Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/157

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 136 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Эт холбогдох эрүүгийн 1807005760178  дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн ******* суманд ................ ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................................................................................................ тоотод оршин суух,

Урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзсан 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дууссан,   

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ял  дээр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг сэргээж түүнээс заримыг нь буюу 1 жилийн хорих ялыг  нэмж нэгтгэн нийт 6 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлж 2011 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл 3 жил 11 сар 13 хоногийн хорих  ялыг  хуулийн тэгшитгэлээр суллагдсан,  ******* овогт Б.Э /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ................................................................................................ тоотод оршин суух Д.Бгийн гэрт архи ууж байгаад түүнийг унтсан хойгуур нь гэрт нь байсан Samsung G-7 маркийн гар утас 1 ширхэг, Мөнгөн аяга 2 ширхэг нууцаар хууль бусаар хулгайлан авч Д.Бд 456.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.Эын шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2018 онд Би Улаанбаатар хотод ............... компанид ажиллаж байсан. Орой ажлаа тараад байж байтал Д.Б над руу залгаад чи хүрээд ирээч би таксины чинь мөнгийг өгье гэж ярьсан. Би очиж ууж хоночхоод маргааш өглөө гэрээс нь гарсан. Надад мөнгөний хэрэг гараад гар утас, мөнгөн аягыг гэрээс нь аваад гарсан. Буцааж өгөх гэж байсан боловч согтуу байсан болохоор хаана тавьж орхисноо санахгүй байгаа... Надтай ерөөсөө холбоо барихгүй байж байгаад намайг Завхан аймагт барилга дээр ажиллаж байхад над руу ярьсан, намайг очиход ажлаа хийж бай чам руу эргээд ярина гэж хэлсэн. Түүнээс хойш надтай холбоогүй байж байгаад саяхан Өмнөговь аймгийн ******* суманд байхад над руу залгаад чи энд ирээд хурдхан хэргээ шийдүүлчихээ гэсэн” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Эын өгсөн: “...Би ............... ХХК-д ажилладаг байсан юм. 2018 оны 09 дүгээр сард одоо өдрийг санахгүй байна, манай найз Д.Б намайг Улаанбаатар хотод байхад Налайхад хүрээд ир би чамд таксины мөнгө өгье, ганц хоёр юм уугаад буу халаад манай гэрт сууя гэж надад хэлээд намайг дуудахаар нь би зөвшөөрөөд Улаанбаатар хотоос такси бариад ................................................................................................а тоотод очсон юм. Тэр өдөр намайг очиход Д.Бгийн гэрт нь танихгүй нэрийг мэдэхгүй 4 хүн байсан. Надтай нийлээд тавуулаа болсон юм. Очсон өдрөө бид 5 нийлээд Д.Бгийн гэрт оройжингоо архи уугаад тэр оройноо би Д.Бгийн гэрт хоносон юм. Тэгээд өглөө нь босоод хамт архи уусан хүмүүс ажилтай гээд тараад яваад өгсөн. Д.Б болон Б гэсэн нэртэй хүн үлдээд бид гурав 0,75 граммын “Хараа” архи хуваагаад уусан. Би тухайн үед согтсон байсан чинь намайг Б эгч гэрээс гар гэж хөөхөөр нь би хөөгдөөд гэрээс нь гараад Улаанбаатар явах гэсэн чинь унааны мөнгө болон миний гар утас байхгүй байхаар нь би буцаад Д.Бгийн гэрт нь орсон чинь Д.Б унтаж байхаар нь би мөнгөний хэрэг болоод байхаар ширээн дээр байсан 2 ширхэг мөнгөн аягыг аваад, хүнтэй холбоо барихаар Д.Бгийн гар утсыг аваад гарсан юм. Тухайн үед Д.Б согтуу байхаар нь би хэлээгүй юм.” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 57 дугаар тал/,

 

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Д.Бгийн өгсөн: “...Урьд өдөр нь манай охины найр болсон юм. Ингээд тэр шөнө 03 цагийн үед Б.Э нь ирээд манай гэрт Б эгч, манай нөхөр Г, хүү Б, Б.Э гээд тавуулаа хоносон. Өглөө 09 цагийн үед босоод Г Улаанбаатар хот руу ажилтай гээд гараад хүү Б ажилдаа явсан. Б эгч Б.Э бид 3 үлдээд нэг 0,75 литрийн архи аваад тэрийгээ хувааж ууж байгаад 10 цагийн үед би ядраад унтахад Б.Эыг яв гээд Б эгч гаргаад хоёулаа гараад явсан. Би унтахдаа утсаа ширээний хажууд цэнэглээд үлдээсэн ба ширээн дээр 2 ширхэг мөнгөн аяга харагдаж байсан. 11 цагийн үед Б эгч намайг дуудаж сэрээгээд чиний утас, ширээн дээр байсан мөнгөн аяга алга болчхож гэхээр нь гайхаад босч ирээд харахад алга болчихсон байсан. Тэгээд л Б.Эаас өөр хүн манай гэрт огт орж ирээгүй болохоор Б.Эыг эгч Б гаргаад баруун талын хашаа руу манай охин Эийн гэрт ороход Б.Э нь буцаж гэрт орж ирээд миний гар утас болон мөнгөн аягыг авсан байх. Б.Э нь тэгээд цагдаагийн байгууллагад хандасны дараа уучлалт гуйгаад хохирлын мөнгө болох 440.000 төгрөгийг өгөөд явсан...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 43 дугаар тал/,

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Эийн өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай охины гуйлга болоод шөнө 00 цаг хүртэл найр болсон юм. Тэр Б.Э гэх хүн нь шөнө 00 цагийн үед ирсэн юм шиг байна лээ орой найран дээр байхад ээж рүү залгаад яриад байсан юм. Б.Э нь урьд нь манай ээжийн байшингийн дээвэр юм засаж янзалж өгч байсан юм. Тэгээд зүс харсан, бусад нарийн юмыг би мэдэхгүй байна. Өглөө ээжийнд ороход Б.Э гэгч нь согтуу ирчихсэн сууж байсан. Тэгээд ээжийг архи аваад өгөөч гээд 0,75 граммын Хараа архи авхуулаад талдаа оруулаад дуусаж байсан. Манай ээжийн эгч Б нь манай дүү өчигдөр найр наадам болоод бие нь жоохон тааруу байна “чи яв” гэж хэлсэн юм билээ. Тэгтэл эгч Б над руу залгаад энэ хүн босохгүй байна гэхээр нь би ээжийнд ороод тэр хүний бичиг баримтыг үзэж өөрийнх нь зургийг аваад хөөгөөд явуулсан юм. Намайг орж ирэхэд ээж унтчихсан байсан. Б.Э нь тухайн уед хэр согтуу байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд гэрээс гарсны дараа хашааныхаа хаалгыг хаагаад эгч бид хоёр манайх руу ороод 30 минут хэртэй болоод би ажилдаа яваад эгч ээжийнх рүү орсон. Тэгтэл над руу залгаад 2 ширхэг мөнгөн аяга, утас нь байхгүй болчихсон байна гэж хэлсэн юм. Би өглөө ээжийнх рүү орсон. Урьд өдөр найран дээр мөнгөн аягыг нь хэрэглэсэн учраас оруулж өгөх гээд орсон юм. Тэгээд аягыг нь ширээн дээр тавьсан юм. Тухайн үед утсыг нь унтраагаад цэнэг нь дуусах гэж байсан учраас утсыг нь цэнэглээд орхисон. Б.Э нь буцаж орж авчихсан юм шиг байна. Өөр манайхаар орж ирсэн хүн байхгүй. Тухайн үед Б.Эыг хөөж гаргасны дараа утсыг нь цэнэглээд үлдээсэн байсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 48 дугаар тал/,

 

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.Бгийн өгсөн: “...Тэгтэл бид нар гэрт нь ороод унтах гээд юм яриад байцгааж байтал Д.Бгийн найз нь гээд Б.Э гэх залуу 02 байна уу 03 цагийн үед согтуу ирээд аав нь нас барчихсан гээд уйлж орилоод байхаар нь Д.Б тал шил архи гаргаж өгөөд тэрийгээ Д.Б, Б.Э 2 хувааж уух шиг болсон. Би хэвтэж байсан болохоор босоогүй ба Г ажилтай гээд архи уулгүй унтаад удалгүй үүр цайгаад Г ажилдаа яваад Д.Б унтаад өгсөн ба би босоод 10 цагийн үед болов уу Б.Э нь унтаагүй амандаа бувтнаад юм яриад суугаад байхаар нь яв гээд хөөгөөд хашаанаас гаргаад буцаад хамар хашаанд байдаг Эийн гэрт ороод 10 орчим минут л болсон байх суулгүй босоорой гээд ажил төрөлдөө явцгаагаарай гэж хэлэхэд хүүхдүүд харж байгаарай гэхээр нь би зөвшөөрөөд за буцаад орлоо явахдаа хэлээрэй гэж хэлээд Д.Бгийн гэрт ширээн дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, хажууд нь цэнэглээд орхисон гар утас нь алга болчихсон цэнэглэгчний үзүүр нь харагдахаар нь алга болчихож гэж бодоод Д.Бг дуудаж сэрээгээд гар утас, мөнгөн аяга чинь алга болчихлоо гэхэд босоод хайгаад олохгүй Б.Э буцаж ирээд авчихлаа гэж бид нар ярилцаад цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 49 дүгээр тал/,

 

  1. Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан,

/хх-ийн 60-61 дүгээр тал/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

           /хх-ийн 73 дугаар тал/

 

      7. Б.Эын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 71-128  дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн...Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Бд хохирол төлбөрөө төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна.” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: ...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийг өмгөөлж түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч Б.Эт холбогдох хэргийн хувьд ажлаа хийж байх хугацаанд дуудсан. Хэргээ шийдвэрлүүлж дуустал ажлаа хийж чадахгүй байгаа. Шүүгдэгч одоогоор Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой ярилаа. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан гэж 2019 онд 04 дүгээр сарын 09-ний өдрийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Хэдийгээр энэ хүн өмнө нь 145.2, 145.4, 148 зэрэг зүйл заалтаар ял шийтгэгдэж байсан ял шийтгэлээ бүгдийг нь эдэлж дууссан нь хавтаст хэрэгт авагдсан. Мөн өмнө нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргүүдийг хийж байсан боловч 2017 оны эрүүгийн хуулиар энэ хүн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Энэ хүн тухайн үедээ өмгөөлөгч аваад хууль ёсны эрх ашгаа хамгаалаад хэргээ шийдвэрлүүлэх, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан ч түүнийгээ мэдэхгүй байсны улмаас өдийг хүргэсэн байна. Шүүгдэгч нь одоогоор Өмнөговь аймгийн ******* суманд ................ хийж тогтвор суурьшилтай ажиллаж байгаа. Гэр бүл үр хүүхэдтэй болж архи дарснаас хүртэл гарсан. Мөн хэргээ шийдүүлэх гээд өнөөдөр шүүхийн өмнө ирээд байгаа нь засарсны шинж юм. Энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Б.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ................................................................................................ тоотод оршин суух Д.Бгийн гэрт архи ууж байгаад түүнийг унтсан хойгуур нь гэрт нь байсан Samsung G-7 маркийн гар утас 1 ширхэг, Мөнгөн аяга 2 ширхгийг нууцаар хууль бусаар хулгайлан авч Д.Бд 456.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Эын  “...Надад мөнгөний хэрэг гараад гар утас, мөнгөн аягыг гэрээс нь аваад гарсан. Буцааж өгөх гэж байсан боловч согтуу байсан болохоор хаана тавьж орхисноо санахгүй байгаа” гэх,

Хохирогч Д.Бгийн “...хажууд цэнэглээд үлдээсэн ба ширээн дээр 2 ширхэг мөнгөн аяга харагдаж байсан. 11 цагийн үед Б эгч намайг дуудаж сэрээгээд чиний утас, ширээн дээр байсан мөнгөн аяга алга болчхож гэхээр нь гайхаад босч ирээд харахад алга болчихсон байсан.... гэх,

         Гэрч Б.Эийн “...над руу залгаад 2 ширхэг мөнгөн аяга, утас нь байхгүй болчихсон байна гэж хэлсэн юм. Би өглөө ээжийнх рүү орсон. Урьд өдөр найран дээр мөнгөн аягыг нь хэрэглэсэн учраас оруулж өгөх гээд орсон юм. Тэгээд аягыг нь ширээн дээр тавьсан юм. Тухайн үед утсыг нь унтраагаад цэнэг нь дуусах гэж байсан учраас утсыг нь цэнэглээд орхисон.” гэх,

         Гэрч  Г.Бгийн “...Д.Бгийн гэрт ширээн дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, хажууд нь цэнэглээд орхисон гар утас нь алга болчихсон цэнэглэгчний үзүүр нь харагдахаар нь алга болчихож гэж бодоод Д.Бг дуудаж сэрээгээд гар утас, мөнгөн аяга чинь алга болчихлоо гэхэд босоод хайгаад олохгүй Б.Э буцаж ирээд авчихлаа гэж бид нар ярилцаад цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн учир гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б нь ...456.000 төгрөг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: ...Надтай ерөөсөө холбоо барихгүй байж байгаад намайг Завхан аймагт барилга дээр ажиллаж байхад над руу ярьсан, намайг очиход ажлаа хийж бай чам руу эргээд ярина гэж хэлсэн. Түүнээс хойш надтай холбоогүй байж байгаад саяхан Өмнөговь аймгийн ******* суманд байхад над руу залгаад чи энд ирээд хурдхан хэргээ шийдүүлчихээ гэсэн” гэх,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор Д.Бгийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Б.Э нь тэгээ цагдаагийн байгууллагад хандсаны дараа уучлалт гуйгаад хохирлын мөнгө болох 440.000 төгрөгийг өгөөд явсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлын мөнгөө хүлээгээд авсан гэх мэдүүлэгүүд /хх-ийн 43 дугаар тал/, болон хавтаст хэрэгт цугларсан Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд улсын яллагч Ц.Цэрэнбалжирын өгсөн: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэг дээр хяналт тавьж байсан прокурор удаа дараа мөрдөгчид даалгаж, дуудсан, холбогдох боломжгүй, хаана байгаа нь тодорхойгүй, хөдөө явсан, утсаа авахгүй, холбоогүй зэрэг байдлаас болж энэ хэрэг удааширсан байдаг. Энэ хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүгдэгч Б.Э нь тодорхой хаяггүй, холбоо барих утасгүй, эрэн сурвалжилга зарлачихсан ийм байдалтай байсан. гэх дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эыг оргон зайлсан, эрэн сурвалжлагдсан гэх улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” хэлнэ, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах”,

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан зааврын 7.2 дугаар зүйлийн 1-т “Прокурор нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд дотоод итгэл нь хийсвэр байх ёсгүй, тухайн хэрэгт тогтоогдсон бүх байдлыг хянаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрын удирдлага болгосон итгэл үнэмшил байна” гэж тус тус заажээ.

Гэтэл улсын яллагч “...удаа дараа мөрдөгчид даалгаж, дуудсан, холбогдох боломжгүй, хаана байгаа нь тодорхойгүй, хөдөө явсан, утсаа авахгүй, холбоогүй зэрэг байдлаас болж энэ хэрэг удааширсан байдаг.” гэж тайлбар, дүгнэлт  гаргасан, мөн тус хэрэг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэгдэж, хохирогч Д.Б 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ...хохирлын мөнгө болох 440.000 төгрөгийг өгөөд явсан...гэж мэдүүлэг өгсөн мөн цагдаагийн байгууллага хүлээж бай дуудсан үед ир гэж явуулан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр буюу хэрэг гарснаас хойш 2 жил 7 сар 13 хоногийн дараа яллах дүгнэлт үйлдэн оруулж ирсэн  нь улсын яллагч хянах үүргээ биелүүлээгүйгээс мөрдөн шалгах ажиллагаа удааширч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын эрхийг зөрчсөн, хэрэг бүртгэлтийн  хугацаа сунгах болсон шалтгаан, нөхцөл болон тус хугацаанд хийгдсэн ажиллагаа тодорхойгүй зэрэг зөрчлүүдийг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ******* овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

                

              5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ