Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/969

 

                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо, улсын яллагч Б.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос З овгийн Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1155 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З овгийн Ц.Б, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дэлгүүр ажиллуулдаг, ам бүл долоо, эхнэр, таван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.О-тай маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн буланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, З овгийн Ц.Б нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны ** тоотод эхнэр Д.О-тай маргалдан улмаар нүүр лүү нь гараараа цохиж, бие махбодод нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн буланд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргаангүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 4 дүгээр гудамжны ** тоотод байрлах гэртээ байж байтал 22 цагийн орчимд манай нөхөр Б согтуу орж ирээд тамхи асуухаар нь байхгүй, гэртээ сайн үзэж хараач гэж хэлтэл хайж байснаа олдохгүй байна гээд тамхи өг гэж уурлахаар нь би байхгүй гэхэд баруун гараараа зүүн хацар луу нэг удаа алгадсан. Энэ үед хажуугаас манай охин Х салгасан. Тэгтэл нөхөр дахиад уурлаж баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа, зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Энэ үед миний толгой манарч газар суутал манай охин Х цагдаа дуудаж байх шиг байсан. Урьд өмнө Б намайг зодож цохиж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас);

3. Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав Б, ээж О нар хоорондоо маргалдаад аав ээжийн нүүр рүү 1 удаа алгадсан. Тэгснээ нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Би цагдаад дуудлага өгсөн. Манай аав, ээж 2-ын хооронд урьд өмнө нь ийм цохиж зодсон асуудал болж байгаагүй. Ээжийн зүүн нүдний доод хэсэгт хөхөрч хавдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6482 дугаартай: “...Д.О-ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 23-24 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...манай эхнэр О намайг гаргахгүй гэж хэлэхээр нь холд гэж хэлээд нүүр рүү нь мангасдаж түлхээд, баруун гараараа нэг удаа алгадсан чинь охин Х хажуугаас салгахаар нь улам уур хүрээд эхнэр дээр явж очоод баруун гараараа зүүн нүд орчимд нь нэг удаа цохисон. Тэгтэл манай охин цагдаа дуудаж намайг бариулсан. Би урьд өмнө О-ын биед халдаж зодож байгаагүй, анх удаа гар хүрчихлээ, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 65-66 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Ц.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 30 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 31 дүгээр хуудас), гэрлэлт бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 32 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 33 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 34 дүгээр хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 35 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 36 дугаар хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 37-41 дүгээр хуудас), Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 42-54 дүгээр хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 56-57 дугаар хуудас), хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 70-72 дугаар хуудас), гэр бүлийн  хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 73-80 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.О-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.О-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.О нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч О-ын бие хөнгөн хохирол учирсан, хохирогчоос гомдол санал, нэхэмжилсэн зүйлгүй болно. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэрэгт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б-т 2021 оны 07 дугаар сарын 30-ний өдрөөс авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал хэвээр үлдээх нь зүйтэй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Би хувиараа ажил эрхэлдэг. Цар тахлаас болоод миний ажил зогсонги байдалтай байгаа тул торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон цар тахлын улмаас өрхийн орлого нь багассан тул торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэсэн шүүгдэгчийн саналыг харгалзан шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангаж чадна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б нь хувиараа дэлгүүр ажиллуулдаг байх бөгөөд цар тахлын улмаас орлого нь буурсан нөхцөл байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоног буюу 3 сарын үндсэн хугацааг нэмэгдүүлж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.З овгийн Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА