Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Ө

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д.О-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... өдөр Д аймгийн А суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Д аймгийн А сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Д.О /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.О нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цагийн үед Д аймгийн Э сумын Е багийн нутаг дэвсгэр 50-ын зогсоол гэх газарт иргэн О.Б-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хэрэг болдог өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын онцгой байдлын хэлтсийн мэдэлд албан томилолтоор ирсэн юм. Тухайн өдөрт Дорноговь аймагт албан томилолтоор 16 хоног ажиллаж дуусаад бид нар буцах болж Замын-Үүд сумаас хойш 50 км зайд байрлах 50-ын зогсоол дээр зогсоод авч явсан архиа ууж байгаад О.Б-тэй маргалдаж байгаад О.Б-ийг би гараараа хоёроос гурван удаа нүүрэн тус газарт нь алгадсан. Тэгээд дахиж цохиж маргалдаагүй. Тэгээд бид нар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гаднаас салцгаасан. Өөр зүйл болоогүй. “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэжээ. /хх-ийн 66-70/

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 сарын 03-нд Замын-Үүд суманд үүрэг гүйцэтгээд буцах замдаа 50-ын зогсоол дээр наймуулаа 2 шил архи хувааж уусан. Тэнд Б-тэй муудалцаад шанаанд нь 2 удаа цохьсон. Тэгээд салаад машиндаа суугаад цааш явж Сайншанд суманд ирж гэр гэртээ харьсан. Хохирогчийг цохьсон үйлдэлдээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 153 дугаар салбарт харуулаар ажилладаг. Ахлагч цолтой. Манай байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 11 хүний алба хаагчийн бүрэлдэхүүнтэй Замын-Үүд сум руу албан томилолтоор явж ажилласан. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Замын-Үүд сумаас гараад Сайншанд чиглэлд 8 хүний бүрэлдэхүүнтэй албаны фургон автомашинаар явсан. Хамт явсан 8 алба хаагч нь аймгийн Онцгой байдлын 33 дугаар ангиас 5 алба хаагч, Айраг сумын 23 дугаар ангиас 2 алба хаагч надтай нийлээд 8 хүн явсан. Замд гараад явж байтал автомашины дунд хэсгээс манайхнаас нэг нь архи гаргаж ирээд хүн бүрт аягалж өгсөн. Яг хэн архи гаргасныг нь мэдэхгүй байна би хамгийн арын суудал дээр сууж явсан. Тэгээд Т гэдэг ах надад архи аягалж өгөхөд би уухгүй гэсэн. Тэгэхэд Т ах над руу бацаанууд архи уух үгүйг өөрсдөө шийддэг болсон юм уу зүгээр дуугүй уу гээд намайг загнасан. Би архинаас уугаагүй. Урд сууж явсан хүмүүс архиа тойруулаад уугаад байсан. Замдаа нэг зогсоод бууцгааж бие зассан, яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг бие засаад дуусч байхад ахлагч О над дээр ирээд ах нар чинь архи уугаад байхад чи ганцаараа архи уухгүй хэн бэ чи танай нөөцийн писданууд юу вэ бүгдийг чинь ална шүү, гээд миний нүүр хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 7-8 удаа цохьсон, би өөдөөс нь цохиогүй, би зодооны асуудалд орооцолдмооргүй байна, би очиж байгаад цагдаа, шүүхийн байгууллагад хандана гэж хэлээд машинд суусан. Фургонд сууж байхад намайг хэл амаар доромжилж ална шүү гээд фургон дотроос гадагшаа түлхэж унагаасан. Тэгээд Б гээд ахлах ахлагч О-ийг салгасан. Тэгээд автомашиндаа суугаад Сайншанд сум ороод тарцгаасан. Би шөнө болохоор яг хаана байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би эмчилгээний зардал болох 426.590 төгрөгийг гаргуулж авах. Би зодуулснаас болж эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн ба цалин дээрээс суутгагдаж магадгүй хэрэв цалингаас хасагдвал бас цалингаа нэхэмжилнэ. Төлбөр мөнгөө барагдуулвал гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 30-31/

Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд суманд томилолтоор 2021 оны 08 сарын 19-ний өдөр яваад 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр томилолтын хугацаа дуусаад Замын-Үүд сумаас Сайншанд сум руу 17:00 цагийн үед жолооч Ш, ахлах ахлагч Г.Б, ахлах ахлагч Э.М, ахлах ахлагч Ц.Б, ахлагч Д.О, ахлагч О.Б, дэд ахлагч Б.Д нарын хамт гарсан. Тухайн үед наашаа гарахаас өмнө найз нар гаргаж өгсөн ба нэг шил архи гурвуулаа хувааж уусан байсан болохоор би Замын-Үүд сумаас 20 орчим км газар явж байхад би жолоочийн хажуу суудал дээр унтсан. Сайншанд сум руу явах үед Эрдэнэ сум Өргөн хоёрын дунд болон Түшлэг зөрлөгийн хажууд зогсож бие засаад Сайншанд орж ирсэн. Тухайн үед би О.Б, Д.О нар хоорондоо маргалдаж Б-ийн биед халдсан талаар мэдээгүй. Сайншанд суманд ирсний маргааш Д.О над руу утсаар залгаад О.Б намайг цагдаад өгсөн байна. Тэгээд би яасан талаар асуухад би замдаа Б-тэй маргалдаад 2-3 алгадсан тэгээд цагдаад өгсөн байна гэж байсан. Би О.Б-ийн утас руу залгаж асуухад О.Б та өөрөө мэдэж байгаа биз дээ Д.О намайг зодсон гэсэн. Тэгээд хаана болсон талаар О, М, Б нараас утсаар асуухад Замын-Үүд сумаас нааш 50км газар буюу 50-ын зогсоол дээр зогсох үед О Б-ийг 2-3 удаа алгадсан тэгээд хоорондоо зууралдахаар нь М Б-ийг татаж салгасан гэж ярьсан. Жолооч Ш уугаагүй. Бусад нь архи уусан. О.Б архи уухгүй пиво ууна гээд пиво уусан. Замынүд сумаас гарах үедээ О.Б-д ахалж яваа хүндээ илтгэл рапорт өгөхгүй байна шүү үүндээ анхаараарай гэж хэлсэн. О.Б тухайн үед надад юун сүртэй юм бэ хамт явж байгаа хүмүүс чинь тэгэхгүй байна шүү дээ гэхээр нь би өөр юм хэлээгүй орхисон гэжээ. /хх-ийн 05-06/

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд суманд томилолтоор 2021 оны 08 сарын 19-ний өдөр яваад 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр томилолтын хугацаа дуусаад Замын-Үүд сумаас Сайншанд сум руу 17:00 цагийн үед жолооч Ш, ахмад Т, ахлах ахлагч Г.Б, ахлах ахлагч Ц.Б, ахлагч Д.О, ахлагч О.Б, дэд ахлагч Б.Д нарын хамт гарсан. Тухайн үед наашаа гарахаас өмнө машиндаа 2 шил архи хувааж уусан. Замын-Үүд сумаас нааш 50 км газарт зогсож бие засах үед О нь Б-ийг хэлтсийн даргаа таньдаггүй юм уу гэхэд О.Б би энгийн хувцастай болохоор таниагүй, харж байгаагүй гэх зэргээр хоорондоо маргасан. Тэгээд машиндаа суух үед Б машин руу орох үед нь дотор сууж байсан О Б-ийг 2 удаа алгадах шиг болсон тэгээд тэр хоёр зууралдахаар нь би гадаа байсан болохоор Б-ийг араас нь татаж салгаад больцгоо гэсэн. Тэгээд машинд сууцгаагаад Сайншанд сум руу ирсэн. Д, жолооч Ш нар архи уугаагүй. О.Б 1-2 удаа татсан өөр мэдэхгүй байна. Т машинд унтаж байсан. О.Б-ийг архиа авчих гэж хэлж байсан. “...Дахиж Б, О 2 машинд муудаагүй, машин замдаа дахиж зогсохгүй Сайншанд суманд ирсэн /цаг санахгүй байна/, Б-аас бусад алба хаагч нар ажил дээр ирж машинаас буусан. Удахгүй би гэртээ харьсан. Б, О 2 өмнөх үл ойлголцож байсан зүйлээсээ болоод хоорондоо маргалдаж муудсан яг юу ярьж байсан талаар санахгүй байна. Машинд намайг байхад л О нь Б-ийг 2 удаа алгадсан харагдсан өөр биед нь хүрээгүй. Б, О нар нь архи согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жолооч Ш-аас бусад машинд байсан хүмүүс 2 шил 0,5 литрийн соёрхлыг замдаа буюу Замын-Үүд сумаас Сайншанд сум руу явах замд 50-ын зогсоол дээр архи согтуурлах ундааны зүйлийг бид нар уусан гэжээ. /хх-ийн 07, 79-80/

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би эхээс есүүлээ Д.О нь доороосоо хоёр дахь дүү маань байгаа юм. Миний дүү ... өдөр Дорноговь аймгийн А суманд төрсөн дүү маань байгаа юм. Миний дүү Д.О нь төлөв даруу нэг их хүнтэй муудаад байдаггүй дээрээ олон ах эгчтэй өссөн болохоор хүний хэлсэн зүйлээс зөрөөд байдаггүй даруулгатай өссөн хүүхэд, миний дүү арван жилээ төгсөөд Замын-Үүд сумын гаалийн газарт цахилгаанчин хийж байгаад 2016 онд Онцгой байдлын албанд орж тасралтгүй 5 жил гаруй хугацаанд ажиллаж байгаа миний дүү одоо Дорноговь аймгийн Айраг сумын Онцгой байдлын гал унтраах аврах 23 дугаар ангид гал унтраах машины жолооч ажилтай тус сумандаа эхнэр нэг хүүхдийн хамтаар амьдарч байгаа. Манай дүү албан ажил хийж байхдаа ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй яагаад тэр өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн талаар сайн мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 07/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Сайншанд сумаас Замын-Үүд сум руу 2021 оны 08 дугаар сарын 19-нөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл албан томилтоор 14 хоногийн хугацаатай явсан. Албан томилолтоор цуг явсан алба хаагч ахмад Т, ахлагч М, ахлах ахлагч Б, ахлагч Ш, ахлагч О, ахлах Б нартай цуг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны 17 цаг 30 минутын орчимд Замын-Үүдээс Сайншанд сум руу явж байх үед машин замдаа зогсож бид нар машинаас буун тамхи татан, бие засчихаад эргээд машинд суух үедээ Б, О нар нь хоорондоо маргалдаж орж ирээд, О нь Б-ийг баруун гараараа 2 удаа хацар хэсэгт нь алгадахаар нь би яаж байгаа юм одоо боль гэж болиулсан. /машинд энэ 2 дахиж муудаагүй/. Дахиж машин замдаа зогсохгүй явсаар байгаад Сайншанд суманд 19 цагийн үед ирж би хамгийн түрүүнд гэрийнхээ гадаа 11 дүгээр 60 айлын гадаа ганцаараа машинаас буусан. Намайг машинаас бууснаас хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 83-84/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 02/0267 дугаартай дүгнэлт: 1.О.Б-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхины цус  хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 13/ 

Зөрчлийн  хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 14-15/

Хохирогч О.Б-ийн оршин суух хаягийн тодорхойлолт, хохиролд 426,590 төгрөг нэхэмжилсэн өргөдөл, ажлын үнэмлэхийн хуулбар, хохирлын баримтууд /хх-ийн 40-48/

Шүүгдэгчийн урьд нь гэмт хэрэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл, гомдол мэдээлэл, захиргааны зөрчилд холбогдож байсан тухай судалгаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ажлын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49-57/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 60-61/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 88/

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 89/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.О нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цагийн үед Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэр 50-ын зогсоол гэх газарт иргэн О.Б-тэй маргалдан зодож эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Т /хх-ийн 05-06/, гэрч Э.М /хх-ийн 07, 79-80/, гэрч Ц.Б /хх-ийн 83-84/ нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 02/0267 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 426,590 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.О нь 2021 оны 10 сарын 15-ны өдөр хохирогч О.Б-ийн Хаан банкны 5376151321 дугаартай дансанд 430,000 төгрөгийг шилжүүлж хохирол төлбөрийг барагдуулснаар хохирогч О.Б нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан торгох ял шийтгэл оногдуулав.

Оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага байхгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ш овогт Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.Б