Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 310

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 33-1022 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, Шарав овгийн Доржжанцангийн Дуламсүрэнгийн хүсэлттэй

           “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Д.Дуламсүрэн, нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд малчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрий дэвтэр зөрчилтэйн улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Дуламсүрэн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Д.Дуламсүрэн нь 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд малчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь  Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 247 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 37 тоот тушаал, Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 145 тоот тушаалууд, 1988 оны 02 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт, 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар гэрч Д.Ичинноров, Т.Сэрчинсэнгэд, Т.Батсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарав овгийн Доржжанцангийн Дуламсүрэнг 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд малчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА