Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1475

 

 

 

 

 

     2017           06            28

                  1475

 

 

 

Н.Лхам, Э.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2017/00175 дугаар шийдвэртэй

 

Н.Лхам, Э.Алтанцэцэг нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Налайх дулааны станц” ТӨХК-д холбогдох, Э.Алтанцэцэгийг “Налайх дулааны станц” ТӨХК-ийн материалын няравын, Н.Лхамыг “Налайх дулааны станц” ТӨХК-ийн лабораторийн эрхлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Лхамын нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэгч Н.Лхам нь 2007 онд “Налайхын дулааны станц” ТӨХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан лабораторийн эрхлэгчийн ажил албан тушаалд томилогдсон. Хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулсан тул таны ажлын байр байхгүй болсон гэж мэдэгдээд, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2, компанийн хамтын гэрээний 2.19 дэх заалтыг баримталсан.

Харин бодит байдал дээр нэхэмжлэгч Н.Лхамын эрхлэж байсан лабораторийн эрхлэгчийн албан тушаал хасагдаагүй. Зөвхөн нэршил өөрчлөгдөж ахлах лаборант гэсэн албан тушаал бий болгож, цалингийн хэмжээг бууруулсан байсан. Мөн өөрсдөө шалгалт авч ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй.  Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Харин Н.Лхам хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талтай тохиролцон “Налайхын дулааны станц” ТӨХК-д дамжлагын ажилтанаар орсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсан. Иймд түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болон түүнший итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК нэхэмжлэгч Э.Алтанцэцэгтэй 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, материалын няравын ажилд авсан. Гэтэл “Налайхын дулааны станц” ТӨХК  нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон гэсэн үндэслэлээр 2 няраваас Э.Алтанцэцэгийг сонгож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэж байгаагаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна. Энэ үйл баримтаас харвал Э.Алтанцэцэгийг ажлаас халах шалтгаан нь орон нутгийн сонгуульд Ардчилсан намд ажилсантай холбоотой юм.

Мөн ажил олгогч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/158 тоот тушаалаар Э.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хамтын гэрээний 4.20, “Налайх Дулааны Станц” ТӨХК-ийн ТУЗ-ын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоол зэргийг баримталсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан 3 үндэслэлийн аль үндэслэлээр халсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч бүтэц, орон тооноос хамаарч, ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй ч Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа үндэслэл нь хуульд нийцсэн, тодорхой байх ёстой. Гэтэл хариуцагчийн гаргасан тушаалд хуульд заасан аль ч үндэслэлийг заагаагүй мөртлөө шүүх хуралдаан дээр орон тоог цөөрүүлсэн гэж тушаалын үндэслэлийг амаар тайлбарлаад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд Э.Алтанцэцэгийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг 502 000 төгрөгөөр тооцон олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Налайх дулааны станц” ТӨХК-ийн тайлбарт: Нэхэмжлэгч Н.Лхамын урьд эрхэлж байсан ажил, албан тушаал байхгүй болсон. Иймд Н.Лхамыг “Налайх дулааны станц” ТӨХК-нд дамжлагын ажилтнаар авсан. Мөн түүнд өгсөн олговор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцсэн. Иймд Н.Лхам сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан. Харин  “Налайх Дулааны Станц” ТӨХК-ийн ТУЗ-ын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор кассын нярав, материалын няравын ажил албан тушаалыг нэг болгон ажилтаны тоог цөөрүүлсэн. Иймд “Налайх дулааны станц” ТӨХК-ийн тус байгууллагад удаан жил ажилласан, туршлагатай ажилтаныг сонгож, нэхэмжлэгч Э.Алтанцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдэж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/158 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хамтын гэрээний 4.20, “Налайх Дулааны Станц” ТӨХК-ийн ТУЗ-ын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоол зэргийг баримталсан. Иймд  ажил олгогч Э.Алтанцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа холбогдох хууль тогтоомжийг баримтлан шийдвэр гаргасан. Э.Алтанцэцэг ч зөвшөөрч нөхөн олговор авсан. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-тзаасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Эрдэнэ-Очирын Алтанцэцэгийг “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн материалын няравын ажилд эгүүлэн тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч Бат овогт Ноостын Лхам “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн лабораторийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-иас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 673 441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Алтанцэцэгт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Алтанцэцэгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч “Налайхын дулааны станц” ТӨХК-д даалгаж,

Иргэний  хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээрзүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Алтанцэцэг, Н.Лхам нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 57 725 төгрөгийг хариуцагч  “Налайхын дулааны станц” ТӨХК-иас гаргуулж  улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх Э.Алтанцэцэгийг "Налайхын Дулааны станц" ТӨХК-ийн материалын няравын ажилд эгүүлэн тогтоожээ. Гэтэл төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 21 дүгээр тогтоолоор материалын болон кассын няравыг нэгтгэж, "касс, нярав-1" гэсэн нэг орон тоо болгосон. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 21 дүгээр тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.  "Налайхын Дулааны станц" ТӨХК-д материалын няраваар ажиллаж байсан Э.Алтанцэцэгийг компанийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орсны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг 1 сарын өмнө өгч, орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. “Налайх Дулааны станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд /"Налайх Дулааны станц" ТӨХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.4 дүгээр зүйлд заасны дагуу/ Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тoo, удирдлагын зардлын дээд хязгаарыг батлах тухай 2016 оны 211 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор 2 няравын ажлын орон тоог 1 байхаар тогтоосон.

Компанийн гүйцэтгэх захиралын эрх үүргийг "Налайх Дулаан станц" ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлд баталж өгсөн байдаг. Компанийн гүйцэтгэх захирал өөрийн эрх үүргийн хүрээнд ТУЗ-аас баталсан Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй.

Шинэчлэгдсэн бүтэц орон тоогоор материалын болон кассын няравуудыг ажилласан жил, мэргэжил, ажлын туршлага зэргийг шалгуур болгосон бөгөөд Э.Алтанцэцэгийг орон тоо цөөрүүлсэн, тоо хасагдсан үндэслэлээр (Э.Алтанцэцэг нь тухайн байгууллагад 2013 онд ажилд орсон, ня-бо мэргэжилтэй бол кассын няраваар ажиллаж байсан Март нь 1999 онд ажилд орсон, нягтлан бодогч мэргэжилтэй, тус компанид 19 дэх жилдээ ажиллаж байгаа) ажлаас чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу Э.Алтанцэцэгт 2 098 194 төгрөгийг ажлаас чөлөөлөгдсөн өдөрт нь олгож шийдвэрлэсэн.

Тус хавтаст хэрэгт “Налайх Дулааны станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 21 дүгээр тогтоолыг хавсаргасан бөгөөд энэхүү тогтоол болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын гаргасан тайлбар зэргээс няравын орон тоог цөөрүүлсэн болох нь илт тодорхой байхад анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Тухайн ажлын байрыг цөөрүүлсэн болох нь шүүх хуралдаан болон талуудын гаргасан тайлбар, нотлох баримт зэргээс нотлогдоно. Түүнчлэн Э.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлснөөс хойш 6 cap өнгөрсөн байтал Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх "...орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гүрван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно" гэж заасан үндэслэлээр шаардах эрх үүсэх эсэх нь мөн хөндөгдөж байна" гэж заасан байгаа нь шүүх хуралдаан болон талуудын гаргасан тайлбар, нотлох баримт зэрэгт үнэлэлт өгөөгүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгтэй нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Алтанцэцэг, Н.Лхам нар хариуцагч “Налайх дулааны станц” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Хариуцагч “Налайх дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/158 тоот тушаалаар тус компанийн материалын нярав ажилтай Э.Алтанцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр, мөн өдрийн Б/159 тоот тушаалаар лабораторын эрхлэгч Н.Лхамтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр тус тус цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч Н.Лхам 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “хариуцагч байгууллагад дамжлагын ажилтнаар ажилд орсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар баталж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Харин нэхэмжлэгч Э.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Ажил олгогч нь ажилтан Э.Алтанцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ  кассын нярав болон материалын няравын орон тоог нэгтгэж орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч “Налайх дулааны станц” ТӨХК-ийн төлөвлөлт, санхүү, бүртгэлийн хэлтэст кассын болон материалын нярав гэсэн орон тоо байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, орон тоо батлах тухай 21 дугаар тогтоолоор нийт ажиллагсдын тоог 114, үүнээс кассын болон материалын орон тоог нэгтгэн касс, няравын орон тоог 1 гэж баталж, няравын орон тоог нэгээр цөөрүүлсэн байна.

 

Хариуцагч нь шинээр батлагдсан касс, няравын ажлын байранд кассын болон материалын няравуудын ажилласан жил, мэргэжил, ажлын туршлага зэргийг шалгуур болгож нягтлан бодогч мэргэжилтэй, тус компанид 1999 оноос хойш ажиллаж байгаа н.Мартыг томилсон тул 2013 онд ажилд орсон Э.Алтанцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн гэх тайлбар гаргадаг бөгөөд нэхэмжлэгч тал няравын орон тоог цөөрүүлсэн, үүнд ажил мэргэжлийн туршлага бүхий ажилтныг авсан гэх тайлбарыг баримтаар үгүйсгээгүй байна.

 

Хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 449 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгох талаар мэдэгдэж 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 2 098 194 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлсэн байх тул хариуцагчийн ажилтныг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй болно.  

 

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгож байгаа тохиолдолд ажил олгогч нь орон тоо, бүтцийн өөрчлөлт хийх шаардлага байсан гэдгээ ажилтнуудын өмнө нотлох үүрэггүй байхад шүүх ажил олгогчид хуулиар тогтоогоогүй шаардлага тавьсан нь буруу.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч Э.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2017/00175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 4, 6 дахь заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Налайх дулааны станц” ТӨХК-ийн материалын няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Э.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Налайх дулааны станц” ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 725 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                    А.МӨНХЗУЛ