| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00304/И |
| Дугаар | 298 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 298
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 6-02 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Баянборх овгийн Дашдоржийн Дэлгэрсайханы хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг, хүсэлт гаргагч Д.Дэлгэрсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн Д.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуульд 1980 оноос одоо хүртэл тасралтгүй 37 жил ажиллаж байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг бичихдээ засварлаж бичсэнээс болоод ажилласан жил тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд 1980 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон улаан хавтастай 613 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Баянборх овгийн Дашдоржийн Дэлгэрсайхан намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Дэлгэрсайхан нь Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Дэлгэрсайхан нь 613 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн төвийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 43 тоот тушаал, Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн архив лавлагаа, гэрч П.Ишханд, Ц.Батсайхан, П.Хишигт нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 613 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Баянборх овгийн Дашдоржийн Дэлгэрсайхан мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторӨвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА