Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 49

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Н.Н холбогдох 1728000680098 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 17-ны Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварын механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг Гурвантэс сумын ..................................... оршин суух, ял шийтгэлгүй, Тайж овгийн Н.Н /Регистрийн дугаар:КК89091716/

          Шүүгдэгч Н.Н.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 46-23 УБҮ улсын дугаартай фургон маркийн автомашинд хуулиар хязгаарлалт тогтоосон 1.8 килограмм ногоон хас, 680 грамм улаан хүрэн хас чулуу, 5.7 килограмм усан болон тархи мана нэртэй эрдэнийн чулуунуудыг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “ Шүүгдэгч Тайж овгийн Н.Н хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Н оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан голын хайрга чулуу 4.7 килограмм, ногоон хас 1.8 килограмм, улаан хүрэн хас чулуу 680 грамм, усан болон тархи мана 5.7 килограмм нэртэй чулуунуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний зохих байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхдэлгэрийн  2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 2005 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн, арлын 50438118 дугаартай, Уаз фургон маркийн 46-23 УБҮ улсын дугаартай, 6.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг улсын орлогод оруулж, Уаз фургон маркийн 46-23 УБҮ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ шүүгдэгч Н.Н байгаа болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ. 

          Шүүгдэгч Н.Н.Н давж заалдах гомдолдоо: “...Өмнөговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба прокуророос шүүгдэгч надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн...” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ногоон хас, хүрэн хас чулуу, усан болон тархи мана нэртэй чулуу нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараанд ордог талаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Харин гоёл чимэглэлийн болон өнгөлгөөний чулуунд хамаарагдах бөгөөд энэ нь эрдэнийн чулууны төрөлд хамаарна гэдэг нь тогтоогддог. Гэтэл шүүх эдгээр чулуунуудыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

          Миний бие дээрх чулуунуудыг улсын хилээр нэвтрүүлэх санаа зорилго байгаагүй, эдгээр чулуунууд нь ямар үнэтэй болох талаар надад мэдэж байсан зүйл байхгүй, машиндаа авч явсан нь миний буруу гэж мэдүүлдэг.

          Эдгээр чулуунуудыг хилийн худалдаа эхэлсэн цагаас хойш улсын хилээр нэвтрүүлж байсан бүртгэгдсэн тохиолдолд байхгүй, энэ талаар мэдэх зүйлгүй, хилээр гаргахад үнэ хүрдэг үгүй нь эргэлзээтэй. Энгийн байгаль дээр оршдог чулуунууд юм.

          Мөн энэ гэмт хэргийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийг заасан ба энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба миний ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хуулиар хамгаалагдсан хэн нэгний эрх ашигт хохирол, хор уршиг учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шүүгдэгч Н.Н.Н нь дээрх 13 килограмм чулууг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Н.Н.Н нь өөрөө байцаагчид өгсөн тайлбар мэдүүлэгтээ хоолны мөнгө болох болов уу гэж авч явснаа анхнаасаа мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг шалгагдах явцад яллагдагч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг байхгүй. Ийм учраас би нууж авч яваагүй юм гэдэг байдлаар мэдүүлгээ өөрчилсөн байдаг. Мөн тэр чулууг авто машиныхаа суудлын доор, моторын илүүдлийн сав, шил арчигчийн усны сав зэрэг газруудад нуусан байсан болох нь үзлэгийн тэмдэглэл, хураан авсан талаарх баримтуудаар тогтоогддог.  Газрын гадаргуу, хэвлийд ч байсан байгалийн баялаг болох дээрх 13 килограмм чулууг Монгол улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлгүй ийм этгээд байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Ийм учраас анхан шатны 2018 оны 05 сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Н.Н нь 2017 оны 09 сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ-хүрэн гаалийн хилийн боомтоор

46-23 улсын дугаартай фургон маркийн авто машинд хуулиар хязгаарлалт тогтоосон 1.8 кг ногоон хас, 680 грамм улаан хүрэн хас чулуу, 5.7 усан болон тархи мана нэртэй эрдэнийн чулуунуудыг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь ахан шатны шүүхээр нотлогдсон. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны  өдрийн 91 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Н  2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

           Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгч Н.Н.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 46-23 УБҮ улсын дугаартай фургон маркийн автомашины жолоочийн эсрэг талын хаалганы дотор талд задгай асгаж, оймсонд болон жолоочийн суудлын дор гялгар уутанд хийх зэргээр 1,8 кг ногоон хас, 680 гр улаан хүрэн хас чулуу, 5,7 кг усан болон тархи мана нэртэй эрдэнийн чулуунуудыг гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

          Н.Н  гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

          Шүүгдэгч Н.Н Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хэмжээнд нийцүүлэн анхан шатны шүүхээс түүнд торгох ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд нийцсэн гэж дүгнэсэн болно.

          Анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн нөхцөл байдал, тухайн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Н  “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Н.Н  “хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

           2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА