| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0158/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/170 |
| Огноо | 2021-08-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/170
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг
Шүүгдэгч Г.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Мөнгөнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Харъяат овогт Ганболдын *******т холбогдох эрүүгийн 2115000000155 дугаартай, 163/2021/0158/ индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Харъяат овогт Ганболдын *******, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, _________ оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү, хүүхдийн хамт амьдардаг. Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7.4 дүгээр зүйлийн 7, 9 дэх хэсэгт зааснаар зан төлөвийн өөрчлөлт, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн эмгэг судлалын тасагт 2 жилийн хугацаагаар албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрэг хариуцах чадваргүй гэх, /РД: ______/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 5 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах “Амтат бейкери” нэртэй түргэн хоолны газраас хохирогч С.Дагийрэнцэнгийн “Samsung-А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2115000000155 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 5 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах “Амтат бейкери” нэртэй түргэн хоолны газраас хохирогч С.Дагийрэнцэнгийн “Samsung-А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Дагийрэнцэнгийн өгсөн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн ах болох Ялалтын “Амтат бейкери” нэртэй Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах түргэн хоолны газарт цэвэрлэгээ хийж байгаад тэндээ ганцаараа хоносон юм. Шөнө 12 цагийн үед урд өдөр нь танилцсан ******* гэх эмэгтэй над руу дохиод байсан юм. “Би буцаагаад залгатал “танай ажил дээр очиж болох уу?” Би даараад байна, надад нэг аяга халуун цай өгөөч” гэхээр нь би “завтай бол манай ажил дээр хүрээд ир” гэж хэлсэн юм. Гэтэл төд удалгүй ахын ажил дээр хүрээд ирсэн. Би хаалгаа тайлж оруулаад бид 2 хэсэг юм ярьж суусан. Тэгээд би халуун цай хийж өгөөд цаад өрөөндөө юмаа янзлаад байж байсан. ******* төв зааланд сууж байсан. Шөнийн 04 цагийн үед чи байна уу? гэхэд ******* байхгүй болсон байсан. *******ийг явсныг мэдээд утсаа үзтэл утас маань байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,
Гэрч А.Ялалтын өгсөн: “...Би Дагийрэнцэнгийн төрсөн ах нь юм. Манай дүү сэтгэцийн өвчлөлөөр эмчийн хяналтанд байдаг. Би асран хамгаалагч нь бөгөөд нэг гэрт амьдардаг юм. Дагийрэнцэнг манай “Амтат бейкери” нэртэй түргэн хоолны газартаа туслуулдаг юм. Дагийрэнцэнд би 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн “Мобиком”-ын салбараас 950.000 төгрөгөөр “Samsung-A51” маркийн цагаан өнгийн утас худалдаж авч өгч байсан юм. 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр утсаа алдсан гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Гэрч Э.Нэргүйгийн өгсөн: “...Би *******ийг танихгүй. ******* нь “эмчилгээ хийлгэхээр хот явах гээд мөнгөний хэрэг гарчихаад байна. Миний өөрийн утас” гэж хэлсэн бөгөөд “манай нас барсан нөхөр маань авч өгч байсан” гэж надад хэлсэн. Би итгээд мөнгөө өгөөд худалдаж авсан юм. Би 150.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,
Хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-ОРХ/172 дугаартай: “...Samsung A51 маркийн гар утасны зах зээлийн үнийг 600.000 төгрөгөөр тодорхойллоо. ...” гэх дүгнэлт /хх-30-32 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №21 дугаартай: “...Г.******* нь F60.3 Бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй эмгэг өвчтэй болно. Ийм өвчтэй хүмүүс нь сэтгэцийн хувьд тогтворгүй зан ааштай байдаг бөгөөд аливаа юмыг бодож тунгааж хийх бус өөрийн дур ааштай байдаг. Аливаа юмыг бодож тунгааж хийх бус өөрийн дур хүсэл сэтгэл хөдлөлдөө захирагдах нь их. Энэ нь өөрийн мэдэлгүй гэнэтийн төрх үйлийг ихэвчлэн гаргана. Өөрийгөө захирч чадахгүй байн, байн хулгай хийх, дэмий тэнэх, өөртөө хяналт тавих боломжгүй завхайрах, архидах хандлагатай байдаг. Г.******* нь 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэрэг учрал болох үед F60.3 бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй эмгэг өвчтэй байсан. Энэ эмгэг нь хүнд хөнгөний зэргээр үнэлэгддэггүй намжмал үе болон сэдрэлийн үе гэж байдаг. Г.*******ийн хувьд сэдрэлийн үедээ буюу хулгай хийх, худлаа ярих, дэмий тэнэх, хэнтэй ч хамаагүй унтах зэрэг шинжээр илэрч байсан. 2020 оны 6 дугаар сараас эхлэн өвчин сэдэрсэн болно. Г.*******ийн хувьд дэмий тэнэх болон хулгай хийх зэрэг гэнэтийн хүчлэгдсэн дотоод ертөнцийг нь эзэмдсэн эмгэг дур төрсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох, ухамсарлан ойлгох чадваргүй байсан болно. Г.******* нь хэрэг хариуцах чадваргүй болно. Г.*******т албадан эмчилгээ хийх шаардлагатай болно. ... ” гэх дүгнэлт /хх-37-38 тал/,
Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гар утасны нэрийг бол мэдэхгүй байна зүгээр танина. Булган сумын төвд байрлах бейкери гэх түргэн хоолны газарт тэр хүн ганцаараа байна ханиндаа хамт байя хүрээд ирээч гэхээр нь би оройн 23 цаг өнгөрөөгөөд очсон. Очиход тухайн залуу ганцаараа байсан. Би хамт хэсэг сууж байгаад тухайн газраас гарахдаа гар утсыг нь авч нэг хүнд бэлэн мөнгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө идэж уух зүйл аваад дууссан. ...” /хх-55-56 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Дагийрэнцэн, гэрч А.Ялалт нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Г.*******ийн үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай боловч өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ үйлдсэн болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Г.*******ийн хохирогч С.Дагийрэнцэнгийн эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.******* нь 2021 оны 5 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах “Амтат бейкери” нэртэй түргэн хоолны газраас хохирогч С.Дагийрэнцэнгийн “Samsung-А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Дагийрэнцэнд 600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг биет байдлаар төлж барагдуулснаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Э.Нэргүйд 150000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч уг хохирлыг төлж барагдуулснаар иргэний нэхэмжлэгч С.Нэргүй нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Иймд шүүгдэгч Г.*******ийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэрэг учрал болох үед F60.3 бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй эмгэг өвчтэй байсан бөгөөд энэ эмгэг нь хүнд хөнгөний зэргээр үнэлэгддэггүй намжмал үе болон сэдрэлийн үе гэж байдаг ба Г.*******ийн хувьд сэдрэлийн үедээ буюу хулгай хийх, худлаа ярих, дэмий тэнэх, хэнтэй ч хамаагүй унтах зэрэг шинжээр илэрч байсан. 2020 оны 6 дугаар сараас эхлэн өвчин сэдэрсэн болно. Г.*******ийн хувьд дэмий тэнэх болон хулгай хийх зэрэг гэнэтийн хүчлэгдсэн дотоод ертөнцийг нь эзэмдсэн эмгэг дур төрсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох, ухамсарлан ойлгох чадваргүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай улсын яллагчийн санал үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийн сэтгэцийн байдал, нийгэмд учруулж буй хор уршигтай үйлдэл давтагдах шинжтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.*******т 1 жил, 6 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн эмгэг судлалын тасаг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйл, 19.3 дугаар зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харъяат овогт Ганболдын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Г.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 7, 9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Харъяат овогт Ганболдын *******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, зан төлөвийн өөрчлөлт, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн эмгэг судлалын тасагт 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэтгэцийн эмгэг судлалын тасагт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Г.*******ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР