| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0148/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/183 |
| Огноо | 2021-08-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.******* /онлайнаар/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******,
Хохирогч Г.******* /онлайнаар/,
Хохирогч П.******* /онлайнаар/,
Хохирогч Г.*******, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Батдоржийн *******д холбогдох эрүүгийн 2015002630063 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Чонос овот Батдоржийн *******, 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдөроршин суух, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. /РД:_____/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.*******ыг Булган аймгийн Булган сумын 2 дугаар цэцэрлэгийн нярваар ажиллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын хооронд Булган аймгийн Булган сумын 2 дугаар цэцэрлэгээс 5.722.000 төгрөгийн бараа материал болон 1.400.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан,
Мөн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг “Очирхүү” ХХК-ийн дэлгүүрээс 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын хооронд 6.544.750 төгрөгийн бараа авч залилсан,
Иргэн П.*******аас 2019 оны 12 дугаар сард нийт 3.638.000 төгрөгийн бараа материалыг 2020 оны хавраас хэтрэхгүй мөнгийг өгнө гэж залилсан,
Иргэн Б.*******ээс 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд 950.000 төгрөгийн бараа, материал авч залилсан,
Иргэн П.*******гаас 2019 оны 3 дугаар сард нөхөр маань Солонгос Улсын виз мэдүүлэх гэсэн юм 5.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлээч гэж авч залилсан,
Иргэн Г.*******гаас 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 4 сар хүртэл нийт 4 удаагийн үйлдлээр 7.300.000 төгрөгийг “удахгүй өгнө” гэж хэлж авч залилсан,
Иргэн Г.*******ээс 2019 оны 11 сард нэг адууны мах авч “үнийг 7 хоногийн дараа өгнө” гэж, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 384 кг үхрийн мах авч үнийг 14 хоногийн дараа өгнө гэж 2 удаагийн үйлдлээр нийт 5.140.000 төгрөгийн үнэ бүхий адуу, үхрийн мах авч залилсан,
Иргэн Д.*******аас 2018 оны 4 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 3.350.000 төгрөгийн бэлэн мөнгө, бараа, материал авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүлэг үнэн зөв гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байх сайн санахгүй байна. Энэ үед ******* намайг цайны цагаар гэртээ байхад утсаар яриад “Манай нөхөр Солонгос Улсад гарахаар виз мэдүүлэх гэж байгаа юм аа. Хүнээс мөнгө асуусан байхгүй гээд байна. Чамд мөнгө байна уу? боломжтой бол 5.000.000 төгрөг өгөөч, 10 хоногийн дараа буцаагаад аваад өгнө” гэхээр нь “за би чамд хүнээс асуугаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би хүнээс асуухад “мөнгө байгаа, 10 хоног юм бол чи хэрэглээд надад өгчихөөрэй” гэхээр нь би *******тай утсаар яриад “за боломжтой юм байна, мөнгө бүтчихлээ дансаа өгчих” гээд данс хооронд шилжүүлэг хийсэн. Тэгээд 10 хоногийн хугацаа өнгөрч *******аас “нөгөө мөнгөө өгөх болж байна уу? гэж асуухад өнөөдөр өгнө, маргааш өгнө” гэж хэлсээр яваад одоо 3 жил болж байна. Боломжгүй байгаа бол чи хүүтэй нь зээлээд ав гээд хоёр удаа 750.000 төгрөгийн хүү өгсөн. 2020 оны 01 дүгээр сард бил үү? 02 дугаар сард бил үү? сайн санахгүй байна. Хадам аав нь тэтгэврийн зээл авчихлаа хотоос би чамд мөнгө шилжүүлэх гэж байна гээд 1.500.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Өөр мөнгө өгөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед нэхэмжилж байсан дүнгээр хохирол төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.******* өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд 2016 оны 10 дугаар сард 02 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажилд орсон. Тэр үед ******* нярваар ажилд орсон байсан. Миний тэтгэвэрт гарах нас дөхсөн учир насны эцэст байшин барьж байгаа юм. Жаахан хоцрох л юм бол цалингийн зээл олдохгүй нөхцөл байдал үүссэн байсан учир цалингийн зээл аваад яг байшингаа барьж эхлүүлэхэд хэрэглэх мөнгө гээд хадгаламжид хийсэн байсан. Тэгээд хадгаламжид мөнгөө хийчхээд цалингийн зээлнийхээ хүүг төлөөд явж байсан. 2018 оны 02 дугаар сард байх аа аймгийн захиргаан дээр хуралтай байхад ******* над руу дахин дахин залгаад дуудлага орж ирээд байсан. Нярав маань учир надад ажил гарсан юм байна даа гэж ойлгосон. Хуралтай байсан учир буцаагаад залгахаа ч мартсан байсан. Тэгээд хурал дуусаад ажил дээрээ ирээд шатаар өгсөөд явж байтал “багшаа, багшаа нааш ир” гээд өрөөндөө авч ороод өрөөний хоёр давхар хаалгыг хоёуланг нь дарж хаагаад гараараа хаалга алдлан зогсож байгаад “багшаа та надад мөнгө өгөөч, дүү маань осол гаргаад надад хэцүү нөхцөл байдал үүсчихлээ. Та надад мөнгө өгөөч” гээд маш тэвдүү шахуу хоолойгоор надад хэлсэн. Тэгээд би багшид нь мөнгө байхгүй шүү дээ гэхэд та хадгаламж барьцаалсан зээл аваад надад мөнгө өгөөч гээд байсан. Багш нь тэр мөнгөөр оролдохгүй, цалингийн зээл аваад банкинд хийсэн байгаа шүү дээ гэхэд та хадгаламж барьцаалсан зээл аваад өгөөч гээд шаардаад байсан. Дүү маань осол гаргачихсан цаад хүн нь гомдолтой гээд байна. Дүү маань хэрэгт орох гээд байна. Энэ мөнгийг би танд өгөхгүй, дүү маань танд өгөх юм аа гэж надад хэлсэн. Яг зэрэгцээд ажил хийж байгаа хүмүүс чинь бахардуу хоолойгоор гуйгаад байхад хүний сэтгэл гэдэг яаж ч болдоггүй зүйл байдаг юм байна лээ. Тэгээд *******ыг дагуулаад банкин дээр очоод 3.500.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл аваад хүүнд давхар 214.000 төгрөг төлсөн. Намайг цалингийн зээл аваад мөнгө өгсөн гэдгийг ******* мэдэж байгаа. Тэгээд мэдээгүй гэж сая хэлэхэд гайхаад эндээс тэсэлгүй дуугарчихлаа уучлал хүсье. 5 жил ажилласан тэтгэмж буудаг. Тэр маань нийт дүнгээрээ 4.000.000 төгрөг орж ирсэн. Гэтэл нөхөр бид хоёр машин авах гэсэн юм аа. Нөхрийн маань ах нь Улаанбаатар хотод байдаг. Бид хоёрт хямдхан машин авч өгнө гэсэн юм аа. Та надад 1.800.000 төгрөг өгөөч гэсэн. Хүн тэнэг л байдаг юм байна. Яахав дээ залуу хүмүүс юм байна амьдрал ахуйгаа дээшлүүлээд үр хүүхдүүдээ чирээд явахад унаанд залгах гээд байгаа юм байна даа гээд мөнгө угаасаа л дансанд орчихсон байгаа юм чинь гээд миний өрөвч сэтгэл 1.800.000 төгрөг авдаа гээд өгсөн. Гэхдээ чи даруйхан өгөөрэй гэж хэлсэн. Тэр үед мөнгө өгөхдөө хүү тохироогүй байсан. Миний туслах сэтгэл л тэр байсан юм. Багшаа дахиад 1.000.000 төгрөгийн хэрэг байна аа гэсэн. Би 1.000.000 төгрөг дахиад л өгчихлөө. Хүн чинь зэрэгцээд байж байгаа учир энэ хүнийг намайг залилаад байна гэдгийг би огт ойлгоогүй, би мэдээгүй, би мэдрээгүй. Удсан ч үгүй багш орж ирээд багшаа би охиныхоо сургалтын төлбөрийг төлөх гэсэн юм аа. Надаас нэхээд байна. Та надад 1.000.000 төгрөг өгөөч гэсэн. Ингээд нөгөө долоон өндөгтэй шаазгайн үлгэр шиг миний хамаг юмыг аваад явсан. Би үнэхээр их гомдолтой байгаа. Яагаад миний сэтгэлийг ойлгохгүй буцаагаад өгнө гэж хэлчихээд надаас бүгдийг нь аваад явсан юм бэ? Бид нар төр төсвийн ажилтан. Илүү мөнгө надад байхгүй. Тэрийг өнөөдөр ******* мэдэж байгаа. Насны эцэст байшин барьж, үр хүүхдүүдээ бөөгнүүлэх гэсэн юм. Тэгээд ширхэг хадаас ч хадалгүй 3-4 жил болчихлоо. Яагаад намайг ойлгосонгүй вэ?, яагаад намайг өрөвдсөнгүй вэ?, яагаад намайг хайрласангүй вэ?, яагаад намайг залилсан бэ?, яагаад миний өгөөмөр сэтгэлийг ашигласан юм бэ? үүнд би туйлын гомдолтой байна. Би өнөөдөр хөрөнгө мөнгөөрөө хохироод зогсохгүй, бие сэтгэлээрээ хохирч байна. Өдөр бүр би *******ыг бодож даан ч дээ чи гэж боддог. Би цалингийн зээлээ саяхан төлж дууслаа. Банкны хүүгээ би нэхэмжилж байна. Яагаад вэ? гэхээр тэр банкны хүүг ******* төлөх ёстой байтал би төлөөд яваад байна. Хадгаламж барьцаалсан зээлийн мөнгийг миний данснаас банк шууд авчихдаг юм байна лээ. Увуулж цувуулаад 1.900.000 төгрөг өгсөн. Саяхан 100.000 төгрөг өгсөн. Ингээд надад одоогийн байдлаар 2.000.000 төгрөг л төлөгдсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг нэхэмжилнэ гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.******* өгсөн мэдүүлэгтээ: *******ын ажилладаг цэцэрлэгт мах нийлүүлж өгдөг байсан. Он, сар, өдрийг сайн санахгүй байна. Өвөл 12 сард цэцэрлэг адууны мах авдаггүй. Үхрийн мах хувиасаа би өгсөн. Тэгээд үхрийнхээ мөнгийг гарахаар би танд мөнгийг нь өгнө гээд явсан. Тэгээд удаагүй гурван сард манай цэцэрлэгийн складад гэнэтийн шалгалт орох гээд байна мах байх ёстой ******* эгчээ гээд тогоон чинээ том гэдэстэй хүн хүрч ирээд миний бие тааруу байгаа, эмнэлэгт хэвтэж байгаа махны нөөц байх ёстой түүнийг шалгахаар шалгалт орох гээд байна гэхээр нь урд нь өгч, аваад болоод байдаг юм чинь гээд 380 гаран килограмм мах Орхон аймгаас авч өгсөн. Мах авах үед ******* нөхөртэйгээ хамт ирээд авсан. Эгч нь махны мөнгөө авъя гээд утсаар ярьтал “эгчээ удаахгүй өгнө өө, та санаа зоволтгүй, та надад тус болсон юм чинь мөнгийг нь өгнө өө” гээд л яваад байсан. Би за өгөх юм байлгүй дээ гээд нилээн хэсэг хугацаанд харсан. Тэр махыг би хүнээс авч өгсөн учир тэр хүн надаас мөнгөө нэхээд байхаар нь *******тай утсаар яриад “чи эгчдээ бага багаар нь боломжоороо өгчих” гэтэл таны мөнгийг даруйхан өгнө л гэж хэлсэн. Би 5.141.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өнөөдрийг хүртэл надад хохирол төлбөрөөс нэг ч төгрөг өгөөгүй байгаа гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.******* өгсөн мэдүүлэгтээ: ******* манай цэцэрлэгт 2016 оны 9 сараас эхлэн нярваар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа хамт олондоо нэр хүндтэй, хүний төлөө сэтгэлтэй дажгүй хүүхэд байгаа. Хонгороо өөрөө 2020 онд бие нь өвдөөд Улаанбаатар хот явсан. Явснаас нь хойш гэнэтийн тооллого хийхэд бүтээгдэхүүн дутсан байсан. Тооллого хийгээд гарсан мөнгийг нэхэмжилж байгаа. 2019 онд манай цэцэрлэг цайллага хийсэн. Тэр үед хамт олны цайллагад зориулаад 500.000 төгрөг цайллага хийхэд ашигласан гэсэн учир хамт олны хурлаар хэлэлцээд нэхэмжлэхгүй байхаар шийдсэн. ******* өнөөдөр өглөө 900.000 төгрөгийг дансанд хийсэн байгаа. Өнөөдрийн байдлаар хандивын мөнгө 900.000 төгрөг төлөгдсөн. Сая сонсож байхад байгууллагын мөнгө төлөгдсөн гэж хэлж байна. Энэ талаар мөнгө шилжүүлсэн баримтыг харж байгаад л хариу хэлэх боломжтой байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.******* өгсөн мэдүүлэгтээ: Манай байгууллага нь 02 дугаар цэцэрлэгтэй хүнсний бараа нийлүүлж ажилладаг байсан. 2019 оноос 2020 оны 3 дугаар сарын хооронд манай худалдагч нараас нийт 6.544.750 төгрөгийн бараа нэхэмжилж авсан. Одоог хүртэл энэ хохирлыг барагдуулаагүй учир энэхүү хохирлыг барагдуулж авах саналтай байна гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Сэлэнгийн өгсөн: “Манай цэцэрлэг нь Б.*******ыг явсны дараа тооллого хийхэд хүнсний бараа материал дутсан. Тухайн зүйлийг дэлгүүрээс авсан үнээр нь бодож үзэхэд 5.722.900 төгрөгийн эд зүйл дутсан. Тухайн зүйлс ямар шалтгааны улмаас дутсан талаар *******аас утсаар асуухад би төлнө гэж хэлж байсан... Мөн байгууллагын дундын сангаас нийт 1.400.000 төгрөгийг хадгалуулсан байхад хувьдаа авч ашигласан байсан. ...Одоогийн байдлаар 845.000 төгрөгийг өгөөд байгаа. ...Манай байгууллага нь одоогийн байдлаар нийт 7.122.900 төгрөгийг Б.*******д алдсан одоо эргэн төлөөд 6.277.900 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-16-17 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.*******ын өгсөн: “...Манай “Очирхүү” хүнсний дэлгүүр нь Булган сумын 2 дугаар цэцэрлэгтэй хамтран ажилладаг байсан буюу манай байгууллагаас нэхэмжлэлээр бараа авч, удалгүй мөнгийг нь шилжүүлдэг байсан юм. Тэгээд 2019 оны 9 дүгээр сард 1 удаагийн тооцоо үлдсэн. Мөн 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл нийт 6.544.750 төгрөгийн бараа материалыг зээлээр аваад одоо болтол мөнгийг нь өгөөгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх-26 тал/,
Хохирогч П.*******ын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын үед өвлийн идэшнээр надаас 1 тооны шар буюу үхрийн мах, өрөөлөөс илүү хэмжээтэй адууны мах, 3 ширхэг эр хонины мах болон дэлгүүрээс хувцас бараа материал зэрэг нийт 3.638.000 төгрөгийн зүйлсийг удаахгүй өгнө. Хүнд өгч байгаа юм 2020 оны хавраас хэтрэхгүй мөнгийг нь өгнө гэж хэлж байсан. Түүнээс хойш би мөнгөө нэхэхээр дандаа худлаа яриад удахгүй мөнгө өгнө гэж хэлсээр байгаад өдийг хүрч байна. Сүүлдээ бүр утсаа авахгүй болчхоод байгаа. ...Надаас хувь хүнийхээ үүднээс гуйж авсан. Түүнээс албан тушаалын байдлаа бол ашиглаагүй. ...” гэх мэдүүлэг /1хх-н 32- 34 тал/,
Хохирогч Б.*******ийн өгсөн: “...Б.******* нь 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл манай байгууллагаас эд зүйл аваад 950.000 төгрөгийн өртэй гарсан юм. Тухайн үлдэгдэл мөнгөний талаар Б.*******аас асуухад төлнө гэдэг байсан. ...Надад хэлэхдээ энэ сарын төсөв мөнгө хүрсэнгүй, тал мөнгийг нь хийчихье, дараа сар үлдэгдлээ гүйцээж хийе” гэж яриад надаас баримт авдаг байсан. ...Би Б.*******ыг хувь хүнийх нь үүднээс сайн таньж мэдэхгүй. Харин хоёрдугаар цэцэрлэгийн нярав ажилтай ба манай дэлгүүрээс бичиг хэргийн хэрэгсэл сар болгон зээлдэж аваад сарын эцэст мөнгө дансаар шилжүүлдэг тул би зээлээр бараа материал олгодог байсан. Түүнээс ******* нь хувьдаа авч байгаа талаар огт хэлдэггүй байсан. ...” гэх мэдүүлэг /1-хх- 38, 41 тал/,
Хохирогч П.*******гийн өгсөн: “...2019 оны 3 дугаар сард ******* нь “Солонгос улсын визэнд орох гэсэн юм, 5 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж тус болооч” гэж гуйсан. Би тухайн үед өөр хүнээс “5 сая төгрөг байна уу?” гэж асууж байгаад тухайн хүний данснаас шууд *******ын өөрийнх нь данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн. ...Тухайн үеэс хойш тогтмол мөнгөө нэхсэн боловч өгөөгүй. Улмаар сарын 15 хувийн хүүгээр зээлийн хүү тооцохоор болж 1.400.000 төгрөг авсан. ....5000.000 төгрөгийг хүүтэй нь нэхэмжилж авна. Сарын 15 хувийн хүүгээр бол нийт 23.000.000 төгрөгийн шүүх үнэлэхгүй бол ядаж хадгаламж барьцаалсан зээлийн хүү болох сарын 1.5 хувийн хүүгээр бодож үзэхэд одоогийн байдлаар 9.802.500 төгрөг болж байгаа. 3 сая төгрөг авсныг хасаад 6.802.500 төгрөг авахаар байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх-45-46, 48 тал/,
Хохирогч Г.*******гийн өгсөн: “...Би нийт 7.300.000 төгрөгийг банкнаас зээлдэж цалингийн зээл авч *******д өгсөн... ******* нь эргүүлж 1.900.000 төгрөгийг надад өгсөн. Би үлдсэн мөнгийг банкны хүү, алдангийн хамтаар нэхэмжилж авмаар байна. ...Хүүнд нь 1.742.342 төгрөгийг төлсөн. ...” гэх мэдүүлэг /1хх- 52, 54 тал/,
Хохирогч Г.*******ийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын үед надаас Б.******* нь адууны гулууз мах авсан. ...Мөнгөн дүнгээр 1.300.000 төгрөг болж байсан. ...Адууны махыг Орхон аймаг руу хүнд өгөх гэж байгаа гэж хэлсэн. ...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн үеэр Б.******* нь надад хэлэхдээ манай цэцэрлэгт шалгалт ирэх гээд байна. Тэгээд заавал нөөцөд мах байх ёстой байгаа юм гэж хэлээд 384 кг үхрийн мах авсан. Тухайн мах нь 1 кг-ийг нь 10.000 төгрөгөөр зарж байсан. Мөн надад 14 хоногийн дотор мөнгийг нь өгчихнө гэж хэлж байсан... Надад удаахгүй мөнгө өгчихнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй ба 1 жил гаран боллоо. Би нийт 5.140.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...”
...Албан тушаалын байдлаа ашигласан зүйл байхгүй. Урьд өмнө манай махны лангуунаас мах зээлээр авдаг, мөн нутгийн хүмүүс гэдгээр нь нэг нэгийгээ мэддэг байсан учраас итгэл хүлээлгээд зээлээр өгчихсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-58, 60 тал/,
Хохирогч Д.*******ын өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын үед “3.600.000 төгрөг зээлээч цалингийнхаа зээлийг хаачхаад 2-3 хоночхоод буцаагаад өгье” гэж хэлээд мөнгө дансаар шилжүүлж авсан. Тэгээд мөнгө өгөхгүй 7 хоночхоор нь би утсаар ярихад хүний зээлд хамтрангаар оролцчихсон учир тэр зээлийг бас хааж байж миний зээлийг гаргаж өгнө гээд байна гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 1 сарын дараа 1.600.000 төгрөгийг эргүүлэн надад өгсөн. Түүнээс хойш бага багаар өгсөөр байгаад одоо 1.550.000 төгрөг үлдээд байгаа юм. Мөн ******* нь өөрийнхөө гэртээ авч байгаа гэж хэлээд 2018 онд 1.800.000 төгрөгийн бараа материал авсан. Тухайн мөнгийг эргүүлж огт төлөөгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх- 71-72, 74 тал/,
Гэрч Б.ын өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажилд ороод үлдэгдэл хүнсэндээ тооллого хийсэн юм. Тухайн тооллогоор байх ёстой тоо хэмжээндээ хүрэхгүй дутсан. Тооллого хийсний дараа дүн мэдээг нэгтгэж үзэхэд цэцэрлэгээс 5.722.908 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний дутагдал гарсан байсан....” гэх мэдүүлэг /1хх-81-82 тал/,
Гэрч Э.гийн өгсөн “...******* нь надад хэлэхдээ “цэцэрлэгийн бараа материал дутчихлаа, энэ мөнгийг хоёулаа олж өгнө дөө” гэж байсан. ...Тухайн цэцэрлэгийг хохиролгүй болгоё гэж л хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-122-124 тал/,
Гэрч Т.Уранбайгалийн өгсөн: “...Би 2020 оны хавар хэдэн сар гэдгийг нь сайн санахгүй байна. Намайг ажлынхаа өрөөнд байж байхад ******* нь гаднаас ганцаараа орж ирээд надад хандан “та эрхлэгч *******гаас мөнгө асуугаад өгөөч цаадах чинь мөнгөтэй байгаа” гэж хэлсэн. Түүнээс хойш 4-5 хоног “танд л өгнө надад бол өгөхгүй, та л аваад өгчих” гээд гуйгаад байхаар нь би юу ч гэсэн хэлээд үзье гэж хэлээд эрхлэгч *******гаас “та надад мөнгө зээлээч” гэж гэхэд надад 1 сая төгрөгийг өгсөн. ...Мөнгийг би Б.*******д өгөхөд “за за би хүүг нь дор дор нь өгч байгаад ойролцоогоор 2 сарын дараа өгнө, мөнгөний хэрэгтэй байна” гэж хэлээд авсан. ...” гэх мэдүүлэг /1хх- 85-86 тал/,
Гэрч Л.гийн өгсөн: “...Б.******* нь 2019 оны 11 дүгээр сарын үед 2 дугаар цэцэрлэг нь шинэ байранд орж байгаа гээд худалдагч ээс нийт 719.000 төгрөгийн үнэ бүхий архи, чихэр гэх мэтийн ширээ засах зүйлс авсан боловч мөнгийг нь ажилчдаасаа босгож өгнө гэж хэлээд мөнгийг нь өгөөгүй юм. 2020 оны 01 дүгээр сарын 01-30-ны өдрийг хүртэл хугацаанд ******* нь манай худалдагч гээс 3.024.950 төгрөгийн хүнсний барааг зээлээр авсан боловч мөнгийг нь өгөөгүй. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Б.******* нь худалдагч Б.гээс 2.500.800 төгрөгийн хүнсний бараа зээлээр авсан. Байгууллагаас нэхэмжлэлээр авсан 6.544.750 төгрөгийг буруутай этгээдээс нь төлүүлж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1хх-н 95, 97 тал/,
Гэрч Э.гийн өгсөн: “...Гаравсүрэн овогтой ******* гэх цэцэрлэгийн эрхлэгчээс нийт 8.000.000 гаран төгрөг авсан, би яг хэдэн төгрөг авсан гэдгийг нь сайн санахгүй байна. ...Г.******* гэгчээс авсан мөнгөнүүдээ бүгдийг нь өрөндөө өгөөд дууссан. ...******* гэх Хаан банкинд ажилладаг эмэгтэйгээс 4.000.000 төгрөг авсан 1.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Би бусад мөнгө авсан хүмүүсийнхээ нэрийг санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх- 122-124 тал/,
Гэрч М.гийн өгсөн: “...Б.******* нь зөвхөн надаас дангаараа 2019 оны 11 сараас 2020 оны 01 сарын хооронд нийт 3.024.950 төгрөгийн бараа материалыг зээлээр авсан. Тэгээд манай дэлгүүрээс бараа материал зээлээр авах болгондоо манай менежер *******ад бид нар утсаар мэдэгддэг байсан. Тэгээд *******ын зөвшөөрснөөр зээлээр бараа материал олгодог байсан. ...Манай менежер ******* мэдэж байгаа. Цэцэрлэгтээ эсвэл хувьдаа бараа материал авч байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-103 тал/,
Гэрч Ц.ийн өгсөн: “...Б.******* нь надаас дангаараа 2019 оны 10 сард 719.000 төгрөгийн бараа материал зээлээр авсан. Мөн 2018 оны үлдэгдэл болох 300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Ингээд нийт 1.019.000 төгрөгийн бараа материал зээлээр авсан юм. 2018 оны үлдэгдэл болох 300.000 төгрөг болохоор нягтлан нь мөнгөө дутуу хийсэн. Тэгээд энэ талаар Б.*******д хэлэхээр би төлнө гэдэг байсан. Б.*******д бараа материал зээлээр олгохдоо менежер *******аас бид нар асууж байж өгдөг учир ******* энэ талаар сайн мэдэж байгаа байх. Түүнээс би цэцэрлэгтээ эсвэл хувьдаа авсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2 удаа Б.******* нь өөрийн биеэр ирж авсан. Бараа материалыг өөрөө зөөж тээвэрлээд авсан. ...” гэх мэдүүлэг /1хх-105 тал/,
Гэрч Б.гийн өгсөн: “...Б.******* нь надаас дангаараа 2020 оны 01 сараас 2020 оны 02 сарын хооронд ойролцоогоор 4 удаагийн үйлдлээр нийт 2.500.800 төгрөгийн бараа материал зээл авсан боловч манай байгууллагад эргэн төлөөгүй байгаа. Тухайн барааг хувьдаа эсвэл хоёрдугаар цэцэрлэгт ашигласан мөн манай менежер ******* гэх залууд юу гэж хэлээд зээлээр авсан эсэх талаар бол мэдэхгүй байна. Би тухайн үедээ ******* менежерээс асууж байгаад зээлээр бараа материал олгосон. ...Дандаа хүнсний буюу гурил, будаа гэх мэтийн бараа материал авч байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-107 тал/,
Эд хөрөнгийн тооллогын комисс томилох тухай А/10 дугаартай тушаал, болон тооллогын дүнгээр 5.722.900 төгрөг дутсан” гэх баримт /1хх-н 177-186 тал/,
Булган аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албаны 2021 оны 02 сарын 04-ний өдрийн 20-03/02 дугаартай санхүүгийн хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай танилцуулгад “нийт дутагдуулсан 5.722.000” гэх дүгнэлт /1хх- 194-197 тал/,
Шүүгдэгч Б.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би мөнгө зээлдэж аваад хэлсэн хугацаандаа өгч чадаагүй. Мөн байгууллагын хүнсний агуулахаас бараа материал хувьдаа авсан нь үнэн би дээрх байгууллага болон иргэдийн мөнгийг удаахгүй төлнө. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Би анхнаасаа “хувьдаа авч байгаа шүү” гэж хэлж байгаад авсан. Мөн дараа нь “байгууллагаас битгий нэхэмжлээрэй, би хувьдаа авсан шүү, би өөрөө төлнө өө” гэж утсаар байнга хэлдэг байсан. Мөн бусад байгууллага болон иргэдэд учруулсан хохиролтой санал нийлж байгаа мөнгөний зөрүү бол байхгүй байна. Гэхдээ одоогийн байдлаар би хоёрдугаар цэцэрлэгт 1.345.000 төгрөг, П.*******д 3.000.000 төгрөг, Д.*******д 2.000.000 төгрөг, Д.*******д мөнгө өгсөн гэхдээ хэдэн төгрөг өгснөө санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-145-146 тал/ зэрэг бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч нарт хохирол учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирол учирсан байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.*******ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.*******ын хохирогч нараас бараа болон мөнгө шилжүүлэн авч буй үйлдлүүд нь идэвхтэй, өөрийн энэхүү үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших, болон бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.******* нь Булган аймгийн Булган сумын 2 дугаар цэцэрлэгийн нярваар ажиллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын хооронд Булган аймгийн Булган сумын 2 дугаар цэцэрлэгээс 5.722.000 төгрөгийн бараа материал болон 1.400.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан,
Мөн хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг “Очирхүү” ХХК-ийн дэлгүүрээс 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын хооронд 6.544.750 төгрөгийн бараа авч залилсан,
Иргэн П.*******аас 2019 оны 12 дугаар сард нийт 3.638.000 төгрөгийн бараа материалыг 2020 оны хавраас хэтрэхгүй мөнгийг өгнө гэж залилсан,
Иргэн Б.*******ээс 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд 950.000 төгрөгийн бараа, материал авч залилсан,
Иргэн П.*******гаас 2019 оны 3 дугаар сард манай нөхөр Солонгос Улсын виз мэдүүлэх гэсэн юм 5.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлээч гэж авч залилсан,
Иргэн Г.*******гаас 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 4 сар хүртэл нийт 4 удаагийн үйлдлээр 7.300.000 төгрөгийг “удахгүй өгнө” гэж хэлж авч залилсан,
Иргэн Г.*******ээс 2019 оны 11 сард 1 адууны мах авч “үнийг 7 хоногийн дараа өгнө” гэж, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 384 кг үхрийн мах авч үнийг 14 хоногийн дараа өгнө гэж 2 удаагийн үйлдлээр нийт 5.140.000 төгрөгийн үнэ бүхий адуу, үхрийн мах авч залилсан,
Иргэн Д.*******аас 2018 оны 4 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 3.350.000 төгрөгийн бэлэн мөнгө, бараа, материал авч залилсны улмаас бусдад нийт 31.922.750 төгрөгийн хохирол байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас С.*******д 6.277.900 төгрөгийн, Б.*******ад 6.544.750 төгрөгийн, П.*******т 3.638.000 төгрөгийн, Б.*******т 950.000 төгрөгийн, П.*******д 6.802.500 төгрөгийн, Г.*******д 7.042.342 төгрөгийн, Г.*******т 5.140.000 төгрөгийн, Д.*******д 3.350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.*******аас нийт 33.467.592 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах нь зүйтэй.
Үүнээс шүүгдэгч Б.******* нь иргэний нэхэмжлэгч С.*******д учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 152 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Өлгийн 29 дүгээр гудамж 291 тоотод амьдардаг, Урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэх заалтад нийцүүлэн шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч С.*******д учирсан 6.277.900 төгрөгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэй болон хөгжлийн бэрхшээлтэй нөхрийн хамт амьдардаг байсан, шүүгдэгчээс өөр гэр бүлийн орлого олох боломжтой хүн байхгүй зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овот Батдоржийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдлэж дууссаны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Б.*******ыг Улаанбаатар хотоос гадагш зорчин явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарласугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.*******аас нийт 33.467.592 төгрөгийг гаргуулж, үүнээс
6.544.750 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Очирхүү” ХХК түүний төлөөлөгч Булган аймаг, Булган сумын 5 дугаар багийн 203-03 тоотод оршин суух хаягтай Батсайханы ******* /РД:ГЮ89022213/-д,
3.638.000 төгрөгийг хохирогч Булган аймаг, Булган сумын 6 дугаар багийн 6Б хэсгийн 8-820 тоотод оршин суух хаягтай Пүрэвдоржийн ******* /РД: ГЭ59051703/-т,
950.000 төгрөгийг Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 19 дүгээр байр, 07 тоотод оршин суух хаягтай Баярсайханы ******* /РД: ГЮ81041307/-т,
6.802.500 төгрөгийг Булган аймаг, Булган сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 05 тоотод оршин суух хаягтай, Пүрэвийн ******* /РД: ГЕ84022941/-д,
7.042.342 төгрөгийг Булган аймаг, Булган сумын Залуус хорооллын 625 тоотод оршин суух хаягтай, Гаравсүрэнгийн ******* /РД: ГЮ61022467/-д,
5.140.000 төгрөгийг Булган аймаг, Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүний 16-02 тоотод оршин суух хаягтай, Гунгаагийн ******* /РД: ГЭ65071107/-т,
3.350.000 төгрөгийг Булган аймаг, Булган сумын 6 дугаар багийн 5-503 тоотод оршин суух хаягтай, Дүгэржавын ******* /РД: ЧА72032802/-д тус тус олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчид, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР