| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0167/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/182 |
| Огноо | 2021-08-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн 2115000000172 дугаартай, 163/2021/0167/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Даваанямын *******, 1978 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, _______ оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: ___________/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.*******ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Д.*******ыг 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын хавчуу” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 19 ширхэг буюу 9.648 м3 хэмжээтэй хуурай нарс төрлийн мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нь улсын яллагчийн санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрч ял тохиролцсон гэжээ.
Эрүүгийн 2115000000172 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 7 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хандгайтын хавчуу” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 9.648 м3 хэмжээтэй нарс төрлийн мод бэлтгэж Ойн тухай хууль зөрчсөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн: “хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Хандгайтын хавчуу” гэх газар байв. Уг газар нь модоор хүрээлэгдсэн ойн сан бүхий газар байв. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-7 тал/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-10 тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай: “...Уг хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, шар өнгөтэй зүүн талдаа шар өнгийн маниултай, баруун талдаа хар өнгийн тагтай ямар нэгэн бичиглэлгүй хөрөө. ...” гэх тогтоол /хх-14-15 тал/,
Модонд үзлэг хийсэн: “Булган аймгийн Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн арын хашаанд 19 цаг 20 минутанд эхлүүлэв. Мод тус бүрийг 1-19 хүртэл дугаарлан модны өргөн, нарийн талын диаметрийг хэмжихэд нийт 19 ширхэг, 2.90-3.3 см-ийн урттай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-21 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Уг тээврийн хэрэгсэл нь 23-35 ОРА улсын дугаартай, тээврийн хэрэгсэлд хийхээр тогтоов. Уг тээврийн хэрэгсэл нь 1990 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, Монгол Улсад 1990 оны 01 дүгээрсарын 01-ний өдөр орж ирсэн. Мөн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрчилгээг олгосон, ачааны бор өнгийн 23-35 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арлын дугаар 363587 “Дарханган жигүүр” ХХК-ний эзэмшлийн 01295733 дугаартай тээврийн хэрэгсэл байв. ...” гэх тэмдэглэл /хх 22 тал/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол /хх-23-26 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч П.Бат-Эрдэнийн өгсөн: “...Булган аймгийн Хангал сумын нэгдүгээр багийн нутаг “Хандгайтын хавчуу” гэдэг газраас 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хангал сумын 4 дүгээр багийн иргэн Г.Батсайхан нь хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-35 тал/,
Гэрч Г.Батсайханы өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр *******тай утсаар холбогдоод “шавар ус ихтэй байна, нэг машинтай явахад хэцүү хоёр машин зэрэг явуул зүгээр байна, чи мод бэлтгэх эрхийн бичиг бусад холбогдох бичиг баримтаа бэлэн болгосон юм уу? гэж асуухад “бичиг баримт бүгд болсон, тэгвэл хоёр машин явуулая” гээд ******* гэдэг залуутай бэлтгэсэн модоо ачаад бие биенийхээ машиныг гармаар чирж гаргаж өгөөд 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 04 цагийн үед Хялганат тосгон руу орж яваад цагдаа саатуулагдсан. Мод бэлтгэх эрхийн бичгийг асуухад ******* мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээд явсан. Би үзүүлэх гээд мод бэлтгэх эрхийн бичиггүй явсан болохоор журмын хашаанд саатуулагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-38-40 тал/,
Гэрч Г.*******ын өгсөн: “..2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ******* ах над руу холбогдоод “Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын хавчуу” гэдэг газарт модонд яваад өгөөч” гэж хэлсэн. ...Тэгээд ******* ах бид хоёр модоо бэлтгэн ачаад 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 04 цагийн үед Хангал сумын Хялганат тосгон орох гэж яваад цагдаад саатуулагдсан. Мод бэлтгэх эрхийн бичгээ үзүүлээд явсан. Харин Батсайхан ах мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан юм байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх-49 тал/,
Гэрч С.Сэлэнгийн өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 01-ний үед ******* надруу холбогдоод “тусгаарлалт хийлгэсэн мод бэлтгэх эрхийн бичгээ авчихлаа, модонд хүн гаргалаа” гэхээр нь “мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан хэмжээндээ тааруулж аваарай, хэдэн м3 мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм бэ?” гэхэд “10 м3 авсан” гэхээр нь “тэгвэл нэг ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл явуулаарай” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-54 тал/,
Гэрч Ж.*******гийн өгсөн: “..Манай “Дарханган жигүүр” ХХК -д бүртгэлтэй 23-35 ОРХ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Уг тээврийн хэрэгслийг 2021 оны 5 дугаар сарын үед Г.Батсайхан гэдэг залууд 3 сая төгрөгөөр худалдан борлуулсан юм. Тухайн үедээ ажил ихтэй бүртгэлийг нь шилжүүлж амжаагүй байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-58 тал/,
Шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №12 дугаартай:
1. Булган аймгийн Хангал сумын нутагт “Хавчуу” гэдэг газарт 56 дугаар хэсэглэлийн 7 дугаар ялгаралд 2021 онд мод бэлтгэлийн тусгаарлалт хийгдээгүй.
2. Мод бэлтгэсэн “Хавчуу” гэдэг газар нь ойн бүсчлэлийн хувьд ашиглалтын бүсийн ой буюу 3 дугаар мужад хамаарна. /49 25 25.4 104 11 25.8/
3. Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн нарс хуурай, 2.90-3 метр мод байна.
4. Тухайн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.394.730 төгрөг.” гэх дүгнэлт /хх- 66 тал/,
Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Хавчуу” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.394.730 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 4.184.190 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-71 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би Булган аймгийн Хангал сумын Засаг даргад хандаж мод бэлтгэх хүсэлтийн дагуу Булган аймгийн хангал сумын ИТХ-ийн шийдвэр гарч 20м3 нарс төрлийн мод бэлтгэх байсан юм. Түүний дагуу 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн менежер Ариунхишиг, Батсайхан нарын хамтаар Булган аймгийн Хангал сумын нутагт “Хандгайтын хавчуу” гэдэг газар очиж мод бэлтгэх газрын тусгаарлалт хийлгээд 2021 оны 7 сарын 01-ний өдөр Хангал сумын төрийн сангийн мэргэжилтэн Б.Хүрэлсувдын БУА сервиртэй 047175 дугаартай 10 м3 нарс төрлийн мод бэлтгэх эрхийн бичиг аваад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Г.Батсайхантай утсаар холбогдоод “мод бэлтгэх эрхийн бичиг бэлэн болсон, модоо очоод бэлдэж бай” гэж хэлээд явуулсан. Батсайхан модоо бэлдэж орж ирээд “шавар ус ихтэй байна, хоёр машин явуулахгүй бол болохгүй юм байна” гэхээр нь би 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ******* гэдэг залуутай уулзаад мод бэлтгэх эрхийн бичгээ өгч явуулаад Батсайханд “нэг машин явуулсан байгаа” гэж хэлээд араас нь явуулсан юм. 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед Хангал сумын Хялганат тосгоны төв орох гэж яваад цагдаад саатуулагдаад тухайн үедээ ******* нь миний өгсөн мод бэлтгэх эрхийн бичгийг үзүүлээд явсан. Харин Батсайхан мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй цагдаад саатуулагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-110 тал/, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл, мод зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг,сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Д.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Д.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн байна.
Шүүгдэгч Д.******* нь улсын ойн санд дур мэдэн халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд нийгэмд хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, нийгэмд аюултай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ыг 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын хавчуу” гэх газраас 23-35 ОРА улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлгүйгээр 19 ширхэг буюу 9.648 м3 хэмжээтэй хуурай нарс төрлийн мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.******* гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1.394.730 төгрөгийн шууд хохирол /хх-66 тал/ учирсан нь Булган аймгийн Булган сумын сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 4.184.190 төгрөгийн /хх-71 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцжээ. Уг хохирол нөхөн төлөгдөөгүй бөгөөд шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч Д.*******аас 4.184.190 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.
Хэргийн 90-94 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Өнөр” хорооллын 101-34 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4/75 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлөх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр “Дарханган” ХХК-ний эзэмшилд байгаа мэт боловч хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Г.Батсайханы өмчлөл, эзэмшилд шилжсэн болох тогтоогдож байна.
Иймд хэрэгт мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 23-35 ОРА улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 2.517.405 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 19 ширхэг буюу 9.648 м3 хэмжээтэй хуурай нарс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 84000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Даваанямын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Д.*******аас байгаль экологид учруулсан хохирол 4.184.190 /дөрвөн сая нэг зуун наян дөрвөн мянга нэг зуун ер/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчид нь үлээж, тээврийн хэрэгслийн үнэ 2.517.405 /хоёр сая таван зуун арван долоо мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг болон гэмт хэрэг үйлдэж олсон 19 ширхэг буюу 9.648 м3 хэмжээтэй хуурай нарс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, шар өнгөтэй, зүүн талдаа шар өнгийн маниултай, баруун талдаа хар өнгийн тагтай цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР