Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/971

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн У.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1314 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овгийн У.Б, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д засварын механик ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Ногоочин 1 дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч У.Б нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Б-той “ажлын байранд маргалдлаа” гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэсний улмаас бие махбодод нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Т овгийн У.Б нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Б-той “ажлын байранд маргалдлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж түүнийг зодон, бие махбодод нь “...баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч У.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцсон юм...” гэсэн мэдүүлэг;      

2. Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгууллагын *** улсын дугаартай цагаан цэнхэр өнгийн автобустай “Баруун салаа-10 дугаар хороолол” чиглэлд хүн тээвэрт ажлаа хийгээд явж байтал урд салоны сангийн паар задраад ус гоожихоор нь байгууллагын тээвэр зохицуулагчид мэдэгдэж, орой 20 цагийн үед бааз дээр автобусаа байрлуулчхаад гэртээ харьж амарсан. Маргааш өдөр нь буюу 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд ажил дээрээ ирж паараа засах гэтэл манай байгууллагын засварчин Б ах засчихсан байсан. Тэгэхээр нь автобусаа авч ажилдаа гарах гэтэл Б “чамд автобус өгч явуулахгүй, чи эвддэг" гэж хэлэхээр нь “би эвдээгүй, Г намайг байхгүй байхад автобус авч гарч эвдсэн байна лээ” гэж хэлээд Г-ийг дуудаж хэлтэл Г би эвдээгүй гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүсэж хэрэлдсэн. Тэгтэл хажуугаас Б над руу дайрч “чи эндээс зайл, энэ миний ажлын байр” гэж хэлэхээр нь “би өөрийн чинь гэрт ороогүй шүү, би бас ажлынхаа байранд байна" гэж хэлээд бид хоёр хэрэлдэхэд “чи тэр Г-оо уурласан уураа гарга” гэж хэлэхээр нь “өөртэй чинь яриагүй байхад дундуур орж ирээд хөөсөн биз дээ” гэж хэлтэл зайл гэж хэлээд намайг түлхэхээр нь “пизда минь зүгээр байгаарай” гэж хэлтэл миний баруун нүд рүү духаараа нэг удаа мөргөсөн. Би нүдээ барьж хэсэг манарч байгаад гараашнаас гарч явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 дугаар хуудас);

3. Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд байрлах “***” ХХК-ний авто бааз дээр ажлаа хийж байтал манай ажлын жолооч Б автобусаа аваад гарах гэтэл засварчин Б ах “чи автобус эвддэг, би зассан” гэж хэлтэл “Г эвдсэн, тэрэндээ хэл” гэж хэлээд Г, Б хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байтал Б ах Б-ыг “чи миний ажлын байрнаас гар” гэж хэлтэл Б “Энэ ч бас миний ажлын байр” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж Б ах Б-ыг түлхтэл өөдөөс нь “пизда минь зүгээр байгаарай” гэж хэлтэл Б ах уурлаад баруун нүд рүү нь нэг удаа мөргөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас);,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7677 дугаартай: “...Э.Б-ын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 23-24 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Баруун салааны эцсийн автобусны буудал дээр байрлах “***” ХХК-ны автобус баазын гарааш дотор ажлаа хийгээд байж байтал манай ажлын газрын жолооч Б гэх залуу 13 цаг өнгөрч байхад хүрч ирээд автобусаа аваад ажилдаа гарлаа гэж хэлэхээр нь “чамд өгч гаргамааргүй байна, яагаад гэвэл өчигдөр би засаж янзалсан, өөр хүнд өгч гаргамаар байна” гэж хэлтэл уурлаж “би ямар эвдсэн юм уу? Г эвдсэн” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаад байхаар нь ”наад хэрүүл маргаанаа болиоч” гэж хэлтэл Б дуугүй болохгүй байсан. Тэгэхээр нь би “миний ажлын байр, тайван ажлаа хиймээр байна” ...гар гэж хэлээд түлхтэл өөдөөс “пизда минь, зүгээр байгаарай” гэж хэлэхээр нь миний уур хүрээд Б-ын баруун нүд рүү нь нэг удаа мөргөчихсөн. Тухайн үед намайг пизда гэж хэлэхээр нь уур хүрээд мөргөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-55 хуудас);

6. Шүүгдэгч У.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 29 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 36 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 30 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 32 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 31 дүгээр хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 33 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 34 дүгээр хуудас), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 35 дугаар хуудас), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 37 дугаар хуудас), шүүгдэгчийн орлогын нотолсон Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 38-40 дүгээр хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 42-45 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 66, 67 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 233 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч У.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч У.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Э.Б-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч У.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Хохирогч Э.Б нь “эмчилгээний зардалд 200,000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйхэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч У.Б-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч У.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдоогүй, тэрээр хохирогч Э.Б-д 200,000.0 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овгийн У.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Б-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА