Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 02

 

 

                

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

Улсын яллагч О.Баасанхүү,

Шүүгдэгч Д.Батхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энх-Амгалан /ХҮ-1343/ нарыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат-Очир овогт Доржийн Батхүүд холбогдох эрүүгийн 201624000259 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын 1-2 гудамж, 23а тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувиар алдсан групп-т байдаг гэх, Бат-Очир овогт Доржийн Батхүү /РД:МП67101971/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Батхүү нь Хан-Уул дүүргийн нутагт 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн үед “Хонда лого” маркийн 34-66 УБО улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчин, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ж.Бямбыг мөргөж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Батхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Өмнө мөрдөн байцаалтын шатанд  үнэн зөв мэдүүлэг өгсөн тус нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирогчийг эмнэлэгт хэвтэн эмчилгээ сувилгаа хийлгэх хугацаанд гарсан зардлыг бүрэн хариуцаж төлсөн. Эмчилгээний зардалд эхлээд 700.000 гаран төгрөг, дараа 215.000 төгрөг бэлнээр зарцуулсан. Эмнэлгийн төлбөр, эм тариа авах, асаргаа сувилгааны зардал зэрэгт зарцуулсан. Цаашид хийлгэх эмчилгээний зардалд тооцонд өөрийн эзэмшлийн Хондо лого маркийн 34-66 УБО улсын дугаартай автомашиныг шилжүүлэн өгсөн.

Хохирогч гомдол саналгүй гэсэн. Миний хувьд 1992 онд автомашины осолд орж нуруу нугасандаа гэмтэл авсанаас зүүн хөл мэдээгүй болсон. Одоо хөдөлмөрийн чадвар алдалтын 90 хувиар групптэй, хоёр суга таягтай. Баруун хөл мэдэрдэг учир тээврийн хэрэгсэл жолоодоход саад болдоггүй юм. Гэмшиж байна. Хариуцлагатай байх ёстойг ойлгосон.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201624000259 дугаартай хэргээс:

 

            1.  Хохирогч Ж.Бямбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нисэх орж хөгшин ээжтэйгээ золгочихоод эгчийндээ ороход 0.33 литрийн архи задлахаар нь 3 хундага уучихаад орхиход миний халаасанд хийчихсэн. Тэгээд 19 цаг өнгөрөөгөөд гараад автобусанд суугаад Вива сити хороолол орохоор явсан. Гадаа бүрэнхий болчихсон байсан. Вива сити хотхоны урд талд автобусны буудлын зогсоол дээр автобуснаас буугаад зам хөндлөн урдаасаа хойшоо гарсан. Замаар машины хөдөлгөөн бага байсан. Явган хүний гарц ертөнцийн зүгээр баруун талд байсан. Тухайн өдөр замаар машины хөдөлгөөн бага байсан болохоор явган хүний гарцаар гаралгүй баруунаас зүүн тийш автомашин явдаг урсгалтай замыг хөндлөн гарчихаад зүүнээс баруун тийшээ машин явдаг хойд талын урсгалтай замыг хөндлөн гараад 1-р эгнээнд орж явахад гэнэт миний баруун талаас түг хийгээд явсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Зам хөндлөн гарахдаа машин ирж байгааг анзаараагүй. Би нэг их согтоогүй байсан. Замдаа архи нэмж уусан гэдгээ санахгүй байна. Би уул нь Вива сити хороололд хүүхдийнхээ хүүхдийг харж байсан юм. Намайг мөргөсөн машин нь ямар машин, хэр хурдтай ирсэн талаар мэдэхгүй байна.

Ослын акт, гэрэл зургууд, хэргийн газрын үзлэгүүд нь зөв тавигдсан байна. Аарцагны яс, хавирга хугарсан, өөр бусад олон гэмтэл авсан. ...Тухайн үед бороо шивэрч байсан, гадаа бүрхэг байсан. Замын гэрэл ассан эсэхийг анзаараагүй. Босоод хоёр хөл дээрээ явах хүртлээ гомдолгүй гэж хэлэхгүй. Одоо гарч байгаа зардал болон цаашид гарах зардлыг осол гаргасан жолоочоос нэхэмжилнэ. Жолооч байнга эргэж тойрч байгаа. Одоо намайг манай дүү асарч сувилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-16х/,

 

2. Гэрч Б.Тэрбишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би осол хэргийг хараагүй. Уг замд машинууд түгжрээд байсан болохоор нь харсан юм. Тэнд машин зогсож байсан, 1 хүн зам дээр хэвтсэн байсан. Тэгээд л утсаар 102-т дуудлага өгсөн юм. Хэвтэж байсан хүн ухаангүй байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/,

 

3. Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3785 тоот актын:

1. Бямбын биед гавлын зүүн зулай, чамархай яс, зүүн суурь ясны их, бага далавч, зүүн хацар ясны нумны хугарал, тархины зүүн зулай, чамархайн хэсэг хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хэсгийн тархины эд дэх хий болон ясны эд, баруун дал, умдагны баруун дээд салаа, суудал ясны хугарал, зүүн чамархай, шанаа, хацар, баруун мөр, аарцаг хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, хэвлий, зүүн ташаа, өгзөг, хярзан, баруун зүүн өвдөгт цус хуралт, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.   

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 29х/,

 

4. Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2532 тоот дүгнэлт:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Бямба 54 эр” гэсэн хаягтай цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,3 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Шээсний дээж ирүүлээгүй, мөн цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний аргачлал батлагдаагүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 41х/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2533 тоот дүгнэлт:

1. Ж.Бямбаа гэж хаягласан цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 42х/,

 

6. “Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шижээчдийн дүгнэлтэд:

 

Д.Батхүүгийн эзэмшлийн Япон улсад 1999 онд үйлдвэрлэсэн, Honda маркийн Logo загварын 34-66 УБО улсын дугаартай, GA33222274 арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, баруун гар талдаа жолооны хүрдтэй, энгийн их гэрэлтэй, суудлын автомашиныг 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 16 01 цагаас  16 25 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөгө болгон шалгаж үзэхэд:

Хариулт: 1. Уг автомашиныг тоног төхөөрөмжин дээр хэмжилт хийж үзэхэд урд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Мөн тоормосны аппарат, тоормосны систем хэвийн ажиллагаатай байсан. Өргүүр дээр хөдөлгүүр, хүч дамжуулах анги болон жолооны механизм, явах эд ангийн үзлэг хийхэд хөдөлгүүрийн тагны жийргээр тос гоожсон, гидрийн шингэний түвшин дундарсан, хойд болон урд амортизаторууд ажиллагаагүй болсон байлаа. Дуут дохио хэвийн ажиллагаатай.

Уг автомашин гэрэл дохионы хувьд баруун болон зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, баруун болон зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын урд дохионы гэрэл хагарсан, ухрах арааны гэрэл асахгүй байдалтай байв. Зүүн гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0cd, баруун гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0cd, гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь стандартад заагдсан хэмжээнээс (10000-225000 cd) бага байна. Зүүн гар талын урд болон хойд, баруун гар талын урд болон хойд дугуйнуудын хээний гүн, хийн даралтны хэмжээ хэвийн, дугуйнуудын хэмжээс ижил байлаа.

Уг автомашины урд салхины шил зүүн гар талдаа их хэмжээтэй үйрч хагарч, цацарсан байна. Шил арчигч хэвийн ажиллагаатай.

Зүүн болон баруун гар талын гэрлийн тусгалын эрчим стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй. Дээрх эвдрэл, гэмтлүүд нь ослын өмнө эсвэл ослын хойно хэдийд үүссэн, осол өдрийн цагаар эсвэл шөнө харагдах орчин хязгаарлагдмал үеэр болсон уу гэдэг уг автомашины ослын хэргийн талаар нарийн мэдэхгүй тул тухайн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. Ийм учраас тоног төхөөрөмжин дээр хэмжилт хийсэн хэмжилтийн дүн болон инженерийн ур чадвараар уг автомашины эвдрэл, гэмтлийг тодорхойлж хүргүүллээ.

2. Асуултанд дурьдаагүй шинээр нөхцөл байдал илрээгүй. /тоног төхөөрөмжийн хэмжилт, техникийн дүгнэлтийн хуудас болон зургийн хавсралтаар хавсаргав/” гэсэн дүгнэлт /хэргийн 47-55х/,

 

7. Техникийн шинжээчийн 2016 оны 04 сарын 10-ны өдрийн 198 тоот дүгнэлт:

 

1. Х.Лого маркийн 34-66 УБО улсын дугаартай автомашины жолооч Д.Батхүү нь Монгол Улсын ЗХД-н 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ж.Бямба нь Монгол Улсын ЗХД-н 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а\ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах: г\ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 59-60х/,

 

8. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-8х/,

 

9. Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хэргийн 9х/,

 

10. Хохирогчийн эмчилгээ сувилгаатай холбоотой баримтууд /хэргийн 18х, 90-91х/,

 

11. Хохирогч Ж.Бямба Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт /хэргийн 30-39х/,

 

12. Осол хэргийн талаар цагдаагийн байгууллага болон түргэн тусламжийн дуудлага өгсөн тухай баримт, тэмдэглэл /хэргийн 21-23х, 85-86х/,

 

13. Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 75х, 78х/,

 

14. Жолоочийн лавлагаа мэдээлэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хуулбар /хэргийн 75-76х/,

 

15. Шүүгдэгч Д.Батхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл мэдээлэл /хэргийн 81х, 82-83х/,

 

16. Д.Батхүүгийн тэтгэврийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэх баримтын хуулбар, Хан уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын ажлын албаны тодорхойлолт баримтууд /хэргийн 73-74х, 84х/, 

 

17. Хохирогч Ж.Бямба-ын тус шүүхэд 2016 оны 05 сарын 25-ны өдөр бичгээр гаргасан “...Дорж овогтой Батхүү нь Жигжав овогтой Бямба миний биеийг машинаараа мөргөж, хүнд гэмтэл учруулсан юм. Өнгөрсөн хугацаанд эмчилгээний бүх зардлыг дааж эмчлүүлсэн. Цаашид эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй тул хоорондын тохиролцоогоор 34-66 УБО дугаартай Лого маркийн автомашиныг хүлээж авлаа. Нэхэмжлэгч талын зүгээс энэхүү тохиролцоог хүлээн зөвшөөрч энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй болно.” гэсэн хүсэлт /хэргийн 111х/,

 

18. Шүүгдэгч Д.Батхүүгийн мөрдөн байцаалтын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 

“...2016 оны 03 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд Хотоос гэртээ харихаар өөрийнхөө эзэмшлийн 34-66 УБО дугаартай Х.Лого маркийн автомашиныг жолоодоод ганцаараа ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш Хүүшийн зоорь өнгөрөөд Вива сити хотхоны урд замаар 1-р эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явсан. Тухайн орой бороо орж байсан болохоор шил арчигчаа ажиллуулж явсан. Тэгтэл миний зүн гар талаар буюу 2-р эгнээгээр нэг автомашин гүйцэд түрүүлээд хурдтай яваад өнгөрөх үед гэнэт миний урд 1-р эгнээнд нэг хүн машины гэрэлд ороод ирэхээр нь тулсан байсан учраас машины зүүн урд талаар мөргөөд шууд тоормос гишгээд зогссон. Мөргүүлсэн хүн зүүн гар талд 2-р эгнээнд унасан.

Би зогсоод машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очиход настай, эрэгтэй хүн ёолж байсан. Би шууд 102, 103 руу утсаараа дуудлага өгсөн. Түргэн их хурдан ирээд мөргүүлсэн хүнийг аваад явсан. Дараа нь замын цагдаа дээр ирсэн. Анх явган зорчигч мөргүүлсэн болон унасан гэх цэгийг надаар заалгаж хэмжилтийг хийсэн. Миний машиныг тухайн үедээ журмын хашаанд хийгээд дараа нь гаргасан.

Явган зорчигч ганцаараа харагдсан. Тэр хүнийг мөргөсний дараа хамт явж байсан гэх хүн байгаагүй, хаанаас хаашаагаа зам хөндлөн гарч явсныг хараагүй.  Осол болсон газарт явган хүний гарц, гэрэл дохио байгаагүй. Дохиотой явган хүний гарц баруун талд 40-50 орчим метрийн зайтай байсан. Тухайн үед машины хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын хажуу талын гэрэл асаагүй, харанхуй байсан. Ослоос болж машины урд салхины шил хагарсан, копут хонхойсон. Мөргүүлсэн хүнтэй би уулзаж байгаа. Би эмнэлгээс гаргаж өгсөн.

Би 2015 оны 06-р сард жолооч болсон. Одоо 1 жил жолоо барьж байна, В ангилалтай. Би 1992 онд зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсан. Нуруу нугасны гэмтэлтэй, сүүлийн 10 жил хоёр суга таягтай явж байна. Машин барихад саад болдоггүй. Одоогийн байдлаар хохирогчийн эмчилгээнд 700.000 гаруй төгрөг зарцуулаад байна. Баримт нь байгаа, бэлнээр мөнгө өгөөгүй байна. Машин барьж явахдаа би архи уугаагүй эрүүл явсан. Мөргүүлсэн хүн архи уусан эсэхийг мэдээгүй. Зайнаас орж ирсэн бол зогсох боломжтой байсан. Гэмтсэн хүнийхээ эмчилгээнд анхаарч хөл дээр нь босгохыг хүсэж байна. Би өөрөө зам тээврийн осолд орж эмчилгээ хийлгэж байсан болохоор гэмтсэн хүндээ анхаарч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 68-70х, 71-72х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй,  нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байхаас гадна Шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийсэн 2532, 2533 тоот дүгнэлт болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:  

Шүүгдэгч Д.Батхүү нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 4-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Вива сити хорооллын урд замд /хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэлд тусгагдсанаар/ өөрийн эзэмшил өмчлөлийн “Хонда лого” маркийн 34-66 УБО улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Ж.Бямбыг мөргөж, түүний биед “гавлын зүүн зулай, чамархай яс, зүүн суурь ясны их, бага далавч, зүүн хацар ясны нумны хугарал, тархины зүүн зулай, чамархайн хэсэг хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хэсгийн тархины эд дэх хий болон ясны эд, баруун дал, умдагны баруун дээд салаа, суудал ясны хугарал, зүүн чамархай, шанаа, хацар, баруун мөр, аарцаг хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, хэвлий, зүүн ташаа, өгзөг, хярзан, баруун зүүн өвдөгт цус хуралт, зүүн чамархайд зулгаралт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь:  

Хохирогч Ж.Бямбын “...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ... 19 цаг өнгөрөөгөөд гараад автобусанд суугаад Вива сити хороолол орохоор явсан. ... Вива сити хотхоны урд талд автобусны буудлын зогсоол дээр автобуснаас буугаад зам хөндлөн урдаасаа хойшоо гарсан. Замаар машины хөдөлгөөн бага байсан. Явган хүний гарц ертөнцийн зүгээр баруун талд байсан. ...замыг хөндлөн гарчихаад зүүнээс баруун тийшээ машин явдаг хойд талын урсгалтай замыг хөндлөн гараад 1-р эгнээнд орж явахад гэнэт миний баруун талаас түг хийгээд явсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3785 тоот дүгнэлт /хэргийн 29х/, техникийн шинжээчийн 198 дугаартай дүгнэлт /хэргийн 59-60х/, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-5х/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-8/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хэргийн 9х/, хохирлын баримтууд /хэргийн 18х, 90-91х/, осол хэргийн талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тэмдэглэл /хэргийн 21-23х/, хохирогч Ж.Бямба гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хэргийн 31-39х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 78х/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 75х/, шүүгдэгч Д.Батхүүгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан техникийн шинжээчийн 198 тоот дүгнэлт /хэргийн 59х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2532 тоот дүгнэлт /хэргийн 41х/, хохирогч Ж.Бямба-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд  Хан уул дүүргийн 4-р хороо, Вива сити хорооллын урд талын замд гарсан зам тээврийн осол хэргийн хохирогч Ж.Бямба нь замын хөдөлгөөнд оролцохдоо “явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”-ыг хориглоно гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-ийн “а”, “г” заалтыг тус тус зөрчсөн явган зорчигчийн зохих буруутай байдал зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон байна.        

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь ...бусдын бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. 

 

Шүүгдэгч Д.Батхүүгийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Ж.Бямбыг мөргөж, түүний биед амь насанд аюултай хүнд хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан, Тээврийн прокурорын газраас Д.Батхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Батхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Батхүүг нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 81х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд: Зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Ж.Бямбын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол эмчилгээний үйлчилгээний зардалд шүүгдэгч Д.Батхүү нь 915.000 төгрөг /700.000+215.000/ зарцуулсан баримттай, цаашид гарах эмчилгээний зардал төлбөрт тооцон өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хохирогчтой тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн өгсөн, хохирогч Ж.Бямба нь  эмчилгээний зардал төлбөрийг шүүгдэгч бүрэн хариуцаж эмчлүүлсэн тухай болон гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн хүсэлтийг бичгээр /хэргийн 87х, 111х/ гаргасан баримттай зэргээс эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

 

Шүүх, дээрх зам тээврийн осол хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч Д.Батхүү нь хорих ял шийтгүүлж болох Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учирсан гэм хорын хохирол болох эмчилгээ үйлчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч Ж.Бямба гомдол саналгүй гэснийг болон шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвар алдалтын 90%-тай группт байдаг, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгийг журамлан хэрэглэв.  

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж,  Д.Батхүүгийн жолоочийн үнэмлэх баримтыг /№1051307/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Бат-Очир овогт Доржийн Батхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнийн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Д.Батхүүг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Батхүүд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Д.Батхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Ж.Бямба гомдол саналгүй гэснийг болон шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4., дэх хэсэгт заасныг баримтлан Д.Батхүүд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг тэнсэгдсэн ялтны оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Хан-уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Д.Батхүүд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Д.Батхүүгийн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1051307 үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Соронзонболдод үүрэг болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Батхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БАЗАРХАНД