалт гуйх гэж ирсэн. Тэгээд бид нар Д-ын ажил хийж байгаа газар 0,75 литрийн “Соёрхол” нэртэй 2 шил архи уусан. Дахин бид нар нэг шил архи, нэг ширхэг 2,5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд бид нар ... тоотод амьдардаг Ц-ийнд очсон ганцаараа байсан. Тэгээд бид нар Ц-ийн гэрийн баруун талд гадна морь мал яриад сууж байхад Э, Ц хоёр “Ерөөл” нэртэй 0,75 литрийн архи авч ирээд бид нар 3 шил архи уусан. Бид нарыг уугаад сууж байхад Д нэмэгдэж ирсэн. 17 цагийн орчимд нэг мотоциклтэй ногоон өнгийн цамцтай залуу ирэхэд С сууж байсан газраасаа босож ирээд гутлын түрийнээсээ морины хусуур гаргаж ирээд толгой хэсэг рүү нь цохьсон чинь нөгөө залуу нь зөрүүлээд С-ын толгой хэсэг рүү цохиод зууралдаад газар унах үед Э нөгөө цамцтай залууг өмөөрөөд С-ын толгой хэсэг рүү цохиод Ц бид хоёр тэд нарыг салгаад С гэрийн баруун урд талд байсан том ачааны тээврийн хэрэгслийг налаад суусан. Тэгээд бид нар үргэлжлүүлээд архи уугаад дуусгасан. 20-30 минутын дараа тэнд байсан залуучууд тараад С найзынх нь баруун талын нүд юм харахгүй байна чи найзыгаа гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд С бид хоёр гудамжаар явж байгаад С эхнэрээ дуудаад байсан. Тэгээд бид хоёр нэг айлд очиход эхнэр нь гэх нэг эмэгтэй хүнд С-ыг хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө Замын-Үүд 3 дугаар баг ... тоотод блокон хашаа барьж байхад 09 цагийн орчимд манай найзууд болох Э, С, О нарын хамт О гэх ах ирсэн. Тэд нар ирэхдээ “Соёрхол” нэртэй 0,75 литрийн нэг шил архитай ирсэн. Дараа нь дахин нэг шил архи авч ирээд уугаад сууж байсан. Мөн Э ирсэн. Тэд нар архиа уугаад сууж байхад би ажилтай байсан тул 2-3 удаа татсан. Тэгээд би авто пүү рүү ачааны машинд мод ачиж өгчихөөд ирэхэд тэд нар яваад өгсөн байсан. 13 цаг өнгөрч байхад Ц-ийн гар утас руу залгахад манай найзууд ирсэн талаар ярьсан. Тэгээд би Ц-ийн гадаа очиход С, О, О нар унтаж байсан. Тэгээд бид нар 3-4 шил “Ерөөл” нэртэй 0,75 литрийн архи уусан. 17 цагийн орчимд Г мотоциклтэй ирээд бид нартай мэнд мэдээд зогсож байхад машины доогуур унтаж байсан С босож ирээд гутлын түрийнээсээ морины хусуур гаргаж ирээд толгой хэсэг рүү нь цохиход Г зөрүүлээд С-ын толгой хэсэг рүү цохиод байсан. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгаад байсан би нэлээн муудсан байсан тул эхнэрийн гар утас руу залгаад дуудаад удалгүй эхнэр ирээд би гэртээ ирж амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд Замын-Үүд сум 3 дугаар баг ... тоотод амьдардаг Ц-ийн гэрийн баруун талд мотоциклтэй ирээд зогсоход Ц-ийн гэр лүү Э орж байсан, М, Э, Д нар гэрийн баруун урд талд гадаа сууж байсан, С гэрийн баруун урд талд байсан ачааны тээврийн хэрэгслийн урд тал сууж байсан, Ц С-ын цаад талд зогсож байсан, би тэд нартай мэнд мэдээд мотоцикл дээр сууж байхад М босож ирээд миний нүүр хэсэг рүү нэг удаа алгадчихаад буцаад явсан. Энэ үед С сууж байсан газраасаа босож ирээд гутлын түрийнээсээ морины хөлс хусдаг хусуур гаргаж ирээд миний толгойны зүүн тал руу нэг удаа хальт цохисон, би мотоциклтэй баруун тал руугаа унах үед Э намайг өмөөрөөд босож ирээд С-ыг хоёр гараараа түлхэхэд С ачааны тээврийн хэрэгслийн чирэгч толгойн хойд талын дугуйн хавьд газар баруун талаараа унасан. Би мотоциклээ босгоход Э найз төрсөн өдрийн мэнд хүргэе гэж хэлээд гар бариад намайг наашаа суу гэж хэлсэн. С босож ирээд машины урд талд суусан. Тэгээд би Э-ны хажуу талд очоод суухад “Хараа” нэртэй 0,75 литрийн архи аяглаж өгсөн. Би бас архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээний хэрэглэсэн байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэгээд би мотоциклээ унаад явах гэсэн чинь асахгүй байхаар нь тэндээс ганцаараа явсан. Тэнд байсан хүмүүс хэзээ нь яаж явсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/,

Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Замын-Үүд суманд ажлаар орж ирсэн. 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө С, Э.Э, Н нартай уулзаад О-ынд очихоор болоод замдаа Э.Э хүнсний дэлгүүр орж 0,75 литрийн “Соёрхол” нэртэй 2 шил архи аваад очсон. О-ын гэрээс бид нар Д-ын ажил хийж байгаа газар очоод нэг шил архи уугаад сууж байхад Н яваад өгсөн. Д ажил хийж байсан тул ганц нэг татаад юм яриад ажлаа хийж байсан. Тэгээд бид нарын ууж байсан архи дуусаад хүнсний дэлгүүр орж “Ерөөл” нэртэй 0,75 литрийн 1 шил архи, 2,5 литрийн пиво аваад ирсэн. Тэгээд бид нарыг уугаад сууж байхад Д ажилтай гээд яваад өгсөн. 13 цагийн орчимд бид нар Ц гэх найзынд очиход С Ц-г дуудсан гээд Ц гэртээ ирсэн. Тэгээд бид нар хальт Ц-ийн гэрт орчихоод буцаж гарч ирээд гэрийнх нь баруун урд талд гадаа суусан. Би Э.Э-тай хамт хүнсний дэлгүүр орж “Ерөөл” нэртэй 0,75 литрийн 1 шил архи авч ирээд бид нар уугаад сууж байхад Э ирсэн. Тэгээд би бас нэлээн муудсан байсан тул дараагийн архинуудыг хэн нь авч ирсэн талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар архиа уугаад юм яриад сууж байхад Д ирээд бид нартай юм яриад архи уугаад суусан. Тэгээд 17 цагийн орчимд Г мотоциклтэй ирэхэд би өмнө өдөр нь Г-тай бугуйлын талаар маргалдаж байсан тул энэ асуудлаас болоод би Г-г босож ирээд нүүр лүү нь нэг алгадаж аваад Ц-ийн гэрийн баруун урд талд байсан ачааны тээврийн хэрэгслийн хойд талд очоод хэсэг бөөлжсөн. Тэгээд би тэндээс шууд гэртээ харьж амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 04/178 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Э.Э-ны биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Гэмтэл тогтоогдоогүй учир энэ асуултад хариулах боломжгүй.

3. Гэмтэл тогтоогдоогүй учир энэ асуултад хариулах боломжгүй.

4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 04/183 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. А.С-ын биед баруун нүд орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66/,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 69-73/ зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Э.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А.С, Ж.М, Н, Д.О, Б.Д нарын хамт архи уусан, архи уугаад сууж байхад нь иргэн Г.Г ирсэн. Хохирогч А.С нь гуталныхаа түрийнд байсан морины хусуурыг авч  Г.Г-г цохиход Э.Э нь Г.Г-г өмөөрч А.С-ыг цохиж баруун нүд орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч А.С-ын “...Г бид хоёр яг юунаас болж хэрүүл маргаан болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан Г-г мотоциклээс буугаад ирэх үед би гутлын түрийнд байсан морины хөлс хусдаг модон хусуурыг гаргаж ирээд Г-ны нуруу хэсэг рүү цохиод Э Г-ыг өмөөрөөд миний нүд рүү цохиод түлхээд газар унагасан. Тэгээд Г, Э бид нарыг тэнд байсан хүмүүс салгаад би Ц-ийн гэрийн гадаа баруун урд талд байсан ачааны тээврийн хэрэгслийн хажуу хэсэгт унтсан байсан...” гэсэн, гэрч З.Ц-ийн “...Г-г мотоциклээс буух гэж байхад С гутлын түрийнээсээ морины хөлс хусдаг цагаан өнгийн модон хусуур гаргаж ирээд Г-ны толгойн зүүн хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон. Тэгээд би хогоо хогийн саванд хаячихаад ирэхэд Г, С хоёр газар унасан байхаар нь татаж босгосон, тэр хоёрын хажуу талд Э зогсож байсан. С гэрийн баруун талд суухаар нь гайгүй юу гэж асуухад гайгүй гэж хэлсэн. С-ын аль нэг шанаа хэсэг нь хавдсан байсан...” гэсэн, гэрч Д.О-ын “... нэг мотоциклтэй ногоон өнгийн цамцтай залуу ирэхэд С сууж байсан газраасаа босож ирээд гутлын түрийнээсээ морины хусуур гаргаж ирээд толгой хэсэг рүү нь цохисон чинь нөгөө залуу нь зөрүүлээд С-ын толгой хэсэг рүү цохиод зууралдаад газар унах үед Э нөгөө цамцтай залууг өмөөрөөд С-ыг толгой хэсэг рүү цохиод Ц бид хоёр тэд нарыг салгаад С гэрийн баруун урд талд байсан том ачааны тээврийн хэрэгслийг налаад суусан...” гэсэн, гэрч Г.Г-ийн “...С сууж байсан газраасаа босож ирээд гутлын түрийнээсээ морины хөлс хусдаг хусуур гаргаж ирээд миний толгойны зүүн тал руу нэг удаа хальт цохисон, би мотоциклтэй баруун тал руугаа унах үед Э намайг өмөөрөөд босож ирээд С-ыг хоёр гараараа түлхэхэд С ачааны тээврийн хэрэгслийн чирэгч толгойн хойд талын дугуйн хувьд газар баруун талаараа унасан...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04/183 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э-ны дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э-д хохирогч А.С нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.Э /РД:.../-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.Э-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н