Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 07

 

           

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

Улсын яллагч В.Отгончимэг,

Хохирогч Б.Ганбат,

Шүүгдэгч Б.Батцэнгэл,

Шүүгдэгч Э.Тэмүүлэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Ган  бадрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батзоригийн Батцэнгэл, Боржигон овогт Энхбаатарын Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн 201526030915 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, ээж, дүү нарын хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 5-13 тоотод байнгын оршин суух хаягтай, /одоогоор Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 9-280 тоотыг түрээслэн түр оршин сууж байгаа гэх/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батзоригийн Батцэнгэл /РД:СЙ93062012/,

 

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салаагийн 5-р гудамж, 14 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Энхбаатарын Тэмүүлэн /РД:НЭ97120218/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

1. Шүүгдэгч Б.Батцэнгэл нь согтуугаар Э.Тэмүүлэнтэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын эрэг орчим Б.Ганбаттай хувийн таарамжгүй харьцаа буюу “яасан их цагдаад өргөдөл өгдөг юм” хэмээн маргалдаж, Б.Ганбатыг үсдэж, гол руу оруулж, нуруун тус газар нь өшиглөж, нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Э.Тэмүүлэн нь 17 нас 10 сар 03 хоногтой байхдаа согтуугаар Б.Батцэнгэлтэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын эрэг орчим Б.Ганбаттай хувийн таарамжгүй харьцаа буюу “яасан их цагдаад өргөдөл өгдөг юм” хэмээн маргалдаж, Б.Ганбатыг бөөр, хавирга тус газар нь өшиглөж, зүүн нүд, толгойн тус газар нь гараараа цохиж, зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Батцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр энэ хэрэг гарсан. Тэмүүлэн бид нар парти дээр очих гэтэл тэр парти хойшлогдсон гэхээр нь Цэцэг төвийн хажууд байрлах Кевинс гэдэг пабд суухаар болсон юм. Тэр пабын текэн дээр Ганбат сууж байсан. Бид нилээд ууж байгаад пабаас Ганбатыг дагуулж гараад “...яагаад утсаар хэрүүл маргаан хийгээд байдаг юм бэ...” гээд маргалдсан. Тэгээд тэндээсээ Зайсан руу явж зодолдохоор болоод явсан. Туул голын эрэг дээр очоод би Ганбатын нүүр рүү цохисон бөгөөд Ганбатыг гол руу үсдэж шидээгүй. Харин Ганбатыг гол руу орох гээд байхаар нь түүнийг үсдээд нуруу тус газарт нь цохисон.

Би Ганбаттай 3-4 жилийн өмнө парти дээр танилцсан. Уг нь Ганбаттай сайн найзуудын харилцаатай байгаагүй. Манай гэрийнхэн рүү янз бүрийн зүйл яриад байхаар нь муудалцах болсон. Туул голын эрэг дээр очиход Ганбат зугтааж гол руу гүйж орохоор нь би түүнийг гаргах гэсэн чинь Ганбат “...үгүй...” гэхээр нь  би түүний нуруу, хөл рүү нь өшиглөж, үсдсэн.

Тухайн үед би хайчгүй явж байсан бөгөөд Ганбатыг айлгах гэж үсийг чинь хайчилна гэж худлаа хэлсэн. Харин хувцсыг нь ямар нэгэн санаа зорилгогүйгээр зүгээр л Ганбатын дээгүүр өмсөж байсан хувцсыг нь тайлуулсан. Би Ганбатыг цагдаад ямар их өргөдөл, гомдол бичиж өгдөг юм бэ гэж хэлээгүй.

Тухайн үед би бага зэргийн согтолттой байсан. Тэгэхдээ ухаантай байсан болохоор Ганбатын ярьж байгаа шиг зүйл тэнд болоогүй. Хэрэг гарснаас хойш Ганбаттай ямар ч харилцаагүй болсон. Хохирогч Ганбатад хийсэн зүйлдээ уучлалт гуйж, гэмшиж байна. Дараа дахин ийм зүйл болохгүй...” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Э.Тэмүүлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр UB плазагийн хажууд байдаг клубэд wifi болсон юм. Тэгээд тэндээсээ гараад Цэцэг төвийн хажууд байдаг Кевинс паб руу найз Батцэнгэл, Цэнд-Очир гээд хэдэн гей найз нартайгаа хамт очоод пиво уугаад байж байтал Б.Ганбат бас тэр пабд нилээд халаалттай байсан. Гэтэл нэг мэдсэн чинь хэрүүл маргаан болоод тэндээсээ гарахаар болсон. Тэгээд бид Туул гол орохоор болоод такси барьж суугаад голын эрэг дээр очсон. Тэгсэн Ганбат нь таксинаас буугаад гүүрний доод тал руу зугатааж гүйгээд гол руу орохоор нь Батцэнгэл түүний араас нь гүйж очоод голоос Ганбатыг гаргасан. Би Ганбатыг цохисон нь үнэн. Тэгээд тэндээ муудалцаж байгаад бид гурав голын эргээс гараад Цэнд-Очир, Дамдинсүрэн нарын хажууд ирээд замаас такси бариад Мөнгөн завъяагийн хажууд ирээд Ганбатын гар утсыг нь булааж аваад таксинд өгсөн. Ганбат өөрөө намайг өмнө нь дарамталж байсан. Ганбат надад “...чиний энэ асуудлыг нь танай эцэг эхэд чинь хэлнэ, талхныхаа мөнгийг олж чаддаггүй...” гэх мэтээр янз бүрээр намайг доромжилж байсан. Мөн группд “чиний өмнө нь эрэгтэй байсан зургийг чинь тавина, гомо, биеэ үнэлэгч гэх мэтээр тавина” гэсэн. Би Ганбаттэй ярилцах гэхээр өөрөө ярилцдаггүй. Би Туул голын эрэг дээр Ганбатыг үсдсэн, нүүр рүү нь 2 удаа алгадсан нь үнэн.  

Ганбат нь залуучуудаар намайг дарамтлууж, миний зургийн доор янз бүрийн хачин коммент бичүүлдэг байсан. Тэр комментууд нь тухайн үед байсан боловч би утсаа алдчихсан тул одоо байхгүй. Ганбаттай эвээр ярилцах гэхээр өөрөө эвээр ярилцаж чадахгүй худлаа орилж, чарлаад байдаг. Ганбат сүүлдээ манай эцэг, эхийг шөнө унтаж байхад амгалан тайван байдлыг нь алдагдуулж, танай хүүхэд ингэсэн, тэгсэн гэж яриад байдаг.

Би Ганбатыг Билгүүнтэй хамт амьдардаг гэдгийг нь мэддэг тул хэрэг болдог өдөр Ганбатыг Билгүүнтэй хамт уулзая гэсэн чинь Билгүүн нь өөрөө “...уулзахгүй...” гэсэн. Ганбат Хурд хорооллын тэнд амьдардаг байсан тул Туул гол руу явсан. Би Ганбатыг голдуу гараараа зодсон бөгөөд нүүр рүү нь 2 удаа алгадаж, өшиглөж, үсдсэн. Би гэм буруутай. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан.

Туул голын эрэг дээр би хайчгүй явж байсан бөгөөд Ганбатыг айлгах гэж тэгж худлаа хэлсэн. Харин Ганбатын хувцсыг нь ямар нэгэн санаа зорилгогүйгээр тайлуулсан юм. Би Ганбатад яасан их цагдаад өргөдөл өгдөг юм гэж хэлсэн удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч Б.Ганбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2015 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө UB пласын хажууд байрлах “Эн” клубэд бэлгийн цөөнхүүдийн парти болно гэхээр нь тэнд найзуудтайгаа очтол хүнгүй байсан. Тэгээд тэндээс гараад Цэцэг төвийн хажууд байрлах Кевинс пабд орж 2 шил пиво аваад эхний шил пивыг ууж дуусаад дараагийн пивыг задалчихсан сууж байхад гаднаас Тэмүүлэн, Батцэнгэл нар үл таних 3-4 найзуудын хамт уг пабд орж ирээд үүднээс 2 дахь ширээнд суугаад, дундаа нэг шил архи, бас бус пиво авч байсан. Тэгээд би текэн дээрээс харж байтал авсан зүйлээ ууж дуусахад Тэмүүлэн, Батцэнгэл хоёр халчихсан байсан бөгөөд намайг “...гараад ир...” гээд дуудсан.

Үүнээс өмнө нь 2014 оны 09 дүгээр сард энэ хоёр намайг зодоход би Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн боловч Мөнгөнзул байцаагч “...гэмтлийн зэрэг тогтоогдох гэмтэл үүсээгүй байна...” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм.

2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буюу хэрэг учрал гардаг өдөр таарахад “...чи өмнө нь яах гэж Хан-Уул дүүргийн Мөнгөнзул байцаагчид өргөдөл бичиж өгсөн юм бэ, чи цагдаагаар яваад амжилт олохгүй шүү. Ахиж битгий цагдаагаар яваарай. Чамайг цагдаа орохыг чинь харъя..” гэж намайг хэл амаар доромжлохоор нь би Тэмүүлэн, Батцэнгэл нартай пабын үүдэнд нилээд маргалдсан.

Тэгэхэд тэр пабын захирал Зоригоо надад “...чи энэ хоёртой муудалцаад яах юм бэ. Чи ингээд таксинд суугаад яв...” гэж хэлээд таксинд суулгаж өгөөд уг такси хөдлөхийн завдалгүй Тэмүүлэн араас гүйж ирээд таксины хаалга онгойлгож, намайг таксинаас чирж буулгасан. Тэгээд Батцэнгэл нар өөр такси барьж намайг суулгаад Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Грийн хаус” хорооллын үерийн далангийн тэнд очоод таксинаас буухдаа би тэдний урд нь гараад зугтаах гэж оролдоод голын эргээр гүйж байхад араас Батцэнгэл гүйцэж ирээд намайг дэгээдэхэд би голын эрэг рүү хальт гишгээд гол руу унахад  Батцэнгэл голоос намайг үсдэж чирж гаргасан. Тэгээд намайг далан дээр гаргаад бүлэглэн зодож бүх хувцсаа тайл гэхээр нь би гуталнаас бусад бүх хувцсаа тайлж, хөхний даруулгатайгаа үлдэхэд гар утсаараа бичлэг хийгээд “...чи дахиж гэрийнхэн рүү залгаж, цагдаад өргөдөл бичвэл чиний шалдан бичлэгийг чинь fаcebook-д тавина...” гэсэн. Харин Батцэнгэл нь “миний үсийг хайчилна” гэж айлгасан бөгөөд би Батцэнгэлийг тухайн үед хайчтай байсан эсэхийг мэдэхгүй байна.

2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Тэмүүлэн намайг зодож үсдсэн, миний зүүн нүд рүү гараараа цохисон, мөн элэг, бөөр рүү 3-4 удаа өшиглөсөн. Харин Батцэнгэл нь намайг голоос үсдэж чирэх явцад нь би хайрган дээгүүр чирэгдэж миний 2 өвдөг шалбарсан, нуруу руу 4-5 удаа хүчтэй өшиглөсөн. Би Тэмүүлэн, Батцэнгэл нараас эмчилгээний төлбөр гэж нэхэмжлэхгүй. Энэ хоёрт хууль байдаг юм шүү, хууль хэнд ч эрх тэгш үйлчилдэг гэдгийг мэдрүүлэхийн тулд өргөдөл бичиж өгсөн. Би гэрээрээ эмчилгээ хийлгэж, сувилалд явсан. Миний биед одоо ямар нэгэн зовиур байхгүй.  

Би Тэмүүлэн, Батцэнгэл хоёртой зүгээр танилын харилцаатай. Миний хувьд тухайн хүнийг бэлгийн цөөнх байлаа гээд гэрийнхэнд нь хэлж дарамталсан зүйл байхгүй. Учир нь энэ хүнийг бэлгийн цөөнх гэдгийг гэрийнхэн нь мэддэг байна уу, мэддэггүй байна уу надад огт хамаагүй. Би гэрийнхэнд нь хэлж, facebook-т эрэгтэй байсан зургийг нь тавиагүй. Хэрэв үнэхээр намайг тийм зураг тавьсан гэж байгаа бол нотолгоог нь гаргаад ир. Би ийм үйлдэл гаргаагүй гэдгээ баттай хэлнэ.

Билгүүн /Солонго/ бид хоёр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрдах Хурд хорооллын 26-110 тоотод хамт амьдардаг байсан. Тухайн үед Тэмүүлэн, Батцэнгэл хоёр “...чи Билгүүн найзыгаа дууд. Та хоёртой уулзана...” гэж хэлсэн. Тэгээд Билгүүн рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Гэтэл тэр хоёр “...за чи л байгаа юм байна...” гэсэн утгаар намайг Туул гол руу аваад явсан. Би зодуулж байхдаа эмэгтэй хүний хувцастай байсан. Харин маргааш нь цагдаад өргөдөл бичиж өгөхдөө эрэгтэй хувцастай очсон. Би гар утасныхаа үнэ 100.000 төгрөгийг шүүгдэгч нараас авсан.

Би сэтгэл санааны маш их гомдолтой байна. Таксины урд Тэмүүлэн сууж байсан. Машины арын суудал дээр би Батцэнгэл, Дамдинсүрэн хоёрын дунд сууж байсан. Гэтэл Тэмүүлэн эргэж хараад Дамдинсүрэнг “...наадхынхаа утсыг аваад өг...” гэж загнахад Дамдинсүрэн миний цүнхнээс гар утсыг минь авч Тэмүүлэнд өгсөн. Гар  утасны талаар хохирлоо гаргуулан авсан тул ямар нэг гомдол санал байхгүй. Батцэнгэл намайг гүйцэж ирээд дэгээдэхэд нь би гол руу унасан. Гэтэл араас гол руу орж ирээд намайг үсдээд чирж голоос гаргасан юм. Тэмүүлэн, Батцэнгэл нар нь надаас албан ёсоор уучлалт гуйгаагүй. Хэрэв үнэхээр надаас уучлалт гуйх байсан юм бол өмнөх 2-3 удаагийн үйлдэл дээрээ уучлалт гуйх ёстой байсан юм. Би  энэ хоёрын уучлалтыг хүлээж авахгүй. Учир нь Тэмүүлэн, Батцэнгэл хоёр дараа намайг яаж ч магадгүй. Би энэ хоёроос айж байна...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201526030915 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

        

“...Би 2015 оны 10 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн баруун талд нь байрлах Кевинс нэртэй пабад найз болох Зоригоогийн пабад очсон. Тэгээд хэсэг хугацааны дараа гаднаас Батцэнгэл, Тэмка хоёр орж ирээд надаас тусдаа өөр ширээн дээр 4-5 найзын хамт уугаад сууж байсан. Тэгээд би 2015 оны 10 сарын 04-ний 02 цагийн орчим пабаас гарах гэтэл Тэмка, Батцэнгэл хоёр чи яасан их цагдаад өргөдөл өгдөг юм бэ дахиад өргөдөл өгөөрэй гээд намайг зодож байсан газар аваачиж дахиж зодно гэж хэлсэн. Тэгсэн чинь манай найз болох Зоригоо намайг салгаад таксинд суулгаж өгөөд өөрөө буцаад паб руу орсон. Тэгсэн Тэмка пабаас гарч ирээд таксины хаалга онгойлгоод намайг таксинаас хүчээр буулгасан.

Ингээд Тэмка, Батцэнгэл хоёр өөр такси бариад намайг суулгаад мөн хамт явж байсан найз нар нь болох Зоригоогийн хамт нэг таксинд суугаад араас Анхилуун, Баяраа, Даамиа 3 өөр такси бариад явсан. Тэгээд намайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн гүүрний баруун талд нь байрлах Грийн хаус хотхоны хажуу талаар урсаж байгаа Туул голын эрэг дээр ирээд бүгд таксинаас буусан чинь Батцэнгэл, Тэмүүлэн хоёр намайг “чи урд гараад алх” гэхээр нь би урд нь явж байгаад зугтах гэж далангаар доошоо буугаад гүйсэн. Тэгсэн чинь миний араас Батцэнгэл гүйж ирээд намайг дэгээдэж унагаасан. Тэгээд Батцэнгэл үснээс зулгаагаад гол руу чирээд миний хамаг хувцсыг шороо болгоод нойтон болгосон. Тэгээд Батцэнгэл бид хоёр голын эрэг дээр ноцолдоод байж байхад араас Тэмүүлэн, Дамдинсүрэн /Надниа/, Батзоригт /Эгшиглэн/, Цэнд-Очир /Оогоо/, Доржсүрэн /Анхилуун/ нар ирсэн.

Тэд нар ирсэн чинь Тэмүүлэн над руу ирээд “чи муу яасан их зугатаадаг юм бэ, зугатаад хаа холддог юм бэ чи” гээд миний элэг рүү гараараа цохихоор нь би эвхрээд газар унасан чинь Тэмүүлэн дахиад хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн чинь хажуу талаас нь Батцэнгэл намайг үсэж чирээд нуруу хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Тухайн үед би газар суучихсан байсан чинь Тэмүүлэн миний зүүн талын шанаа руу гараараа цохисон. Тэр хоёр намайг хувцасаа тайл, тайлахгүй бол зодно шүү, үсийг чинь хайчилна гээд намайг хувцасаа тайлахаас өөр аргагүй байдалд оруулсан. Тэгээд би хувцасаа тайлж эхэлсэн, гуталнаас бусад бүх хувцасаа тайлсан. Тэгсэн чинь Батцэнгэл “үсийг чинь хайчилна” гээд миний үснээс зулгаасан. Намайг хувцасаа тайлсан байхад Батцэнгэл гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд эхэлсэн, бичлэгээ хийж дуусчихаад хувцсаа буцаагаад өмс гэхэд нь би хувцсаа өмссөн. Тэндээсээ буцаад такси барьж ирэхдээ бид нарт таксины мөнгө байхгүй байсан чинь Тэмүүлэн наадахынхаа утсыг аваад өг гэсэн чинь Батцэнгэл миний гар утсыг авах гээд цүнхийг татсан. Тэгэхдээ миний гарын шуу руу цохисон юм. Одоо би утасны төлбөр болох 100.000 төгрөг авсан учраас тэд нараас өөр нэхэмжлэх мөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-30х/,

 

2. Гэрч А.Зоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Миний бие Цэцэг төвийн баруун талд байрлах “Кевинс” гэх нэртэй паб ажилуулдаг юм. 2015 оны 10 сарын 03-ны 23 цагийн үед Ганбат манай пабад орж ирж суугаад, 2 шил тайгер нэртэй пиво уусан. Гэтэл гаднаас Батцэнгэл, Тэмка /Ганзориг гэдгийг нь мэдэхгүй юм байна/ нар хажуудаа Анхилуун. Даамиа бас нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн. Хамт явж байсан нэг залуугийн төрсөн өдөр нь гэж хэлж байсан. Тэд нар 0.75 граммын Чингис архи 1 ширхэг, Кола ундаа хэдэн ширхэг ганц хоёр пиво аваад суусан. Тэгээд нэг цагийн дараа тэд нартай хамт явсан, төрсөн өдөр нь болсон гэх залуу тооцоогоо хийгээд түрүүлээд явсан.

Тэгэхэд тухайн үед Батцэнгэл, Тэмка, Анхилуун, Даамиа нар үлдсэн ба Тэмка нь Ганбатыг дуудаад хоорондоо маргалдаад байх шиг болсон. Тэгэхээр нь би тэр хоёрын хажууд очиж, та нар асуудал үүсгэж болохгүй, асуудал гаргавал цагдаа дуудна гэж хэлээд болиулсан. Ингээд Ганбат нь гадагшаа гарсан ба араас нь нөгөөдүүл дагаж гараад Ганбаттай маргалдаад хэрэлдээд байх шиг байсан. Учир нь чанга, чанга дуу гараад байхаар нь би гараад, Ганбатыг ганцаараа таксинд суулгаж өгөөд, өөрөө паб руугаа орсон. Тухайн үед нөгөө Батцэнгэл, Тэмка, Анхилуун нар гадаа үлдсэн. Дахиж пабд орж ирээгүй. Тэгээд би маргааш нь Ганбаттай хамт амьдардаг гэж хэлж байсан Билгүүн /Солонго/-той гар утсаар ярихад Батцэнгэл, Тэмка хоёр Ганбатыг хойноос нь таксигаар хөөж очоод зодсон байна гэж хэлсэн. Чухам хэн нь хэнийгээ, хаана яаж зодсон талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/,

 

3. Гэрч У.Номинчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2015 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн үед байх сайн санахгүй байна. Нисэхээс Зайсангийн Соёмботой уулын хажууд явж байхад 4-5 эмэгтэй хүмүүс гар өргөхөөр нь зогсож, тэд нарыг суулгаад, Их дэлгүүрийн урд талын Хаан буузны тэнд буулгасан. Тухайн үед тэд нар таксины төлбөр гарсан 12.000 төгрөгийг өгөхгүй, буухгүй байхаар нь би “цагдаа дуудаж, та нарыг цагдаад өгнө” гэж хэлэхэд нөгөө хүмүүс хоёр гар утас гаргаж ирээд энийг таксины төлбөрт ав гэхээр нь би гар утас авахгүй гэхэд урд сууж байсан эмэгтэй “улаан өнгийн, дэлгэц нь хагархай, Самсунг Эс-2” маркийн гар утас өгөөд, цагдаа нар ирэх хооронд зугатаагаад явсан. Тэгээд би 7 хоног уг утсыг хадгалж байгаад Теди төвийн урд зогсдог үл таних ченжид 10.000 төгрөгөөр зарсан. Уг хүнийг одоо танихгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,

 

4. Гэрч Э.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Ганбат нь 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн бүрэн дунд боловсролтой, одоогоор Соёмбо хэвлэлийн үйлдвэрт туслах ажилтан хийдэг юм. Хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Ааш зангийн хувьд бусадтай зөөлөн сайхан харьцдаг, хүнтэй ойлголцохдоо амархан, шударга зантай бусдад хэлье гэснээ хэлдэг, хэр баргийн зүйлд уурлаад байдаггүй, төлөв даруу зантай, ажлын газарт нэр хүндтэй, тогтвортой, нийтэч сайхан сэтгэлтэй. Урьд хамт амьдарч, нөхөрлөж байсан Батцэнгэл, Тэмүүлэн хоёр намайг дарамтлаад, Туул гол дээр аваачиж бүлэглэн зодсон гэж Ганбат надад удаа дараа хэлж байсан.

Батцэнгэлийн хувьд төлөв даруу, дуугүй, хүний үгээр явдаг, дээрэлхүү зантай залуу. Харин бэлгийн цөөнх болох үедээ дээрэнгүй, галзуу, эмэгтэй хувцас өмсөх үедээ өөрийгөө дээгүүр тавьж бусдыг дээрэлхэдэг болохор Ганбатыг дарамталж зодсон гэж ойлгож байна.

Тэмүүлэнгийн хувьд нэг хэсэг өөрийгөө худлаа хэлж Ганзориг гэх хүний нэрээр хуурамч бичиг баримтаар байцаалт өгсөн байсан. Жинхэнэ нэр нь Тэмүүлэг гэдэг юм. Хүмүүжлийн доголдолтой, гэр бүлээс тустай, хараа хяналтгүй, зан аашийн хувьд тогтворгүй, дээрэнгүй, түргэн ууртай, бусдыг өдөөн хатгаж уруу татдаг зантай...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39х/,

 

5. Гэрч С.Цэнд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2015 оны 10 дугаар сарын 03-ний өдөр орой UB хажууд байрлах шөний клубд бэлгийн цөөнхийн хүмүүсийн үдэшлэг болоод тэнд очсон. Тэнд Ганбат, Тэмүүлэн, Батцэнгэл, Доржсүрэн бид хэд байсан. Мөн Ганбатын ганц нэг найз нь байсан. Ингээд тэндээс 00 цаг өнгөрч байхад гараад Цэцэг төвийн хажууд байрлах “Кевинс” нэртэй пабд очиж суусан. Тэгэхэд Батцэнгэл, Тэмүүлэн, Ганбат нар хоорондоо маргалдаж, гадагшаа гарсан. Тэгээд би удалгүй тэдний араас гарахад Батцэнгэл, Тэмүүлэн, Ганбат нар нь хоорондоо муудалцсан байдалтай, нэг нэгнийгээ хэл амаар доромжлоод,  нэг нь таксинд суугаад явсан. Тэгээд би жаахан хүлээж суугаад Тэмүүлэн рүү залгахад “Зайсанд Туул голын эрэг дээр байна, хүрээд ир” гэхээр нь таксигаар Туул гол дээр очиход тэнд Батцэнгэл, Ганбат, Тэмүүлэн, Доржсүрэн нар байсан ба Батцэнгэл, Тэмүүлэн, Ганбат гурав нэг, нэгнийгээ хараагаад муудалцсан байдалтай, Ганбатын өмсөж явсан платье нь усанд норсон, хувцас хунар нь шавар шавхай болсон зогсож байсан. Ингээд бид хоёр таксинд хуваагдаж суугаад Их дэлгүүрийн Мөнгөн завъяагийн буудал дээр зогсож Ганбатыг үлдээгээд, бусад нь гэр гэртээ харьсан. Тухайн үед Ганбат тэнд үлдэнэ гээд үлдсэн.

Батцэнгэл, Тэмүүлэн нар нь нийлж Ганбатыг зодсон талаар харсан зүйл байхгүй. Зайсангаас Мөнгөн завьяа орсны дараа сонсоход Ганбатын гар утсыг таксинд өгсөн гэж сонссон. Учир нь би таксинаас эхэлж буугаад Түц орж тамхи авсан. Тэр хооронд юу болсон талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-44х/,

 

6. Гэрч Б.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Тэр өдөр би шөнийн 01 цагийн үед байх /цагийг нь сайн санахгүй байна/ Цэцэг төвийн баруун хойно “Kevin” гэдэг нэртэй пабад орох гээд явж байхад пабын гадаа Ганбат, Батцэнгэл, Тэмүүлэн гурав хоорондоо маргалдсан шинжтэй ирж байсан. Би тэр гурвыг зүс танина, нэг их сайн найзууд биш. Тэр гурав надтай таараад такси бариад явах гэж байхаар нь араас нь очиход Тэмүүлэн намайг суучих, ийшээ хамт явъя гэхээр нь би дагаад хамт таксинд суусан юм.

 Таксинд суугаад явж байхад Ганбат, Батцэнгэл, Тэмүүлэн гурав “өмнө нь чи намайг зодсон” гэх мэтээр маргалдаад байх шиг байсан. Би тухайн үед учрыг нь ойлгоогүй. Тэгээд Зайсангиийн гүүрний хажууд Туул голын арын эрэг дээр ирээд зогсоход Ганбат машинаас буугаад далангийн доошоо шороон зам руу гүйсэн. Тэгсэн чинь араас нь Батцэнгэл хөөж гүйгээд түүний араас Тэмүүлэн бас явсан. Тэгэхээр нь Доржсүрэн бид нар араас нь алхаад очиход тэр гурав голын эрэг дээр хоорондоо маргалдаад, нэгнийхээ үснээс зулгаагаад, алгадалцаад, хөлөөрөө тийрээд байсан. Бид нарыг очих үед Ганбат, Батцэнгэл хоёрын хувцас нь норчихсон гол руу орсон юм шиг байсан. Ганбатын араас Батцэнгэл барьчихсан жалганаас гарч ирсэн.

Жалганаас гарч ирэхэд Тэмүүлэн нь Ганбатыг барьж аваад нүүр рүү нь алгадаад, үсдээд цаашаа аваад явсан. Ингээд цаашаа очоод Ганбатыг Тэмүүлэн, Батцэнгэл хоёр хоёулаа л ээлжлээд нийлээд л нүүр рүү нь алгадаад, өшиглөөд, үснээс нь зулгаагаад чирээд байсан. Батцэнгэл нь Ганбатын үснээс нь зулгаагаад арагш нь савж унагаж байсан. Тэмүүлэн, Батцэнгэл хоёр нь Ганбатыг хоёулаа л зодсон болохоор яг тэр нь тэгж тийшээ нь цохисон гэж хэлж чадахгүй байна.

Тэмүүлэн, Батцэнгэл нар нь согтуу байсан учраас бид нар айгаад хэрүүл маргаан, зодооныг салгаж чадаагүй. Ганбат бас өөрөө айчихсан байсан. Тэгээд буцаад такси бариад “Цэцэг” төвийн хажууд ирсэн. Таксин дотор ямар ч хэрүүл маргаан болоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-51х/,

 

7. Гэрч Н.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Тэр өдөр Ард кино театрын хажууд байдаг “Kevins” лоунж пабд 2015 оны 10 дугаар сарын 03-ны 23 цагийн үед очиход Батцэнгэл, Тэмүүлэн, Ганбат гээд их олон хүн байсан. Пабд бид нар сууж байхад Ганбат, Батцэнгэл, Тэмүүлэн нартай маргалдаж байгаад гараад явчихсан юм. Тэгсэн чинь араас нь удалгүй Батцэнгэл, Тэмүүлэн бид түүний араас гарсан чинь Ганбат такси барьчихсан зогсож байсан. Тэгтэл наанаас нь Батцэнгэл, Тэмүүлэн хоёр түүнийг “буугаад ир” гээд, Ганбат тэр хоёроос зугтаагаад байсан. Тэр үед бид нар холоос “Kevins” баарны үүднээс хараад зогсож байсан юм.

Тэгтэл Ганбат таксинаас буугаад Батцэнгэл, Тэмүүлэн хоёртой маргалдаж байгаад өөр такси бариад Зайсангийн гүүрний зүг рүү явсан. Тэр таксинд нь Батцэнгэл, Ганбат, Тэмүүлэн, Дамдинсүрэн нар явсан юм. Туул голын гүүрэн дээр бид нар таксинаас буусан чинь Ганбат далан дагаад доошоо зугатаачихсан, ...Тэмүүлэн, Батцэнгэл хоёр араас нь “хөөе зогс”  гээд гүйсэн. Ганбат тухайн үед цүнхээ шидээд зугатаасан юм. Дамдинсүрэн, Номкио, бид гурав далан дээрээс тэр 3-ыг хараад зогсож байтал Тэмүүлэн Ганбатад “яах гээд миний зургийг олон нийтэд тараагаад,  худлаа зүйл яриад, хэл аманд оруулаад байгаа юм бэ” гээд нэг хэсэг маргалдаж байгаад Ганбат цаашаа дахин зугатаах гэсэн чинь Тэмүүлэн гарнаас нь татсан чинь Ганбат мултарч гүйгээд гол руу орсон.

Тэгсэн чинь араас нь Батцэнгэл Ганбатыг татах гэж байгаад хөл алдаад тэр хоёр цуг гол руу орсон юм. Тэгээд голоос гарч ирээд тэд нар хоорондоо жаахан маргалдаж байгаад тарцгаасан юм. Би гүүрнээс ганцаараа такси бариад гэр рүүгээ явсан. Нөгөө хэд, хэн хэн хамт явсан талаар мэдэхгүй ба би түрүүлээд явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53х/,

 

8. Гэрч Баатархүүгийн Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Батцэнгэл хэзээ төрсөн гэдгийг мэдэхгүй байна. Багануур дүүрэгт өссөн юм. Бид хоёр найзлаад 4 жил болж байна. Хүнсний коллежид сурч байгаад 2 дугаар курсээсээ чөлөө авсан. Одоо сургуульдаа сурахгүй байгаа. Ямар учраас сургуулиасаа гарсан талаар мэдэхгүй бөгөөд айлын том хүүхэд юм. Хэзээ трансжендер болсныг мэдэхгүй байна. Энэ талаар эцэг, эх нь мэддэг. Зан байдлын талаар шударга зантай. Таалагдахгүй бол шууд хэлдэг. Сэтгэл сайтай, хүнд тусархуу зантай, харин сул зан нь түргэн ууртай.

Ганбат /Халиунаа/, Билгүүн /Солонго/ нар нь 1 жилийн өмнөөс Батцэнгэл /Саруул/, Тэмүүлэн /Уянга/ болон бид нартай нийлдэг найз нарыг маань гичий, нохой, дох, тэмбүүтэй, эрүүгийн элемент зэргээр хэл амаар доромжлон гартаа байсан зүйлээр цохиж, архины болон пивоны шилээр цохидог.

Энэ үйлдэл нь удаа дараа давтагдаад байхаар нь Ганбат болон Батцэнгэл, Тэмүүлэн, Мөнх-Эрдэнэ нар хоорондоо маргалдсан юм шиг байна лээ. Ганбат, Тэмүүлэн нар урьд нь найзууд байсан гэсэн, юунаас болоод найзлахаа больсон, одоо ямар учраас маргалдаад байдаг талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 55х/,

 

9. Гэрч Батсүхийн Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Батцэнгэл надтай хамт амьдарч байхдаа иргэний үнэмлэхнийхээ хуулбарыг өгсөн байсан. Хамт амьдарч байсан болохоор ээжийг нь мэддэг юм. Хамгийн сүүлд Батцэнгэл надтай 2012 онд хамт амьдарч байхдаа миний мөнгийг хулгай хийгээд, тэрнээс болж би Батцэнгэлийг гэрээсээ хөөж байсан. Тэгэж хөөчихөөд анх удаа Батцэнгэлийн ээж рүү захиа бичсэн. Тэгэж захиа бичихдээ “хүүхдээ жаахан анхааралдаа байлгаачээ, хүүхэд чинь буруу тийшээ хазайх гээд байна, хүнд өр шир тавиад, тэр хүмүүс нь надаас сураад байна, асууж тодруулах зүйл байвал миний гар утас руу залгаарай” гэсэн утга бүхий захиа бичээд захиан дээрээ өөрийнхөө гар утсыг бичээд “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан гэрийн хаягаар нь явуулж байсан.

Би Тэмүүлэнгийн ар гэрийнхэнд гомо, трансжендер гэж элдэв янзаар хэлж байсан удаа нэг ч байгаагүй. Харин Тэмүүлэнд би энэ тухай сануулж байсан. Тэгээд ч Тэмүүлэнг гэрийнхэн нь гомо гэдгийг нь мэддэг байсан. Тэмкагийн ээж нь над руу залгаад “хүүхдээ хаагуур юу хийгээд явж байна” гэж хүртэл асууж байсан.

Харин хамгийн анх 2012 оны 12 дугаар сард Батцэнгэл манай ээж рүү залгаад “танай хүүхэд гомо” гэж хэлж байсан юм. Тэрнээс болоод би шинэ жилээр гэртээ очиж чадахгүй байсан үе байгаа. Ер нь Батцэнгэл facebook-ээр “...би Солонго гэгчийг дэвсэж ална, энэ өдрөөс хойш надад юу ч үйлчлэхгүй” гэж хүртэл бичсэн байсан юм.

2015 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө миний бие гэртээ байсан. Тухайн үед Ганбат бид 2 хамт амьдардаг байсан. 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19.00-20.00 цагийн хооронд Ганбат нь бэлгийн цөөнхүүдийн үдэшлэг болно гээд надаас 10.000 төгрөг зээлээд гэрээс гараад явсан. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 08.00 цагийн үед ирсэн. Тухайн үед Ганбатын хувцас хунар нь шавар болж бохирлогдсон, нүүр, гар, шуу хэсгээр нь шалбарсан, цус болж зодуулсан байдалтай байсан. Тэгээд би Ганбатаас юу болсон талаар асуухад Тэмка хочтой Тэмүүлэн, Одко хочтой Батцэнгэл нар нь намайг Зайсанд байрлах Туул голын эрэг дээр аваачиж бүлэглэж зодсон. Мөн миний гар утсыг хүчээр Тэмка аваад таксины хөлсөнд өгсөн гэхээр нь би Ганбатыг дагуулж Цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. Батцэнгэл, Тэмүүлэн нар урьд өмнө нь  бас Ганбатыг зодож дарамталж байсан. Хэн нь яаж зодсон талаар мэдэхгүй. Мөн гол руу чирж аваачиж оруулаад, үснээс нь зулгаасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-58х/,

 

10. Гэрч Ж.Зоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Цэнд-Очир /Номкио/, Чингис /Баяраа/, Батцэнгэл /Одко/, Тэмүүлэн /Уянгаа/, Дамдинсүрэн /Нандиа/ нарын хамт Цэцэг төвийн хажууд байдаг Трансжендер хүмүүсийн ордог Кевинс нэртэй пабд орсон юм. Тэнд бид нарыг байж байхад Ганбат /Халиунаа/ сүүлд араас орж ирсэн. Тэгээд бид нар пабд байж байхад Батцэнгэл /Одко/, Тэмүүлэн /Уянгаа/, Ганбат /Халиунаа/, Дамдинсүрэн /Нандиа/ нар пабаас гараад явсан байсан. Хэзээ нь гараад явсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд араас нь Чингис /Баяраа/, Цэнд-Очир /Номкио/ бид гурав пабаас гарч ирээд нөгөө хэдийг байхгүй болохоор нь Батцэнгэлийн гар утас руу залгасан чинь тэд нар Туул голын эрэг дээр байна хүрээд ир гэж хэлсэн.

Тэгэхээр нь бид гурав араас нь такси бариад Туул голын эрэг дээр очиход Батцэнгэл /Одко/, Тэмүүлэн /Уянгаа/ болон Ганбат /Халиунаа/ нар хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдсон байдалтай байсан. Ганбат /Халиунаа/ уйлчихсан Батцэнгэл /Одко/, Тэмүүлэн /Уянгаа/ хоёр уур уцаартай, тэнд байсан хүмүүс нь нэг л сонин царайлчихсан байсан болохоор би зодолдсон байх гэж бодсон. Батцэнгэл, Тэмүүлэн хоёр нь юу гэж дайраад байсныг одоо санахгүй байна. Бид гурав араас нь такси барьж очоод нэг их удалгүй буцаад явцгаасан. Тэнд яг юу болсон талаар тодорхой мэдэхгүй. Намайг очиход тиймэрхүү хэрэлдэж, муудалцсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60х/,  

 

11. Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би трансжендер гэдэг үгийн утгыг ойлгохгүй байж байгаад одоогоос 2-3 жилийн өмнө мэдсэн юм. Би хүүгээ 9 дүгээр ангиа төгсөхөд нь СУИС-ийн харьяа  “Бадмаараг” ахлах сургуульд 2011 онд оруулсан юм. Тэгээд сургуульд ороод эхний нэг жил хичээлдээ байнга явж, зүгээр явдаг байснаа дараа жилээс нь буюу 2012 онд хичээлээ тасалж, гадуур хонож алга болчихдог болсон. Манай хүүхэд бага наснаасаа охин тал руугаа юм сонирхоод байдаг байсан. Тэр талаар нь эмнэлгийн байгууллагад хандаж “манай хүүхэд охин хүүхдийн юм сонирхоод байна” гэж үзүүлэхэд “том болоод гайгүй болно” гэдэг байсан. Хүү маань нэг өдөр надад ”манай сургуулийн багш чи ерөөсөө трансжендер, гомо чиглэлийн хүүхэд шүү дээ” гэж хэлсэн гэж надад ярьж байсан. Би тэр багшийг нь нөлөөлөөд байна уу гэж бодоод багштай нь уулзаж асуухад нэг их олигтой зүйл яриагүй. Тэгээд сургуулийг нь төгсгөөд их, дээд сургуульд оруулах гэхээр өөрөө явдаггүй, сонирхолгүй болсон. Тэгтэл  энэ жилээс эхлээд эмэгтэй хувцас өмсөөд, би эрэгтэй хувцас өмсөхгүй гэдэг болсон. Одоо би хүүгийнхээ хувь тавилантай эвлэрэх гэхээр хэцүү байдаг. Та намайг ойлгохгүй байна гэх мэтээр аашлаад хэцүү байдаг юм.

Би Солонгоо буюу Билгүүнийг нь танина. Ганбат /Халиунаа/-г танихгүй. Солонгоо буюу Билгүүн нь манай хүү Тэмүүлэнтэй манай гэрт 2014-2015 оны хооронд нэг сар гарангийн хугацаанд хамт амьдарч байсан. Тухайн үед эд нар хоорондоо жигтэйхэн сайн найзууд л байсан юм. Энэ оны 2-р сард нэг өдөр Солонгоо надруу ...гэсэн дугаарын утаснаас залгаад “... та Тэмүүлэнгийн ээж үү, танай хүүхэд чинь гадуур дотуур дэмий тэнээд байна, бараг хүмүүст дарамтлуулж байгаа байх” гээд зөвлөлгөө өгөөд байгаа маягтай яриад байсан. Тэрнээс хойш саяхан над руу залгаад “танай хүүхэд гадуур явж биеэ үнэлдэг, хачин гомо хүүхдээ харж чадахгүй” гэх мэтээр элдвээр хэлээд орилоод байсан. Ганбат, Билгүүн, манай хүүхэд эд нар өнгөрсөн жилээс л хоорондоо ийм таарамжгүй байдаг болсон юм шиг байсан. Манай хүүхэд саяхан надад “Солонгоо, Халиунаа хоёр миний ойр дотны найзуудыг цохиж нүдээд байх юм” гэж хэлж байсан.

Манай хүү Тэмүүлэн нь уг нь хүүхэд байхдаа ийм хүүхэд байгаагүй, өрөвчхөн сэтгэлтэй, элдэв янзын хурц ширүүн догшин, ааш авир байдаггүй, бусад хүхдүүдийн адил хүүхэд байсан. 1-2 жилийн өмнөөс ийм сонин хурц, ширүүн догшин ааштай болчихсон. Уг нь ийм ааш зантай хүүхэд байгаагүй юм. Одоо надтай хамт амьдрахгүй байгаа, найзуудтайгаа хамт гадуур байр, өрөө түрээслээд яваад байдаг. Араас нь би гэртээ ирээч хамт амьдраач гэхээр ирдэггүй юм. Би бодохдоо намайг айлын хашаа түрээслэдэг болохоор хажуу айлын хүн муу хэлэх байх гээд санаа нь зовоод ирдэггүй байх гэж боддог. Тэмүүлэн нь миний ганц хүүхэд юм. Би хүүгийнхээ орооцолдсон энэ зодооны асуудлыг л мэднэ. Өмнө нь тэгэж зодоон цохион хийсэн гэх асуудлыг мэдэхгүй. Миний бодож байгаагаар тэд нар нь байнга дарамталдаг байсан болоод л тэр нь өнөөдөр ийм зодоон нүдээний асуудал болоход хүргэсэн юм шиг байна лээ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-64х/,

 

12. Гэрч С.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Миний хүү Батцэнгэл нь 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, манай гэрийн том хүүхэд, доороо нэг эмэгтэй дүүтэй. Дүү нь одоо Багануур дүүрэгт 2 дугаар ангид сурдаг. Миний хүү Батцэнгэл Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1990 онд эцэг, эхийн хамт Багануур дүүрэгт шилжин ирсэн юм. Багануур дүүргийн 95 дугаар сургуульд 1999-2011 онд суралцаж төгссөн, сургуулиа төгсөөд Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн харьяа КТМС-ийн хүнсний технологийн инженерийн ангид элссэн. Дархан-Уул аймагт манай дүү Мөнхсайханы гэрт амьдарч байгаад 2 дугаар курсээс сургуулиа орхисон. Яагаад сургуулиа орхисон талаар асуухад охидууд ихтэй сургуульд явахгүй, дээд курсын хүүхдүүд дарамталж архи, дарс, тамхи авахуулах, мөнгө нэхэх зэргээр дарамталдаг байсан юм шиг байна лээ. Тэрнээс болоод сургуулиасаа гарсан гэж сонссон. Одоо миний хүү Батцэнгэл уг нь Улаанбаатар хотод ажил хийнэ гэж ирээд ийм хэрэгт холбогдсон гэдгийг нь сүүлд мэдсэн.

Би Ганбат, Билгүүн гэдэг хүмүүсийг танихгүй. Урьд нь тэдгээр хүмүүстэй уулзаж байгаагүй. Солонгоо гэж хүнээс 2015 оны 06 –р сард билүү 07-р сард билүү Монгол шуудан компаниар дамжуулан гэрийн хаягаар надад хаягласан захиа ирж байсан. Мөн оныхоо 9-р сард надтай холбоо барьсан. Надад бичсэн байсан захианы агуулга нь “таны хүүхэд гадуур дэмий тэнээд байна, хүүхдээ татаж ав.” гэсэн утгатай байсан ба захиан дээр бичсэн утсаар нь  залгахад авдаггүй. Тэрнээс хойш 2015 оны 9-р сард Солонго гэдэг нь “би Солонгоо байна, танай хүүхэд гадуур тэнээд байна, эмэгтэй хүний хувцас өмсөөд яваад байна” гэж ярьсан. Ингэж ярьснаас хойш 2 хоногийн дараа дахиад шөнө унтаж байхад залгахаар нь би “унтаж байна, өдөр ярихад яадаг юм гэж уурласан чинь хүүхдээ зарж хоол авч иддэг, хүүхдээ ав, Улаанбаатар хотоос авч зайлуул” гээд хашгираад байхаар нь би утсаа салгачихсан юм. Тэр Солонгоо гээд байгаа хүүхэд нь надтай хамгийн сүүлд 3-р сард ярьсан. Тэгэхэд нь би хүү Батцэнгэл рүү залгаад “Чи гадуур дэмий тэнээд байгаа юм уу, ямар хүмүүс чиний талаар яриад байгаа юм бэ” гэж гэхэд хүү маань “та хүүхдээ итгэдэггүй юм уу, наадах чинь угаасаа тийм хүн ш дээ, худлаа ярьдаг юм. Намайг гүтгээд доромжлоод байгаа юм” гэж хэлж байсан.

Ганбат буюу өөрийгөө Халиунаа гэж танилцуулсан хүн над руу утсаар Батцэнгэлийн талаар гомо, хулгай хийдэг, биеэ үнэлэгч гэх мэтээр хэлж ярьж байгаагүй. Миний хүү Батцэнгэл нь даруухан, дуугүй, томоотой, хүний үгээр л байдаг, багаасаа тийм хүүхэд байсан. Одоо ч тэр хэвээрээ байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 65-68х/,

 

13. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14329 тоот дүгнэлтэд:

1. Б.Ганбат-н биед зүүн нүдний зовхи, цээж, баруун зүүн бугалга, баруун дал, гуянд цус хуралт, дух, зүүн нүдний зовхи, эрүү, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 70х/,

 

14. Шүүгдэгч Б.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

 

“...Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь одоо сайн санахгүй 2015 оны 10 дугаар сарын эхээр байх орой 23 цагийн найз нар болох Цэнд-Очир, Ганзориг /Тэмка/ нарын хамт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Ард кино театрын эсрэг талд DZZ нэртэй бааранд орсон юм. ...Бааранд ороод бид нар архи уугаад сууж байхад Ганбат /Халиунаа/ байж байсан. Ингээд орой хаах цаг нь болоод пабаас гарсан юм. Тэгсэн чинь тухайн үед Ганзориг, Анужин хоёр хоорондоо маргалдаад байж байхад нь Ганбаттай /Халиунаатай/ зүгээр юм яриад зогсож байсан юм.

Тэгсэн чинь Ганбат өөрөө надаас хэрүүл гуйгаад, өдөөд байсан юм. Ганбат нь манай ээж Байгалмаа руу байнга залгаад “гомо, танхай, хулгай хийдэг, болж бүтэхгүй юу байна бүгдийг нь хэлээд, мөн миний facebook-ийн найзууд руу намайг хулгайч” гэх мэтээр юм явуулаад байсан болохоор би тэрийг нь Ганбатад “битгий тэгээд бай”  гэж хэлсэн.  Үүнээс болж бид хоёрын хооронд маргаан болоод би, Ганзориг /Тэмүүлэн/, Ганбат, Цэнд-Очир бид дөрөв тэндээс такси бариад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, хойд талаараа далантай, хажуу талаараа барилга хаустай газар очоод таксинаас буугаад бид 4 урд талд нь байх Туул голын эрэг дээр “яагаад хүмүүст дэмий юм яриад, миний нэр хүндэд халдаад байгаа юм бэ” гэж хэлээд өөрөөр нь куртикийг нь тайлуулаад, цамцтай нь зогсоосон юм.

Ингээд бид зам дагуу байдаг буудалд ороод 2 цаг аваад авсан 0,75 литрийн Чингис нэртэй архиа уусан. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад учраа олоод тарцгаасан. Би эхлээд Ганбаттай, Ганзориг /Тэмүүлэн/ бид хоёр нилээд удаан хугацаанд Туул гол дээр байхад хэрэлдсэн юм. Түүнээс биш бид нарын хооронд маргаан зодоон болоогүй. Би Ганбатыг ямар учраас ийм гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна.

Би 1993 оны 06 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. Эцэг эхээс 2-лаа доороо нэг эмэгтэй дүүтэй. Арван жилийн сургуулиа Багануур дүүргийн 10 жилийн 95-р дунд сургуулийг 2000-2001 оны хооронд суралцаж төгссөн. Үүний дараа Дарханы ШУТИС-ийн хүний технологийн ангид орж суралцаж байгаад чөлөө авсан. Одоо бол хичээлдээ явахгүй байгаа, ар гэрийн байлаас мөнгөгүй учраас сургуульдаа явахгүй байгаа. Би албан ёсоор тогтсон ажил хийж байгаагүй жижиг бар, ресторанд зөөгчөөр ажиллаж байсан. 2014 оноос эхлэн өөрийн сонирхлоор бэлгийн цөөнх болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 81-83х/,

 

Яллагдагчаар өгсөн:

 

“...Б.Ганбатыг Э.Тэмүүлэн бид хоёр бүлэглэж зодоогүй. Тэмүүлэн бид хоёр Ганбатын нүүр рүү нь нэг, нэг удаа алгадсан. Өөр байдлаар цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн өдөр Тэмүүлэн бид хоёр нэг, нэг пиво уусан байсан ба ухаанаа мэдэж байсан. Согтуу байгаагүй. Харин Б.Ганбат нь нилээн халамцуу согтуу байсан. Өөрөө гол руу гүйж орж, унаж босоод байсан. Түүнээс биш Тэмүүлэн бид хоёр Ганбатыг барьж аваад бөөр толгой, хавирга орчимоор нь цохиж зодсон асуудал байхгүй.

Туул голын эргээс такси бариад Цэцэг төвийн хажууд ирэхдээ таксины урд Тэмүүлэн, арын сандал дээр би, Ганбат, Цэнд-Очир нар байсан. Цэцэг төвийн хажууд ирээд Тэмүүлэн, Ганбатаас утсыг нь “таксины мөнгө байхгүй, таксины мөнгөнд өглөө шүү, өөрөө холбогдоод аваарай” гэж хэлээд өгсөн. Тэгэхэд Ганбат өгөхгүй гэж уурлаагүй, түүнийг айлгаж дарамталсан зүйл байхгүй. Ганбат гар утсаа бариад сууж байхаар нь Тэмүүлэн утсыг нь аваад таксины эгчид өгсөн. Туул голын эрэг дээр байхдаа би утсаараа ямар нэг бичлэг хийгээгүй. Гадаа харанхуй байсан болохоор гар утасны гэрлийг асаагаад зогссон. Тэгж зогсож байхдаа “бичлэг хийж байна шүү” гэж худлаа хэлээд гэрлийг нь тусгасан юм.

Ганбат намайг “биеэ үнэлдэг, хулгай хийдэг, хүн дарамталдаг, зодоон хийдэг наадахтайгаа харьцаад хэрэггүй” гэх мэтээр хүмүүст буруугаар ойлгуулаад байдаг. Тэгэхээр нь би “тэгж янз бүрийн юм яриад байхаа боль” гэж хэлсэн чинь “яадгийн” гээд уурлаад байсан. Би тухайн үед зодно гэж бодоогүй, айлгана гэж бодож байсан юм. Тэгсэн чинь өөрөө орилоод үгэнд орохгүй маргалдаад байсан болохоор нь ганц хоёр удаа гар хүрсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 85-87х/,

 

15. Шүүгдэгч Э.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

 

“...2014 оны 02 сард гэж санаж байна “Лесби, гомо, трансжендэр, би сексуаль” хүмүүсийн үдэшлэг болоод тэнд Ганбат /Халиунаа/, Билгүүн /Солонго/, нартай танилцаж байсан. Сүүлийн үед Билгүүн надтай маргалдаж “чамайг эмэгтэй хүний хувцас өмсөж гадуур явдаг, эмэгтэй хүн болж хувирдагийг чинь гэр бүлийхэнд чинь хэлнэ” гэх мэтээр намайг дарамтлах болсон. Мөн Батцэнгэлийн гэр рүү яриад “танай Батцэнгэл /Одко/ хичээл сургуульдаа явдаггүй, гадуур эмэгтэй хүний хувцас өмсөж явдаг, биеэ үнэлдэг” гэж хэлсэн байсан.

Ингээд 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Цэцэг төвийн хажуу талд байрлах Кевинс пабад Батцэнгэл, Цэнд-Очир нарын хамт ороход Ганбат сууж байсан ба Ганбат нь “гомо” гэх мэтээр чанга, чанга орилоод хашгираад байсан. Тэгсэн Батцэнгэл, Ганбаттай маргалдаж хэрэлдсэн. Дараа нь тэр хоёр гадагшаа гарсан ба Цэнд-Очир бид хоёр араас нь гарахад Дамдинсүрэн байсан. Тэгээд бид Туул гол орохоор болоод такси барьж суугаад тэнд очсон.

Тэгсэн Ганбат нь таксинаас буугаад гүүрний доод тал руу гүйгээд явахаар нь Батцэнгэл бид хоёр араас нь гүйж очоод, маргалдаж хэрэлдсэн. Тэгсэн Ганбат гол руу ороод хэвтээд байхаар нь нэг удаа алгадсан. Мөн Батцэнгэл бас нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тэгээд гурвуулаа голын эргээс гараад Цэнд-Очир, Дамдинсүрэн нарын хажууд ирээд замаас такси аваад Мөнгөн завъяагийн хажууд Ганбатыг буулгаад гэр рүүгээ харьсан.” гэсэн /хэргийн 89-90х/ мэдүүлэг,

 

Яллагдагчаар өгсөн:

 

“...Би өмнө нь сэжигтнээр тооцогдон шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлгүүд дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Миний хэлсэн зүйл үнэн болохоор одоо дахин ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Туул голоос Цэцэг төв орох таксинд суухад би урд нь сууж явсан. Таксинаас буухад Ганбат гар утсаа гартаа барьчихсан байхаар нь бид нар бүгд таксины мөнгөгүй болчихсон байсан болохоор гар утсыг нь таксины тооцоонд өгчихсөн юм. Ганбат өөрөө тухайн үед юу ч ярьж хэлэхгүй байсан бөгөөд өөрөө гар утсыг нь өгч байгааг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 92-93х/,

 

16. Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 14х/,

 

17. Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болох тухай прокурорын 2016 оны 05 сарын 19-ний өдрийн 152, 153 тоот тогтоол /хэргийн 152-153х/,

 

18. Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 154х/,

 

19. Хохирогч Б.Ганбатын Хан-Уул дүүргийн хяналтын прокурорт бичгээр гаргасан хүсэлт тайлбар /хэргийн 155х/ баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдалтай холбоотой Э.Сэргэлэнбаатар, Б.Отгонжаргал, Б.Алтанцэцэг, Н.Бүжинлхам нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн нарын мэдүүлэг /хэргийн 39х, 41х, 46х, 47х/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 94х, 104х/, иргэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 96х, 105х/, суурь боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 97х/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хэргийн 98х, 108х/, иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 99х, 107х/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 110х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн 14329 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Дээрх нотлох баримтуудыг судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Батцэнгэл, Э.Тэмүүлэн нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын эрэг орчим Б.Ганбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож /үсдэх, өшиглөх, алгадах, гараар цохих зэргээр/ бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Ганбатын: “...2015 оны 10 сарын 04-ний 02 цагийн орчим пабаас гарах гэтэл Тэмка, Батцэнгэл хоёр “чи яасан их цагдаад гомдол өгдөг юм бэ, дахиад өргөдөл өгөөрэй” гээд намайг зодож байсан газар аваачиж дахиж зодно гэж хэлсэн. Тэгсэн чинь манай найз болох Зоригоо намайг салгаад таксинд суулгаж өгөөд, өөрөө буцаад пабруу орсон. Тэгтэл Тэмка пабаас гарч ирээд таксины хаалга онгойлгоод намайг таксинаас хүчээр буулгасан. Ингээд Тэмка, Батцэнгэл хоёр өөр такси бариад намайг суулгаад мөн хамт явж байсан найз нар нь болох Зоригоогийн хамт нэг таксинд суугаад араас Анхилуун, Баяраа, Даамиа 3 өөр такси бариад явсан. Тэгээд намайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн гүүрний баруун талд нь байрлах Грийн хаус хотхоны хажуу талаар урсаж байгаа Туул голын эрэг дээр аваачаад Батцэнгэл, Тэмка хоёр “ахиад цагдаад мэдэгдээрэй” гэж хэлээд зодсон.

Тэмка миний бөөр, хавирга орчимоор 4-5 удаа өшиглөж, зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Харин Батцэнгэл намайг үсдэж, өшиглөөд гол руу оруулаад чирсэн. Дараа нь тэр хоёр миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-30х/,

- Гэрч А.Зоригийн “...2015 оны 10 сарын 04-ний өдөр Ганбаттай хамт амьдардаг гэж хэлж байсан Билгүүн /Солонго/-той гар утсаар ярихад Батцэнгэл, Тэмка хоёр Ганбатыг хойноос нь таксигаар хөөж очоод зодсон байна гэж хэлсэн. Чухам хэн нь хэнийг хаана яаж зодсон талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/,

- Гэрч Б.Дамдинсүрэнгийн: “...Бид нарыг очих үед Ганбат, Батцэнгэл хоёрын хувцас нь норчихсон гол руу орсон юм шиг байсан. Ганбатын араас Батцэнгэл барьчихсан жалганаас гарч ирсэн. Жалганаас гарч ирэхэд Тэмүүлэн нь Ганбатыг барьж аваад нүүр рүү нь алгадаад, үсдээд цаашаа аваад явсан. Ингээд цаашаа очоод Ганбатыг Тэмүүлэн, Батцэнгэл хоёр хоёулаа ээлжлээд, нийлээд нүүр рүү нь алгадаад, өшиглөөд, үснээс нь зулгаагаад чирээд байсан. Батцэнгэл нь Ганбатын үснээс нь зулгаагаад арагш нь савж унагаж байсан. Тэмүүлэн, Батцэнгэл 2 нь Ганбатыг хоёулаа л зодсон болохоор яг тэр нь тэгж тийшээ нь цохисон гэж хэлж чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-51х/,

- Гэрч Батсүхийн Билгүүний: “...2015 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 08.00 цагийн үед Ганбат орж ирсэн. Тухайн үед Ганбатын хувцас хунар нь шавар болж бохирлогдсон, нүүр, гар, шуу хэсгээр нь шалбарсан, цус болж зодуулсан байдалтай байсан. Тэгээд би Ганбатаас юу болсон талаар асуухад Тэмка хочтой Тэмүүлэн, Одко хочтой Батцэнгэл нар нь намайг Зайсанд байрлах Туул голын эрэг дээр аваачиж бүлэглэж зодсон. Мөн миний гар утсыг хүчээр Тэмка аваад таксины хөлсөнд өгсөн гэхээр нь би Ганбатыг дагуулж Цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-58х/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14329 тоот актын:

“...Ганбатын биед зүүн нүдний зовхи, цээж, баруун зүүн бугалга, баруун дал, гуянд цус хуралт, дух, зүүн нүдний зовхи, эрүү, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 70х/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь бэлгийн өөр чиг хандлагатай, цөөнхийн бүлэгт хамаардаг талаар тэдгээр нь мэдүүлсэн ба үүнтэй холбоотойгоор нэр бүхий шүүгдэгч нар нь хохирогчийг “өөрсдийн гэр бүлийнхэн лүү нь утсаар залгаж гомо, танхай, хулгай хийдэг, үл бүтэх этгээд, эмэгтэй хүний хувцас өмсөж гадуур явдаг, биеэ үнэлдэг“ гэх зэргээр хэлсэн, facebook орчны найзуудад захиа бичиж нэр төрд халдсан” гэсэн хардалт болон өмнө цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулсан, яасан их цагдаад гомдол гаргадаг юм” гэсэн эх сурвалж бүхий /хэргийн 111-113 дугаар талд авагдсан хохирогч Б.Ганбатаас 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан “шүүгдэгч нар болон бусад нэр бүхий хүмүүст зодуулсан” гэх гомдлыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалтай/ таарамжгүй харилцаанаас үүдэлтэй Б.Батцэнгэл, Э.Тэмүүлэн нар нь Б.Ганбаттай маргалдаж, хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг Туул голыг эрэг дээр аваачин бүлэглэн зодсон, хохирогч Б.Ганбатын биед нь шүүгдэгч нарт зодуулсны улмаас хөнгөн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байна.  

 

Хохирогч Б.Ганбатын гар утсыг булаан авч, таксины төлбөр тооцоонд өгсөн гэх асуудлын талаар мөрдөн байцаалтын шатанд зохих ажиллагааг хийж шалгасан, хохирогч уг асуудлаар гомдол маргаангүй болохоо илэрхийлсэн баримттай /хэргийн 155х/ ба 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 120, 121 дугаартай прокурорын тогтоолоор “нэр бүхий шүүгдэгч нар нь хохирогч Б.Ганбатын 90.000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг бүлэглэж, хүч хэрэглэн булаан авсан” үйлдэл тогтоогдоогүй үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан журмын дагуу Б.Батцэнгэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэнийг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Батцэнгэл, Э.Тэмүүлэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул Б.Батцэнгэл, Э.Тэмүүлэн нарыг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн энэ зүйл хэсэгт заасан ял хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч Э.Тэмүүлэн, Б.Батцэнгэл нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй “ЦЕГ-ын МСТТ-ийн санд бүртгэгдээгүй” тухай  тэмдэглэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 94х, 104х/ тогтоогдсон ба тэдгээрийг анх удаа Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.Тэмүүлэн 1997 оны 12 сарын 02-ны өдөр төрсөн, хэрэг гарсан 2015 оны 10 сарын 03-наас 04-нд шөнийн байдлаар насанд хүрээгүй 17 нас 10 сар 03 хоногтой байсан нь хэргийн 105, 107 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар баримтаар нотлогдож байна.   

 

Энэ хэргийн хохирогч Б.Ганбат нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардалд “...шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, биеийн эрүүл мэнд сайжирсан, зовиур байхгүй хэдий ч бүлэглэн зодсон үйлдэлд нь гомдолтой” хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж дүгнэв.  

 

Шүүх, шүүгдэгч Э.Тэмүүлэн, Б.Батцэнгэл нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан байдал болон шүүгдэгч Э.Тэмүүлэн 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.7,  55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “албадан ажил хийлгэх ял” оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.     

 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Тэмүүлэн, Б.Батцэнгэл нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэр бүхий шүүгдэгч нар нь хохирогчид болон өөр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нартай холбоотой иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэг, 297, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Батзоригийн Батцэнгэл, Боржигон овогт Энхбаатарын Тэмүүлэн нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Батцэнгэл, Э.Тэмүүлэн нарыг тус бүрийг 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Б.Батцэнгэл, Э.Тэмүүлэн нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногийн баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Э.Тэмүүлэн, Б.Батцэнгэл нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нартай холбоотой иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

      

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.     

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн  тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Батцэнгэл, Э.Тэмүүлэн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД