Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/1050/З |
Дугаар | 298 |
Огноо | 2019-05-16 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 298
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Д
Хариуцагч: Ч дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ч дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/48 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Г.Ш, гуравдагч этгээд Р.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие гэр бүлийн хамт 2004 оноос хойш одоог хүртэл Ч дүүргийн дугаар хорооны дүгээр гудамжны үзүүрт дугуй засвар ажиллуулж ирсэн. 2004 онд дугуй засвар байгаа газрыг өөрийн хөрөнгөөр 30 машин шороогоор тэгшилж, 5 машин хог цэвэрлэж, 380 вольтын тог татан 2005.01.17-ны өдөр “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж дугуй засвар нээсэн. Тухайн үед газар эзэмших гэрчилгээ гаргуулан авах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч "...Танай ашиглаж байгаа газар нь 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын бүс мөн үерийн шугамын хамгаалалтын зурваст байрлаж байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгох боломжгүй түр гэрээгээр ашиглах боломжтой" гэсэн хариу өгдөг байсан.
Гэтэл уг газрыг Ч дүүргийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрййн А/48 тоот захирамжаар Р.О-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ шийдвэрийн дагуу Р.О д цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас, үерийн шугамын хамгаалалтын зурвас бүхий газар эзэмшүүлсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалт, Монгол улсын засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолыг тус тус зөрчиж байгаа тул Ч дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/48 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ч дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А\48 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Н.Д нь 2004 оноос хойш одоог хүртэл Ч дүүргийн дугаар хороо дүгээр гудамжны өнцөгт байх дугуй засварыг ажиллуулж ирсэн. 2004 онд дугуй засвар байгаа газрыг өөрийн хөрөнгөөр талбайг засч тохижуулсан. Тухайн газарт 380 волттын өндөр хүчдэлийн шугам татаж байсан. Тухайн үед газар эзэмших тухай хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч танай дугуй засвар байгаа газар нь агаарын шугамтай ойрхон байгаа учир газар эзэмших боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэтэл уг газрыг Ч дүүргийн Засаг даргын А\48 дугаар захирамжаар Р.О д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байсан. Эрчим хүчний тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 263 дугаар тогтоолыг тус тус зөрчин цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас, үерийн шугамын хамгаалалтын зурвас бүхий газарт газар эзэмшүүлсэн байгаа тул Ч дүүргийн Засаг даргын А\48 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Н.Д-той Ч дүүргийн Газрын албаны албан тушаалтан О.А гэдэг хүн газар эзэмшүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. 2016 оны 01 дүгээр сард гэрээний хугацаа дуусахад гэрээнийхээ хугацааг сунгуулахаар уулзахад байж бай гэсэн хариу өгсөөр өдийг хүргэсэн. Гараараа хүсэлт бичээд очихоор хүсэлт яах вэ тэгж байгаад танд гаргаад өгч болох байх гэж хөгшин хүнийг маллаж явсаар байгаад ийм асуудал үүссэн. Тухайн үед Ч дүүргийн Засаг дарга болон Газрын албанаас Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчиж байгаа учраас та чимээгүй газраа ашиглаад явж бай гэсэн зүйл ярьдаг байсан. Захиргааны байгууллагаас хэлсэн хариунд итгэж явсаар ийм зүйл болсон. Үерийн далан болон агаарын шугамтай ойр байгаа учир хууль зөрчиж байна гэж үзэж байгаа.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр маргаан бүхий нэгж талбар нь анх дүүргийн Засаг даргын 2010 оны А\79 дүгээр захирамжаар Ц.М т 163 мкв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Улмаар 2012 оны А\99 дүгээр захирамжаар Ц.М-с н.Б-т газар эзэмших эрхийг шилжүүлж, 2017 оны А\48 дугаар захирамжаар н.Б-ээс Р.О д газар эзэмших эрхийг тус тус шилжүүлсэн. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд тус тус заасан эрх хэмжээний хүрээнд дүүргийн Газрын албаны саналыг үндэслэн шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Ч дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр А\48 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Тус захиармж нь газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай буюу газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан зохицуулалт байгаа. Газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжтай маргаж байгаа болохоос биш уг газрыг хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна. Маргаан бүхий газарт шороо асгаж, тохижуулсан гэж байгаа боловч үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр н.Б-с газар эзэмших эрх шилжүүлэн авч Ч дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А\48 тоот захирамжаар Ч дүүргийн дугаар хороонд худалдаа үйлчилгээний зориулалттай 163 мкв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар 2017 оноос хойш эзэмшиж байна. Жил бүр газрын төлбөрт 42 032 төгрөгийг төлж, дүүргийн Газрын албатай тооцоо нийлсээр ирсэн. Өөрийн эзэмшил бүхий газарт худалдаа үйлчилгээний зориулалтаар барилга байгууламж барих гэсэн боловч нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн воганчигийг байрлуулсан. Н.Д гэж хүн 2012 оноос 2017 оны 06 дугаар сарыг хүртэл манаачаар тухай газарт гэр барин байрлаж байсан. Н.Д, н.Б гуайн хооронд хувийн байдлаар маргаантай явсаар ирсэн байсан. 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газар нэхэмжлэгчийн хүү болон Д.М, Д.Э нар нь замтай тулгаж барьсан хашаагаа хойш нь татаж барьвал эзэмшил газар дээр байгаа вагончикоо холдуулна гээд газар чөлөөлөх тухай хэлцэл хийж Нотариатаар орсон байдаг. Нотариатаар орж хэлцэл хийсэн тохиолдолд аль ч хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байдаг. Энэ хугацаанд н.Б замтай тулгаж барьсан хашаагаа хойш нь татаж барьсан боловч Н.Д гуай үүргээ биелүүлээгүй Өнөөдрийн байдлаар барьсан хашаа нь хулгайд алдагдаад дууссан. Би дүүргийн Газрын албанд удаа дараа очиж уулзаж байсан бөгөөд тус албанаас нэхэмжлэгчид удаа дараа шаардлага тавьж байсан. Би албан шаардлагыг өөрийн биеэр авч очиж өгч байсан. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлж, газартай холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлүүлж, хууль бусаар байрлуулсан воганчигийг албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт Н.Д нь тус газрын эзэмшигч биш бөгөөд шударга эзэмшигч хэн болохыг заасан. Үүний дараа сайн дураараа газар чөлөөлөөгүй тул Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Н.Д гуайтай очиж уулзаж шаардлага тавихад нүүх боломжгүй гээд өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийхгүй байна. 6-10 квтт-ын цахилгаан дамжуулах хамгаалалтын бүсэд хамаарч байгаа нь Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж байна гэсэн. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “...уг хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэхийг хориглоогүй” гэж заасан байдаг. Газар эзэмших тухай хүсэлт гаргасан ч манай хүсэлтийг хүлээж аваагүй. Газар эзэмших гэрээ байгаа гэж байна. Тухайн гэрээ нь 2015 онд 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Тус гэрээний хугацаа дуссанаас хойш гэрээний хугацааг сунгахаар хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2014 онд ч бас газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Н.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Д тус шүүхэд хандаж “Ч дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/48 дугаар захирамжийн Р.О д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ “...2004 оноос хойш эзэмшиж ирсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргахад цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст байрлаж байгаа тул боломжгүй гэж байснаа иргэн Р.О д эзэмших эрх олгосон нь үндэслэлгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч, гуравдагч этгээд бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Ч дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/48 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх хүсэлт гаргасан 2 иргэний газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэн хавсралтаар баталсны 1-д “иргэн Дугарын Б-н 2012 оны А/99 дүгээр захирамжаар эрх үүссэн Ч дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших 163 м2, нэгж талбарын 18******* дугаар бүхий газар эзэмших эрхийг иргэн Р.О д шилжүүлсэн байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл уг маргаан бүхий газар нь Ч дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ба анх тус дүүргийн Засаг даргын 2010 оны А/79 дүгээр захирамжаар иргэн Ц.М-т 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгогдсон, 2012 оны А/99 дүгээр захирамжаар Ц.М нь иргэн Д.Б-д эзэмших эрхээ гэрээний үндсэн дээр шилжүүлсэн, иргэн Р.О нь уг газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаас хойш дүүргийн газрын албатай гэрээ байгуулж, газрын төлбөрөө төлсөн үйл баримтууд тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Н.Д нь 2004 онд тухайн газрыг тэгшилж улмаар вагончик байрлуулан дугуй засварын газар ажиллуулж улмаар 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулсан гэх боловч уг гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгчээс гэрээний хугацааг сунгуулах талаар болон газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан нь нотлох баримтаар тогтоогдоогүйн дээр энэ талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.
Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/01819 дугаар шийдвэрээр Н.Д нь маргаж буй газрын эзэмшигч биш гэж дүгнэж улмаар нэхэмжлэгч Р.О ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган Н.Д-д “Р.О ийн эзэмшлийн Ч дүүргийн 10 дугаар хороо, худалдаа үйлчилгээний зориулалттай, 163 м2 газраас түүний вагончикийг албадан нүүлгэж, газар чөлөөлөхийг даалгаж...” шийдвэрлэсэн, мөн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2018/09912 дугаар бүхий “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжаар дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилсан, шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д ”энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” үүрэгтэй тул энэ үүргийн дагуу Дүүргийн засаг дарга өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд иргэний газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ,” 27.3-д “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Н.Д-д тухайн газрыг хууль ёсоор эзэмших эрх үүсээгүй, эрхийн гэрчилгээгүй тул түүнийг уг газрын эзэмшигч гэж үзэхгүй.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг зохицуулсан бөгөөд хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.” 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана.” 38.2.1-д “нотариатаар гэрчлүүлсэн гэрээ”; 38.2.2-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо.” 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-д “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл иргэн Р.О Д.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон хуульд заасан бусад нотлох баримтуудыг үндэслэн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн Дүүргийн засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/48 дугаар захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул түүнийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч Н.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Н.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Д-оос гаргасан “Ч дүүргийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/48 дугаар захирамжийн Р.О д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН