| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0078/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2021-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн О овогт Ж.Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... өдөр С аймгийн Т суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, машинист ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Д аймгийн З сумын ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2010 оны 05-р сарын 28-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл О овогт Ж.Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 09-р сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотын хашаа болон гэрт иргэн Б.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтад гэм буруугаа хүлээж үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахиж мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ.
Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай эхнэр ажилгүй амарч байсан. 16-17 цагийн хооронд манай эхнэр ажлаас дуудаад байна гээд гэрээс гараад явсан. Тэгээд би 18-19 цагийн хооронд эхнэрийн гар утас руу залгаж хаана байгаа талаар асуухад Б-ийн гэрт С бид гурав пиво уугаад сууж байна удахгүй очлоо гэж ярьсан. Тэгээд би 30-40 удаа дахин эхнэрийн гар утас руу залгаад одоо ирэх болоогүй юм уу гэж асуухад мөн одоо очлоо гэж ярьсан. Орой 20 цагийн орчимд гэрийн гадаа хашаанд тамхи татаад байж байхад манай эхнэр Б.Б Б-ээр хүргүүлж ирсэн. Би эхнэртэй гар утсаар ярьж байхад хамт байсан хүмүүсээс нэг нь Б-ээ ингэж амьдрахгүй шүү гэх юм яриад байсан, энэ асуудлаас болж эхнэрийг хашаанд орж ирэхээр нь түлхээд газар унагаагаад нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гэр рүү ороход манай эхнэр араас орж ирээд бид хоёр дахин хэрүүл маргаан гарч, муудалцсан. Тэгээд би эхнэрийн нүүр хэсэг рүү цохихгүй гээд зүүн талын хавирга хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Тэгээд бид хоёрын дунд ямар нэг хэрүүл маргаан гараагүй манай эхнэр маргааш нь ажилдаа явсан. Миний зүгээс сүүлийн үед эхнэрээ хардаад энэ асуудлаас болж хэрүүл маргаан гаргах болсон” гэжээ. /хх-ийн 38-39/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажилгүй амарч байсан. 16-17 цагийн хооронд хамт ажилладаг нарийн бичиг Б миний гар утас руу залгаад ерөнхий нягтлан С бид хоёр хамт явж байна ганц нэг пиво уугаад юм ярьж суух уу гэж ярихаар нь за гэж ярьсан. Тэгээд би гэрээс гарч яваад “Ж” нэртэй буудалд ажил дээр Б, С нартай уулзахад тэр хоёр пиво худалдаад авсан байсан. Тэгээд бид гурав ажлаас гараад Б-ийн гэрт ирээд нэг хүний 3 ширхэг лааз пиво уусан. Б-ийн гэрт байж байхад манай хамтран амьдрагч буюу манай нөхөр Г миний гар утас руу залгаад хаана явж байна, гэртээ ирэхгүй юм уу гээд яриад байсан. Энэ хугацаанд манай нөхөр Г нь миний гар утас руу удаа дараа залгаад хардаад хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд Б намайг 20 цаг өнгөрч байхад гэрийн гадаа хүргэж өгөөд явсан. Би хашаа руу ороод гэр рүү орох гээд явж байхад манай нөхөр Г гэрээс гарч ирээд шууд намайг түлхэж газар унагаад гараар миний толгой болон нүүр хэсэг рүү цохиод, хөлөөрөө миний хөл рүү өшиглөөд гэрт чирээд оруулсан. Мөн гэрт орж ирээд гараараа миний зүүн талын хавирга хэсэг рүү хэд хэдэн удаа цохих үед би амьсгалахад зовиуртай болсон. Манай хоёр хүүхэд уйлаад байсан тул Г намайг цохихоо больж салсан. Тэгээд бид хоёр хэрүүл хийж байгаад унтаж амарсан. Эрүүлдээ намайг зоддог. Тухайн үед эмчид үзүүлээд эм ууж байсан. Яг хэдэн төгрөгийн зардал гарсан талаар мэдэхгүй байна. 08 сарын 10-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын 8 дугаар хавирга хугарсан байсан гэж эмч хэлсэн. Надад эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 7-8/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 18-19/
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04/189 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Б.Б-ийн биед цээжний зүүн талд эгэмний голын шугамаар 8-р хавирга зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь 2021 оны 08-р сарын 05-ны өдрөөс 08-р сарын 10-ны өдрийн хооронд үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарах болно.
Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 26-27/
Хохирогч Б.Б-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 28-30/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-44/
Дорноговь аймаг Замын-Үүд сумын Борхойн багийн тодорхойлолт /хх-ийн 63/
2021 оны 10-р сарын 06-ны өдрийн 01/467 дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албан тоот /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 09-р сарын 08-ны өдрийн орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотын хашаа болон гэрт иргэн Б.Б-ийг зүүн талын хавирга хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь цээжний зүүн талд эгэмний голын шугамаар 8-р хавирга зөрүүгүй хугарал бүхий гэмтэл учруулжээ.
Шүүгдэгч Ж.Г-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ж.Г-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хашаа руу ороод гэр рүү орох гээд явж байхад манай нөхөр Г гэрээс гарч ирээд шууд намайг түлхэж газар унагаад гараар миний толгой болон нүүр хэсэг рүү цохиод, хөлөөрөө миний хөл рүү өшиглөөд гэрт чирээд оруулсан. Мөн гэрт орж ирээд гараараа миний зүүн талын хавирга хэсэг рүү хэд хэдэн удаа цохих үед би амьсгалахад зовиуртай болсон. 08 сарын 10-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын 8 дугаар хавирга хугарсан байсан гэж эмч хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 18-19/, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04/189 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ж.Г нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ж.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ж.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Г урьд нь тус шүүхийн 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 10-р сарын 06-ны өдрийн байдлаар торгох ялыг бүхэлд нь төлөөгүй болох нь 2021 оны 10-р сарын 06-ны өдрийн 01/467 дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албан тоотоор нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Ж.Г-д ял оногдуулахдаа эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их буюу 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орон даяар өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн, иргэд аж ахуйн нэгжийн орлого буурсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Ж.Г /РД:.../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ийг 1,300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр өмнөх 2021 оны 07-р сарын 02-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,200,000 төгрөгийн торгуулийн ялаас эдлээгүй үлдсэн 1,200,000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 2,500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц