Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/164

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

Шүүгдэгч С.Хүрэлчөдөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Сергейн Хүрэлчөдөрт холбогдох эрүүгийн 2115000880146 дугаартай, 163/2021/0152/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Сергейн Хүрэлчөдөр, ******* аймгийн Дулаанхаан суманд 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, ............... оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, .............. ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: ................/

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч С.Хүрэлчөдөрийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хүрэлчөдөрийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000880146 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Хүрэлчөдөр нь 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын хавчуугийн ам” гэх газар ойгоос зөвшөөрөлгүйгээр 12.172 м3 нарс /хуурай/ төрлийн мод бэлтгэж байгаль экологид 3.710.410 төгрөгийн шууд хохирол учруулж, Ойн тухай хууль зөрчсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9 тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10 тал/,

Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-12-14, 18-22, 30-34 тал/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-29, 77-80 тал/,

Сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлт /хх- 81 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-96-101 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч П.Бат-Эрдэний өгсөн: “...Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Хандгайтын Хавчуугийн ам" гэдэг газраас 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хангал сумын 4-р багийн иргэн С.Хүрэлчөдөр нь хууль бусаар мод бэлтгэсэн байсан. 2021 онд Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Хандгайтын хавчуугийн ам” гэдэг газарт хавчуугийн нөхөрлөлд талбайн тусгаарлалт хийгдсэн байсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

Гэрч Ч.*******ын өгсөн “....Би 2021 оны 5 дугаар сарын 04-ний орой гэртээ байхад найз Хүрэлчөдөр над руу утсаар холбогдоод “маргааш өглөө модонд яваад ирье” гэхээр нь “юун модонд хаашаа явах юм бэ?” гэж асуухад Хүрэлчөдөр надад хэлэхдээ Хандгайтын "Хавчуу" гэдэг газарт модонд явна. “Бэлсэг” ХХК-ний модны гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичиг нь байгаа гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр найз Хүрэлчөдөр, туслах ажилтнаар *******, Б.*******, ******* нарын хамтаар Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын Хавчуу” гэдэг газраас нарс төрлийн мод бэлтгэсэн. Уг бэлтгэсэн модоо найз Хүрэлчөдөрийн эзэмшлийн 18-40 ОРХ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж байхад цагдаа нар ирж шалгаад хууль бусаар мод бэлтгэсэн байна, шалгана гэж хэлсэн. Би найз Хүрэлчөдөр, туслах ажилтан *******, *******, ******* нарын хамт явсан. Тухайн үед манай найз Хүрэлчөдөр мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэхээр нь хараагүй, байгаа юм байна гэж ойлгоод модонд нь хамт явж өгсөн юм. Найз Хүрэлчөдөр банкны зээлтэй гэхээр нь тус болоод явъя гээд л явж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,

Гэрч Г.*******ын өгсөн “...Би 2021 оны 5 дугаар сарын 04-ний орой гэртээ байхад найз Хүрэлчөдөр надруу утсаар холбогдоод “банкны зээл болчихлоо, мод бэлтгэх эрхийн бичиг нь байгаа, маргааш өглөө модонд хамт яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 05-ны өглөө Хүрэлчөдөр, *******, *******, ******* нарын хамтаар Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын Хавчуугийн ам” гэдэг газар луу Хүрэлчөдөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн 18-14 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад модоо бэлтгээд ачаад зогсож байхад цагдаа нар ирээд мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэхийг тодруулж, модыг ачуулж дуусгаад цагдаагийн хашаанд буулгуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-42- 43 тал/,

Гэрч Б.*******ийн өгсөн “...Би 2021 оны 5 дугаар сарын 03-ны орой гэртээ байхад танил Хүрэлчөдөр надруу утсаар холбогдоод “Бэлсэг” ХХК-ний мод бэлтгэх эрхийн бичиг нь байгаа, модонд хамт яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 05-ны өглөө Хүрэлчөдөр, *******, *******, ******* нарын хамт Булган аймгийн хангал сумын 1-р багийн нутаг “Хандгайтын Хавчуугийн ам” гэдэг газарт Хүрэлчөдөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн 18-14 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад модоо бэлтгэж дуусаад ачиж байхад цагдаа нар ирээд мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэхийг тодруулж модыг ачуулж цагдаагийн хашаанд буулгуулсан. ...Мод бэлтгэх эрхийн бичиг байсан эсэхийг мэдээгүй. Мод бэлтгэх эрхийн бичиг нь байгаа гэж бодоод л явсан. ...” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,

Гэрч Ж. *******ын өгсөн “...Би 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр найз Хүрэлчөдөртэй тааралдаад “Бэлсэг” ХХК-ний мод бэлтгэх эрхийн бичигтэй модонд маргааш өглөө хамт яваад ирэх үү гэхээр нь би зөвшөөрч маргааш нь буюу 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр найз *******, Хүрэлчөдөр, *******, ******* нарын хамтаар Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Хандгайтын Хавчуугийн ам” гэдэг газраас Нарс төрлийн мод бэлтгээд модоо 18-14 0РХ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж байхад цагдаа нар ирж шалгаад хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж байсан. Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Хандгайтын Хавчуугийн ам” гэдэг газраас мод бэлтгэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-50-51 тал/,

Гэрч С.Сэлэнгийн өгсөн: “...Би “Бэлсэг” ХХК-ний захирал ажилтай. 2021 оны 5 дугаар сарын 01, 02-ны үед Хүрэлчөдөртөй холбогдоод “манай компани мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байгаа модонд яваад өгөөч” гэж гуйж байсан юм. Тухайн үедээ явж өгөөгүй. 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр надад хэлээгүй шатахуун аваагүй явж байгаад цагдаа нарт баригдаад сандарсандаа л манай компаний нэрийг барьж “Бэлсэг” ХХК-ний модонд явж байна гэж хэлсэн байна лээ. Тухайн үедээ манай компаний нэр дээр явах байсан бол өглөө нь юм уу, урд өдөр нь надтай холбогдоод шатахуун бусад зардлаа аваад явах байсан. Тэгэхээр манай компанитай ямарч хамаагүй юм. Манай “Бэлсэг” ХХК нь мөн “Хавчуу” нөхөрлөл 2021 онд нийт 150 м3 нарс модны хувиар авсан. Түүнээсээ эхний 40 м3 нарс модыг авахаар талбайн тусгаарлалт хийлгээд 20 м3 мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлэн авч одоогоор 20м3 нарс мод бэлтгэсэн байна. ...” гэх мэдүүлэг /хх-54-55 тал/,

Хялганат тосгон дахь сум дундын Ойн ангийн инженер О.*******ын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай “...Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Хандгайтын Хавчуугийн ам” гэдэг газарт “Хавчуу” ОН-ийн 2021 оны мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдсэн. Булган аймгийн Хангал сумын “Хандгайтын Хавчуугийн ам” гэдэг газар нь ойн бүсчлэлийн хувьд хамгаалалтын бүсийн ой буюу 1 дүгээр мужид хамаарна. Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн /Нарс/ хуурай, 3 метр хэрэглээний бөөрөнхий мод болно. Тухайн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 3.710.410 төгрөг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1-р хавсралтыг үндэслэн үнэлгээг хийсэн. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх- 67 тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын: “...Хялганат сум дахь ойн ангийн инженер О.******* экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг хийхэд үнэлгээ нь 3.710.410 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцдог болно.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 3.710.410*3=11.131.230 төгрөг болж байна...” гэх /хх-72-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Хүрэлчөдөрийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай “Бэлсэг” ХХК-ний захирал Сээвээ /бүтэн нэрийн мэдэхгүй/ над руу залгаад “мод бэлтгэх эрхийн бичиг авчихлаа, 3 хоног шүү” гэж ярихаар нь би өөрийн эзэмшлийн 18-14 ОРХ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн хропыг янзлаад 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр модонд явах гээд Сээвээ ахын 99000595 дугаарын утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан болохоор нь найз *******, *******, *******, ******* нарын хамт Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын Хавчуугийн ам” гэх газарт мод бэлтгэхээр явсан. Хандгайтын Хавчуугийн ам гэх газар мод бэлтгээд уулнаас доош тайрч унагасан модоо цагаалж байхад Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны цагдаагийн тасгийн дарга, Батхөлөг, экологийн байцаагч Ганзориг хоёр ирээд надаас мод бэлтгэх эрхийн бичиг асуухаар нь би байгаа Сээвээ ахад байгаа гэж хэлэхэд экологийн байцаагч Ганзориг бэлтгэсэн моднуудаа ачаад цагдаагийн хашаа руу аваач гэж хэлсэн. Би 7 ширхэг босоо мод унагасан. Би мод бэлтгэх эрхийн бичиг авч байж мод бэлтгэнэ гэдгийг мэднэ. ...” гэх мэдүүлэг /хх-160-161 тал/,

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч С.Хүрэлчөдөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч С.Хүрэлчөдөр нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй атлаа зөвшөөрөлгүйгээр ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч С.Хүрэлчөдөр нь мод бэлтгэх арга, технологийг зөрчсөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч С.Хүрэлчөдөр нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Хүрэлчөдөрийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын хавчуугийн ам” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр 12.172 м3 нарс /хуурай/ төрлийн мод бэлтгэсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Хүрэлчөдөрийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 3.710.410 төгрөгийн шууд хохирол /хх-90-92 тал/ учирсан нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 11.131.230 төгрөгийн /хх-86 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.Хүрэлчөдөрөөс 11.131.230 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Хүрэлчөдөр нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 11.131.230 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Хүрэлчөдөрийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Хүрэлчөдөрийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Хүрэлчөдөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 106-111 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлтийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Хүрэлчөдөр нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Нарст 7-708 тоотод хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Хүрэлчөдөрийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 11.131.230 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, уг ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.227.418 төгрөгийн үнэлгээ бүхий 18-14 ОРХ улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 38 ширхэг буюу 12.172 м3 хэмжээтэй нарс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 84.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч С.Хүрэлчөдөр нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сергейн Хүрэлчөдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хүрэлчөдөрт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хүрэлчөдөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч С.Хүрэлчөдөрөөс байгаль экологид учруулсан хохирол 11.131.230 /арван нэгэн сая нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 18-14 ОРХ улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 38 ширхэг буюу 12.172 м3 хэмжээтэй нарс /хуурай/ төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч С.Хүрэлчөдөр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОТГОНБААТАР