Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/990

 

                                 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урангоо, улсын яллагч Г.Мөнхтүвшин (томилолтоор), хохирогч Ц.А, шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01378 1176 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн Д.А, *** оны ** дугаар **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, таван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Буман-Өлзий хотхон ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.А нь Буман-Өлзий хороололд 400м2, Найрамдал зуслангийн орчим 0.7 га газрыг 4,500,000 төгрөгөөр зарна гэж Ц.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Москва хорооллын *** тоот гэртээ байхдаа 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1,580,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 82,500 төгрөг, 500,000 төгрөгийг Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлснийг залилан авч нийт 2,162,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Х овгийн Д.А нь Буман-Өлзий хороололд 400м2, Найрамдал зуслангийн орчим 0.7 га газрыг 4,500,000 төгрөгөөр зарна гэж Ц.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Москва хорооллын ** тоот гэртээ байхдаа 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1,580,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 82,500 төгрөг, 500,000 төгрөгийг Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлснийг залилан авч нийт 2,162,500 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.А-н шүүх хуралдаанд өгсөн: “...Би Л гэх хүнтэй дахин холбоо барьж газрын асуудлыг шийдвэрлэх талаар ярьсан. А, Г нарын хохирлыг төлж барагдуулна, гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Би Л-г 2-3 жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажилдаг гэсэн мэдээллийг авсан. Тэгээд Баянхонгорт байдаг залуугаар дамжуулан Л гэх хүний дугаарын олж аваад Сонгинохайрхан дүүргийн газрын албанд сураглан очсон. Тухайн үед хорио цээрийн дэглэмтэй байсан тул Сонгинохайрхан дүүргийн газрын алба руу хүмүүсийн тав, таваар оруулж байсан. Намайг Сонгинохайрхан дүүргийн газрын албаны гадаа хүлээж байхад дотроос нэг охин гарч ирэхээр Л гэх хүнийг асуухад тэр охин “танина, Л эгч үү” гэж хэлээд надад дугаарын өгсөн. Би тухайн дугаараар Л-тэй холбогдож, Ж гэх залуугийн найз байна гэж хэлсэн. Би тэр өвөл Баянхонгор аймаг явж хэдэн тооны адуу хотод авч ирсэн байсан. Байранд амьдардаг болохоор адуугаа хаших газар байхгүй байсан тул энэ талаар Л-тэй утсаар холбогдож хэлэхэд Л “за, би зохицуулж өгье” гэсэн. Манай хойд талд эзгүй бололтой газар байсан, мөн найрамдалд бас газар байна гэж Л өөрөө надад санал болгосон. Л надад 2 ширхэг ногоон тасалбар авчирч өгсөн. Би Япон улс руу явж сурах байсан учир газраар яах вэ гэж бодоод зарын групп рүү орж А, Г нартай танилцаж, газраа зарахаар тохиролцсон. Л гэх хүн өгсөн 2 ширхэг ногоон тасалбараа буцааж аваад энэ 2 хүний нэр рүү өмчлөх эрхийг шилжүүлж өгнө, энэ хоёрын хүний паспортын хуулбарын аваад ир гэсэн. Хэсэг хугацааны дараа өргөдөл бичээд гарын үсэг зуруулаад ир гэхэд би энэ 2 хүнийг гуйгаад Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд өргөдөл бичүүлээд, бүх баримт бичгээ бүрдүүлэн очсон. Үүнээс хойш Л гэх хүн сураггүй байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ц.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А-тай уулзахад надад Япон улс руу явах гэж байгаа, тиймээс өөрийн нэр дээр байх газрын худалдан борлуулна гэж хэлсэн. Би газрын гэрчилгээ байгаа юу гэхэд миний ээж болон дүүгийн нэр дээр гэрчилгээ байгаа гэж хэлсэн. Гэхдээ заавал бичиг баримт болж хөөцөлдөхгүйгээр таньдаг хүнээрээ шууд та нарын нэр дээр бүртгэлийг шилжүүлж өгнө гэж хэлсэн. Үүний дагуу эхлээд 1,500,000 төгрөг авахдаа Газрын албаны хүнд өгсөн гэж хэлсэн. Дараа нь 500,000 төгрөг, кадастрын зургийн мөнгө гэж 82,500 төгрөг авсан. Үүнээс хойш 3 сарын хугацаанд А-аас юу болсон талаар асуух гэхэд утсаа авдаггүй, утсаа авахаараа хүүхэд нь утсыг нь авдаг, эсвэл хичээлтэй байна гэх зэргээр хэлээд утсаа салгадаг болсон. Би сүүлдээ өөрөө Сонгинохайрхан дүүргийн газрын албанд очиж асуухад надад зарах гэж байсан Сонгинохайрхан дүүргийн Орбитын ард талын газар хэний ч эзэмшлийн газар биш байна гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гомдол өгсөн. Нөхөр бид 2 барилгын салбарт ажилдаг. Бид сүүлийн 5 жилийн хугацаанд барилгаас үлдсэн нэг ширхэг тоосгыг хүртэл хадгалж, авсан цалингаа хүртэл хадгалж, барилгын материал нөөцөлж, цуглуулсан. Бид түрээсийн байранд амьдардаг. Бид өөрсдийн гэсэн орон байртай болох зорилгоор тухайн газрыг худалдаж авсан. Бидний амьдарч байсан түрээсийн байр зарагдах болсон тул нүүж Сонгинохайрхан дүүрэгт түрээсийн байранд амьдарч байна. Би А-д маш их хохирол, гомдолтой байна. Хэрэв тухайн газар миний өмчлөлд шилжсэн бол бидний барилгын материал бэлэн байгаа учир маш хурдан хугацаанд байшингаа барьж халуун ам бүлээрээ амьдрах байсан. Газраа авч чадаагүйгээс үүдэн жилийн хугацаанд байр түрээсэлж, төлбөр төлсөн. Сарын 850,000 төгрөгийг түрээсийн байранд амьдардаг. Өнгөрсөн 7 дугаар сараас хойш дараа өвлийн 3 сар хүртэлх байрны түрээсийн төлбөр болох 7,650,000.0 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Иргэн Ц.А-аас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл (хх-ийн 4 дүгээр хуудас), хохирогч Ц.А-ын Хаан банкны дансны хуулга (хх-ийн 64-65 дугаар хуудас);

4. Хохирогч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сараас А гэж хүнтэй холбогдоод Буман-Өлзий хороололд 400м2, Найрамдал зуслангийн орчим 0.7 га газрыг 4,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч А-н Хаан банкны *** дугаарын данс руу 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1,580,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 82,500 төгрөг, 500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. А-тай Сонгинохайрхан дүүргийн газрын албанд уулзахад газрын албанд өргөдөл өгчихлөө, 7-14 хоногийн дараа гарна гэж хэлсэн. Тэгээд хугацаа нь болоод би нөхөр Г-ын хамт газрын албан дээр очиход бид хоёрын нэр дээр ямар нэгэн өргөдөл байгаагүй өгөөгүй байсан. Мөн газрын алба дээр Л гэдэг байцаагч миний өргөдлийг шийдэж өгнө гэж хэлж байсан тул Сонгинохайрхан дүүргийн газрын алба дээр очиж сураглахад тийм нэртэй хүн байхгүй байсан. Худалдаж авах гэж байсан газраа шалгуулахад хэн нэгэн хүн эзэмшдэггүй гэж хэлсэн.. .” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...нөхрийн 10-н жилийн найз Г холбогдоод хамтдаа явж Найрамдалд адуу үзэхээр болон. Хамт явж байхдаа надаас газар байна уу гэхээр нь би Найрамдал, Орбит буюу Буман-Өлзий хороололд нэг нэг газар байна гэж хэлээд Буман-Өлзий хороололд газар үзүүлсэн. Г надад бичиг баримтаа өгсөн. Хэсэг хугацааны дараа миний Хаан банкны данс руу 1,580,000 төгрөг шилжүүлсэн. 5-7 хоногийн дараа 500,000, 82,500 төгрөгийг шилжүүлснийг би авсан. Тухайн үед би Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажилладаг гэх Л гэж хүнтэй танилцсан байсан ба тэр хүнээр дамжуулан газар хөөцөлдөж гэрчилгээ авах гэж байсан юм. Өмнө нь би Л-аар дамжуулаад хоёр хүний нэр дээр газар авсан байсан ба тэр 2 гэрчилгээг Г, А хоёрын нэр дээр шилжүүлээд өг гэж хэлээд тэр хоёрын иргэний үнэмлэхийг гэрчилгээний хамт Л-д өгсөн боловч сураггүй болсон...би 1,580,000 төгрөгийг гэр орондоо болон өөрийн сургалтын төлбөрт зарцуулаад дуусгасан...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас);

6. Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас ирүүлсэн: “Л гэж албан хаагч ажилладаггүй, газрын албаны утасны жагсаалтад мөн Л гэх хүн байхгүй” талаарх албан бичиг, утасны жагсаалт (хх-ийн 30-31 дүгээр хуудас),

7. Гэрч Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 02 дугаар сараас хойш зуслангийн газар хайж өөрийн цахим хуудсан зуслангийн газар зарна гэх утга бүхий хүмүүсийн зарын сэтгэгдэл дээр үнэ, мэдээллийг нь асууж байсан. Тэгтэл миний фейсбүүк рүү нэг хүн 6 сая төгрөгт газар зарна гээд зурвас бичсэн. Тэгээд би тухайн хүнтэй харилцаж байгаад 03 дугаар сарын 11-ний өдөр эхнэр А-ын хамтаар зарна гэх газрыг очиж үзсэн, А гэх хүнтэй уулзсан. Тэгээд газрыг авахаар тохиролцож манай эхнэр түүнд эхлээд 1,500,000 орчим, дараа нь дахин 500,000 мянган төгрөг өгсөн. Мөнгийг эхнэрийн ** дансаар шилжүүлсэн. Тэр хүн “авсан газрыг чинь таньдаг хүнээрээ гэрчилгээг нь гаргуулж өгнө” гээд Сонгинохайрхан дүүргийн газрын албан дээр дуудаж уулзаад түүнээс хойш алга болчихсон. Би тухайн хэрэгт хохирогчоор оролцоогүй шалтгаан нь хөдөө их ажлаар явдаг ба манай эхнэр А мөнгөө нэхэмжилж байгаа. Тэгээд ч миний данснаас биш эхнэрийн данснаас мөнгө нь гарсан болохоор оролцоогүй. Аргайг бол тухайн үед таниагүй, сүүлд сонсоход нөхөр нь манай 10 жилийн сургуулийн нөгөө ангийн залуу юм билээ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 68-69 дүгээр хуудас);

8. Шүүгдэгч Д.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 33 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 27 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хх-ийн 32 дугаар хуудас), эмчийн тодорхойлолт (хх-ийн 42 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 43 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (хх-ийн 46 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 48 дугаар хуудас), 2017 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (хх-ийн 49 дүгээр хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 50-53 дугаар хуудас), шүүгдэгчийн орлогыг нотолсон Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 54-56 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 60-62 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.А нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.А-н үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн хуурч, мөн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.А-г “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.А нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 2,162,500.0 төгрөгийг бүрэн авсан боловч шүүгдэгчээс болоод хашаа байшинтай болж чадалгүй хугацаа алдсан бөгөөд одоо бид түрээсийн байранд амьдарч байна. Иймд 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарыг дуусталх 9 сарын түрээсийн төлбөрт нийт 7,650,000.0 төгрөгийг нэмж нэхэмжилсэн болно.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.А нь хохирогч Ц.А-с залилан авсан 2,162,500.0 төгрөгөө буцааж төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Харин хохирогч Ц.А-н хувьд орон байр, хашаа байшингаа залилуулаагүй учраас амьдарч байгаа байрныхаа түрээсийг шүүгдэгч Д.А-аас нэхэмжлэх боломжгүй юм. Иймд түүний 7,650,000.0 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Хохирогч эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн санал болгосон ял шийтгэл хөнгөн байна...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Надад нийтэд тустай ажил хийхээс татгалзах зүйл байхгүй. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдал /таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй/, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.А-д тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад ... заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.А-д тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгов.

Тэнссэн хугацаа нь 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан эрхийн хязгаарлалт тогтоох, үүрэг хүлээлгэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овгийн Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.А-д тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.А-ын нэмж нэхэмжилсэн 7,650,000.0 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.БАТАА