Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/66

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,    

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г овогт Д-ийн Ш-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008000001432 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  1991 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, Баянгол шинэ өргөө тохижилт үйлчилгээний компанид хог ачигч ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт, Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Хувьсгалчидын *** дугаар гудамжны **** тоотод оршин суух хаягтай, оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэг өвчтэй, хэрэг хариуцах чадвартай, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1029 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгг зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн, Г овогт Д-ийн Ш /РД:НБ*****/,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Д.Ш нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 19-20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран" зоогийн газрын үүдэнд, утсаар залгаж “эхнэрээ ирж ав” гэж хэлсэн гэх шалтгаанаар Э.С-ын зүүн өвдөг тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 19-20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтан-Овоо ** тоотод урьд хамтран амьдарч байсан Т.М үл ялих зүйлээр шалтаглан баруун гуянд нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирил хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад : Шүүгдэгч Д.Ш нь :

2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 19-20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран" зоогийн газрын үүдэнд, утсаар залгаж “эхнэрээ ирж ав” гэж хэлсэн гэх шалтгаанаар Э.С-ын зүүн өвдөг тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн

2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 19-20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтан-Овоо ** тоотод урьд хамтран амьдарч байсан Т.М үл ялих зүйлээр шалтаглан баруун гуянд нь хутгаар хатгаж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

- хохирогч Э.С-ын: “...Тэр үед М надад “чамд пиво авч өгөхгүй” гэхэд нь би уурлаад, хамтран амьдрагчийн салсан нөхөр Ш-ын утас руу залгаж “эхнэрээ ирж ав” гэж хэлсэн. Ш 30 орчим минутын дараа ирээд “гурвуулаа гарч байгаад учраа олъё” гээд бид 2 түрүүлээд гарсан. Харин М гэртээ үлдсэн. Гараад Ш намайг хашааны буланд шахаж зогсоож, миний пальтоны захаас барьж байгаад “чи гөлөг минь намайг мэдэх үү? Би бол Их наранд их том атаман шүү. Чамайг алчихсан байхад хэн ч намайг яаж ч чадахгүй шүү” гэж хэлсэн. Эцэст нь “надад хууль үйлчлэхгүй шүү” гэж хэлсэн. Тэгж хэлж дуусаад хүрэн бариултай хутга халааснаасаа гаргаж ирээд, миний гэдсэн тус газарт тулгаж байгаад “чамайг ална" гээд байсан. Би тэр үед “туслаарай, хүн аллаа” гээд орилсон. Тэгтэл намайг тавиад, хутгаа зүүн өвдгөн тус газарт тулгаад, баахан л юм яриад байсан. Нэг мэдэхэд хутгаа авахад би хашааны хаалгаар гараад доошоо гэр лүү зугтаасан. Араас Ш хутгаа бариад хөөгөөд, араас ирээд бариад авсан. Тэгээд манай хашааны дээд талд байдаг ногоон өнгөтэй “Наран зоог” гэх байшингийн үүдэнд аваачиж байгаад, зүүн өвдгөн тус газарт хутгалсан. Би шууд доошоо гүйсэн. Ш тэндээ үлдсэн. Миний хувьд Ш гэх хүнийг зодож, цохисон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-39-40/,

-хохирогч Т.М: “...тэр өдөр, орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтан-Овоо *** тоотод гэртээ ирээд, хоол унд хийх санаатай байж байхад, С надаас “пиво аваад өгөөч” гэхээр нь “надад мөнгө байхгүй” гэж хэлэхэд С уурлаад, өөрийнхөө утсаар миний салсан нөхөр болох Ш-ыг утсаар дуудаад “эхнэрээ ирж ав” гэж хэлсэн. Ш 30 орчим минутын дараа ирээд, С тэр хоёрын дунд хэрүүл болсон. Ш “гурвуулаа гадаа гарч уулзъя” гэхээр нь би өрөөндөө үлдсэн. Харин тэр хоёр гадагшаа гарсан. Би зүүн зүгт харсан цонхоороо харж байтал Ш С-ыг хашааны буланд шахсан байдалтай зогсож байсан. Би буцаад хоол хийх гээд суугаад, жоохон байж байгаад цонхоор хартал тэр хоёр байхгүй болчихсон, харин Ш хашааны хаалгаар хутга барьчихсан орж ирж байсан. Тэгээд шууд хоёр давхарт гараад манай өрөөнд Ш орж ирээд “чамайг алчихъя” гээд хүрэн бариултай хутгаар баруун гуян тус газарт нэг удаа хутгалсан. Тэгээд шууд зугтаагаад гараад явсан. Хөрш айлын эгч Булганхангай цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай салсан нөхөр Ш хүрэн модон бариултай хутгаар миний баруун гуян тус газарт нэг удаа хутгалсан. ...” гэх мэдүүлэг /хх-31-32/,

- гэрч Д.О: “...2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн орчим гэртээ байж байхад миний хүү С 8968*** дугаарын утсаар над руу залгаад, намайг М хуучин нөхөр хүрэн бариултай хутгаар хутгалчихлаа, би айгаад зугтааж байна гэж хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Алтан-Овоо ** тоот руу явж байхад гудамжинд хүүгийн маань зүүн өвдөг орчмоос цус гоожсон байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

           - гэрч О.Б-н: “...Тэр үед 7 тоот өрөөний эмэгтэй болох Марал-Эрдэнэ намайг хутгалчихлаа гэж орилохоор нь гартал баруун гуянаас нь цус гоожиж байсан. Би тэгээд түргэн болон цагдаад дуудлага өгсөн. Намайг гараад харахад 2 давхарын шатаар нэг танихгүй залуу гүйгээд хашаанаас гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

- шинжээчийн дүгнэлт: Т.М биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйллэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна. гэх дүгнэлт /хх-52-53/,

- шинжээчийн дүгнэлт: “Э.С-ын биед зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйллэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна. гэх дүгнэлт /хх-55-57/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “...1. Д.Ш нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. 2. Д.Ш нь өөрийн сэтгэцийн түвшинд болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Д.Ш нь Оюун ухааны коэффициент нь IQ=56 байна. Үүнээс хэл ярианы сорилуудад авсан нийт онооны нийлбэр Вер IQ=65% ws=25/ байна. Өөрийгөө бусдад ойлгуулах чадвартай байна. 4. Д.Ш нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. 5. Д.Ш нь хэрэг үйлдэх үедээ болон хэрэг үйлдсэний дараа өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. 6. Д.Ш нь хэрэг хариуцах чадвартай байна. 7. Д.Ш-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. гэх дүгнэлт /хх-64-66/,

- шүүгдэгч Д.Ш-ын: “...Миний хуучин эхнэр Т.М хамтран амьдрагч болох С залгаад “чи эхнэрээ ирж ав, муу нусгай банди минь” гээд гэрийн хаягаа зааж өгсөн...Би очоод хүрэн иштэй хутгаа гаргаж байгаад С-ын гэдсэн тус газарт тулгаж “чи ер нь яах гээд байгаа юм бэ? Чамайг ална шүү" гэж хэлсэн. Тэгтэл С “туслаарай” гээд орилоод, хашааны хаалгаар гараад, доошоо зугтаасан. Би араас нь хөөж байгаад Наран зоогийн газрын үүдэнд С-ын зүүн өвдгөн тус газарт хүрэн бариултай хутгаар хутгалсан. Тэгээд С зугтаасан. Харин би буцаж ороод М баруун гуян тус газарт хутгалчихаад, гараад явж байгаад хүрэн иштэй хутгаа цементэн гүүрний доод талд хутгаа нуусан. Удалгүй цагдаа нар ирээд баригдсан. Миний хувьд зүгээр гэртээ байж байсан. Харин тэгэхэд С залгаад “чи муу нусгай банди эхнэрээ ирж ав" гэх мэтээр хэрүүл хийгээд байсан. Миний уур хүрсэн. Хүрэн бариултай хутгаа аваад тэдний гэр лүү очсон юм. Харин хүн алах санаа зорилго байгаагүй. ..” гэх мэдүүлэг /хх-90-92/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүний эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, баримтгүй байх тул /х-39-40, 31-32/ нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

Шүүгдэгч Д.Ш урьд нь эрүүгийн 2 хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан байх тул /х-82, 107-110/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, бага насны 3  хүүхэдтэй, тус хүүхдүүдийг шүүгдэгчийн ээж асардаг болон түүний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-75-80, 96/ байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь   хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хүрэн модон бариултай, ажлын хэсэг нь 14 см, бариулын урт 12 см, 1 ширхэг хутга /хх-4-5, 115/ хураагджээ.      

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Д.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүний эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

Д.Ш-т оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ш торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох хүрэн модон бариултай, ажлын хэсэг нь 14 см, бариулын урт 12 см, 1 ширхэг хутгыг зохих журмын дагуу устгасугай.

6. Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн  эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР