Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 00002

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Буурал Хайрхан Т-ын Б /НЭ65010701/-гийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нарт холбогдох “Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 тоот төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.Д, нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2019-03-14-ний өдрийн ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 тоот төлбөр барагдуулах тухай актыг 2019 оны 05 сарын 17-нд манайд шуудангаар ирсэн байсан. Надад нягтлан 8 сард танилцуулж, анх төлбөр төлөх болсноо мэдсэн. Захиргааны ерөнхий хуулийн дагуу надад акт тавьж байгаа бол намайг дуудаж асууж, тайлбар авч, би нотлох баримтаа бүрдүүлж өгөөд гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа төлбөр төлөх эсэхээ шийдүүлэх ёстой байсан гэж ойлгож байна. Гэтэл надад мэдэгдэлгүй миний эрх ашгийг хөндсөн акт тавьж, шуудангаар явуулсан тул гомдолтой байна. Энэ талаар Үндэсний аудитын газар, аймгийн Төрийн аудитын газарт гомдол гаргасан ба 2019-10-14-ний өдөр актыг зөв гэсэн хариу аймгийн Аудитын газраас ирсэн. Мөн Үндэсний аудитаас 2019-11-15-нд хариу ирсэн.

Манай байгууллагад нягтлан бодогч байсан Б.У нь 2015 онд байгууллагын хөрөнгөөс 1490,0 мянган төгрөг завшиж, сахилгын ноцтой зөрчил гаргасан бөгөөд энэ үндэслэлээр нь ажлаас халахад шүүх нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр Б.У-ыг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг байгууллагаас гаргуулан олгуулсан юм. Б.У нь гэмт хэрэг үйлдсэн нь цагдаагийн шалгалтаар тогтоогдож, прокурорын газраас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж хэрэгсэхгүй болгосон юм. Энэ нь түүнийг гэм буруугүй гэж дүгнэсэн гэж үзэхгүй байна. Нягтлан бодогч хүн байгууллагынхаа данснаас мөнгө хулгайлаад идээд байхад би түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй бөгөөд энэ хугацааны цалинг надаар төлүүлсэн асуудлыг шалгалгүй шийдсэнд маш их гомдолтой бөгөөд 4,8 сая төгрөг гэдэг нь миний бүтэн жилийн цалин юм.

Б.У-ын 2016-01-12-наас 2016-09-23-ны өдөр хүртэл хугацааны цалинг надаар төлүүлсэн ба Захиргааны ерөнхий хуульд гэм буруутай этгээдээр байгууллагад учирсан гэм хорын асуудлыг буцаан төлүүлнэ гэж заасан нь аудитын байгууллага өөрөө шууд төлүүлэх биш харин гэм буруугийн асуудлыг шалгасны үндсэн дээр шийдвэрлэх асуудал гэж ойлгож байгаагаас гадна Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилсэн байхад 2015 оны 10 дугаар сарын 21-нд ажлаас халсан, 2016 оны 01 дүгээр сарын 12-ноос цалин өгөөгүй гарсан зөрчилд хуулийг шууд шалгалгүй хэрэглэж миний эрхийг зөрчиж байна. Иймд Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХАӨ-2019/13/СТА-ОНӨҮГ-01/13 тоот төлбөр барагдуулах тухай актыг хянан үзэж, хүчингүй болгож өгнө үү.

... Би Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газраас 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлбөр барагдуулах актыг 2019 оны 5 сарын 17-ний өдөр манай байгууллагын шуудангаар бичиг хэрэгт бүртгэгдээд шуудангаар ирсэн байдаг. Манай нягтлан надад 2019 оны 8 дугаар сард танилцуулсан ба түүнийг үзэхэд гарын үсэг зурагдаагүй акт байхаар нь төдийлөн ач холбогдол өгөлгүй орхисон. Тэгээд энэ талаар төрийн аудитын газрын хэлтсийн дарга Ж.О гэж хүн дээр ороод, энэ актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй миний бүтэн жилийн цалин байна, гаргасан актаа дахин нягталж үзээч гэсэн гомдол гаргасан. Гэтэл та нар яагаад миний гарын үсэг зурагдаагүй акт аваад явж байдаг юм бэ, та нарт арга хэмжээ авна гэж загнасан. Надад акт тавьсан хүмүүсийг би харж байгаагүй. Тэгээд Үндэсний аудитын газарт хандсаны дараа захиргааны хэргийн шүүхэд хандсан. Төрийн аудитын газар бол миний гэм буруугийн асуудлыг шалгаж байж надад акт тогтоох байсан гэж үзэж байгаа. Актад Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд менежер Ж.О гэдэг хүний гарын үсэг байхгүй, Б.Т гэдэг гарын үсэгтэй, манай талаас ямар ч гарын үсэг байхгүй байсан. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны хоорондох цалинг төлүүлж байгаа бол Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож байна. Иймээс энэ төлбөрийн актыг хүчингүй болгуулж өгнө үү. Б.У гэдэг нягтлан бол 2015 онд байгууллагын захирлын гарын үсэг, жолоочийн гарын үсэг болон анхан шатны санхүүгийн баримт засаж өөртөө мөнгө төгрөг завшсан санхүүгийн зөрчил гаргасан. Энэ хүнийг үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагагүй гэж үзээд ажлаас халсан. Ийм хүний төлөө бүтэн жилийнхээ цалинг өгөх надад гомдолтой байна гэв.

Хариуцагч Ж.О, Б.Т нар шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8 дахь заалтын дагуу орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын санхүүгийн тайланд жил бүр аудит хийж баталгаажуулдаг болно. Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 18.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд “Бизкон аудит” ХХК-ийн Хөвсгөл салбартай байгуулсан гэрээний дагуу Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж, дүгнэлт хүргүүлсэн болно.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь заалтыг хэрэгжүүлэх үүднээс буруутай шийдвэр гаргасан албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гарган хохирол барагдуулах арга хэмжээ авч ажиллах талаар аймгийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/108 тоот албан бичгээр ажлаас үндэслэлгүйгээр халсан шийдвэр нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон жагсаалтыг Хөвсгөл аймгийн Аудитын газарт ирүүлсэн бөгөөд тус жагсаалтад нэхэмжлэгч Б.У, хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-тай холбогдох Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 489 дугаартай шийдвэр байсан болно.

Иймд санхүүгийн тайлангийн аудитын хүрээнд 2019 онд санхүүгийн тайлангийн аудитад хамрагдсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн захирал Т.Б-ийн гаргасан буруутай шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт заасны дагуу Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаартай 4 489 200 /Дөрвөн сая дөрвөн зуун наян есөн мянга хоёр зуун/ төгрөгийн төлбөрийн акт тогтоосон.

“Бизкон аудит” ХХК-ийн Хөвсгөл салбарын аудитор Ч.М дээрх үйлдэлтэй холбоотой төлбөрийн актыг тогтоохдоо Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн захирал Т.Б-д төлбөрийн актын хяналтын хуудсыг бичиж хүргүүлэн тайлбар авч ажилласан ба төлбөрийн актыг хариуцан барагдуулах хэсэгт өөрийн гарын үсгийг тайлбартай гэж зурж баталгаажуулсан болно. Иймд Т.Б-д өөрт нь мэдэгдээгүй гэсэн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Б нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалыг хашиж байгаа нь төрийн албан хаагчийн нэгэн адил үүрэг хариуцлага хүлээж байгаа тул Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль журмыг мөрдөн ажиллаж биелүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн захирал Т.Б-ийн ажлаас халсан шийдвэр нь гэм буруутай эсэхийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 489 дугаартай шийдвэрээр тогтоосон байна. Иймд шүүхийн шийдвэр болоон Захиргааны ерөнхий хууль, Төрийн аудитын тухай холбогдох хууль тогтоомжийг баримтлан Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас дээрх төлбөрийн актыг тогтоосон тул ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаартай төлбөрийн актыг үндэслэлтэй гэж үзэж байна.

... Төрийн аудитын газар нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул” дулаан ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд аудит хийсэн. Энэ санхүүгийн тайлангийн аудитаар тус байгууллагад ажиллаж байсан Б.У-ыг нягтлан бодогчийн ажлаас халсан ба Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ний өдрийн 485 дугаар шийдвэрээр Б-ийн У-ын гаргасан нэхэмжлэлийг хангаж, Хөвсгөл аймгийн “Их-Уул дулаан” ХХК нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох тухай шийдвэр гарсан. Тус шийдвэрийг Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газарт Хөвсгөл аймгийн Прокурорын газраас хохирол барагдуулах тухай гэсэн тэргүүтэй албан бичгээр хүргүүлсэн. Энэ албан бичигт “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл 103.3 дахь хэсэгт зааснаар дээд шатны дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцана гэж хуульчилсан байдаг” дээрх заалтын дагуу төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан ... судалгааг гарган хүргүүлэв. Буруутай албан тушаалтнаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гарган хохирлыг барагдуулах арга хэмжээ авч ажиллана уу гэсэн албан бичгээр судалгааг ирүүлж, түүний дагуу тухайн төсвийн байгууллагад аудит хийж гарсан зөрчилд акт тогтоосон. Актыг тогтоохдоо Төрийн аудитын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын ерөнхий аудитын баталсан журмыг баримталж тогтоосон. Актыг тогтоогоод “Их-Уул дулаан” ХХК-ийн захирал Т.Б-д албан бичгээр санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт, тухайн төлбөрийн талаар акт төлөвлөж байгаа талаар тайлангийн дүгнэлтийг санал болгож хүргүүлсэн. Энэ талаар 2 удаа тайлбар ирүүлсэн. Мөн гарын үсэг зурагдаагүй төлбөрийн актыг өөрсдөд нь хүргүүлээд хүлээн зөвшөөрч танилцаагүй актаа хуулбарлаж аваад түүнийгээ танилцуулсан асуудал гарсан. Гэм буруугийн асуудал тогтоож байж акт тогтоох байсан гэж нэхэмжлэгч үзэж байна. Үүн дээр тайлбар өгөхөд Төрийн аудитын байгууллага бол гэм буруугийн асуудлыг тогтоодог байгууллага биш юм. Түүнийг хууль шүүхийн байгууллага тогтоодог байгаа. Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад Б.У-ыг ажлаас халсантай холбоотойгоор Иргэний хэргийн шүүхээс шийдвэр гарсан учир Төрийн аудитын байгууллага холбогдох хууль тогтоомжийг баримтлан акт тогтоосон тул Төрийн аудитын байгууллагаас тогтоосон акт нь ямар нэгэн хууль зөрчөөгүй үндэслэлтэй гэж үзэж байна ...” гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Т.Б-ийн Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нарт холбогдох “Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 тоот төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаартай актаар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, Төрийн аудитын байгууллагын аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын 3.1.7-д заасныг тус тус үндэслэн байгууллагын зардлаас гаргасан 4849200 төгрөгийг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн захирал Т.Б-аар нөхөн төлүүлж, улсыг хохиролгүй болгон Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 100170000955 тоот дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Б Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаартай актыг урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасны дагуу Үндэсний аудитын газар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/1791 тоот албан бичгээр[1] хариу өгсөн байх ба 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаартай акт[2] нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна.

Нэхэмжлэгч Т.Б нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт зааснаар түүнд үүрэг бий болгосон, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

Нэхэмжлэгч Т.Б маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлдээ “аудитор Ж.Отгончимэг, Б.Т нар надтай огт уулзаж байгаагүй, надад мэдэгдэлгүй акт тавьсан, актаа гардуулаагүй, шуудангаар явуулсан тул гомдолтой, актад Ж.О гарын үсэг зураагүй байсан, миний гэм буруутай эсэхийг шалгаагүй акт тогтоосон нь буруу, Захиргааны ерөнхий хууль нь 2016-07-01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн байхад 2015 оны 10 дугаар сарын 21-нд ажлаас халсан, 2016 оны 01 дүгээр сарын 12-ноос цалин өгөөгүй гарсан зөрчилд хуулийг шууд шалгалгүй хэрэглэж миний эрхийг зөрчсөн” гэжээ.

Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Ийнхүү гүйцэтгэсэн аудитын тайлангийн чанарыг төрийн аудитын байгууллага баталгаажуулна. Гэрээгээр аудит хийлгэх, аудитын тайланг баталгаажуулах журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж заасан.

Түүнчлэн мөн хуулийн 15.2-т заасан “Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага дараахь бүрэн эрх эдэлнэ: ... 15.2.2.орон нутгийн төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх” гэсэн бүрэн эрхээ гүйцэтгүүлэхээр Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар “Бизкон аудит” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Аудитын ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулсан[3] нь хууль зөрчөөгүй, хэргийн оролцогчид “Их-Уул дулаан” ХХК-ийн санхүүгийн тайланд “Бизкон аудит” ХХК аудит хийх эрхтэй эсэх талаар маргаагүй болно.

“Бизкон аудит” ХХК Төсвийн тухай хуулийн 8.9.8-д “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж ...” гэж заасны дагуу “Их-Уул дулаан” ХХК-ийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийжээ.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Үндэсний аудитын газар дараахь бүрэн эрхийг эдэлнэ: ... 15.1.12.аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих ...” гэж зааснаас үзэхэд Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагын бүрэн эрхэд энэхүү эрх нь хамаарахгүй байна.

Гэхдээ Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага дараахь бүрэн эрх эдэлнэ: ... 15.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, 18 дугаар зүйлийн 18.7-д “Санхүүгийн тайланд аудит хийх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 12.11-т “Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг залруулах боломж байгаа эсэхийг эхэлж шийдвэрлэх бөгөөд залруулаагүй алдаа, зөрчлийн шинж байдлаас нь хамааран дараах шийдвэрүүдийн аль нэг хэлбэрээр эцэслэн шийдвэрлэж, баримтжуулан баталгаажуулна. Үүнд: ... 12.11.2.төлбөрийн акт тогтоох” гэжээ.

Иймд Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нар “Бизкон аудит” ХХК-ийн “Их-Уул дулаан” ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн аудитыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаар[4] төлбөр барагдуулах тухай акт үйлдсэнийг хуульд тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан байна гэж үзэв.

Аудитын байгууллага акт гаргахдаа Т.Б урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулсан болох нь хэргийн материалд авагдсан “Бизкон аудит” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18 тоот “Тайлангийн дүгнэлтэд санал авах тухай” албан бичиг[5], Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот “Их-Уул дулаан ХХК-ийн захирлын тайлбар” гэх албан бичгээр[6] болон гэрч “Бизкон аудит” ХХК-ийн захирал Ч.М-ын шүүх хуралдаанд өгсөн “Их Уул дулаан ХХК-ийн санхүүгийн тайланд аудит хийгээд гарсан зөрчлийн талаар 2019 оны 02 дугаар сарын 17-ний өдөр 18 тоот албан бичгээр хүргүүлсэн, хариу албан тоот нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот албан бичгээр захирлын гарын үсэгтэй ирсэн байдаг. Акттай холбоотой асуудлаар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр захирал, нягтлан бодогч нартай уулзаж шүүхийн шийдвэрийн дагуу 4 849 295 төгрөгийг төлүүлэх акт тавигдана гэдгийг мэдэгдсэн” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “надад мэдэгдэлгүй акт тавьсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Б “аудитын байгууллага гаргасан актаа гардуулаагүй, шуудангаар явуулсанд гомдолтой, Ж.О аудитор гарын үсэг зураагүй байсан” гэжээ. Хэргийн материалд Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаар актын хоёр өөр хувь авагдсан. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн актад[7] Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.Отгончимэг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн захирал Т.Б, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн нягтлан бодогч М.Б нарын гарын үсэг зурагдаагүй, зөвхөн ахлах аудитор Б.Т-ийн гарын үсэг зурагдаж, Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын тэмдэг дарагдсан байх ба актын нэхэмжлэгчид шуудангаар очсон хувь гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй.

Харин хариуцагч талаас нотлох баримтаар шүүхэд ирүүлж, хэргийн 48 дугаар хуудаст авагдсан Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаар актад[8] Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.Отгончимэг, ахлах аудитор Б.Т, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн нягтлан бодогч М.Б нарын гарын үсэг зурагдсан, зөвхөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн захирал Т.Б-ийн гарын үсэг зурагдаагүй бөгөөд Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газар болон “Их-Уул дулаан” ХХК-ийн тэмдэг тус тус дарагджээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн актад[9] Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О-ийн гарын үсэг зурагдаагүй илэрхий алдаатай боловч агуулгын хувьд зөв захиргааны актыг хүчингүй болгох шаардлагагүй, захиргааны эрх зүй дэх “хэмнэлттэй байх” зарчмыг шүүх баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч Ж.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны актын илэрхий алдааг засаж, энэ тухай мэдэгдсэн гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч Ж.О өөрийн гарын үсэг зурсан Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаар актыг шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны актын илэрхий алдааг зассанаар захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулга өөрчлөгдөхгүй, шинээр эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байвал захиргааны байгууллага алдаагаа засах эрхтэй юм.

Нэхэмжлэгч Т.Б “аудитын байгууллага гаргасан актаа гардуулаагүй, мэдэгдээгүй” гэх боловч актын утга агуулга, хууль зүйн үндэслэл, мөнгөн дүнг бүрэн дүүрэн тусгасан “Актын бүртгэл, хяналтын хуудас” гэсэн баримтад[10] гарын үсгээ зураад “энэ тухай албан бичгээр тайлбар гаргаж өгсөн болно. Цаашид шүүхэд хандах болно” гэж бичсэн, актын нэг хувийг түүнд шуудангаар хүргүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч актыг мэдэгдэх үүргээ биелүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно” гэж заасан ба Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаар актыг хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Б “миний гэм буруутай эсэхийг шалгаагүй акт тогтоосон нь буруу” гэж маргасанд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй байна. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр[11] Б.Ууганжаргалын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-д холбогдох “2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5 273 879 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны дутуу олгосон цалин 335 207 төгрөг, нийт 5 609 086 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгуулах” шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэжээ.

 Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тус шийдвэрээр “Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг шаардсан нь үндэслэлтэй байна. Энэ хугацаанд ажил олгогчийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цалин хөлс аваагүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй” гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Их-Уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 704 070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 905 016 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

Т.Б нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдсон болох нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар[12] тогтоогдож байна. Тэрээр анх 2015 онд “Их-Уул дулаан” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар томилогдсоноос хойш одоог хүртэл “Их-Уул дулаан” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаатай хэргийн оролцогчид маргаагүй.

Өөрөөр хэлбэл Т.Б нь байгууллагын удирдлагаар ажиллаж байгаагийн хувьд ажил олгогч болж байх ба Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг нэхэмжлэгч Б.Ууганжаргалд олгож шийдвэрлэсэн байна. Иймд ажил олгогч буюу Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул дулаан” ХХК-ийн захирал Т.Б-ийн буруутай эсэхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байна гэж үзнэ. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэм буруугийн асуудлыг Аудитын байгууллага “зөв, буруу” гэж үнэлэх эрхгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: ... 5.1.4.үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа” гэж заасан тул нийтээс заавал хэрэглэдэг дулаан үйлдвэрлэх, түгээх[13], ус хуримтлуулан ариутгаж түгээх[14] үйл ажиллагаа явуулж буй “Их-Уул дулаан” ХХК нь захиргааны байгууллагад хамаарч байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, 103.3-т “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэжээ.

“Их-Уул дулаан” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болох нь “Их-Уул дулаан” ХХК-ийн дүрэм[15], улсын бүртгэлээр[16] тогтоогдож байна. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад дээд шатны захиргааны байгууллага гэж байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар “Их-Уул дулаан” ХХК-ийн гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцахаар байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 дугаар акт Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.3 дахь хэсгийг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Б “Захиргааны ерөнхий хууль нь 2016-07-01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн байхад 2015 оны 10 дугаар сарын 21-нд ажлаас халсан, 2016 оны 01 дүгээр сарын 12-ноос цалин өгөөгүй гарсан зөрчилд хуулийг шууд шалгалгүй хэрэглэж миний эрхийг зөрчсөн” гэж маргасанд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн 17230527 дугаартай хувийн хэрэг материалаас[17] үзэхэд Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 485 дугаар шийдвэрийг биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, “Их-Уул дулаан” ХХК-ийн Хаан банкин дахь данснаас 4 849 285 төгрөгийн суутгал хийгдэж, төлбөр авагч Б.У-д олгогджээ.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр Б.У-ыг 2015 оны 10 дугаар сарын 21-нд ажлаас халсан тухай маргааныг шийдвэрлээгүй, харин түүний 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор шийдвэрлэсэн ба энэ үед Захиргааны ерөнхий хууль үйлчилж /2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс/ эхэлсэн байжээ. Иймд Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 15.2.2, 18 дугаар зүйлийн 18.5, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8, Захиргааны ерөнхий хуулийн 103.1, 103.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ийн Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер Ж.О, ахлах аудитор Б.Т нарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ХӨА-2019/13/СТА-ОНӨААН-01/13 тоот төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 


[1] Хэргийн 2 дугаар хуудас

[2] Хэргийн 3, 48 дугаар хуудас

[3] Хэргийн 153-167 дугаар хуудас

[4] Хэргийн 3, 48 дугаар хуудас

[5] Хэргийн 148 дугаар хуудас

[6] Хэргийн 149 дүгээр хуудас

[7] Хэргийн 3 дугаар хуудас

[8] Хэргийн 48 дугаар хуудас

[9] Хэргийн 3 дугаар хуудас

[10] Хэргийн 49-50 дугаар хуудас

[11] Хэргийн 131-138 дугаар хуудас

[12] Хэргийн 115 дугаар хуудас

[13] Хэргийн 105 дугаар хуудас Компанийн дүрэм, 101 дүгээр хуудас тусгай зөвшөөрөл

[14] Хэргийн 70 дугаар хуудас

[15] Хэргийн 105-110 дугаар хуудас

[16] Хэргийн 55 дугаар хуудас

[17] Хэргийн 129-145 дугаар хуудас