Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр        Дугаар 2018/ДЗШ/22                                          Баруун-Урт

 

Ж.Ат холбогдох

хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Б.Дэнсмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Прокурор С.Сугар,

Шүүгдэгч Ж.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 122 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Ж.Ат холбогдох эрүүгийн 1830000870061 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1994 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Далангийн 6-9 тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан Хэрээт овгийн Ж.А /РД: ЛЮ94070414/ 

 

Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дахь авто зогсоол дээр хохирогч Ц.Чоймболдоржийн эрүүл мэндэд нь “дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 3 дугаар шүд, доод баруун 3, 4 дүгээр шүд хөдөлсөн” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Ж.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд баримтлах ерөнхий нөхцөл байдал хангагдаагүй тул  энэ журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон картанд бичсэн эмчийн үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, шүүгдэгчийн гэм бурууг хөдлөшгүйгээр тогтоогоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн талаарх баримт хэрэгт байхгүй, шүүгдэгчийн гэмт үйлдлээс болж хохирогчийн дээд үүдэн хиймэл шүд хугарсан эсэх, уг шүдний үнийг хохиролд оруулж тооцох эсэхийг шалгаагүй гэж үзжээ. 

 

Прокурор эсэргүүцэлдээ: Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зохицуулалт нь мөн хуулийн 17.1, 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан зохицуулалтаас өөрөөр зохицуулагдсан байх ба мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хуульд тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг 8 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар зааснаас бусад гэмт хэргийн яллагдагч хүсэлт гаргасан байхаар зохицуулснаас яллагдагчийн хүсэлтийг хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлийн дагуу харгалзан шийдвэрлэхдээ, мөн яллагдагчтай ял тохирохоор, ялыг зөвшөөрсөн тохиолдолд хэргийг шүүхэд шилжүүлэхээр зохицуулсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмаар шүүхэд хэргийг шилжүүлэхээр бол хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналаа бичин саналыг зөвшөөрсөн эсэхээс үл хамааран шүүхэд шилжүүлэхээр зохицуулсан байна. Иймд хуулийн 2 өөр зохицуулалтыг нэг хэрэг дээр зэрэг хэрэглэхээр шүүх үзсэн нь учир дутагдалтай байна. Түүнчлэн хохирогч Ц.Чоймболдорж нь Шүүх шинжилгээний албаны шинжээчид өөрөө биечлэн үзүүлж, дүгнэлт гаргуулсан талаараа мөн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад зөвхөн хиймэл шүд хугарсан, хиймэл шүдний зардал нэхэмжилнэ гэж мэдүүлж, шүдний эмчийн хэн болох нь тодорхойгүй, эмчийн тамгагүй бичвэртэй баримтаар хиймэл шүд хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийг хангах эсхүл нотлох баримтаа бүрдүүлсний эцэст жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийн талаар шүүх хуралдаанаар дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байсан. Шинжээчийн 154 дүгээр дүгнэлтээр Ц.Чоймболдоржийн биед дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 3 дугаар шүд, доод баруун 3,4 дүгээр шүдний хөдлөл гэмтэл тогтоогдсон талаар дурдаж, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд “байнгын шүд”-нд гэмтлийн зэрэг тогтоохоор заасан нь хиймэл шүд хугарсан талаар дүгнэлт гаргахгүйг тодорхойлсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хүчингүй болгож, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ж.Ат холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.  

 

Прокуророос 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр яллагдагч Ж.Аын хохирогч Ц.Чоймболдоржийн эрүүл мэндэд “дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 3-р шүд, доод баруун 3, 4-р шүд хөдөлсөн” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Ж.Ат холбогдох хэрэгт шүүгдэгчийн гэмт үйлдлээс хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй гэж үзэхээр байгаа боловч, тус шүүхэд гаргасан хохирогч Ц.Чоймболдоржийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлтэд: “Ж.Ат цохиулсан шүдний эмчилгээний зардалд 350000 төгрөг хүлээн авсан.” гэснээс үзэхэд энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй юм. Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, картанд бичсэн эмчийн үзлэг, шинжээчийн дүгнэлтэд  “3, 4 болон 13, 42 дугаар шүд” гэх зэргээр зөрүүтэй бичигдсэнийг шүүх хуралдаанд шинжээч оролцуулах замаар тодруулах боломжтой юм.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг шалгаж хянах үүргийг  прокурорт хүлээлгэжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан болон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бусад хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хамааралтай байна. Энэ хэргийн тухайд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд тавигдах хуулийн шаардлагыг хангасан учраас тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 122 дугаар захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч  Ж.Ат холбогдох, эрүүгийн 1830000870061 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Гурав. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

Дөрөв. Давж заалдах шатны  шүүх  хэргийг хянан  шийдвэрлэхдээ  Эрүүгийн 

хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой 

зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД             Б.ДЭНСМАА

                                               С.ОЮУНТУНГАЛАГ