Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1014

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овгийн А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2108 00000 1340 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овгийн А.М, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, тусгай дунд боловсролтой, ноос ноолуурын инженер мэргэжилтэй, “***” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.М нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2 дугаар гудамжны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэж бие махбодод нь “баруун нүдний гадна булан, зүүн хацар, бугалга, хөхний дээд хэсэг, нуруу, өвдөг, баруун өгзөгт цус хуралт, хамрын хянга, зүүн мөрөнд зулгаралт” бүхий хөнгөн санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, М овгийн А.М нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2 дугаар гудамжны ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цохих, өшиглөх зэргээр зодож, бие махбодод нь “...баруун нүдний гадна булан, зүүн хацар, бугалга, хөхний дээд хэсэг, нуруу, өвдөг, баруун өгзөгт цус хуралт, хамрын хянга, зүүн мөрөнд зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч А.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан бөгөөд би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;      

2. Хохирогч М.А-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа орох гээд нарийн мэргэжлийн шинжилгээ өгчхөөд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины ** тоотод байх гэртээ ирсэн. Манай нөхөр М согтуу, хамгийн бага охин болох А-ийн хамт байсан. Би нөхөр М-т хандаж яагаад архи ууж байгаа юм бэ гээд уурлахад нөхөр чамд ямар хамаатай юм бэ гээд хэрэлдсэн. М хоол унд хийж өгсөнгүй гэхээр нь би согтуу хүнд яаж хоол хийж өгөх юм бэ гэхэд босож ирээд миний баруун, зүүн шанаа руу тус бүр 2-3 удаа цохиод, хөлөөрөө баруун талын гуя руу 1 удаа өшиглөсөн. Мөн түлээний модоор хамар болон нуруу хэсэг рүү цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-13, 18 дугаар хуудас);

3. Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...М.А нь манай цэцэрлэгт туслах багшаар ажилладаг ба үе үе ажлаа тасалчихдаг. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа ирээгүй байхаар нь цэцэрлэгийн багш нар болох А, М, У, Ц нарыг гэр лүү нь явуулсан. Манай багш нар А-ийг дагуулаад ирсэн ба “А уйлчихсан, согтуу байна” гэж хэлсэн. Түүний өмнөх өдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр А эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэчхээд харьсан чинь нөхөр М нь зодсон талаар манай ажилчид ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);

4. Гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бид Цамбад байдаг 14 дүгээр төв дээр шинжилгээнд хамрагдсан. Тухайн үед А эгчийн нүүр нь хавдаад хамар нь хоёр нүд рүүгээ хавдаад хөхөрчихсөн байдалтай ирсэн. Та яачихсан юм бэ гэтэл байшингаа янзалж байтал мод унаад гэмтээсэн гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид нар та юу гэж худлаа яриад байгаа юм бэ, М ах таныг зодчихсон юм биш үү гэтэл А эгчийн нүдэнд нулимс цийлгэнээд би явлаа гээд явчихсан. Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өглөө ажил цугласан чинь А эгч ирээгүй ба манай эрхлэгч Ам, Ар, М, Ц, У бид тавыг гэр лүү нь явуулсан. Очиход гэр нь их хүйтэн, А эгч куртикээ өмсчихсөн буйдан дээр уйлчихсан сууж байсан. Тэгээд бид нарыг харчхаад М намайг өмнө нь ингээд зодсон гэж хэлсэн. М эгч чи ингээд ажлаасаа гарах гээд байгаа юм уу гэтэл А гэх охин нь аав ээжийн ам руу архи цутгаад уухгүй бол ална шүү гээд архи уулгасан гэж хэлсэн. Бид 5 А эгчийг хүүхдийнх нь хамт цэцэрлэг дээр авчраад цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 хуудас);

5. Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бид шинжилгээнд хамрагдаад Цамбагаравын 14 дүгээр төвд байж байтал А эгч нэлээн сүүлд ирсэн ба тухайн үед маск зүүчихсэн хамар, нүд хөмсөг нь хөхөрчихсөн байдалтай ирээд шинжилгээгээ өгөөд тарсан. Маргааш өглөө А эгч ирэхгүй байсан ба манай цэцэрлэгийн эрхлэгч Ам бид нарыг А-ий гэрт очиж үзээд ир гээд явуулсан. Ц, Мө, Ми, У бид 5 явсан. Очоод шууд хаалгыг нь онгойлгоод ортол М зуухны хажуу талд зогссон, согтуу, А эгч буйдан дээр куртик өмсчихсөн уйлаад, халамцуу байдалтай байсан. Тэгээд бид та яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ гэтэл А эгч бид нарыг хараад хэнгэнэтэл уйлаад М намайг ажилд явуулахгүй байна. Өмнөх өдөр нь зодсон гэж хэлсэн. Бид та яагаад архи уусан юм бэ гэтэл А эгч юм ярихгүй уйлаад байсан ба бага охин нь аав ээжийн ам руу архи өгөөд уулгасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);

6. Гэрч З.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цэцэрлэгийн ажил эхлэх гээд хамт олноороо Цамбагаравын 14 дүгээр төвд шинжилгээнд хамрагдсан. Тухайн үед шинжилгээнд хамрагдаж байхад А эгч маск зүүчихсэн, хар өнгийн хувцастай, хар өнгийн хоолойтой цамцтай ирсэн. А эгчийн хамрын гол дээр шалбарчихсан байдалтай түүнийгээ маскаараа нуугаад байсан. Маргааш өглөө нь А эгч ажилдаа ирээгүй ба цуг ажилладаг багш О эрхлэгч Ам-д би араас нь зөндөө яваад барсангүй, та нар залуу хүмүүс байна, гэрт нь очоод ир гэж хэлсэн. Тэгээд Ми, Ар, У, М бид 5 А эгчийн гэрт очсон чинь гэр нь хүйтэн, А куртик өмсчихсөн, хүүхэд нь даарчихсан байдалтай байсан. Би та галаа түлэхгүй яасан юм бэ, хүүхэд даарчихсан байна шүү дээ гэтэл М түлчихсэн гээд худлаа яриад байхаар нь зуухан дээр нь гараа тавьж үзтэл зуух нь хүйтэн, тагийг нь автал гал түлсэн шинжгүй байсан. А бид нарыг хараад М намайг зодсон, ажилд явуулахгүй байна гээд уйлаад байсан. М эгч чи энэ хүнийг яах гээд байгаа юм бэ, өнөөдөр ажлын өдөр, ажилд нь явуул гэж хэлэхэд А эгч хувцсаа өмсөөд явах гэтэл М урд нь зогсчхоод явуулахгүй гээд хориод байсан. Тэгэхээр нь бид нар хүүхдийг нь хувцаслаад ойр зуурын хувцсыг нь машинд хийчхээд цагдаа дуудна гэтэл М хувцсаа өмсөөд зугтаах гээд байсан. Тэгснээ М халааснаасаа баахан мөнгө гаргаж ирснээ таксины мөнгө авбал ав гэж хэлээд 10,000 төгрөг сугалж өгөхөөр нь бид нар хүүхдийн мөнгө авсныг мэдээд мөнгийг нь аваад А эгчид хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас);

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7842 дугаартай: “М.А-ний биед баруун нүдний гадна булан, зүүн хацар, бугалга, хөхний дээд хэсэг, нуруу, өвдөг, баруун өгзөгт цус хуралт, хамрын хянга, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 33-34 дүгээр хуудас);

8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 53-54 дүгээр хуудас), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 90-97 дугаар хуудас), хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 98-99 дүгээр хуудас),

9. Шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр А ажлын газрын хүмүүстэй шинжилгээ өгнө гээд аав А-аас 25,000 төгрөг авч явсан. Өдөр шинжилгээгээ өгчхөөд ирлээ гээд ирсэн. А намайг архи уулаа гэхээр нь би түүнийг гараараа 2-3 удаа цохиод, нэг удаа өшиглөсөн. Өмнө нь би А-ийг зодсон хэргээр 2 удаа баривчилгаа авч байсан. Түүний биед учирсан гэмтлүүдийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 64-65 дугаар хуудас);

10. Шүүгдэгч А.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 40 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 41 дүгээр хуудас), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-ийн 42 дугаар хуудас), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), шүүгдэгчийн орлогыг тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 44-50 дугаар хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 51-52 дугаар хуудас), цалингийн тодорхойлолт (хх-ийн 104 дүгээр хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 56-67 дугаар хуудас), шүүхийн шийтгэврийн хуулбар (хх-ийн 100-101 дүгээр хуудас), аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 53-55, 98-99 дүгээр хуудас), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 90-97 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 105-106, 112 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 255 дугаар тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.А-ий биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч А.М-ын үйлдэл хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.А-ий биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг өөрийн үйлдлээ хүсэж үйлдсэн гэж үзэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч А.М, хохирогч М.А нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч А.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж тус тус хуульчилсан тул зүйлчлэл хүндрүүлэх үндэслэл болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.М-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.М овгийн А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-т зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-т оногдуулсан зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.М-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА