Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н.Эпүрэв,

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 141 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт М.Хд холбогдох эрүүгийн 2107000680182 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 43 настай, эмэггэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ........................................................, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ........................................................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй.

******* овогт М.Х /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Х нь Налайх дүүргийн 5 дугаар хороо, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын хамгаалалттай газар болох “...................” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн өвөлжөө засварлан барьж экологи эдийн засагт 4.383.680 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Хгийн шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Манайх өвөлжөөндөө буугаагүй 10 гаруй жил болж байсан. Тэгээд нөхрөөсөө салж сарниад хэдэн малаа хариулж, аав, ээж, ах дүүгээ бараадаж энд ирсэн. Би ................... гэж энэ газар өссөн бараг 30 гаруй жил амьдарсан. Салсан нөхөртөө би ээж, аав, ах, дүүгээ бараадаад энэ өвөлжөөнд буулаа гэхэд чи аваа ав гэж хэлсэн. Харин дээврүүд олон жил бороо усанд нороод нурчихсан байсан. Тэр үед 2020 оны 05 дугаар сард Налайх дүүргийн Засаг дарга Ч.Р 6 дугаар хорооныхоо иргэдтэй уулзана гээд хорооны иргэдээ цуглуулсан юм. Тэгээд тэр өвөлжөөг засварлах гээд нурсан байсан зургийг нь аваад Ч.Р даргад би энэ жил өвөлжөөгөө засварлаад өвөлжих гэсэн юм гэж хэлтэл Тэрэлж 6 дугаар хорооны дарга Ц.Бод хорооны иргэдийн дэргэд энэ хүний асуудлыг шийдэж өгөөрэй гэж ярьсан. Тэгээд би Ц.Б даргын өрөөнд ороод уулзтал унасан барьсан мод түүгээд өөрийнхөө өвөлжөөг засварлахгүй юу даа миний дүү гэж хэлсэн. Би 9 дүгээр сарын сүүлээр аавынхаа тийшээ нүүж очоод өвөлжөөний арын модноос мод аваад өвөлжөөгөө янзалж өвөлжөөд би 03 дугаар сард Налайхын гол руу нүүсэн” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Мөрдөн байцаалтад яллагдагчаар М.Хгийн өгсөн: “...Би модыг өөрийнхөө гар хөрөөгөөр хөрөөдөж унагаагаад 2-3 хэсэг болгоод авчирч хашаагаа барьсан. Миний хувьд  2020 оны 10 дугаар сараас эхлэн бэлтгэж эхэлсэн. Намайг мод бэлтгэх үед унасан болон хөрөөдөөд унагаасан мод хүртэл байсан. Тэр бүгдийг би хувааж зөөгөөд хашаагаа янзалж барьсан...Би бэлтгэсэн модныхоо нарийн тоог нь мэдэхгүй 1 сарын хугацаанд зөөгөөд бэлтгэсэн...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 142 дугаар тал/

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Ч.Сгийн өгсөн: ...намайг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21/356 дугаартай албан бичгийн дагуу Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ................... гэх газраас 2020 онд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэргийн улмаас хохирол учирсан хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулж байна...Налайх дүүргийн 6 дугаар хороо ................... гэх газар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх асуудал 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр тухайн газрын хариуцсан байгаль хамгаалагч Б өдөр тутмын хяналтын шалгалтаар явж байгаад илрүүлж хамгаалалтын захиргаанд мэдээлэл өгсний дагуу миний бие тухайн газар нь хяналт шалгалт хийж ажилласан. Тухайн газар буюу ................... гэх газар малын хашаа саравч барьсан засаж сэлбэсэн байдалтай байсан. Шинээр барьсан болон засаж сэлбэсэн модыг тоолж үзэхэд 107 ширхэг 7 сантиметрийн дундаж диаметртэй шинэс модоор хийсэн байсан. Уг хашаа барьсан газраас хойш ойролцоогоор 500 метр зайд 114 ширхэг хожуул тоологдсон. Хашаа барьсан модны диаметр болон хожуулын диаметрийн хэмжээ нь тохирч байсан. Мөн хэв шинж ерөнхий байдалд нь дүгнэлт хийхэд 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын хооронд бэлтгэсэн байх боломжтой байсан. Насжилтын хувьд 28-30 орчим настай шинэс мод байсан. Тухайн хожуулууд байгаа газраас урагш хашаа барьсан газар хүртэл мод чирсэн болон дугуйны мөр бүдэг үүсгэгдсэн байсан. Тухайн орчмын 2 айлаар орж ойгоос хэн мод бэлтгэсэн талаар тодруулахад шинээр хашаа барьсан Э гэх айл тухайн газраас мод бэлтгэж авчирсан мөн хожуул байгаа газар ямар нэгэн мөчир, гишүү, үзүүр байгаагүй. Түүнчлэн байгалийн жамаар булгарч болон хугарч унасан гэх ул мөр байгаагүй... 2020 онд модны хэрэгцээ гарсан иргэдийн судалгаанд байгаагүй. Манай байгууллагад хүсэлт ирүүлээгүй” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 38-39 дүгээр тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Ч.Рын өгсөн: ...Би М.Х гэх иргэнийг мэдэхгүй. Надтай уулзаж модны асуудал ярьж байсан эсэхийг санахгүй байна. Тухайн иргэнийг надтай уулзаж байгаагүй гэж бодож байна. Би мод бэлтгэх унасан мод түүх гэх мэт ой мод экологийн асуудлаар зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан биш болохоор би ямар нэгэн иргэнд модтой холбоотой асуудлаар зөвшөөрөл олгосон зүйл байхгүй гэх мэдүүлэг,

/хх-ийн 43 дугаар тал/

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.Бын өгсөн: ...М.Х нь надад өвөлжөө засаж сэлбэх асуудлын талаар өөрийн биеэр болон бичгээр надад хандсан зүйл огт байхгүй. Харин 2021 оны 06 сард яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. М.Х гэх иргэн нь миний утас руу залгаад “Би хашааныхаа модыг сэлбээд мод авчихсан юм, одоо цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа дүүргийн засаг дарга та 2 надад мод авч болно гэж хэлсэн шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Дүүрэг болон хорооны засаг дарга нар нь ойгоос мод авах асуудлыг шийдвэрлэдэггүй. Тийм учраас Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас очиж зөвшөөрөл авах ёстой, бид нар тийм зөвшөөрөл олгоогүй” гэж хэлээд яриа дууссан гэх мэдүүлэг,

/хх-ийн 45 дугаар тал/

 

5. Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Эийн өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын үед намайг Налайхад байдаг гэртээ байж байхад М.Х нь утсаар яриад би хөдөө гэртээ өвөлжөө янзлах гээд модоо авчирсан байна. Ирээд яаж барихыг хэлээд өг гэсэн. Тэгээд би очиход моднууд хураасан байсан ба хуучин өвөлжөөг нь засаж барихад энэ модыг энд тавь, тэрийг нь тэнд тавь гэхчилэн зааж зөвлөж байгаад ирсэн...модыг ард уулнаас чирээд бэлтгэсэн гэж байсан гэх мэдүүлэг,

/хх-ийн 53 дугаар тал/

 

6. Мөрдөн байцаалтад гэрчээр С.Бын өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын эхээр хяналт шалгалтаар явж байгаад ................... гэх газар байдаг Н.Э гэх хүний өвөлжөө рүү арын модтой уулнаас мод чирч авчирсан мөр байсан. Мөн хашаагаа шинээр барьсан байсан. Хэргийн газрын байдлыг харахад олон удаа чирсэн байсан. Тухайн хожуулуудыг харахад хөрөөгөөр хөрөөдсөн байдалтай байсан. Модны дундаж өндөрөөр бодоод хашааны модыг хувааж бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 145 дугаар тал/

 

7. Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/1350 дугаар шинжээчийн дүгнэлт: ...Налайх дүүргийн 6 дугаар хороо, ................... гэх газраас бэлтгэсэн мод нь нэг төрлийн шинэс мод 53 ширхэг бөгөөд нийт 14,44мЗ хэмжээтэй...Мод бэлтгэсэн уулын энгэрт байх хожуулууд нь хашаа барьсан модны ёзооруудтай шинж тэмдгээрээ тохирч байна. Нэг шоо метр бүх төрлийн хуурай модны экологи-эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг. Хэрэглээний бөөрөнхий мод, гуалин итгэлцүүр 1,8. Нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 14,44мЗ*1,8*168,655 нийт /4 383 680/ төгрөг болно. гэх дүгнэлт, гэрэл зураг

/хх-ийн 61-38 дугаар тал/

 

            8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 117 дугаар тал/

 

            9. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 79 дүгээр тал/

           

            10. М.Хгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 80-127  дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Байгаль экологид учирсан бодит хохирол нь 4,383,680 төгрөг боловч түүнийг Байгаль хамгаалах тухай хуульд зааснаар буруутай этгээдийг байгаль орчинд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар торгох заалттай. Уг заалтын дагуу 13,151,040 төгрөгийг төлөх төлбөртэй бөгөөд үүнээс 2,151,040 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч М.Хгээс 11,000,000 төгрөгийг гаргуулж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт олгуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчээс 2021 оны 08 дугаар сард хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгох саналтай байна. Шүүгдэгчийн эдлэх 1 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, мөн шүүгдэгчийн хувийн байдал буюу өрх толгойлсон 3 хүүхдээ тэжээдэг ганц бие эмэгтэй, Налайх дүүргийн политехникийн коллежид үйлчлэгч ажилтай, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль орчинд учруулсан тодорхой хохирлыг төлсөн, цаашид үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгээр тэнсэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв боломжтой бол энэ тэнссэн хугацаанд эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх гэдэг дээр нь модны хөрөөдөж тайрсан хэмжээгээр нь мод тариулах ажил хийлгэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, 206 ширхэг шинэс модыг байгаа газар нь битүүмжилсэн бөгөөд улсын орлого болгуулах саналыг тус тус гаргаж байна” гэх,  

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд авч үзэх юм бол малын хашаа нурсан байсан учраас зайлшгүй шаардлагаар дээврийг сэлбэж, засварлаж барьсан. Гэхдээ хууль мэдэхгүйгээсээ 2020 оны 05 дугаар сард сонгуулийн ажлаар явж байсан удирдлага дарга нартай уулзаад шийдэж өглөө, шийдлээ гэсэн амлалтыг буруу ойлгоод, төөрөгдөлд орсны улмаас зөвшөөрөл гэж ойлгоод энэ гэмт хэргийг үйлдсэн байна гэсэн өмгөөлөх талаас нь дүгнэлт хийж байна. Өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөхөө илэрхийлсэн, маргахгүй байгаа мөн анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлүүдтэйгээр үйлдсэн гэж харж байна. Мөн Тусгай хамгаалалттай газрын ойд учруулсан үндсэн хохирол 4.383.680 төгрөг, үндсэн хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 13,151,040 төгрөгөөр торгохоор тогтоосныг мэдэж, ойлгож, хүлээн зөвшөөрөөд одоогоор 2,151,040 төгрөгийг төлсөн нь бодит хохирлын 50 хувийг төлсөн гэж үзэж байна. Цаашид үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөгийн хохирлыг 2022 онд багтаан төлөхөөр хохирогч талтай тохиролцсон. Улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэх зөвшөөрөл авах нь тусгай хамгаалалтгүй энгийн газраас мод бэлтгэх, гоожин авахаас өөр гэдгийг улсын тусгай хамгаалалттай газрын ажилтан албан хаагчид тайлбарлан өгч, ийм журамтай гэдгийг хэрэг үйлдэгдэхээс өмнө хэлж, төрөөс өгсөн шалгалт хийх үүргээ гүйцэтгэж байсан бол төрд ч гэсэн ийм хохирол учрахгүй, энэ хүн ч гэсэн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтэн болохгүй байх байсан. Үүнд маш их харамсаж байна. Гэхдээ энэ хүнийг гэм буруугүй гэж өмгөөлж байгаа явдал биш юм. Шүүгдэгч М.Х нь оюутан, сурагч 3 хүүхдээ ганцаар өсгөж, амьдралын төлөө явж байгаа эх хүн юм. Хүүхдүүдийн эцэг гэх хүн нь өөрөө эрүүл мэндийн шалтгаантай, ажил хийх чадваргүй, амьдралд нь тус болох гэхээс илүүтэй төвөг Ц.Бог байна. Энэ бүх байдлыг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай, мөн зорчих эрхийг хязгаарлах ялтай. Үүнээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэх боломжтой. Гэхдээ ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн заалтыг баримтлаад миний үйлчлүүлэгчид ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, М.Хгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Х нь 2020 оны 10 дугаар сараас эхлэн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын хамгаалалттай газар болох “...................” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн өвөлжөө засварлан барьж экологи эдийн засагт 4.383.680 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч М.Хгийн “...Би 9 дүгээр сарын сүүлээр аавынхаа тийшээ нүүж очоод өвөлжөөний арын модноос мод аваад өвөлжөөгөө янзалж өвөлжөөд би 03 дугаар сард Налайхын гол руу нүүсэн... Би модыг өөрийнхөө гар хөрөөгөөр хөрөөдөж унагаагаад 2-3 хэсэг болгоод авчирч хашаагаа барьсан. Миний хувьд  2020 оны 10 дугаар сараас эхлэн бэлтгэж эхэлсэн. Намайг мод бэлтгэх үед унасан болон хөрөөдөөд унагаасан мод хүртэл байсан. Тэр бүгдийг би хувааж зөөгөөд хашаагаа янзалж барьсан...Би бэлтгэсэн модныхоо нарийн тоог нь мэдэхгүй 1 сарын хугацаанд зөөгөөд бэлтгэсэн” гэх,

Хохирогч Ч.Сгийн ...................... гэх газар малын хашаа саравч барьсан засаж сэлбэсэн байдалтай байсан. Шинээр барьсан болон засаж сэлбэсэн модыг тоолж үзэхэд 107 ширхэг 7 сантиметрийн дундаж диаметртэй шинэс модоор хийсэн байсан. Уг хашаа барьсан газраас хойш ойролцоогоор 500 метр зайд 114 ширхэг хожуул тоологдсон. Хашаа барьсан модны диаметр болон хожуулын диаметрийн хэмжээ нь тохирч байсан. Мөн хэв шинж ерөнхий байдалд нь дүгнэлт хийхэд 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын хооронд бэлтгэсэн байх боломжтой байсан. Насжилтын хувьд 28-30 орчим настай шинэс мод байсан. Тухайн хожуулууд байгаа газраас урагш хашаа барьсан газар хүртэл мод чирсэн болон дугуйны мөр бүдэг үүсгэгдсэн байсан... гэх,

Гэрч Ч.Рын ...зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан биш болохоор би ямар нэгэн иргэнд модтой холбоотой асуудлаар зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. гэх,

Гэрч Ц.Бын ...би “Дүүрэг болон хорооны засаг дарга нар нь ойгоос мод авах асуудлыг шийдвэрлэдэггүй. Тийм учраас Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанаас очиж зөвшөөрөл авах ёстой, бид нар тийм зөвшөөрөл олгоогүй” гэж хэлээд яриа дууссан гэх,

Гэрч Н.Эийн ...очиход моднууд хураасан байсан ба хуучин өвөлжөөг нь засаж барихад энэ модыг энд тавь, тэрийг нь тэнд тавь гэхчилэн зааж зөвлөж байгаад ирсэн гэх,

Гэрч С.Бын ...Н.Э гэх хүний өвөлжөө рүү арын модтой уулнаас мод чирч авчирсан мөр байсан. Мөн хашаагаа шинээр барьсан байсан. Хэргийн газрын байдлыг харахад олон удаа чирсэн байсан. Тухайн хожуулуудыг харахад хөрөөгөөр хөрөөдсөн байдалтай байсан. Модны дундаж өндөрөөр бодоод хашааны модыг хувааж бэлтгэсэн байсан гэх мэдүүлгүүд,

Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/1350 дугаар шинжээчийн дүгнэлт: ...Налайх дүүргийн 6 дугаар хороо, ................... гэх газраас бэлтгэсэн мод нь нэг төрлийн шинэс мод 53 ширхэг бөгөөд нийт 14,44мЗ хэмжээтэй...Мод бэлтгэсэн уулын энгэрт байх хожуулууд нь хашаа барьсан модны ёзооруудтай шинж тэмдгээрээ тохирч байна. Нэг шоо метр бүх төрлийн хуурай модны экологи-эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг. Хэрэглээний бөөрөнхий мод, гуалин итгэлцүүр 1,8. Нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 14,44мЗ*1,8*168,655 нийт /4 383 680/ төгрөг болно. гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Хг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.Хгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас экологи эдийн засагт учирсан бодит хохирол 4.383.680 төгрөг буюу Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэж зааснаар 4.383.680*3=13.151.040 төгрөгөөс шүүгдэгч нь 2.151.040 төгрөгийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд  төлсөн.

Харин үлдэгдэл 11.000.000 төгрөгийг цаашид төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Хд 1 /нэг/ жил хүртэл хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Буяннэмэх нь... ...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж  бичжээ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.” гэж хуульд заасан байна. Иймд дээрх зөрчлийг арилгаж дахин гаргахгүй байх нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 45 сантиметрийн урттай ажлын хэсгийн урт 35, бариул 10 см хэмжээтэй, модны хөрөө 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 206 ширхэг шинэс модыг хурааж улсын орлого болгох, шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.                                                       

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт М.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т шүүгдэгч М.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд 1 /нэг/ жил хүртэл хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор 11.000.000  /арван нэгэн сая/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг  дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 45 см-ийн урттай ажлын хэсгийн урт 35, бариул 10 см хэмжээтэй, модны хөрөө 1 ширхгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн  206 ширхэг шинэс модыг хурааж улсын орлого болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

         10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ