Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангууд овогт Лувсандоржийн *******од холбогдох эрүүгийн 2115000000083 дугаартай, 163/2021/0109/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Тангууд овогт Лувсандоржийн *******, 1967 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт............оршин суух , Урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: .............../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2115000000083 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ Л.*******тай маргаж, түүний биед зүүн хацарт 1 тооны язарсан шарх, зүүн нүдний зовхинд 1 тооны цус хуралт, хамар, зүүн хөмсөгний урд хэсэг, чих, чихний ар хэсэгт 4 тооны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.*******ын өгсөн: “Би Орхон аймгаас найз *******ар Бугат сумын 1 дүгээр багт байрлах гэртээ хүргүүлж ирсэн. Орхон аймгаас ирэхдээ нэг шил архитай ирсэн. Хажуу айлын Болдбаатарыг дуудаад нэг шил архи хувааж уусан. Болдбаатар “манай гэрт хүмүүс ирчихлээ, чи наад архиа ууж дуусчихаад манай гэрт хүрээд ирээрэй, хоосон байхгүй байх” гэж хэлсэн. Би Болдбаатарын гэрт найз Баттулгын хамтаар очсон. Намайг очиход Болдбаатарын гэрт хүмүүс байсан. Болдбаатарын гэрт байсан хүмүүс яваад Болдбаатар бид 2 хоорондоо юм ярьж сууж байгаад Болдбаатар миний нүүрлүү бахиар цохиж гэмтэл учруулсан гэж ******* ярьж байсан. Би санахгүй байгаа юм. ******* даралт ихтэй гээд архи уугаагүй. ******* намайг Болдбаатарын гэрээс Орхон аймаг руу авч яваад нүүрэнд 6 тооны мэс заслын оёдол тавиулсан. Би болсон үйл явдлаа сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-10-12 тал/,

“...Би урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ Болдбаатар гэдэг хүнд зодуулсан гэж мэдүүлэг өгсөн. Намайг зодсон хүнийг Болдоо гэж дууддаг байсан болохоор мэдүүлэг өгөхдөө Болдбаатар гэж нэрийг нь андуурч өгсөн байна. Эм тариа бензин тосныхоо мөнгийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,

Гэрч Д.Баттулгын өгсөн: “...Болдбаатарын гэрт хүмүүсийн ууж байсан архинаас Болдбаатар, ******* 2 хувааж уусан. ******* Болдбаатарын гэрт нилээн согтсон. Болдбаатар намайг “машины акумлъяторын толгойны шонг цутгаад өг” гэж гуйсан. Би гадаа акумлъяторын шон цутгах гээд машины хажууд сууж байхад *******ыг Болдбаатар гэнэт барьж аваад газар унагааж хойд дагзаар нь газар мөргүүлээд байсан. Би тоглож байгаа юм байх гэж бодож байтал гарандаа барьж байсан бахиар Болдбаатар зүүн талын хацар хэсэгт цохисон. Болдбаатар дахин гартаа хайч билүү автерка барьчихаад ахиж цохих гээд байсан. Би Болдбаатарыг *******аас салгаж аваад гэрлүү нь явсан. ...*******ыг аваад Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиж, зүүн талын хацар дээр нь мэс заслын оёдол тавиулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,

“...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр ярих зүйл байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр *******ыг Болдбаатар гэж бүтэн нэрийг нь андуурч мэдүүлэг өгсөн байна.Үүнийг засч хэлмээр байна. *******ыг манай нутгийнхан Болдоо гэж дууддаг болохоор нь жинхэнэ нэр нь Болдбаатар байх гэж бодоод Болдбаатар гээд мэдүүлэг өгсөн байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-20 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 74 дугаартай: “Л.*******ын биед зүүн хацарт 1 тооны язарсан шарх, зүүн нүдний зовхинд 1 тооны цус хуралт, хамар, зүүн хөмсөгний урд хэсэг, чих, чихний ар хэсэгт 4 тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийнн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх- 30-31 тал/

Шүүгдэгч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед ******* миний 95662541 гэсэн дугаарлуу залгаад намайг “үүдэндээ гараад ирээч, би очиж явна” гэж ярихаар нь би гэрийнхээ үүдэнд гараад байж байхад ******* найз Тулгаа /бүтэн нэрийг мэдэхгүй/, өөрийн эхнэр Сараа /бүтэн нэрийг мэдэхгүй/ тэр гурав цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ******* намайг “машинд суу, би ийм машин авлаа, дуу чимээ чагнаадхаач” гэж хэлээд суулгасан. Тэгээд *******ын гэрлүү очсон. ******* нэр, хэмжээг нь мэдэхгүй байна 1 шил архи гаргаж ирээд Тулгаа, ******* бид гурав уусан ба би гурван хундага уучаад “та хоёр уу, би харьлаа, манайд хүмүүс ирнэ” гэж хэлээд *******ын охиноор гэртээ хүргүүлсэн. Манайд 14 цагийн үед эхнэрийн нэрийг нь мэдэхгүй хоёр найз нь хүрч ирсэн байж байхад *******, Тулгаа хоёр манайд согтуу орж ирээд ******* нь хүмүүст зориулж жигнэж өгсөн бууз руу шүлсээ үсэргээд хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулж “намайг рамны Дээмээ гэдэг, энэ муу үхрийн бааснууд бүгд намайг мэднэ” гэж хэлээд агсам согтуу тавих маягтай болохоор нь би *******ыг “гаръя” гэж хэлээд Тулгааг дагуулаад гарсан. Машины акумлъяторыг засварлах гээд зогсож байхад ******* машины акумлъятор болон тэр хавиар байгаа багажийг өшиглөөд байхаар нь манай эхнэр Дагийбазар хүрч ирээд *******ыг “харь” гээд хашаанаас гаргаад хашаагаа хаагаад тугалын хашаан дотор байж байхад ******* буцаж орж ирсэн. Би жижиг сандал дээр сууж байхад ******* хүрч ирээд миний цамцны арын захнаас татаад “эхнэрийг чинь шаачаад гараад ирье” гэж хэлэхээр нь миний уур хүрээд босоод эргээд баруун гараараа цээж хэсэгт нь нэг удаа арагш нь түлхэхэд ******* арагшаагаа газарт унасан. ******* босоод ирсэн чинь *******ын хацарнаас нь цус гарч байсан. Яг аль хацарнаас нь цус гарсныг мэдэхгүй байна. *******ын унасан газарт миний машины янзалж байсан түлхүүр, багаж хэрэгслүүд байсан. Мөн чулуутай газар байсан юм. ******* нь надад түлхүүлээд газар унахдаа юманд зүүн хацраа гэмтээсэн байх. ...” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.*******ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Л.*******ын хохирогч Л.Дэмчигаравыг цохиж гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Л.******* нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг Шанд гэх газарт хамт архи ууж байсан Л.*******тай маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас Л.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний зардал болон шатахууны зардал нэхэмжилнэ гэх боловч үүнтэй холбоотой баримтьг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хохирогч Л.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзэв.

 

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хавтаст хэргийн 50-54 дугаар талд авагдсан түүний хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт мал маллан амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй байна.

Шүүгдэгч Л.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Л.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн зэвэрсэн бахь 1 ширхэгиийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тангууд овогт Лувсандоржийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******од оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******од сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Л.*******оос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн зэвэрсэн бахь 1 ширхэгиийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 


 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР