Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Ө                                                                          

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Э.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... өдөр Д аймгийн Э суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, туслах найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Э.Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотын гадаа эхнэр А.А-тэй маргалдан, биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 09 сарын 30-ны өдөр орой 20 цаг өнгөрч байхад шөнийн 03 цаг өнгөрч байхад эхнэрийн хамтаар гэртээ ирсэн байсан. Тухайн үед би маш их согтсон байсан учир гэртээ орохгүй гадаа суугаад байсан юм билээ. Гадаа манай эхнэр А.А нь “чи гэртээ ор л доо” гэж хэлсэн чинь би орж амрахгүй, орохгүй гэсэн юм билээ. Би тасарсан байсан согтуудаа ямар үйлдэл хийж байгаагаа мэдэхгүй ухаан орж гараад байсан юм. Тэгээд эхнэрийгээ зодсон байсан. Тухайн үед цагдаа нар ирж намайг авч явах гээд татаж байсан. Би тухайн үеийн үйл явдлыг сайн санахгүй байна. Цагдаа дээр ирснээ бараг муухан санаж байна. Шөнө үүрээр миний архи гарч эрүүлжүүлэхэд сэрсэн, би юу болсон талаар эхнэрээсээ асуусан чинь “чи намайг ямар ч шалтгаангүй зодож гараараа цохиж, өшиглөсөн” гэж хэлсэн. Би эхнэрээ ямар ч шалтгаангүй биед нь гар хүрч зодсон байсан маш их гэмшиж байна гэжээ. /хх-ийн 45-46/

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 сарын 30-ны орой 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирсэн. Тэгээд эхнэрийн хамт найзын төрсөн өдөрт очсон. Тэндээ сайхан байж байгаад шөнө 3 цагийн үед харьсан. Архи их уусан байсан учир гэртээ орохгүй гээд гадаа суугаад байсан юм билээ. Маргааш нь сэрэхэд Замын-Үүдийн эрүүлжүүлэхэд байсан. Их согтсон байсан учир юу болсныг санахгүй байгаа. Ийм хэрэг үйлдсэндээ өөртөө маш их харамсаж байгаа. Өөрөөсөө ичиж, дахин ийм хэрэг гаргахгүй, архи уухгүй гэж шийдсэн гэв.

Хохирогч А.А 2021 оны 10 сарын 01-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 сарын 30-ны өдөр манай найзын төрсөн өдөр болоод нөхрийн хамтаар найзындаа төрсөн өдөр тэмдэглэхээр очсон. Манай найзынд бүх найз нар маань ирсэн. Төрсөн өдөр сайхан болж өндөрлөсөн. Тэгээд нөхөр бид 2 гэртээ харих гээд нөхрийгөө аваад гэр рүүгээ явж гэртээ орох гэтэл манай нөхөр архи уугаад маш их согтсон байсан болохоор гэртээ орохгүй би дийлэхгүй гадаа суугаад байхаар нь би “чи гэртээ ор л доо” гээд өргөх гэсэн чинь “цаашаа бай” гээд түлхсэнээ шууд босож ирээд намайг учир зүйгүй зодсон. Тэгэхээр нь би согтуу хүн ямар ч үйлдэл хийж магадгүй гэж бодоод цагдаа дуудсан. Тэгээд л нэг их удалгүй цагдаа ирж манай нөхрийг аваад явсан. Өглөө нь нөхрийгөө эрүүлжүүлэхээс авч, болсон явдлыг хэлсэн чинь “намайг уучлаарай” гээд байсан. Манай нөхөр надад гар хүрээд цохих үед үүдний довжооны эрмэгт цохиулж зүүн чихний дээд хэсэгт хоёр оёдол тавиулсан. Манай нөхөр ямар нэгэн хатуу эд материал бариагүй харин гараараа миний толгой хэсэгт 2-3 удаа цохьсон, хөлөөрөө миний биеийн баруун хөл рүү 2-3 удаа цохьсон. Мөн миний үснээс үсдээд чирсэн тэгсэн чинь миний толгойноос цус гарч байсан. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.   /хх-ийн 07-08, 48/

Гэрч Э.У-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед С гэх манай найзын төрсөн өдөр болсон юм. Бид бүгд гэр бүлийн хамтаар найзынхаа төрсөн өдөр ирж тэндээ сайхан сууж юм ярьж байгаад хоол унд болон баярын ширээний архи, дарс, пиво хувааж ууцгаасан. Ер нь тэнд ирсэн хүмүүс адилхан архи ууж байсан. Манай найз А-ийн нөхөр нь их согтсон байсан болохоор манай найз А нөхрөө аваад гэр рүүгээ явсан гэжээ. /хх-ийн 15-16/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 04/221 дугаартай дүгнэлт: 1. А.А-ийн биед гэмтэл учирсан байна. 2.А.А-ийн биед хуйханд дагз хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сархиулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 25-26/ 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх-ийн 01/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 03-04/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23-24/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүлд багын Засаг даргын тодорхойлолт, иргэний мэдээлэл дэлгэрэнгүй лавлагаа, захиргааны хэрэгт холбогдож байсан тухай мэдээлэл /хх-ийн 31-35/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ... дугаартай тогтоол /хх-ийн 39-40/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50-51/

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 52/

Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 5/51 дугаартай тогтоол, прокурорын санал /хх-ийн 53-54, 58/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотын гадаа эхнэр А.А-тэй маргалдан, биед нь халдан зодож эрүүл мэндэд хуйханд дагз хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 04/221 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч А.А нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно. Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага байхгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.Б