Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/972

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо, улсын яллагч Н.Улсболд, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1329 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овгийн Б.О, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, С.Шаравын гудамж, ** дугаар байрны ** тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч мөн дүүргийн 20 дугаар хороо, “Хөрш заан” хотхоны ** байр, ** тоотод түр оршин сууж байгаа, регистрийн дугаар: ***, урьд:

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч  Б.О нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ломбардын гадна Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар болон нуруу орчим гараараа цохисны улмаас хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод уруулд цус хуралт, зүүн доод 2-р шүдний сулрал, баруун завжинд цус хуралт, шарх, зүүн завжинд шарх, хэвлий, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Т овгийн Б.О нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” ломбардын үүдэнд хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүр болон нуруу орчим гараараа цохиж бие махбодод нь “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод уруулд цус хуралт, зүүн доод 2-р шүдний сулрал, баруун завжинд цус хуралт, шарх, зүүн завжинд шарх, хэвлий, нуруунд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би бага зэргийн гомдолтой байна. Би тамхи татаад ажлынхаа үүдэнд байдаг сандал дээр сууж байхад хохирогч “хөгшөөн цаашаа суучих” гэж хэлээд хажууд суусан. Тэгээд надаас “шагийн архи байна уу” гэж асуухад нь би “цаагуур чинь байдаг байх” гэж хэлсэн. Гэтэл 2 найз нь ирээд хохирогч гэх хүнийг явах уу гэж асуухад тэр над руу заагаад “энэ муу томоод байна” гэсэн. Үүнээс болоод бага зэрэг муудалцаж байгаад салаад явсан. Би буцаад ажилдаа ороод сууж байтал хохирогч чулуу барьж орж ирээд намайг “хөсрий царайтай гуйлгачин” гэж элдэв үгээр хэлсэн. Би “ажлаа хиймээр байна чи цаашаа яв согтуу байна” гэсэн. Намайг элдэв үгээр хэлсэнд би гомдолтой байна. Гэхдээ миний буруу, гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Хохирогч арай л жудаггүй байлаа, миний тэвчээрийг алдтал элдэв үгээр хэлчхээд цагдаад очсон...” гэсэн мэдүүлэг;      

2. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас);

3. Хохирогч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хархорин захын замын хойд талд байрлах “**” ломбардын урд талын өндөр хашлага дээр хүмүүс сууж байхаар нь би хажуугаар нь шахаад суучихъя гээд тухайн 1 метр орчим өндөр хашлага дээр шахаад сууж байтал хажууд зэрэгцээд сууж байсан залуу инээгээд байхаар нь би тэр залууд хандаад “чи уурлаад байгаа юм уу” гэхэд тэнд сууж байсан 30 орчим насны залуу босож ирээд “чи муу юу гээд байгаа юм бэ пизда минь” гэж хэлээд миний нүүр, толгой руу учиргүй цохиж зодсон. Тэгээд тэр залуу цаашаа “**” ломбард руу орсон. Би тэндээс яваад хэсэг байж байгаад эргээд газраас чулуу аваад учраа олохоор очиход “**” тэр залуу “чи яах гээд байгаа юм бэ, наанаа түр хүлээж бай” гээд хэсэг хугацааны дараа гарч ирээд намайг дагуулж баруун тийшээ явж байхдаа миний хамар хэсэг рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиод, намайг тонгойх үед миний 2 хацар руу 2 удаа цохиод “чи цагдаагаа дууд, чи намайг амжихгүй шүү” гэх зэргээр хэрүүл хараалын үг хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би тухайн үед эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэхэд гаргасан 130,000 төгрөгөө О-аас хүлээн авсан. О нь надаас уучлал гуйж бид хоёр хоорондоо учраа олж эвлэрсэн. Тухайн үед би нэлээн согтуу байсан. О-ыг өдөж хоргоосон асуудал гаргасан байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8, 10 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7606 дугаартай: “...Д.Б-ы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод уруулд цус хуралт, зүүн доод 2-р шүдний сулрал, баруун завжинд цус хуралт, шарх, зүүн завжинд шарх, хэвлий, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 19-20 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайхаар үйлчлүүлж байсан залуу гараад явахаар нь би нөгөө 30 гаран насны согтуу залуу дээр очиход тэр залуу намайг дагуулаад баруун тийшээ яваад, миний хүзүүгээр ороогоод бариад авахаар нь би тэр залууг барьж байсан чулуугаараа намайг цохих гэж байна гэж бодоод түрүүлээд нүүрэн тус газар нь 3 удаа гараа атгаж байгаад цохисон чинь тэр доошоо тонгойхоор нь нуруу хэсэг рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгтэл тэр залуугийн хамраас цус гараад цаашаа явсан. Явахдаа цагдаад өгнө, чи их мөнгөтэй залуу юм аа гээд явсан....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 52 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 46 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 53 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 54 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 57-58 дугаар хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 59 дүгээр хуудас), шүүгдэгчийн орлогын нотолсон Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 60-90 дүгээр хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 40-42 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 97-98, 103 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 236 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.О нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б-ы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Б-ы эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О-ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Хохирогч Д.Б нь “эмчилгээний зардалд 130,000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйхэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.О-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн байх боловч шүүх гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.О-д хуульд заасан доод хэмжээгээр буюу дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овгийн Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА