| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0102/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тулынхан овогт Оюунбаатарын *******д холбогдох эрүүгийн 2115000000068 дугаартай, 163/2021/0102/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Тулынхан овогтой Оюунбаатарын *******, 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ................... оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:............/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн ******* сумын нутагт оршин суух иргэн Б.*******аас “тугал зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 200000 төгрөгийг П.Дашбямбын Хаан банкны 5101101410 дугаарын дансаар дамжуулан авч залилах гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Баяртулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын эхнээс Булган аймгийн ******* суманд малжих зорилгоор “Тугал авна” гэсэн зар тавьсан юм. Тэгээд хүмүүстэй наймаа хийж тугал худалдаж авч байсан. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэт хотоос 99367636 дугаараас залгаад “******* байна, манайх ******* сумын “Алтан-Уул” гэх газар байдаг 1 тугал заръя” гэж надаас 200000 төгрөг, 5901101410 дугаарын Хаан банкны дансаар би мобайлдаж дансанд нь хийсэн. ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-39 тал/,
Гэрч Э.Ариунцэцэгийн өгсөн: “...******* суманд манайх 2019 оны 11 дүгээр сараас “тугал худалдаж авна” гэсэн зар тавиад хүмүүсээс тугал худалдаж авч байсан. Урьд нь хүмүүст тугалны мөнгө өгөөд тугал авч байсан. Сүүлийн 5 хүнд 1820000 төгрөгийг өөрийн данснаас мобайл банкаар шилжүүлж өгч байсан. Одоо тэдгээр хүмүүс нь утсаа авахгүй худлаа яриад алга болсон байна. Яг ямар хүмүүст өгч байсан гэдгийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-42 тал/,
Гэрч Ц.Тунгалагийн өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байх манай гэрт ******* гэх цэргийн ангид ажилладаг залуу ирээд “таныг Тунгаа гэдэг үү? та над руу залгаад “тугал зарна” гэж хэлээд мөнгө авсан. Танайх 4 тугал зарсан байна, одоо тугал аа авъя” гээд ирсэн. Тэгэхээр нь “манайх ерөөсөө тугал зараагүй, чам руу ерөөсөө утсаар залгаж мөнгө аваагүй” гэдгээ хэлсэн. Тэгээд тэр залуу яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-43-44 тал/,
Гэрч Л.Далантайгийн өгсөн “...Тэгээд байж байхад Уранзориг “******* суманд хүн тугал худалдаж авч байгаа” гэж хэлэхэд цуг явсан ******* нь “байшингийн мөнгө хийх хэрэгтэй байгаа” гээд Уранзоригоос нөгөө тугал худалдаж авна гэсэн хүний дугаарыг авч байгаад залгаад дараа нь миний дансанд хүнээр мөнгө хийлгүүлж мөнгө шилжүүлж авсан. Тэгээд бид хэд хоёр гурван хоног архи ууцгаасан санагдаж байна. Тэрнээс хойш Лхагвасүрэн Уранзоригоос нөгөө тугал худалдаж авна гэсэн хүний дугаарыг авч тэр хүн рүү залгаж “тугал зарна” гэж хэлээд хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж аваад байсан. Яг ямар дансаар хэдэн төгрөг авсныг мэдэхгүй байна. Сүүлд хэд хоногийн дараа намайг Лхагвасүрэнгийн гэрээс явах гэтэл Лхагвасүрэн надаас миний гар утсыг авч байгаад нөгөө тугал авна гэсэн хүн рүү залгаж “тугал худалдана” гэж хэлээд мөнгө шилжүүлж авсан. Тухайн үед юу гэж хэлээд мөнгө төгрөг авч байсныг санахгүй байна. ...******* эхлээд “тугал худалдаж авна” гэсэн хүн рүү залгаж мөнгөө миний дансаар шилжүүлж авсан. Дараа нь ******* дахиж тэр хүн рүү залгаж мөнгө төгрөг аваагүй. Харин Лхагвасүрэн тугал авна гэсэн хүн рүү залгаж “тугал зарна” гэж хэлээд мөнгө дансаар шилжүүлж аваад байсан. Лхагвасүрэнд хүн ерөөсөө үг зааж өгөөгүй. ...Уранзориг, ******* хоёр Орхон аймаг руу яваад Уранзориг эргэж ирсэн шиг санагдаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Баяртулгын яллагдагчаар өгсөн: “...Би Лхагвасүрэн эгчийнд байхдаа Уранзоригт хандаж “би ажил олж хиймээр байна, тэгэхгүй бол хашаа байшингаа хураалгах гээд байна, банкны мөнгөө төлж чадахгүй хэцүү байна” гэж хэлсэн чинь Уранзориг надад “*******т бярууны мөнгө тарааж байна лээ” гэж хэлэхээр нь Уранзоригоос “тэр хүнийхээ дугаарыг өгчих, би залгаж бяруунаасаа худалдана” гэж хэлээд дугаарыг нь авсан. Одоо дугаарыг нь санахгүй байна. Би өөрийгөө “******* гэдэг хүн байна, нэг тугал зарна, мөнгийг нь дансаар шилжүүлчих” гэж хэлээд Далантай гэдэг хүүхний дансыг авч байгаад 200000 төгрөг дансаар нь авсан. Би өөрөө тэр үед банкны карт, бичиг баримтгүй явсан болохоор Далантай эгчийн дансыг ашигласан. ...” гэх мэдүүлэг /хх-82 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.******* нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн ******* сумын нутагт оршин суух иргэн Б.*******аас “тугал зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 200000 төгрөгийг П.Дашбямбын Хаан банкны 5101101410 дугаарын дансаар дамжуулан авч залилах гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-39 тал/, гэрч Э.Ариунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-42 тал/, гэрч Ц.Тунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-43-44 тал/, гэрч Л.Далантайгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 62 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд О.Баяртулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-82 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Баяртулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч О.Баяртулгыг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн ******* сумын нутагт оршин суух иргэн Б.*******аас “тугал зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 200000 төгрөгийг П.Дашбямбын Хаан банкны 5101101410 дугаарын дансаар дамжуулан авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар О.Баяртулгын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч О.Баяртулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
“Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Баяртулгын хохирогч Б.*******аас “тугал зарна” гэж хэлж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч мэхлэн 200000 төгрөгийг залилан авсан үйлдлээр түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч О.Баяртулгын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Баяртулгыг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн ******* сумын нутагт оршин суух иргэн Б.*******аас “тугал зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 200000 төгрөгийг П.Дашбямбын Хаан банкны 5101101410 дугаарын дансаар дамжуулан авч залилсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******т 200000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч О.******* нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Баяртулгыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч О.Баяртулгын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч О.Баяртулгын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч О.******* 8 хоног цагдан хоригдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тулынхан овогтой Оюунбаатарын Баяртулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баяртулгыг 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баяртулгын цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 64 цагийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хасч, нийт 636 /зургаан зуун гучин зургаа/ цагийн ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 636 /зургаан зуун гучин зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Тохижилт үйлчилгээний ангид эдлүүлэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.*******д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч О.******* нь 8 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.*******ас 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ******* сумын --- дугаар багийн Цахир гудамж, Хилчин хотхонд оршин суух Батбаатарын *******т олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР