Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1084

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,       

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.М-д холбогдох 2108000001445 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Мандал овоо ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух хаягтай, урьд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 жил хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 1994 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийн 96.2.1 дэх заалтад зааснаар 7 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдаж байсан, Б овогт Д-ийн М /РД:ус******/,    

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :  

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Малчны ** дүгээр гудамжны *** тоотод иргэн Р.С-г “согтуу агсарлаа” гэх шалтгаанаар хутгалж, эрүүл мэндэд нь цээжинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь :   

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, **дүгээр гудамжны *** тоотод иргэн Р.С-г “согтуу агсарлаа” гэх шалтгаанаар хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан... 2021.10.02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо малчны ***тоотод оршин суух Р.С-гийн гаргасан бусдад хутгалуулсан...гэх тэмдэглэл /хх-01/,   

- хэргийн газрын үзлэг хийсэн...хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн **дүгээр хороо Зүүн баян уулын *** тоотод...Д.М-өөр заалгахад шар өнгийн иштэй хутгаар хутгалсан гэсний дагуу эд мөрийн баримтаар хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-05, 06-07/,

- хохирогч Р.С-гийн...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Малчны ** дүгээр гудамжны ** тоотод байрлах гэртээ байж байгаад нэг хашаанд хамт амьдардаг М, Т, М нарын хамт ахмадын баяр тэмдэглэж 0.75 литр Хараа нэртэй архинаас 2 шилийг хувааж уусан. Тэгтэл Т гэртээ орлоо гэж хэлээд явсны дараа М над руу агсарч бид хоёр ялихгүй зүйлээс болж муудалцаж байгаад заамдалцаж байгаад больтол М шүүгээнээс шар эрээн өнгийн иштэй хутга аваад миний цээжний зүүн талд нэг удаа хатгачихаар нь би эмнэлэг, цагдаа дуудаж Мийг бариулсан юм...гэх мэдүүлэг /хх-18/,  

- гэрч Г.М...Би тухайн үед нь унтаж байсан намайг нэг сэрэхэд С, М хоёр хоорондоо муудалцаад байхаар нь хашаан дотор гэрт байсан Т-д хэлсэн...буцаад ортол гал тогооны ширээний урд талд энэ хоёр барьцалдаад хутга заазуур нь газар уначихсан, шүүгээний нэг шургуулга нь газар уначихсан байдалтай байсан, тэднийг хөөгөөд гаргасан...гэх мэдүүлэг /хх-25-26/,

- гэрч М.Т...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Малчны ** дүгээр гудамжны ** тоот гэртээ нөхөр М-ийн хамт байж байгаад нэг хашаанд хамт амьдардаг М эгчийн гэрт өглөө 10 цагийн орчимд ортол манай хашаанд бас цуг амьдардаг С ах хоёр байж байсан. Тэгээд бид дөрөв ахмадын баяр тэмдэглэхээр болж дэлгүүрээс 0,75  литрийн хараа нэртэй архинаас 2 шилийг авчирч хувааж уугаад би нэлээн согтож гэртээ орж унтаж амарсан юм. Тэгээд намайг унтаж байтал М эгч сэрээгээд нөгөө хоёр чинь манай гэрт хэрэлдэж маргалдаад байна гэж хэлэхээр нь хувцсаа өмсөөд гэрээс гартал С ах М хоёр өөдөөс хар ирж байхаар нь хартал С цээжнээс цус гарчихсан байхаар нь яасан юм бэ? гэж асуутал Мийг хутгалсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-32/,

- шинжээчийн дүгнэлт...Р.С-гийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь унах болон тогонд цохиулахад үүсэхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-34-35/,    

- шүүгдэгч Д.М-ийн...Би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 1 дүгээр гудамжны 28 тоот гэртээ байж байгаад эхнэр Т-гийн хамт М-гийнд 10 цагийн орчимд ортол С байж байсан, ахмадын баяр тэмдэглэхээр ярилцаж 0.75 литрийн Хараа нэртэй архинаас 2 шилийг авч хувааж уутал манай эхнэр Т согтоод гэртээ орж унтлаа гээд явсны  дараа С над руу агсарч бид хоёр хоорондоо муудалцаж байтал С намайг заамдаж аваад байхаар нь гарыг нь тавиулаад миний уур хүрээд шүүгээнээс шар өнгийн иштэй хутгыг авч С-г айлгах гэж байгаад цээж рүү нэг удаа хүрэх шиг болтол хатгачихсан, гаднаас М орж ирээд бид хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан юм...С-д эм авч өгсөн...гэх мэдүүлэг /хх-29-30, 64/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.               

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.  

Иймд шүүгдэгч Д.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх /хх-18/ ба хохирогч цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :               

Шүүгдэгч урьд эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-81, 84-93/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.       

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2 гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдаж /хх-71-78, 99/ судлагдсан болно.   

Шүүгдэгчийн хувьд түүний “хөдөлмөр эрхлэлтийн байдал”-ыг хөндлөнгөөс нотлох ажиллагаа бүрэн бус хийгдсэн байх ба шүүгдэгч нь “би мужаан, манаач”  хийдэг гэх мэдүүлгийг шууд үгүйсгэх буюу түүний эрх зүйн байдлыг дордуулж дүгнэх боломжгүй гэж үзэв.  

         

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.   

               

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримт гэх 1 ширхэг хутга хураагдсан, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.         

                                                      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Д.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.           

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.     

6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР