Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2016/0342

 

 

 

 

  П.Эгийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд Ц.Б, Д.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд “С*******” ХХК-ийн өмгөөлөгч А.М******* нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сэлэнгэ аймгийн С******* болон гуравдагч этгээд “С*******” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Эгийн  нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон тус аймгийн С*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаар захирамжийг хүчингүй болгон, “Ш*******” ХХК-ийн захирал Д.П*******нгийн хууль ёсны өв залгамжлагч П.Э миний нэр дээр Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 м.кв газрын гэрчилгээг олгох шийдвэр гаргахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаар захирамжийн “М*******” ХХК-д холбогдох хэсэг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаар захирамжийн “Г*******” ХХК-д холбогдох хэсэг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/293 дугаар захирамжийн “Г*******” ХХК болон нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн С******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр захирамж хууль зөрчөөгүй. Учир нь “Ш*******” ХХК нь татан буугдсан байдаг. Газрын тухай хуульд аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдолд газар эзэмшил нь зогсдог.

Нэхэмжлэлд газрын төлбөрийг тухай бүр хийж байсан гэх боловч 2013 онд бүх төлбөрийг нөхөн хийсэн байдаг. Энэ байдал нь уг газрыг одоо эзэмших үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Уг газар нь манай сумын А зэрэглэлийн инженерийн шугам сүлжээтэй газар тул Газрын тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга захиран зарцуулах эрхтэй...” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаар захирамжаар Баянхааны 4 дүгээр багт “Ш*******” ХХК-д 9200 м.кв газарт эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон боловч “Ш*******” ХХК нь одоог хүртэл эзэмшиж буй газраа тэмдэгжүүлж /хашаа бариагүй/ кадастрын зурагт оруулж бүртгүүлээгүй байна.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т газар эзэмшигч аж ахуй нэгж байгууллага татан буугдсан бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ““Ш*******” ХХК нь нэр хариуцлагын хэлбэрээ өөрчилж “Ш*******” ХХК болон өөрчлөгдөж 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр татан буугдсан” гэсэн албан бичиг ирүүлжээ. Иймд “Ш*******” ХХК-ийн газар эзэмших эрх 2006 онд дуусгавар болсон.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан. “Ш*******” ХХК нь газрын төлбөрт 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1014300 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 82800 төгрөгийг тус тус нөхөн төлсөн боловч хугацаандаа газрын төлбөрийг төлж байгаагүй нь газар эзэмших эрхийг дуусгавар болгох нэг үндэслэл юм.

Иймд Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаар захирамжаар “М*******” ХХК-д эзэмшүүлсэн газар нь “Ш*******” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхацсан гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ш*******” ХХК нь аймгийн Засаг даргад 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өргөдөл гаргасныг судалж үзэхэд дараах асуудлууд гарч ирсэн. Үүнд “Ш*******” ХХК-ийн эзэмшил газар нь Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот захирамжаар олгосон “С*******” ХХК-ийн газартай зарим хэсгээрээ давхацсан байв.

Сүхбаатар сумын Засаг даргын шийдвэрээр “Ш*******” ХХК-ийн эзэмшилд олгогдсон газар доогуур дулааны салбар шугам дайран гардаг.

Мөн “Ш*******” ХХК-ийн эзэмшил газар, Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 295 дугаар захирамжийн хавсралтын 1-д байх “М*******” ХХК-ийн эзэмшил газруудын хооронд 971 м.кв хэмжээтэй давхцал үүссэн байна. “М*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаар захирамжаар “Г*******” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн.

Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан тохиолдолд П.Эд 9200 м.кв газрыг олгох боломжгүй, дулааны шугамын хамгаалалтын зурвас газарт хамааралтай 1501 м.кв, “Г*******” ХХК-ийн эзэмшил газартай давхацсан 971 м.кв газрыг хасаж тооцвол 6728 м.кв газар үлдэж байна” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсоёл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын шийдвэрээр “Ш*******” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь газрын улсын бүртгэлд байхгүй бөгөөд нөхөн бүртгэлд хамрагдаагүй.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын шийдвэрээр “М*******” ХХК-д олгогдсон 26583 м.кв, “Ш*******” ХХК-д олгогдсон 9200 м.кв газрууд нь хоорондоо 971 м.кв талбайгаар давхцаж байгаа боловч “М*******” ХХК-ийн газар нь шинэчилсэн кадастрын зургаар баталгаажиж, газрын улсын бүртгэлд ямар нэгэн давхцалгүйгээр бүртгэгдсэн байсан тул уг шийдвэрийг үндэслэж аймгийн Засаг даргын 2013 оны А/386 дугаар захирамжаар “Г*******” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн.

Үүний дараа “Г*******” ХХК нь газар эзэмших эрхээ бусдад хэсэгчлэн шилжүүлсэн бөгөөд тус компани нь өнөөдрийн байдлаар аймгийн Засаг даргын 2014 он А/293 дугаар захирамжийн дагуу 23568 м.кв газрыг эзэмшиж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “С*******” ХХК-ийн өмгөөлөгч А.М******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “П.Эгийн тус шүүхэд гаргасан өргөдөл нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний талийгаач ах Д.П*******н 1991 онд “Ш*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Ш*******” ХХК болгон өөрчлөн байгуулсан. Ийнхүү өөрчлөн байгуулахдаа компанийн хувьцаа эзэмшигчээр өөрийн эхнэр Ц.Б болон хүүхдүүд, түүнчлэн өөрийн төрсөн дүү Д.У намайг оруулахаар ярьж байсан. Харин улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хэн хэнийг оруулсныг мэдэхгүй байна. Учир нь миний бие тус компанид ямар нэгэн хөрөнгө оруулж, үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй. Уг компани Д.П*******н болон түүний гэр бүлийн компани юм” гэжээ.

Гуравдагч этгээд “Г*******” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай компани нь Сүхбаатар сумын Хонгорморьтын 1 дүгээр багт /хуучнаар Мод боловсруулах комбинатын мебелийн үйлдвэрт/ үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаар захирамжаар “М*******” ХХК-иас Сүхбаатар сумын 4 дүгээр багт байрлах газрыг шилжүүлж авсан.

Тухайн үед “Г*******” ХХК,”М*******” ХХК нь нэг хүний компани байсан. “М*******” ХХК нь хуучин “Монгол шүдэнз” ХК-ийн газрыг /1996 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 001344 дүгээр улсын бүртгэлтэй/ шилжүүлж авсан” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний талийгаач нөхөр Д.П*******н 1991 онд “Ш*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, 1996 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Ш*******” ХХК болгон өөрчлөн байгуулсан. Ийнхүү өөрчлөн байгуулахдаа компанийн хувьцаа эзэмшигчээр өөрийн эхнэр Ц.Б намайг, өөрийн төрсөн дүү Д.Уыг нэмж бүртгүүлэхээр төлөвлөн, бичиг баримтаа бүрдүүлж байсан боловч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахдаа 2 гишүүнтэйгээр бүртгүүлсэн. Улсын бүртгэлд байгаа 2 гишүүний нэгийг намайг байсан гэж үздэг.

Тус компанийн гишүүн буюу компанийг эрх залгамжлан авах эрх бүхий этгээд миний бие байсаар байхад манай компанийн эзэмшлийн газартай давхцуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр захирамжаар “С*******” ХХК-д газар эзэмшүүлсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр захирамж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаар захирамжийн “М*******” ХХК-д холбогдох хэсэг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаар захирамжийн “Г*******” ХХК-д холбогдох хэсэг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/293 дугаар захирамжийн “Г*******” ХХК болон нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Эгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Бгийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн “С*******” ХХК-д холбогдох хэсгийн газрын хэмжээний 4931 м.кв давхардсан хэсгийг, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/293 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1-р заалтын “Г*******” ХХК-д холбогдох хэсгийн газрын хэмжээний 971 м.кв давхардсан хэсгийг тус тус хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Ш*******” ХХК-ийн захирал Д.П*******нгийн хууль ёсны өв залгамжлагч П.Эгийн нэр дээр Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 м.кв газрын гэрчилгээ олгох шийдвэр гаргахыг даалгаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн “М*******” ХХК-д холбогдох хэсгийг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн С******* М.Үүрийнтуяа давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг эдлүүлээгүйд, Сэлэнгэ аймгийн С******* М.Цэвээн-Очир 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 223 дугаар захирамжаар улсын бүртгэлд байхгүй “Шитех” пүүсэд газар олгосон нь хэрэгт авагдсан материалаар нотлогдсоор байхад үл хэрэгссэн зэрэгт гомдолтой байна.

Мөн урд нь энэ хэрэгт холбоотой асуудлаар хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байсан хүн шүүх бүрэлдэхүүнд орсон нь хэргийг үнэн зөв, итгэл үнэмшилтэй шүүхэд нөлөөлсөн. Иймд уг хэргийг дахин хянан хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “С*******” ХХК-ийн төлөөлөгч С.Оюунчимэг, тус компанийн өмгөөлөгч А.М******* нар давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн шүүх Газрын тухай хуулийн 31.3, 61.1-д заасныг баримтлан Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр захирамжийн “С*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Гэтэл 2008 онд “Ш*******” ХХК-д дээрх давхацсан гэх газрыг олгосон ямар нэгэн шийдвэр, газрын зураглал, бүртгэл байгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон ба П.Э 2013 онд газар эзэмших хүсэлтээ өгсөн байдаг. 2008 онд сумын Засаг дарга газрын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа “Ш*******” ХХК-ийн захирал Д.П*******нгийн хууль ёсны өв залгамжлагч П.Э миний нэр дээр болгуулах шийдвэр гаргана уу гэжээ. Хавтаст хэргийн материалд “Ш*******” XXК болон захирал Д.П*******н гэж хүнд 9200 м.кв газар олгож байсан баримт байхгүй. П.Э өвлөж авсан үл хөдлөх эд хөрөнгийн газрыг авах хүсэлт гаргах эрхтэй.

Шүүх “Ш*******” ХХК-д газар олгосон гэж дүгнэсэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахгүй гэж шийдвэрлэсэн, иргэдийн төлөөлөгч С.Баасанжаргал дүгнэлт гаргахаас татгалзсаныг шийдвэрлэсэн зэрэг нь үндэслэл муутай болсон. Мөн П.Э нь 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай, 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авсан гэж 2 адил баримт шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан. Нотариатч Р.Төгсбаярыг нотариатчийн эрх, үүргээ ноцтой зөрчсөн гэж зохих газарт хандан шалгуулна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

              Иргэн П.Э нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2001 оны 223 дугаар захирамжаар өөрийн аав талийгаач Д.П*******нд эзэмшүүлсэн 9200 м.кв газрыг 2006 онд өвлөх эрхийн гэрчилгээгээр авсан байтал уг газрыг нь “С*******” ХХК-д давхцуулан эзэмшүүлсэн гэх үндэслэлээр “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, 9200 м.кв газрын гэрчилгээ олгохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй, мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулж, түүнтэй холбоотой ажиллагааг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэг. Давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд өмнө нь маргаан бүхий газрыг эзэмшигч нь “Шитех” пүүс болон иргэн Д.П*******нгийн аль нь болохыг тодорхойлж, нэхэмжлэгч П.Э нь маргаан бүхий газрыг өв залгамжлалын журмаар эзэмших эрхтэй эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ.

Хэрэгт нотариатч Р.Төгсбаярын гэрчилсэн нэхэмжлэгч П.Эд “7500 м.куб 160 м.кв талбайтай үйлдвэрлэл, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 9200 м.кв талбайтай эзэмшлийн газар”-ыг өвлүүлсэн 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ[1], мөн нэхэмжлэгчид “7500 м.куб 160 м.кв талбайтай үйлдвэрлэл, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө”-ийг өвлүүлсэн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ[2] тус тус авагдсан байх бөгөөд Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 301 дүгээр шийдвэрээр нотариатч Р.Төгсбаярын 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олгосон “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г хүчингүйд тооцсон байна.

Гэтэл анхан шатны шүүх “2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг  нотариатч Р.Төгсбаяр олгохдоо Нотариатын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэлээр Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр хүчингүй болгосон боловч нотариатч Р.Төгсбаярын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай П.Эд дээрх компанийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг өвлүүлсэн гэрчилгээг хүчингүй болгоогүй уг гэрчилгээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч П.Эг өв залгамжлах эрхтэй”  гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч талаас 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.П*******нгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гээгдүүлсэн үндэслэлээр хүчингүйд тооцуулахаар Үндэсний шуудан сонинд зарлуулсан зарыг үндэслэн тойргийн нотариатчид дахин хандаж ... 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг дахин авсан” гэх боловч хэрэгт авагдсан 2 өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгийг зөрүүтэй бичсэн, тодруулбал, нэхэмжлэгчийг тус газрыг өв залгамжлах эрхтэй гэж үзэхдээ үндэслэл болгосон 2013 оны өвлөх эрхийн гэрчилгээнд 9200 м.кв газар эзэмших эрхийг өвлүүлээгүй байх тул нэхэмжлэгч П.Эг 2013 оны өвлөх эрхийн гэрчилгээний дагуу маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

Иймээс шүүх нэхэмжлэгч ямар учраас 2013 онд өвлөх эрхийн гэрчилгээг дахин авсан, ямар учраас улсын бүртгэлд бүртгэгдээгүй[3] 2006 оны өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж тухайн газрыг эзэмших эрхтэй гэж гомдол, нэхэмжлэл гаргасан болохыг тодруулж, үнэн зөв, эргэлзээгүй баримтад тулгуурлан нэхэмжлэгч П.Э маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй эсэх, маргаан бүхий актуудын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Нөгөө талаас шүүх маргаан бүхий газрын эзэмшигч нь “Шитех” пүүс болон иргэн Д.П*******нгийн аль нь болох, нэхэмжлэгч П.Э нь тухайн газрыг эзэмшихээр маргах эрхтэй эсэхэд анхаарч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёр. Давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд өмнө нь маргаан бүхий газрын давхцлыг тодруулах шаардлагатай гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгч нь хэргийг анхан шатны шүүхэд буцааснаас хойш “С*******” ХХК-д газар давхцуулан эзэмшүүлсэн гэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр захирамжаас гадна мөн маргаан бүхий газарт газар давхцуулан эзэмшүүлсэн гэдэг үндэслэлээр “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 295 дугаар захирамжийн “М*******” ХХК-д холбогдох хэсэг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны А/386 дугаар захирамжийн “Г*******” ХХК-д холбогдох хэсэг, мөн аймгийн Засаг даргын 2014 оны А/293 дугаар захирамжийн “Г*******” ХХК болон нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

           Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 295 дугаар захирамжаар “М*******” ХХК-д 26538 м.кв газрыг эзэмшүүлж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны А/386 дугаар захирамжаар “М*******” ХХК-д эзэмшүүлсэн 26538 м.кв газрын газар эзэмших эрхийг 26562 м.кв болгон “Г*******” ХХК-д шилжүүлж, мөн аймгийн Засаг даргын 2014 оны А/293 дугаар захирамжаар “Г*******” ХХК-д шилжүүлсэн 26562 м.кв газрын газар эзэмших эрхийг салган “Г*******” ХХК-д 23567 м.кв, иргэн Ч.Нарангэрэлд 628 м.кв, М.Доржсүрэнд 625 м.кв, Д.Цогтбаатарт 627 м.кв, Ч.Насанжаргалд 630 м.кв /нийт 26077 м.кв/ газрыг шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүх дээрх захирамжуудын газрын хэмжээ өөр байгааг анхаарч, газрын хэмжээ бодит байдал дээр хэрхэн өөрчлөгдсөн буюу нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “Г*******” ХХК болон нэр бүхий иргэдийн газар нэхэмжлэгчийн маргаж буй газартай ямар байдлаар, ямар хэмжээгээр давхцаж байгааг тодруулж, хэрэв иргэдийн газартай давхцал бий болсон бол тэдгээр иргэдийг гуравдагч этгээдээр татан оролцуулах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “иргэний өмчлөлийн 7500 м.куб 160 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцуулан “С*******” ХХК-д газар олгосон” гэж, гуравдагч этгээд “С*******” ХХК-иас “дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй огт давхцаагүй” гэж зөрүүтэй тайлбар гаргаж байх бөгөөд гуравдагч этгээд “С*******” ХХК-ийн эзэмшиж буй газар нэхэмжлэгчийн маргаж буй газартай ямар хэмжээгээр давхцаж байгаа, уг үл хөдлөх эд хөрөнгө нь маргаан бүхий газрын хаана байрлаж байгаа, гуравдагч этгээдэд олгосон газарт хэсэгчлэн болон бүхэлдээ орсон эсэх нь тодорхой биш байна.

Хэрэгт маргаантай газруудыг хэрхэн давхцаж байгааг харуулсан тойм зураг авагдсан байх боловч нэгэнт талууд газрын давхцлын талаар маргаж байх тул үүнтэй холбоотойгоор шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсны дараа хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Иймээс давж заалдах шатны шүүх цуглуулсан баримтын хүрээнд хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

              Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “С*******” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ аймгийн С******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                              ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                              ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                              ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

           

 

 

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар тал

[3] 3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар тал