Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00001

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: В.Н-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Б.Т-т  холбогдох, 

 Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны 007/234 тоот Аудитын гэрчилгээ болон уг гэрчилгээг үндэслэн гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчлийн арилгуулах тухай” ХӨА-2019/1/СТА-ТЕЗ-01/52 тоот албан шаардлага, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “В.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, С.Г, гэрч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газраас манай  байгууллагын 2018 оны санхүүгийн тайланд санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэж, 2018 онд батлагдсан төсвийг хэтрүүлэн ажилласан гэж үзэж Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу манай байгууллагад “хязгаарлалттай дүгнэлт” өгч улмаар байгууллагын даргад арга хэмжээ авах санал хүргүүлснээр надад Засаг даргын захирамжаар арга хэмжээ авсан юм. Хяналт шалгалт хийсэн хугацаанд манай байгууллага цалингийн зардлыг хэмнэхийг тулд өвчний учир урт хугацаагаар чөлөөтэй байсан С.О, жирэмсэн, амаржсаны амралт авсан А.Д болон өөр ажилд  шилжсэн Ж.Б зэрэг ажилтнуудын оронд нөхөж хүн авахгүйгээр ажилласан ба ажиллагсад ээлжийн амралт авсан зуны хугацаанд хүн хүч дутагдаж, ажил зогсоход хүрсэн тул өвчтэй хүний оронд 1 жилтанг 3 сар авч ажиллуулсан. ... Санхүүгийн хяналт, Аудитын албаны  даргын аймгийн Засаг даргатай хийсэн үр дүнгийн гэрээний  2-т “Засаг дарга нь байгууллагын төсвийн эх үүсвэрийг хангана” гэсэн заалт байдаг бөгөөд аймгийн Засаг дарга энэ үүргээ биелүүлээгүйгээс үүссэн эрсдэлийг манай байгууллага  хариуцах боломжгүй гэж үзэж байна.

            ... Албан шаардлагын үндэслэлд Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх “Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, аудитад нөлөөлөхийг оролдсон, санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэсэн заалтыг барьснаас үзэхэд манай байгууллагыг санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай дүгнэлт авсан гэж үзэж байгаа юм байна. Гэтэл манай байгууллага аймгийн Засаг даргын баталсан орон тоог хэтрүүлэх нь битгий хэл харин ч орон тоо дутуу ажилласан байхад батлагдсан орон тоо, цалингийн санг хэтрүүлсэн гэж үзэж “хязгаарлалттай дүгнэлт” өгч байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

Засаг даргын сахилгын арга хэмжээ авсан захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд: “Манай байгууллагын хувьд улс, орон нутагт учруулсан хохирол байхгүй байхад материаллаг хэмжээний алдаа гаргасан гэж дүгнэх нь өөрөө  бодитой биш дүгнэлт бөгөөд санхүүгийн тайлангийн аудит хийсэн аудитор нь нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэж чадаагүй, зөвхөн тоон үзүүлэлт харгалзан хэтэрхий өрөөсгөл үнэлсэн юм. Цалингийн сан хэтрүүлсэн гэж үзээд байгаа НДШ-ийн 2300.0 мянган төгрөгийн өглөгийг манай байгууллага нягтлан бодох бүртгэлд үнэн зөв бүртгэсэн учраас Санхүүгийн тайлангийн хувьд үнэн зөв илэрхийлэгдсэн гэж үзэж, материаллаг алдаа биш гэж ойлгож байна. Санхүүгийн тайлангийн аудит нь тухайн байгууллагын санхүүгийн тайлан үнэн зөв илэрхийлэгдсэн эсэхэд баталгаа өгдөг болохоос биш санхүүгийн хяналт шалгалт болон энэ байгууллагынхаар бол нийцлийн ба гүйцэтгэлийн аудит хийж  байгаа хэрэг биш юм. Дээрх өр, төлбөр гарсан нь аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчаас үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төсвийн эх үүсвэрийг бүрэн хангаж өгөөгүйтэй холбоотой, Засаг дарга өөрөө үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байу төсвийн шууд захирагчийн буруу байхгүй байхад арга хэмжээ авагдах нь хууль зүйн ямарч үндэслэлгүй юм. Иймд энэ асуудлаар заавал сахилгын арга хэмжээ авах ёстой юм бол Төрийн аудитын байгууллага нь хариуцлага хүлээлгэх эзэн холбогдогчийг буруу тогтоосон гэж үзэж байна. ... Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны 007/234 тоот Аудитын гэрчилгээ болон уг гэрчилгээг үндэслэн гаргасан Төрийн Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” ХӨА-2019/1/СТА-ТЕЗ-01/52 тоот албан шаардлагыг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “В.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын ахлах аудитор Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын аудитор С.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн хяналт аудитын албаны 2018 оны санхүүгийн тайланд санхүүгийн тайлангийн аудитыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн байгаа. Эхлээд хязгаарлалттай дүгнэлт өгөх болсон үндэслэл, дараа нь албан шаардлага гарсан үндэслэлийн талаар тайлбар өгье. Хязгаарлалттай дүгнэлт өгөх болсон үндэслэл нь аудитын явцад эхлээд материаллаг түвшин тогтоодог, алдаа зөрчил маань тухайн материаллаг түвшин дотор багтаж байвал тухайн санхүүгийн тайланг алдаа зөрчилгүй гэж үзэж дүгнэлтээ гаргадаг байгаа. Нэхэмжлэгчийн санхүүгийн тайлан нь тухайн дүнгээс 200 гаруй сая төгрөгөөр давж гарсан байгаа. Энэ дээр төсвийн байгууллага бол төсвийн тухай хуулийг гол мөрдөж ажилладаг. Үйлчлүүлэгч байгууллага маань хууль зөрчиж санхүүгийн тайлан гаргасан нь хамааралгүй гэсэн ойлголттой байх шиг байна. Авлага өглөгө бүрэн тайлагнасан гээд байгаа. Санхүүгийн тайлангийн олон улсын стандартаар, аудитын стандартаар ч тэр батлагдсан төсвийг чухалчилж үздэг. Энэ төсвийг хэрвээ хэтрүүлсэн бол тухайн хэтэрсэн шалтгаан нь хуулийн дагуу байвал тодотгол хийгээд үүнийг зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн санхүүгийн тайлан дээр бол хууль зөрчсөн байна гэж үзсэн. Аудитыг би гүйцэтгэсэн. Энд аймгийн төсөв баталсан 2018 оны төсөв батлах тухай 2017 оны 12 дугаар сарын 04-ний 06 тоот тогтоол байна. Энд хамгийн эхлээд санхүүгийн хяналт аудитын албаны төсвийг 81.750.900 /наян нэгэн сая долоон зуун таван мянга есөн зуу/ төгрөгөөр баталсан байгаа. Дараагийн тодотгол нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 06 тоот тогтоолоор төсөвт тодотгол оруулах тухай гэж гарсан байгаа юм. Энд санхүүгийн хяналт дотоод аудиторын албыг 16.789.800 /арван зургаан сая долоон зуун наян есөн мянга найман зуу/ төгрөгөөр баталсан байна. Тэгэхээр энэ 2 төсвийн нийлбэр маань иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсөв болж байна. Дүнгээрээ болхоор 97.865.700 /ерэн долоон сая найман зуун жаран таван мянга долоон зуу/ төгрөг түрүүний батлагдсан төсөв гээд байгаагаас хавьгүй өндөр тоо байгаа.

Төсөв хэтрүүлсэн байдлыг хархад нийтдээ 8.481.900 /найман сая дөрвөн зуун наян нэгэн мянга есөн зуу/ төгрөг хэтэрсэн байгаа. Үүнээс аудитор зөвхөн цалинтай холбоотой 2.370.300 /хоёр сая гурван зуун далан мянга гурван зуу/ төгрөгийн өглөгийг аудитийн тайланд зөрчлөөр авсан байгаа. Төсвийн тухай хуулийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох гээд үүнийг зөрчсөн дагаж мөрдөөгүй гэж үзэж байгаа. Төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.8-д төсвийг зохистой удирдаж авлага өр төлбөр үүсгэхгүй байх гэсэн заалт байна. Мөн төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.2.2-д “жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр бүрэн нөхдөг байхаар төлөвлөж баталж хэрэгжүүлэх”, Төсвийн тухай хуулийн 57-р зүйлийн 57.5-д “орон нутгийн төсөвт өрийн удирдлагын тухай хууль болон энэ хуулийн 41.5, 57.4, 62.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд өр үүсгэх, баталгаа гаргахыг хориглоно” гэсэн байна. Төсвийн тухай хуулийн 4-н заалтыг зөрчсөн гэж миний зүгээс үзсэн.

Аймгийн засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/05 захирамжаар санхүүгийн хяналт аудитийн орон тоог 9 /ес/ байхаар баталсан. Энэ нь бас төсвийн тухай хуулийг зөрчсөн захирамж юм. Эх үүсвэрээ бүрэн тодорхойлоогүй байхдаа аудитийн албаны орон тоог 9 /ес/ байлгахаар баталсан нь төсвийг хэтрүүлэх нэг үндэслэл болсон. Санхүүгийн хяналт аудитын албаны 2018 оны төсвийг Сангийн яамны тогтоосон зарлагын норм норматив бол төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг хязгаарыг бол 6 /зургаа/ байхаар заасан . Энэ нь аймгийн Засаг дарга 9 /ес/ болгож баталсан ба нэхэмжлэгчийн байгууллага маань болхоор 9 /ес/ дотроо багтаад 7-8 орон тоотой ажилсаар байгаад он дуусгасан байгаа. Төсөв хэтрүүлсэн албан шаардлага бол аудитийн дундуур явсан, би өөрөө тэр албан шаардлага дээр гарын үсэг зурж байсан, үүнийг бол нэхэмжлэгч байгууллагын дарга, нягтлан хоёр хоёулаа зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Шүүхэд хойно яригдаж байгаа албан шаардлагаас тусдаа баримтад эх хувиараа хүргүүлсэн Б.Т-ийн хариуцлага тооцохоор хүргүүлсэн албан шаардлага нь болохоор хуулийн үндэслэлтэй байдаг. Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйл дээр тодорхой заасан байгаа 28.1 дээр санхүүгийн тайлангийн аудит хязгаарлалттай гээд үүнийг үйлчлүүлэгч байгууллага маань ойлгоогүй бололтой. Нэхэмжлэл дээр гүйцэтгэлийн болон нийцлэлийн аудит биш байсан гээд байгаа, энэ болохоор таслал тавьсан утга бүрээрээ хариуцлага тооцох санал хүргүүлэхээр байгаа. Төрийн аудиторын үйл ажиллагаанд саад учруулсан бол, аудит хийлгэхээс зайлсхийсэн бол, шаардлагатай мэдээлэл баримт материал гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, аудиторд нөлөөлөхийг оролдсон, санхүүгийн тайлангийн аудит хязгаарлалттай сөрөг санал дүгнэлт авсан бол гээд яг энэ заалтаар бол сахилгын шийтгэл оногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ гэж заасны дагуу дээд шатны төсөв захирагч болох аймгийн Засаг дарга Л.Г-д сахилгын шийтгэл оногдуулах албан шаардлагыг хүргүүлсэн байгаа.  Аудитын олон улсын стандарт 250 дугаар зүйлийг тайлбарлахыг хүсэж байна. Үүнд санхүүгийн тайлангийн аудитод хууль тогтоомж дүрэм журмыг анхаарах нь гэсэн бүлэг байгаа.  250.25 дээр санхүүгийн тайланд аудит зөрчлийг хэрхэн тайлагнах тухай заасан байдаг. Хэрвээ зөрчил нь санхүүгийн тайланд материаллаг нөлөөтэй бөгөөд санхүүгийн тайланд хангалттай тусгагдаагүй гэж аудитор дүгнэсэн бол аудитор аудитын олон улсын стандартын 705-ийн дагуу санхүүгийн хязгаарлалттай буюу сөрөг дүгнэлт гаргана гэж заасан байгаа. Үйлчлүүлэгч байгууллагын хувьд хязгаарлалттай дүгнэлт гаргасан тэр материаллаг  түвшин бол санхүүгийн тайлангийн өглөг хэсэг болон зардлын дүнд давхар нөлөөлж материаллаг хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж санхүүгийн тайлангийн аудитор хязгаарлалттай дүгнэлт өгсөн байгаа. Мөн аудитын тайланд тусгасан байгаа гол шалгуурууд дотор  төсвийн тухай хууль болон нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг гол шалгуур болгосон. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгааг ойлгож байна. Гэхдээ төрийн аудитын тухай хуулиар болон аудитын олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлангийн аудит хийгдэж байгаа учраас түүнтэй холбоотой  ямар нэгэн тайлбарыг хүлээж авахад тун бэрхшээлтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Аймгийн Засаг дарга 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “В.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжаар В.Н-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг захирамжийг гаргах бодит үндэслэл нь эрх бүхий байгууллага буюу Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн тайланд аудит хийж, /хязгаарлалттай/ санал дүгнэлт өгсөн байна. Аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Засаг даргад 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Зөрчил  арилгуулах тухай” ХӨА-2019/СТА-ТЕЗ-01/52 дугаар албан шаардлага, мөн тус газраас өмнө өгсөн албан шаардлагын  биелэлтийг ирүүлэхгүй байгаа тухай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06/457 дугаар албан бичгийг ирүүлсэн. Аймгийн Засаг даргын зүгээс эрх бүхий байгууллагаас шалган тогтоосны үндсэн дээр гарсан шийдвэрийг биелүүлж, байгууллагын даргын хувьд хүлээсэн үүрэг, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх, ажлын байрны тодорхойлолтод заасан байгууллагыг удирдлагаар хангах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн байна гэж үзэж В.Н-д сануулах сахилгын шийтгэлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ногдуулсан болно. ... Иймд В.Н-ийн гаргасан аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “В.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг  хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Засаг даргын  Тамгын газрын дарга Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аудитын байгууллагаас манайд 2019 оны 4 дүгээр сард гарсан дүгнэлт танилцуулагдсан. Энэ дүгнэлт 6 дугаар сарын 20-ны орчим аймгийн Засаг даргын өрөөнд Засаг даргатай энэ албан шаардлагын талаар хэрхэн хэрэгжүүлэх талаар ярьж байгаад В.Н даргыг дуудаж уулзаад тань дээр албан шаардлага гарсан байна. Уг албан шаардлагаар Засаг дарга арга хэмжээ авч түүнийг тайлагнах ёстой, төрийн хяналт шалгалтын хуулинд гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд биелүүлэх үүрэгтэй. Тиймээс тань дээр аймгийн Засаг даргын зүгээс арга хэмжээ авах нь тодорхой байна тиймээс энэ албан шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бол холбогдох байгууллагад хандах нь зүйтэй. Тэгээд таныг хандаад явбал албан шаардлагыг хүчингүй болговол тань дээр арга хэмжээ авахгүй байх боломжтой байна. Хэрвээ та хандахгүй байвал бид хуулийн хугацаанд албан шаардлагын дагуу арга хэмжээ авах нь зайлшгүй болоод байна гэж хэлж танилцуулсан байгаа. Энэ үйл явдал 6 дугаар сарын 20-ны үеэр болсон байгаа. Тэгээд 7 дугаар сар болоод баяр наадам болсоны дараа сонсгох ажиллагаа хийхээр болж энэ тухай В.Н даргад мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Үүний дагуу сонсгох ажиллагааг зохион байгуулсан. Сонсгох ажиллагаан дээр холбогдох байгууллагад хандах талаар таньд зөвлөмж өгсөн энэ талаар хэрэгжүүлсэн ажил байна уу гэхэд тодорхой арга хэмжээ аваагүй байсан. Ингээд төрийн аудитын байгууллагаас гаргасан шийдвэрийг дагаж биелүүлэх ёстой учраас хуулийн дагуу Аймгийн засаг дарга болон хууль зүйн хэлтэс нараас зөвшөөрөл олгож хүний нөөцийн ажилтан шийдвэрийн төсөл гаргаж  шийдвэрийг 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байна” гэв.

Гэрч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх 2004 онд үүсгэн байгуулагдсан, Засаг даргын захирамжаар 9 орон тоотой гэсэн, сангийн яамнаас шилжиж ирэхдээ 6 орон тоотой гэсэн төсөв жил бүр батлагдаж ирдэг. Засаг дарга бол 9 орон тоотой тусдаа бие даасан алба байхаар үйл ажиллагааг тогтоож өгсөн. 2018 онд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй орж гарч ажилласан. Нийт төсөв 101.000.000 /нэг зуун нэг сая/ төгрөг байсан түүнээс 80-д сая төгрөг цалингийн сан байсан. Цалин дээр сангийн яамнаас 6 орон тоогоор ирдэг тул 2015 оноос жил бүр тодотгол хийгээд цалингийн сан хүрэлцэж ажиллаж байсан. 2018 онд бас тодотгол хийхээр төлөвлөсөн байтал оны эцсээр төсөв буурсан орлогын эх үүсвэр буурсан тул 10 хувь орчим бууруулж тооцно гээд хэлсэн тэгээд тэр 10 хувь бууруулсанаас өр үүсэх шалтгаан эхэлсэн. Цалингийн тооцоолол дээр засгийн газрын тогтоосон жишгээр олгосон илүү дутуу цалин олгоогүй, нэмэгдэл урамшуулал олгоогүй, нийт эх үүсвэрээс л дутагдсан. Тодотголоор нэмэгдэл олгоно гэж байснаа тодотгол хасагдахаар байсан учраас цалингийн эх үүсвэрээс 2 сая гаран төгрөг дутагдсан. 2019 онд манайх ямар нэгэн өр төлбөргүй ажилласан байгаа. 2018 онд өмнө тийм албан шаардлага өгч байгаагүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Н  “Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны 007/234 тоот Аудитын гэрчилгээ болон уг гэрчилгээг үндэслэн гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчлийн арилгуулах тухай” ХӨА-2019/1/СТА-ТЕЗ-01/52 тоот албан шаардлага, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “В.Нэргүйд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад  Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны 007/234 тоот Аудитын гэрчилгээ болон уг гэрчилгээг үндэслэн гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчлийн арилгуулах тухай” ХӨА-2019/1/СТА-ТЕЗ-01/52 тоот албан шаардлагын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулсан болно.

Шүүх, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, доорхи үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг заримыг хангаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

1. Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны 007/234 тоот Аудитын гэрчилгээ болон уг гэрчилгээг үндэслэн гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчлийн арилгуулах тухай” ХӨА-2019/1/СТА-ТЕЗ-01/52 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор С.Г хариуцан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд   2019 оны 01 сарын 25-наас 2019 оны 02 сарын 15-ны өдрийн хооронд гүйцэтгэж, тухайн байгууллагын аудитын тайланг эцэслэн баталгаажуулж, Төсвийн захирагчид хүргүүлэхээр  аудитыг  хэрэгжүүлж, улмаар Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 07/234 дугаар бүхий “Аудитын гэрчилгээ”-г Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төсвийн шууд захирагч В.Н-д хүргүүлжээ. /Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны санхүүгийн тайлангийн аудит, баримтын 30 дугаар хуудас/

Уг гэрчилгээний 2.8.1.1-д “Хөвсгөл аймгийн ИТХ-аар батлагдсан цалингийн зардлын төсвийг 2.370.303,2 төгрөгөөр хэтрүүлэн ажиллсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүлийн 16.5.3 дахь заалт “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзээд тухайн байгууллагын төсвийн шууд захирагчид  “Албан шаардлага” хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд “Хязгаарлалттай дүгнэлт”-тэй гэрчилгээ олгосон байна.

Улмаар Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д ”... санхүүгийн тайлангийн аудитаар хязгааралттай дүгнэлт  авсан ... албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасны дагуу “... Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төсвийн шууд захирагч В.Н, ня-бо нарт сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг .... ирүүлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгасан тухай”  Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Б.Т-ийн гарын үсэг бүхий  2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай” ХӨА-2019/1/СТА-ТЕЗ-01/52 тоот албан шаардлагыг  хүргүүлжээ. /ХХ-5 дугаар хуудас/

 Өмнө нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 сарын 15-ны өдрийн ХӨА-2019/45/СТА-ТШЗ-01/03 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг В.Н-д хүргүүлж байсан байх бөгөөд уг албан шаардлагад: “ Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төсвийн шууд захирагч нь 2018 оны санхүүгийн жилд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан цалингийн зардлыг 2.370.303,2 төгрөгөөр хэтрүүлэн өглөг үүсгэн ажилсан тухай мэдэгдэж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгаж, энэхүү албан шаардлагад дарга В.Н, нягтлан бодогч С.О нар зөвшөөрч гарын үсэг зурж байжээ. /ХХ-24 дүгээр хуудас/

Иймд дээрх хэргийн нөхцөл байдал болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны 007/234 тоот Аудитын гэрчилгээ болон уг гэрчилгээг үндэслэн гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчлийн арилгуулах тухай” ХӨА-2019/1/СТА-ТЕЗ-01/52 дугаар албан шаардлагыг холбогдох хууль журмын дагуу гаргасан, хуулийн  үндэслэлтэй байх тул албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхил зөрчигдсөн хэмээн хариуцагчийг буруутгах боломжгүй байх тул  энэхүү маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн  шааардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “В.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг  хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “В.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг давсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 48 дугар зүйлийн 48.1, 48.1.1, 48.3, Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн аудитын газраас хийсэн Санхүүгийн тайлангийн аудитаар материалаг хэмжээний алдаа зөрчил илэрч “Хязгаарлалттай” санал  дүгнэлт авсан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын дарга В-ийн Н-д сануулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. /ХХ-6 дугаар хуудас/

Төрийн  албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг Төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан ба Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 36, 32 дугаар тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталжээ.

Уг журмын  1.6-д ”Төрийн жинхэнэ албан хаагч-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэж, журмын 2.1-д  “сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно” гэж, журмын 2.2-д “энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод, хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /шалгагч/ шалган тогтооно” гэж тус тус заажээ.

Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны 007/234 тоот Аудитын гэрчилгээгээр “Хязгаарлалттай” дүгнэлт  авсан ... албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасны дагуу “... Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны төсвийн шууд захирагч В.Н, нягтлан бодогч нарт сахилгын шийтгэл ногдуулж, биелэлтийг .... ирүүлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгасан тухай  2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчлийн арилгуулах тухай” ХӨА-2019/1/СТА-ТЕЗ-01/52 дугаар албан шаардлагыг Хөвсгөл аймгийн Засаг дарга хүлээн аваад Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г-т шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй боловч,  В.Н-д  сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах, тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, тодруулга авах, шаардлагатай мэдээлэл цуглуулах улмаар цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шаардлагыг биелүүлээгүйн зэрэгцээ шалгагч албан тушаалтан нь холбогдох ажиллагааг амаар явуулсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зүй нь бол:... аудитын албан шаардлагад тогтоогдсон гэх зөрчлийг дахин нягтлан шалгаж, шалгалтаар тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч буюу ЗДТГ-ын дарга Х.Г нь В.Н-ийн сахилгын зөрчил гаргасныг тогтоож,  Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй тухай дүгнэлтийг бичгээр гаргаж, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагч В.Н-д  урьдчилан танилцуулж, гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэн шалгалтын материалд хавсаргах, түүнчлэн тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж тайлбар хийх, нэмэлт шалгалт хийлгэх эсэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхээр хангах зэрэг хууль, журмын шаардлагыг  хангалгүйгээр 2019 оны 07 сарын 16-ны өдөр сонсох ажиллагааг хийж, зөвхөн Аудитын албан шаардлагыг үндэслэн В.Н-д “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийн төслийг танилцуулсан нь дээрхи  журмыг зөрчсөн буруутай үйл ажиллагаа  явуулсан нь сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

            Иймээс “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.1-д “шалгагч албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг Төрийн албаны тухай хуулийн 48.3-д заасан томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулах бөгөөд эрх бүхий албан тушаалтан ... шийдвэрийг гаргана” гэсэн заалттай нийцэхгүй маргаан бүхий акт буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар шууд  В.Н-д сахилгын шийтгэл ногдуулсан нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож  байх тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хангаж, уг захиргааны актыг хүчингүй болгох нь хуулийн үндэслэлтэй болно.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,  106.3.13 дах заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3, Төрийн аудитын тухай хуулийн 28.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Н-ийн  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “В.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож,  Хөвсгөл аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны 007/234 тоот Аудитын гэрчилгээ болон уг гэрчилгээг үндэслэн гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчлийн арилгуулах тухай” ХӨА-2019/1/СТА-ТЕЗ-01/52 тоот албан шаардлагын В.Н-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Н-д олгосугай.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН