| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0186/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/199 |
| Огноо | 2021-09-22 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, Ерөнхий шүүгч С.Цэрэнханд, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Иргэдийн төлөөлөгч О.Одонтуяа,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.*******,
Шүүгдэгч С.Гэндэн, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Өөлд овогт Санжидын Гэндэнд холбогдох эрүүгийн 2015000000176 дугаартай, 163/2021/0186/Э индекстэй хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өөлд овогт Санжидын Гэндэн, 1984 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, ...... тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1. Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: ...../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Гэндэнг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гэндэн өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 7 дугаар сарын 29-ний орой ******* ахынд найз Шинэбаяр нь ирсэн. Тэр найз нь бид нарт 4 шил архи авч өгсөн. Бид нар авч өгсөн архийг нь уусан. Тэгээд өглөө босоод байж байтал талийгаач Түмэн-Өлзий, ******* хоёр өвсөн дотроос нуусан 2 шил архиа гаргаж ирээд бид нар хувааж уусан. Миний дансанд хром засуулах 10.000 гаруй төгрөг байсан. Талийгаач Түмэн-Өлзий, ******* хоёр тэр мөнгөөр архи авчих гээд байсан. Намайг унтаж байх хооронд миний картнаас мөнгө аваад архи авсан байсан. Тэгээд гутал засуулах гэж байсан мөнгөнөөс болж талийгаачтай муудалцсан. Талийгаач намайг 2 удаа цохиж, 1 удаа өшиглөсөн. Би өндийгөөд боссон чинь талийгаач араас өндийх шиг болохоор нь шимээсэг аваад цохисон. Тэгээд би тэндээс гараад гол руу явсан. Гол дээр хоночихоод өглөө нь ******* ахын найз Саасга гэдэг айлд очиж Түмэн-Өлзийгийн биеийн байдлыг асуух гээд явж байгаад цагдаад баригдсан. Би өс хонзонгийн сэдлээр талийгаачийг санаатай цохисон зүйл байхгүй. Урьд нь бид хоёрт ямар нэгэн маргаан, өс хонзон байгаагүй гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.******* өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач Түмэн-Өлзий нь миний гурав дахь ах байсан юм. Ахын маань амь нас бусдын гарт хохирсонд манай ар гэрийнхний зүгээс маш их харамсаж байна. Бид нарын хувьд хамгийн их гомдолтой байгаа зүйл нь ахыг маань шимээсгээр цохиулаад орон дээр саваад унасан, үүний дараа цус алдаад байгааг нь мэдсээр байж хамт байсан *******, *******, Гэндэн нар нь гэрлүүгээ явж орсон. Тэгээд цаадхыгаа нэг харчихаад ир гээд 3-4 удаа очиж харуулсан байсан. Тэр хооронд 30-40 минутын хугацаа өнгөрсөн. Ахыг маань цохисны дараа түргэн тусламж дуудсан бол ах маань өнөөдөр амьд байхыг үгүйсгэхгүй. Амь нас нь хохирохгүй ч байсан юм билүү. Бид энэ бүхэнд маш их гомдолтой байна. Ах маань 70 гаруй настай ээжтэй маань хамт амьдардаг байсан. Эхнэр, хүүхэдгүй, эрхэлсэн ажилгүй хүн байсан. Тэр үед Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт манай гэрт байшин барих гээд ирчихсэн байсан. Байшингийн маань ажил эхэлсэн байсан. Би ээлжийн амралтаа аваад хөдөө явсан. Би сургуульд багшаар ажилладаг. Энэ хойгуур энэ хүмүүстэй нийлж, архи согтууруулах ундаа хэрэглэж, ийм асуудал болсон. Бид бүхэн талийгаачийн буяны ажилд зарцуулсан 7.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Өөр илүү, дутуу зүйл нэхэмжлээгүй. Хавтаст хэрэгт 7.000.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүх хуралдааны өмнө буюу 12 цагт уг мөнгийг өгсөн. Мөн 7 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 2 сарын хугацаанд энэ хүний ар гэрийнхнээс ээжийг маань хүндлээд нэг ч удаа эмгэнэл илэрхийлээгүй. Бид нар маш их гомдолтой байна. Ах маань архи уудаг ч гэсэн амьд сэрүүн байсан бол ах, дүү нартаа туслаад, ээжтэй маань ханьтай, манай байшинг бариад дуусгах байсан. Үр хүүхдээ алдсан ээжид маань сэтгэл санааны маш том хохирол учирсан. Дөнгөж 40 нас хүрч байсан ах маань ар гэрийнхэн, ах дүү, найз нартаа гомдол, харууслыг үлдээгээд явсан. Гэрчийн мэдүүлэг өгсөн *******, ******* нар яагаад түргэн тусламж дуудаагүйг гайхаж байна. Энэ хэрэг өдрийн 15 цагт болсон гэсэн. Гэтэл 1 цагийн дараа эмнэлгийн тусламж очсон байсан. Хэрвээ тэр даруй түргэн тусламж дуудсан бол ах маань амьд байх байсан ч юм билүү. Үүнд маш их харамсаж байна. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судалснаар шүүгдэгч С.Гэндэнг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.Түмэн-Өлзийтэй маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нь өвсний гар хадуураар хатгаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гэндэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч С.Гэндэнг хүний амь насыг хохироосон нь нотлогдсон, тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгч С.Гэндэнгийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ял оногдуулж өгнө үү гэжээ.
Эрүүгийн 2115000000176 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Гэндэнг 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.Түмэн-Өлзийтэй маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нь өвсний гар хадуураар хатгаж, түүний биед цээжний хөндий болон зүрхний баруун, зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, гол судасны зүсэгдсэн шарх, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий шууд үхэлд хүргэх гэмтлийг учруулж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-23 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.*******гийн өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт хадмындаа байсан. Орой 23 цагийн орчимд миний төрсөн эгч Тунгалагтамир над руу залгаад “Түмээ ах хүнд зодуулаад нас барсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар хүнд, яаж зодуулсан юм бэ?” гэхэд “нарийн зүйлийг мэдэхгүй байна, цагдаагаас сая ярьлаа” гэж хэлсэн. Ингээд манай гэрийнхэн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн төвд ирсэн. Талийгаачийн буяны ажилд хүнсний бараа материал болон шашны эд зүйл авсан. Эдгээр нь баримтаар 5.920.000 төгрөг болж байгаа. Мөн бид 6 тооны хонь төхөөрч хэрэглэсэн ба зах зээлийн үнээр бодоход 1.080.000 төгрөг болсон. …Нийтдээ 7.000.000 төгрөг нэхэмжилж байна. …” гэх мэдүүлэг /хх-31-34 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.*******ын өгсөн: “…2021 оны 7 дугаар сарын 29-ний өглөө 06 цаг өнгөрч байхад босч бие засчихаад гражид хонож байгаа Гэндэн, *******, Түмээ нар дээр очиход 0.75 литрийн “Монгол стандарт” нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Уг архийг задлаад удаагүй байсан бөгөөд би хамт уусан. …Удалгүй гаднаас ******* орж ирээд “ах аа Гэндэн Түмээг шимээсэг /өвсний хадуур/-ээр цээж рүү нь цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр би гарч харахад Түмээ дээш харсан байдалтай орон дээр хэвтэж байсан. Би “Түмээ яасан бэ?” гээд харахад ерөөсөө хөдлөхгүй байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан. Тэр үед Гэндэн 00 орох гэж байгаа бололтой явж байснаа хашаа даваад зугтаасан. …” гэх мэдүүлэг /хх-43-44 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ё.*******ийн өгсөн: “…2021 оны 7 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг 40 минутын орчимд Ганболд ахынхаас тармуураа авахаар явсан. Замаараа *******ынхаар ороход Гэндэн, *******, *******, талийгаач Түмэн-Өлзий нар дутуу барьсан байшин дотор “Монгол стандарт” нэртэй 0.75 литрийн архи хувааж угаад дуусаж байсан. Надад 2 хундага хийж өгөхөөр нь би уучихаад гараад явсан. …Би Мөнбатыг байшингийнх нь үүд хэсэгт суулгачихаад байшинд нь орчихоод гарч ирэхэд ******* дутуу барьсан блокон байшин руу гүйж орсон. Би араас нь очиход дутуу барьсан блокон байшингийн баруун хойд буланд байх орон дээр ******* хамгийн урд талд нь унтаж байсан. Түүний хойд талд Түмэн-Өлзий, талийгаачийн хойд талд Гэндэн унтаж байсан. ******* цагаан өнгийн хөргөгчний хажуу талд зогсож байсан ба хөргөгчний хойд талд миний шимээсэг /гар хадуур/ байсан. Би *******гөөс “миний шимээсэг яагаад энд байгаа юм бэ?” гэхэд “Батбаяр бид хоёр танайхаас очоод авчихсан, танайд 1 эмэгтэй хүн байсан. Гэндэн, Түмэн-Өлзий бид гурав Батбаяр ахын хашааны шарилж, зэрлэгийг хадах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би “за за харьлаа” гээд явсан. Би шууд гэртээ харьсан ба хоол идчихээд үсээ засуулахаар гарсан. Үсээ засуулчихаад захаар явж байгаад *******ынд очиход гадаа нь цагдаагийн машин ирчихсэн байсан. …” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.*******гийн өгсөн: “…Би ******* ахын дутуу барьсан гражийн урд талын хананд байрлуулсан матрас дээр хэвтсэн. Харин Түмэн-Өлзий, Гэндэн хоёр гражийн хойд талын хана дагуу зассан өргөн орон дээр хэвтээд хоорондоо маргалдаад байсан. Би тухайн үед дээшээ хараад хэвтэж байсан чинь гэнэт Түмэн-Өлзий “ёоё” гээд дугарахаар нь би хажуу тийшээгээ харсан чинь Гэндэн гар хадуур бариад далайчихсан Түмэн-Өлзийгийн хөлний ойролцоо зогсож байсан. Би босоод Гэндэн рүү очих гэсэн чинь Гэндэн дахиад Түмэн-Өлзийгийн цээж хэсэг рүү гар хадуурын үзүүр ир хэсгээр нь нэг удаа хатгасан. Тэгээд би Гэндэн дээр очоод гар хадуурыг нь булааж аваад буцаад байранд нь тавьсан. Түмэн-Өлзийгийн биеийг харсан чинь цээж хэсэг болон гарнаас нь цус гарчихсан байсан. Би ******* ахын гэрт орж ирэхэд Гэндэн цуг дагаж орж ирсэн. *******ын гэрт ороход тэрээр орон дээрээ хэвтэж байхаар нь “наад Гэндэн чинь Түмэн-Өлзийгийн цээж хэсэгт нь гар хадуураар хатгачихлаа” гэхэд “Яаж байгаа юм бэ?” гээд ******* ах гэрээсээ гарсан. Араас нь Гэндэн бид хоёр хамт гарсан. ******* ах Түмэн-Өлзийгийн орон дээр очиж хараад “Яаж байгаа хүүр вэ?, хүн алчихлаа” гээд Гэндэнг загнаад эргээд гэртээ орохоор нь араас нь цуг орсон. Тэгээд ******* “Цаадахыгаа харж байгаарай” гэхээр нь би гражид орж Түмэн-Өлзийг харахад гайгүй байх шиг байсан. Түмэн-Өлзийг 3-4 удаа очиж харсан. Сүүлд нь харсан чинь Түмэн-Өлзийгийн хараа нь сонин болчихсон, ямар ч амьсгаа байхгүй байхаар нь *******ын гэрт ороод “Түмэн-Өлзий нэг л биш сонин болчихсон байна эмнэлэг, цагдаа дуудъя” гэхэд Гэндэн “бие засчихаад ирье” гээд гэрээс гарсан. Би араас нь харахад Гэндэн урд хаалгаар гарч засмал зам дагаад доошоо уруудаж явсан. …” гэх мэдүүлэг /хх-49-52 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Жавзандуламын өгсөн: “…Гэндэн нь огцом ууртай, уурласан үедээ гартаа тааралдсан зүйлээ авч шиддэг, зоддог, архи уудаг байсан. Гэр бүл болсноос хойш сүүлийн 3 жилийн хугацаанд тогтмол архи хэрэглэж байгаа. Бусад хүнтэй харьцахдаа өөртэй нь гайгүй хандсан хүнтэй эвтэй, муухай харьцсан хүнтэй эвгүй харьцаатай хүн байгаа юм. 2019 онд Улаанбаатар хотод хүн амины хэргээр шалгагдаж байсан. 2021 оны 01 дүгээр сард Булган аймагт Дэмчиг гэдэг хүний толгой руу заазуураар цохиод шүүхээс торгуулийн ял авч байсан. Гэндэн нь 2-3 жилийн хугацаанд тогтсон ажил, төрөл хийж байгаагүй, өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. 2020 оны 9 дүгээр сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баривчлагдаж байсан. 2021 оны 02 дугаар сард миний биеийг хайчаар хатгаж, гэмтэл учруулж шүүхээр шийтгэгдэж байсан. …” гэх мэдүүлэг /хх-54 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн: “…Талийгаачийн цогцост цээжний хөндий болон зүрхний баруун, зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гол судасны зүсэгдсэн шарх, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх цээжний хөндийн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн шууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь тухайн гэмтлийг авахад хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаач нь тухайн гэмтлийн босоо, суугаа, хэвтээ аль ч байрлалд авах боломжтой. Дээрх гэмтлүүд нь эд мөрийн баримтаар хураан авсан зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн цогцост 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагт хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад ойролцоогоор 8-10 цаг орчим болсон байна. Талийгаач нь цээжний хөндий, гол судас болон зүрхний баруун хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас нас баржээ. …” гэх дүгнэлт /хх-81-85 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2135 дугаартай шинжээчийн: “…Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Д.Түмэн-Өлзийгийн нас барах үедээ өмсөж байсан гэх богино ханцуйтай цамцны урд талын хэсэгт 45 мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна. Бусад хувцаснуудад урагдал, гэмтэл үүсээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай цамцанд үүссэн гэмтэл шинээр үүссэн байна. Богино ханцуйтай цамцанд шинээр үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Дээрх зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх гар хадуураар үүсгэгдсэн байж болно. …” гэх дүгнэлт /хх-102-104 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бусад бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд тухайн хэрэг, үйл баримт болох үед амь хохирогч Д.Түмэн-Өлзий, гэрч Г.*******, Ё.*******, Т.*******, шүүгдэгч С.Гэндэн нар нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 611 тоотод хамт архи уусан байх бөгөөд шүүгдэгч С.Гэндэн нь Д.Түмэн-Өлзийтэй маргалдах явцдаа түүний цээжин тус газарт нь өвсний гар хадуураар хатгаж амь насыг хохироосон нь гэрч Г.*******, Ё.*******, Т.******* нарын тус тус гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цогцост тогтоогдсон цээжний хөндий болон зүрхний баруун, зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гол судасны зүсэгдсэн шарх, зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий үхэлд шууд хүргэх гэмтэл нь шүүгдэгч С.Гэндэнгийн амь хохирогчийн цээжин тус газарт нь өвсний гар хадуураар хатгасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Гэндэн нь хүйтэн зэвсэг /урт ир үзүүртэй өвсний гар хадуур/ хэрэглэж амь хохирогчийн цээжин тус газарт хатгаж амь хохирогчийн бие махбодид цээж, зүрхэн тушаа хатгах нь үхэлд хүргэх гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл оролцоо, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Гэндэн нь Д.Түмэн-Өлзийгийн амь насыг хохироосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл бөгөөд гэм буруугийн “санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч С.Гэндэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Гэндэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч, хүнд хор уршиг учирчээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.******* талийгаачийн оршуулгын зардалд 7.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны үед 5.932.000 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн байна.
Харин шүүгдэгч С.Гэндэн нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхийн шатанд хохирлыг нэхэмжилсэн үнийн дүнгээр буюу 7.000.000 төгрөгийг төлж барагдуулснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Иймд шүүгдэгч С.Гэндэнг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай:
Шүүгдэгч С.Гэндэнг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч С.Гэндэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Гэндэнгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримт зэргээр шүүгдэгч С.Гэндэн нь ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж 2 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч С.Гэндэнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох санал, дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдал”-д тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Гэндэн нь өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан буюу Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж 2 удаа шүүхээр ял шийтгүүлж, ялыг тус бүр эдэлж дууссан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийг хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн гэж түүний ял шийтгэлийг хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгч С.Гэндэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч С.Гэндэнгийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч С.Гэндэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан зэрэг хэргийн нөхцөл байдал, мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Гэндэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Гэндэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гэндэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн баруун, зүүн хэсэгтээ “Adidas” гэсэн бичиглэлтэй саравчтай малгай 1 ширхэг, ягаан өнгийн дэр 1 ширхэг, урд хэсэгтээ ягаан, шар, цагаан, тод ягаан, ногоон өнгийн цэцэг алагласан дүрстэй цагаан хөнжил 1 ширхэг, цэнхэр өнгийн олон тооны дөрвөлжин судалтай гудас 1 ширхэг, гадна хэсэг нь цэнхэр өнгөтэй, дотор хэсэгтээ хөх, цагаан өнгө алагласан судалтай аяны хөнжил /мишок/ 1 ширхэг, улаан шонхор тамхины иш 4 ширхэг, LD тамхины иш 3 ширхэг, Алтан навчис тамхины иш 1 ширхэг, өвсний гар хадуур 1 ширхэг, талийгаач Д.Түмэн-Өлзийгийн өмсөж байсан хар өнгийн түрүүтэй хос гутал 1 ширхэг, бор өнгийн төмөр аралтай тэлээ 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, богино ханцуйтай цайвар бор, хар, ногоон алагласан фудволк 1 ширхэг, шаргал эрээн өнгийн хөлийн ороолт 2 ширхэг, хар өнгийн амны хаалт 1 ширхэг, С.Гэндэнгийн өмсөж байсан ногоон өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан эрээн өнгийн босоо захтай фудволк 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Санжидын Гэндэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гэндэнд 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гэндэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гэндэнгийн цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гэндэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч С.Гэндэн нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн баруун, зүүн хэсэгтээ “Adidas” гэсэн бичиглэлтэй саравчтай малгай 1 ширхэг, ягаан өнгийн дэр 1 ширхэг, урд хэсэгтээ ягаан, шар, цагаан, тод ягаан, ногоон өнгийн цэцэг алагласан дүрстэй цагаан хөнжил 1 ширхэг, цэнхэр өнгийн олон тооны дөрвөлжин судалтай гудас 1 ширхэг, гадна хэсэг нь цэнхэр өнгөтэй, дотор хэсэгтээ хөх, цагаан өнгө алагласан судалтай аяны хөнжил /мишок/ 1 ширхэг, улаан шонхор тамхины иш 4 ширхэг, LD тамхины иш 3 ширхэг, Алтан навчис тамхины иш 1 ширхэг, өвсний гар хадуур 1 ширхэг, талийгаач Түмэн-Өлзийгийн өмсөж байсан хар өнгийн түрүүтэй хос гутал 1 ширхэг, бор өнгийн төмөр аралтай тэлээ 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, богино ханцуйтай цайвар бор, хар, ногоон алагласан фудволк 1 ширхэг, шаргал эрээн өнгийн хөлийн ороолт 2 ширхэг, хар өнгийн амны хаалт 1 ширхэг, С.Гэндэнгийн өмсөж байсан ногоон өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан эрээн өнгийн босоо захтай фудволк 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ