Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 76

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул, 

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч О.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Даваасүрэнд  холбогдох эрүүгийн 2016 2601 0915 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эх, ах, эгч, хүүхдийн нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цорс овогт Отгондоржийн Даваасүрэн РД:УШ97081109,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч О.Даваасүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бага Нарангийн 19 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух иргэн А.Нандинсувдын гэрт хууль бусаар нэвтэрч Скайворт маркийн 40 инчийн зурагт хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

        ТОДОРХОЙЛОХ нь:     

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  судлахад:

Шүүгдэгч О.Даваасүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бага Нарангийн 19 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух иргэн А.Нандинсувдын гэрт хууль бусаар нэвтэрч Скайворт маркийн 40 инчийн зурагт хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- иргэн А.Нандинсувдаас авсан тайлбар /хх-ийн 13-14-р хуудас/,

- хохирогч А.Нандинсувдын:...2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 08 цаг өнгөрч байхад гараад явсан. Манай гэрт дүү 12 настай Нандинболд, найз Өөдсөө /Даваасүрэн/ 2 үлдсэн. Тэгээд орой 19 цаг 50 минутын орчимд ажлаа тараад утсаа асаасан чинь Даваасүрэнгээс өглөө 09 цаг 40 минутын орчимд би харьж явна, гэрт чинь Нандинболд үлдсэн шүү гэсэн мессэж бичсэн байсан. Тэгээд удаачгүй Нандинболд над руу залгаад гэрийн зурагт байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Даваасүрэн рүү залгаад гэрт хүрээд ир гэж хэлээд би гэртээ ирээд байж байтал Даваасүрэн ирсэн. Тухайн өдөр манай дүү Нандинболд 10 цаг өнгөрч байхад гэрээ цоожлоод гарч яваад орой 20 цагийн орчимд ирэхэд гэрийн хаалга онгорхой...манай өрөөний цонх хаалттай, хаалганд ямар нэгэн эвдрэл байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрийн нэг түлхүүр гэрт илүү байдаг. Тэрийг манай найз Даваасүрэн аваад надад хэлэхгүй тэр түлхүүрээр гэрийн хаалгыг онгойлгож ороод зурагт аваад манай түлхүүрийг буцааж тавиад хаалга онгорхой үлдээгээд явсан байсан. Надад Даваасүрэн зурагтыг буцааж авч өгнө, мөнгөний хэрэг яаралтай гараад гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

- иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвжавын:...Би “Уудам Ирээдүй” ХХК-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ломбарданд нь ажилладаг. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр намайг ажилтай байхад нэг эмэгтэй 16 цагийн орчимд орж ирээд зурагт авч байгаа юу гэж асуухаар нь ямар зурагт вэ гэсэн чинь өмнө нь ломбарданд тавьж байсан, ломбарднаас аваад удаагүй байгаа юм, сургалтын төлбөрөө хийх гэсэн юм гэж хэлсэн. Би бичиг баримт чинь байгаа юу гэсэн чинь тамгатай лавлагаа үзүүлэхээр нь би зурагтыг заавал бичиг баримттай нь цуг авна гэж хэлтэл тэг тэг гэж хэлээд би зурагтыг нь үзсэн чинь 40 инчийн Скайворт гэсэн бичигтэй LCD зурагт, удирдлага, хайрцагтай байхаар нь би 270.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай авсан...155 см орчим нуруутай, даруухан царайтай, 20-23 орчим насны Отгондоржийн Даваасүрэн гэсэн бичиг баримттай байсан. О.Даваасүрэнгээс 270.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

- гэрч Н.Дуламсүрэнгийн:...Даваасүрэн найзынхаа зурагтыг ломбарданд тавьсан. Тэгээд зурагтыг нь буцаагаад өгсөн гэж хэлсэн. Зурагт ломбардсан мөнгө, найзаасаа авсан мөнгө хадгалаад байж байгаарай гэж 180.000 төгрөг өгөөд удаач үгүй буцаагаад мөнгө авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,   

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11-р хуудас/,

-эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31-р хуудас/,

-шүүгдэгч О.Даваасүрэнгийн:...2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр найз Нандинсувдтай хамт явж байгаад гэрийнх нь ард байдаг сааданд нэг пиво хувааж уучихаад гэрт нь хоносон. Маргааш өглөө нь Нандинсувд 08 цаг өнгөрч байхад гараад явсан. Би 10 цаг өнгөрч байхад гэрээс нь гарсан ба Нандинсувдын гэрээс гарахдаа гэрийнх нь түлхүүрийг авсан. Намайг гарахад гэрт дүү нь үлдсэн. Тэгээд би өдөр 11 цаг өнгөрч байхад цагаан өнгийн приус машинтай ирээд байрны гадна талд нь зогсоож байгаад гэрийнх нь хаалгыг түлхүүрээр нь онгойлгож ороод зурагтыг нь хайрцаганд хийгээд түлхүүрийг нь шкафан дээр нь тавиад хаалгыг нь онгорхой үлдээж гараад 4-р хорооллын Парадоксын автобусны буудлын хойно байрлах доошоогоо ордог ломбардны гадаа очоод эзнээс нь зурагтыг хэдээр авах вэ гэж асуусан чинь 250.000 төгрөгөнд авна гэсэн. Тэгээд би 20.000 төгрөг нэмээд 270.000 төгрөгөөр авчих гэж хэлээд ломбарданд зурагтыг 270.000 төгрөгөөр тавиад таксинд 11.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь ээж эгчийн эмчилгээнд хэрэглээд өгье авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-43-р хуудас/ нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Даваасүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.         

Хохирогч А.Нандинсувдад алдагдсан 40 инчийн sky worth гэсэн бичигтэй LCD зурагтыг буцаан өгсөн /хх-21/, тэрээр нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн /хх-63/ байна. 

 

 

Иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвжавын нэхэмжилсэн 270.000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байна.  

            Шүүгдэгч О.Даваасүрэнд ял шийтгэл оногдуулахдаа бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

             Шүүгдэгч О.Даваасүрэн нь 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр охин Д.Аминцэцэгийг төрүүлсэн болох нь төрсний бүртгэлийн 1107003110 дугаар төрсний гэрчилгээний хуулбар /хх-80/-аар тогтоогдож байна.

             Шүүгдэгч О.Даваасүрэнг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал  зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хойшлуулах нь зүйтэй байна гэж үзэв.        

Шүүгдэгч О.Даваасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.      

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч О.Даваасүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар шүүгдэгч О.Даваасүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Даваасүрэнгийн эдлэх 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.     

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.     

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Даваасүрэнгээс 270.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвжавд 270.000 төгрөг олгосугай.    

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч О.Даваасүрэнд 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.       

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Даваасүрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР