Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Хохирогч Д.Э

Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн М сумын харьяат, ... өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, энэ хэрэгт холбогдохдоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Л.М-т /РД: .../ холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Л.М нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Д.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Э-ны ярьж байгаа зүйл үнэн. Э “ээж чинь намайг ажил төрөл хийдэггүй гэж хэлсэн, чи ээждээ намайг зөв ойлгуулсангүй” гээд байсан юм. Тэгээд машинаас буугаад явахаар нь би яах гээд байгаа юм бэ гээд татахад эсэргүүцээд байхаар нь нүүр рүү нь нэг удаа цохьсон, газарт унахаар нь босгоод ардаас нь тэврээд машин руу оруулаад, ийш, тийшээ өшиглөөд байхаар нь  гар, нуруу руу цохьсон. Цагдаа дээр байхдаа сандраад, зарим юмаа санахгүй мэдүүлэг өгсөн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Э-аас уучлалт гуйсан, одоо ийм асуудал гаргахгүй байя гээд ярилцсан, хамт амьдарч байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг ойлгосон, прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байна, торгуулийн ялыг 2 хувааж төлмөөр байна “  гэсэн мэдүүлэг

Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “М бид хоёр 5 жил хамтран амьдарч байна. Намайг урд нь зодож байгаагүй. М-ын ээжийн хэлсэн үгнээс болж тэр өдөр вино уух болсон юм. Орой нь М ажлаасаа ирээд намайг явъя гээд утасдсан, нилээд ууртай ярьсан, хамт байсан эгч намайг өмөөрөөд явуулахгүй гэж хэлсэн, нөхөр нь ч бас М-ыг гадаа машиндаа хүлээгээд байна гэж хэлсэн. Ингээд би гараад машинд суугаад М-ын ээжийн хажуу хашаанд очиж зогссон. Ээждээ намайг буруу ойлгуулсан гэж би хэлсэн. Тэгээд бие засах гээд машинаас буухад ардаас барьж аваад нүүр рүү цохихоор нь би газарт унасан, татаж босгоод гар өчөөд машиндаа суулгаад нуруу болон гар руу цохьсон, тусламж гуйх гээд хашгирах гэхээр дуугүй бай гээд хоолой боогоод байсан, ингээд жаахан тайвшрахаар нь бие заслаа гэж хэлээд машинаас бууж зүүн тийш явж, хүнээс тусламж гуйж цагдаад мэдэгдсэн. Тухайн үедээ нүүр хамар хавдсан, одоо бие хэвийн байгаа. Намайг дарамталж, хүч хэрэглэж мэдүүлэг өгүүлсэн хүн байхгүй. Бид 2 ярилцаж ойлголцсон, одоо хамт амьдарч байгаа, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг

Гэрч Р.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Тэр орой 22:40 цагийн орчим гэрээсээ гараад жорлон руу явж байтал хажуу хашааны завсраар Э согтуу бололтой орж ирээд намайг харснаа шууд балай авгай минь надад битгий заагаад байгаарай гээд өөдөөс явсан, араас нь М хашаа давж орж ирснээ Э-ыг араас нь тэврээд авсан. Би согтуудаа агсам тавьж байгаа юм байх даа гэж бодоод жорлон орсон. М хамар хашаанд машинаа тавьсан бололтой байсан ба Э-ыг аваад машин руу явчих шиг болсон. Намайг гарч ирээд харж байхад тэр 2 машин дотроо байж байгаа харагдсан. Харанхуй болохоороо бас хашааны завсраар харж байгаа болохоор надад сайн харагдахгүй байсан. Лав л Э орилоод машины хаалга өшиглөөд байгаа харагдсан. Удаагүй машинаас Э гарч ирээд гудамжаар зүүн тийшээ гүйж байсан, М араас нь хөөе хөөе гээд л үлдсэн. М над дээр ирээд намайг аваад гэр оүү орсон ба удаа ч үгүй цагдаагаас М-ыг утсаар дуудаад явсан. Сүүлд сонсох нь ээ Э манай бас нэг бэр Б-тай айлд архи уусан гэж сонсогдсон. М, Э 2 л зууралдаад байсан болохоор тэгж байгаад л гэмтэл авсан байх. Тэнд ямар өөр хүн байсан биш. Тэр 2-оос өөр хүн байгаагүй. Надад бол нарийн ширийн харсан зүйл байхгүй байна, би харанхуйд бас нилээн зайнаас харж зогссон болохоор сайн харагдахгүй байсан. Машин дотор М Э-ыг араас нь цээжээр нь тэвэрчихсэн, нөгөөхийнх нь хөл нь савлаад байгаа бололтой л харагдсан. Өөр зүйл хараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

Хохирогч Д.Э-ны 2021 оны 09 сарын 19-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийг 29-30/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2021 оны 09 сарын 27-ны өдрийн “ 1. Д.Э-ны биед  хамрын нуруу хэсгээр цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний  дотор буланд цус хуралт,  баруун бугалганы  хажуу дунд талд цус хуралт,  баруун гарын сарвууны  ар талд цус хуралт, зүүн шууны дотор доод талд цус хуралт, баруун шилбэний  урд дунд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.  

3. Дээрх гэмтлүүд нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”–ын 2.6-д зааснаар  гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах ба энгийн  хөдөлмөрийн  чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/197 тоот дүгнэлт /хх-ийн 31/

Шүүгдэгч Л.М-ын ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 49/

Шүүгдэгч Л.М нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 54/

Хохирогч Д.Э-ны Дорноговь аймгийн  Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “Миний бие 2021 оны 09 сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод хамтран амьдрагч Л.М-т зодуулж хөнгөн гэмтэл авсан. М нь надаас уучлалт гуйж  хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.  Миний биеийн байдал  одоо зүгээр болж хэвийн  байгаа ба би  М-ыг уучилсан.  Түүнээс хохиролтой  нэхэмжлэх  зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн  хүсэлт /хх-ийн 63/

Шүүгдэгч Л.М-ын Дорноговь аймгийн  Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан  “Миний бие 2021 оны 09 сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод хамтран амьдрагч Д.Э-ны биед санаатайгаар  халдаж  биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Миний бие хийсэн хэргээ шударгаар  хүлээн зөвшөөрч байгаа ба  Э-аас  уучлалт гуйсан. Э намайг уучилсан бөгөөд  надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Ийм хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.М нь  2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод хохирогч Д.Э-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, түүний нүүр, гар, нуруу хэсэгт цохиж, улмаар  хамрын нуруу хэсгээр цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний  дотор буланд цус хуралт,  баруун бугалганы  хажуу дунд талд цус хуралт,  баруун гарын сарвууны  ар талд цус хуралт, зүүн шууны дотор доод талд цус хуралт, баруун шилбэний  урд дунд талд цус хуралт бүхий гэмтэл  учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч Д.Э-ны эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Г нь 2021 оны 09 сарын 27-ны өдөр 04/197 тоот дүгнэлтийг гаргасан байх ба  уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Л.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Э-ны шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Р.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 09 сарын 27-ны өдөр 04/197  тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг дарамталж, хүч хэрэглэж мэдүүлэг өгүүлсэн хүн байхгүй. Бид 2 ярилцаж ойлголцсон, одоо хамт амьдарч байгаа, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаараа мэдүүлдэг тул шүүгдэгч Л.М нь бусдад төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгуулийн ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Л.М-ыг /РД: .../ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.М-т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.М нь 600,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.Ц