Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/970

 

                             

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 0935 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б.О, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, ламын ажил эрхэлдэг, ам бүл зургаа, хадам эх, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжны ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэсний улмаас иргэн Г.С-ийн биед “духанд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун сарвуу, баруун гуя, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн зулай, дух, цээж, зүүн бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт”, иргэн Г.М-гийн биед “тархи доргилт, толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дунд хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, баруун зүүн шилбэнд цус хуралт, баруун шуу, зүүн бугалгад зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Б овгийн Б.О нь 2021  оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжны ** тоотод согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.С, хадам эх Г.М нарыг зодож, Г.С-ийн бие махбодод “...духанд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун сарвуу, баруун гуя, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн зулай, дух, цээж, зүүн бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Г.М-гийн бие махбодод “...тархи доргилт, толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дунд хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, баруун зүүн шилбэнд цус хуралт, баруун шуу, зүүн бугалгад зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчимд ажлаа тараад гэртээ иртэл манай нөхөр О согтуу унтаж байсан. Би хоол цайгаа идчихээд нөхрийнхөө унтаж байсан жижиг өрөөнд яваад ортол нөхөр орноосоо босож ирээд өмдөө тайлж шээхээр нь “чи тэнэг юм уу, хүүхэд байхад гэр оронд шээгээд байх юм” гэж хэлэхэд өмдөө татахгүй яваад байхаар нь “наад өмдөө татаж, хувцсаа өмсөөч” гэхэд “чамд хамаагүй, ээжийгээ манай гэрээс зайлуул” гэж хэлээд миний хоолойг багалзуурдаж шкаф руу шахаж түлхээд, үснээс зулгааж газар унагааж, толгой болон цээж, гар, хөл, биеийн маань бүх хэсэгт нэлээн олон удаа цохисон. Энэ үед манай ээж М хүрч ирээд “чи одоо болиоч” гэж хэлтэл ”чамд хамаагүй” гэж хэлээд ээжийг үсдэж, толгой болон гар, хөл, бие хэсэгт нь гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас);

3. Хохирогч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал 12 цагийн үед хүргэн О халамцуу орж ирээд жижиг өрөөнд орж унтсан. 14 цаг өнгөрч байхад манай охин С ажлаа тарж ирээд жижиг өрөө рүү ороод орилж чарлаад байхаар нь араас нь яваад очтол хүргэн О охин С-ийг үсэдчихсэн, биеийнх нь энд тэнд нэлээн олон удаа цохиж өшиглөж байхаар нь очиж салгатал “чам шиг авгайд хамаагүй шүү” гэж хэлээд намайг үсдэж дараад, толгой болон баруун, зүүн гар, хөл рүү хэд хэдэн удаа цохиж өшиглөхөөр нь гарч гүйгээд цагдаа дуудаж бариулсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7604 дугаартай: “...Г.М-гийн биед тархи доргилт, толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дунд хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, баруун зүүн шилбэнд цус хуралт, баруун шуу, зүүн бугалгад зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 42-43 дугаар хуудас);

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 760 дугаартай: “...Г.С-ийн биед духанд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун сарвуу, баруун гуя, зүүн бугалга, зүүн тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн зулай, дух, цээж, зүүн бугалга, баруун шуу, баруун сарвуу, зүүн баруун гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 36-37 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг 30 минутын үед гэртээ очтол хадам ээж М болон манай хүүхдүүд байж байсан. Жижиг өрөөндөө ороод өөрт байсан 100 граммын жижиг шилтэй архийг ганцаараа уучхаад тасраад унтчихсан. Унтаж байгаад сэргэтэл хадам ээж болон эхнэр С хоёртой маргалдаж, муудалцаад байх шиг байсан. Нэг хартал эхнэр С-ийн үснээс зулгаачихсан цохиж байтал хажуугаас хадам ээж М ороод ирэхээр нь бас цохиж байгаад болиод сууж байтал гаднаас цагдаа орж ирээд намайг авч явсан. ...Би М, С нарыг гараараа цохиж зодож байсан. Биеийнх нь энд тэнд цохиод байсан. Яг хаана нь цохиод байснаа сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 88-89 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 51 дүгээр хуудас), эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 79 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 52 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 53 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 57 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 54 дүгээр хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 55 дугаар хуудас), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хх-ийн 58 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 75-78 дугаар хуудас), шүүгдэгчийн цалин орлогыг харуулах ХААН банкны дансны хуулга (хх-ийн 59-73 дугаар хуудас), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 48-50 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 102-104 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 230 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.С, Г.М нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.С, Г.М нарын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүгдэгч Б.О нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Г.С, Г.М нарын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг;” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.С, Г.М нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.О-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу сая төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх ба уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О-ын эрүүл мэндийн байдал (хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь), орлогын хэмжээг харгалзан улсын яллагчийн санал болгосон гурван сарын үндсэн хугацааг нэмэгдүүлж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА