Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Дарьганга овогт Баттулгын *******ад холбогдох эрүүгийн 2115000000170 дугаартай, 163/2021/0182/э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дарьганга овогт Баттулгын *******, 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, .... тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа  хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. /РД: ....../

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000000170 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Хулстайн гурван давааны “Өлзийт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойгоос 3.796 м3 хуурай нарс төрлийн мод бэлтгэж, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгаас Булган аймгийн Хангал сум хүртэл тээвэрлэж байгаль экологид 304.864 төгрөгийн шууд хохирол учруулж, Ойн тухай хууль зөрчсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8 тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17 тал/,

Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16 тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-11-13 тал/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.*******гийн өгсөн: “...Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Хулстайн гурван давааны “Өлзийт” гэдэг газраас 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн иргэн Б.******* нь хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн байсан. 2021 онд уг газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-34 тал/,

Гэрч Л.*******ын өгсөн “....Би 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 21-41 ОРО улсын дугаартай “Mitsubishi Fuso” загварын тээврийн хэрэгслийг худалдаж аваад 2021 оны 01 дүгээр сард ******* гэдэг хүнд 19 сая төгрөгөөр худалдан борлуулсан. Нэр дээр нь шилжүүлэх гээд амжаагүй яваа юм. ...” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/,

Тольдох оюуны өгөөж ХХК-ний 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 21-100 дугаартай шинжээчийн: “...БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа цэнхэн өнгийн маниултай, баруун талдаа шар өнгийн тагтай, “Jinliang” гэсэн бичиглэлтэй хуучирсан хэвийн ажиллагаатай цахилгаан хөрөө, 21-41 ОРО улсын дугаартай MITSUBISHI FUSO загварын тээврийн хэрэгслийг эд зүйлийн зах зээлийн үнэлгээ нийт 6.372.686 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-59-64 тал/,

Булган аймгийн Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирол тооцсон “Шинжлэгдэж байгаа мод нь шилмүүст төрлийн Нарс хуурай мод байна. Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Өлзийт” гэдэг газарт 351 дүгээр хэсэглэлийн 19 дүгээр ялгаралт “Ингэт Өлзийт” ХХК-ний 2021 онд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдсэн. Мод бэлтгэсэн Хулстай гурван давааны “Өлзийт” гэдэг газар нь ойн бүсчлэлийн хувьд ашиглалтын бүсийн ойн 3 дугаар мужид хамаарна. Уг мод нь нийт 18 ширхэг мод байх бөгөөд модны нийт эзлэхүүн нь 3,796 м3 байна. 1 м3 хуурай модны үнэлгээ нь 80.312 төгрөг, нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 304.864 төгрөг байна” гэх 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай дүгнэлт /хх-78 тал/,

Хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн: “...Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 304.864 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 914.592 төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт /хх-84 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сүүлээр байх яг өдрийг нь санахгүй байна. Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн Хулстайн 3 давааны “Өлзийт” гэх газраас ойгоос 5 ширхэг босоо мод тайрч унагасан. Тухайн үед бороо ороод модоо ачих боломжгүй болохоор нь тэндээ орхиод явсан. Тэрнээс хойш бэлтгэсэн модоо очиж авч чадахгүй байсаар байгаад 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн “mitsubishi fuso загварын 21-41 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж авсан. Тухайн бэлтгэсэн модоо авахдаа хуурай ах болох Батсүхийн хамт очиж авсан. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны хөрөө рам дээр очиж зүсүүлэхээр явж байгаад Хайлантайн гол гэх газарт цагдаад шалгагдаж саатуулагдсан. …Би Батсүх ахыг модонд авч явахдаа бэлтгэсэн мод байгаа, өвөлжөөний дээвэр хийхээр бэлтгэсэн юм гэж хэлсэн. Хууль бусаар мод бэлтгэж байгаа талаар Батсүх ах мэдээгүй. …” гэх мэдүүлэг /хх-116-117 тал/,

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Б.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.******* нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй атлаа зөвшөөрөлгүйгээр ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч Б.******* нь мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөл аваагүй, мод бэлтгэх арга, технологийг зөрчсөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ыг Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Хулстайн гурван давааны “Өлзийт” гэх газраас ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.796 м3 хуурай нарс төрлийн мод бэлтгэж, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгаас Булган аймгийн Хангал сум хүртэл тээвэрлэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 304.864 төгрөгийн шууд хохирол /хх-78 тал/ учирсан нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 914.592 төгрөгийн /хх-84 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.*******аас 914.592 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 914.592 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 98-100 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлтийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 6-4-29 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 914.592 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 6.299.186 төгрөгийн үнэлгээ бүхий 21-41 ОРО улсын дугаартай “MITSUBISHI FUSO” загварын тээврийн хэрэгсэл, болон гэмт хэрэг үйлдэж олсон 18 ширхэг буюу 3.796 м3 хэмжээтэй нарс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 73.500 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дарьганга овогт Баттулгын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.*******аас байгаль экологид учруулсан хохирол 914.592 /есөн зуун арван дөрвөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 21-41 ОРО улсын дугаартай MITSUBISHI FUSO загварын 6.299.186 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 18 ширхэг буюу 3.796 м3 хэмжээтэй нарс /хуурай/ төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 73.500 /далан гурван мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай, баруун талдаа таггүй, Jinliang гэсэн бичиглэл бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОТГОНБААТАР