Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 48

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Л.Солонго

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолтой, О.Ш т холбогдох 1728001030120 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Ноён суманд 1986 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ноён сум 2-р баг Ганзагад Улаан толгой гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, ...............  дугаар регистртэй, Тост овгийн О.Ш   2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомтоор хуулиар хязгаарлалт тогтоосон 8.875 кг ногоон хас, 3.425 кг мана нэртэй чулуунуудыг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхтулга нь О.Ш ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Тост овгийн О.Ш хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш т оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн ялыг биелүүлж байхыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 кг чулууг /2.5-8.5 см хэмжээтэй, янз бүрийн хэлбэртэй, 8.575 кг жинтэй ногоон чулуу нь ногоон хас чулуу, 1.0-4.0 см хэмжээтэй, янз бүрийн туяатай цайвардуу өнгөтэй, 2.315 кг жинтэй, 4 ширхэг том, 7.5-12.0 см хэмжээтэй, 1.105 кг жинтэй чулуунууд нь мана чулуу байна/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төрийн өмчлөлд шилжүүлэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ш т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ. 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” мөн зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдлийг л гэмт хэрэгт тооцохоос биш заагаагүй тохиолдолд тухайн хүн гэм буруутай байсан ч тэр үйлдлийг нь гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн утгыг илэрхийлж байна.

          Гэтэл шүүх О.Ш ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь дээрх хуулийн агуулгатай зөрчилдөж байх бөгөөд хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол...” гэсэн нь аль нэг хууль эсвэл Монгол Улсын олон улсын гэрээнд тухайн барааг буюу ногоон хас, мана чулууг хилээр нэвтрүүлэхийг тусгайлан хориглосон зохицуулалт байхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тус зүйл хэсэг шаардаж байна.

          Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд хавтаст хэргийн хүрээнд прокурор нь ямар хуулиар тухайн ногоон хас болон мана чулууг хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг талаар огт дурдаж нотолдоггүйн дээр яллах дүгнэлтдээ тус чулуунуудыг хуулиар хязгаарлалт тогтоосон бараанд ордог гэдэг боловч мөн л энэ талаараа эргэлзээгүй нотолж тогтоодоггүй болно.

          Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр О.Ш ийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

          Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ашигт малтмалын тухай хууль, Гаалийн тухай хууль болон Эрдэнэсийн сангийн тухай хууль, Гаалийн Ерөнхий газрын дарга 2009 оны 362 дугаартай тушаал энэ хүн маань гаалийн бүрдүүлэлт хийхийн өмнө стандарт, хэмжил зүйн газраас тухайн чулуунуудыг ямар төрлийн чулуунууд вэ гэдгийг тодорхойлсны үндсэн дээр геологийн төв лабораториос зөвшөөрөл авч байж гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хилээр нэвтрүүлэх ёстой байсан байна гэв.     

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ямар үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар тодорхой хуульчилсан байдаг.  О.Ш ийг гэм буруутай гэж үзэж ял халдааж байгаа нь зүйл хэсэг болох 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль болон олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хил болон гаалиар нэвтрүүлсэн тохиолдолд гэмт хэрэг болохоор хуульчилсан. 

Гэтэл О.Ш  авч явсан тэр мана болон хас чулууг ямар Монгол улсын Олон улсын гэрээ, ямар хуулиар хориглосон хязгаарлалт тогтоосон болохыг прокурорын зүгээс тогтоосон зүйл хэргийн хүрээнд авагдаагүй.

Анхан шатны шүүх хурал дээр улсын яллагчийн зүгээс бол хязгаарлалт тогтоосон бараанд О.Ш ийн авч явж байгаа чулуу ороод байна гээд байхад шүүхээс энэ бараа нь хориглосон бараанд орж байна гэж үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг шийдвэрлэсэн.

 Анхан шатны шүүх шийдвэртээ тухайн чулуу төрийн өмч мөн учраас энийг  хориглосон бараа гэж үзнэ гэж заасан боловч чухам энэ төрийн өмчийнх ч гэдэг юм уу, ямар хуулиар оруулах, гаргахыг хориглоод байгаа талаар дэлгэрэнгүй дурдаагүй  мөн шүүхийн шийдвэрийг ойлгомжгүй болгож байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Ш т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч О.Ш ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Ш т холбогдох эрүүгийн 1728001090120 тоот хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагатай нийцсэн байна гэж үзлээ.

          Хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шүүхийн үндэслэл болсон нотлох баримтуудаар О.Ш  нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомтоор зорчигчоор хилээр гарахдаа гар тээшиндээ  хориглосон эд зүйл болох  ногоон хас чулуу 8.875 кг, мана чулуу 3.425 кг  5 ширхэг оймсонд нууж хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

          Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоосон байх тул шүүгдэгч О.Ш ийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зөрчөөгүй, шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж үзлээ.  

          Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн  З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "эрдэнэс" гэж ... ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ,  мөн зүйлийн 6 дахь хэсэгт  “эрдэнийн чулуу” гэж олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг хэлнэ гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын Сорьцын хяналтын дүрмийн  1.2-т заасаар сорьцын хяналтыг улсын хэмжээнд хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 908 дугаар дүгнэлтээр О.Ш ийн улсын хилээр нууж нэвтрүүлсэн чулуу нь хас, мана чулуу болохыг тогтоосон байна. /хэргийн 23-27 дугаар хуудас/   

 Ашигт малтмалын тухай   хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Энэ хуулийн 46.1-д заасны дагуу бүртгүүлбэл зохих үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, тэдгээрийн сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр  тогтоолын 2 дугаар хавсралтаар “Үнэт металлын  сорьц, тогтоох, баталгаажуулах, эрдэний чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам” батлагдсан байна. Энэ журмын 6.2.4-т зааснаар хас чулуу нь эрдэнийн чулууны өнгөлгөөний чулууны, 6.2.3-т зааснаар мана чулуу нь эрдэнийн чулууны гоёл чимэглэлийн чулууны  ангилалд хамрагдаж байна.

            Ашигт малталын хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрдэнийн чулууг монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно” гэж эрдэнийн чулууг экспортод гаргахыг хориглосон ба О.Ш  нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш байна.

          Түүнчлэн Валютын зохицуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Валют" гэж ... төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж, мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ, мөн зүйлийн  5 дахь хэсэгт  "Валютын үнэт зүйлс" гэж мөнгөжсөн алттай адилтгах үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ гэснээр эрдэнийн чулуу нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  заасан “ бараа”-нд тус тус хамаарагдах бөгөөд О.Ш  нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу барааг буюу чулууг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад гаргаж өгсөн үйл баримт тогтоогдоогүй төдийгүй уг чулууг оймсонд хийж нуун хил нэвтрүүлэх гэж буй үйлдлээс үзэхэд О.Ш  нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, улмаар хүсч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.  

          Дээр дурдсан үндэслэлүүдээр О.Ш ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

           

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА