Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.А

            Хариуцагч: ОАГХБХБГ-т холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага: “ОАГХБХБГ-ын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Шаардах хуудас”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2019/0016/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.А нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станцын ард байрлах 1231 м.кв газрыг Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний үндсэн дээр 8 жилийн хугацаатайгаар авто засвар, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг. Дээрх хууль ёсны дагуу эзэмшиж буй газар дээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө /Д төв/ байрладаг бөгөөд би уг үл хөдлөх хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулдаг. Мөн манай байгууллагын хажууд иргэн Д.Б нь “Х” нэртэй авто засвар, угаалгын газар ажиллуулдаг. Гэтэл ОАГХБХБГ-аас манай байгууллагад хаягласан 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шаардах хуудсаар миний эзэмшлийн /Д төв/-н газрыг чөлөөлөхийг шаардсан албан бичиг ирсэн. Уг албан бичигт намайг нийтийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй юм барьсан тул миний барьсан /Д төв/-ийг албадан чөлөөлөхийг мэдэгдсэн хуудас байсан. Дээрх “Шаардах хуудас” нь миний эзэмшлийн газар “Х” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын зурагтай давхацсантай холбогдон ирүүлсэн албан бичиг юм. Уг ногоон байгууламжийн тохижилтын зураг нь 2017 оны 02 дугаар сард Уурхайчин багийн Засаг дарга, ОАГХБХБГ-ын мэргэжилтэн Г.Б-гийн гарын үсэг зурж баталгаажуулснаар батлагдсан зураг төсөл юм.

 Уг зураг төслийн хүрээнд давхацсан талаар мэдэгдээгүй сонсгох ажиллагаа явуулаагүй. Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргаж шууд шаардах хуудас явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болохыг харуулж байгаа юм. Мөн газар эзэмших эрхээ миний бие хэрхэн зөрчсөн болон газар эзэмших эрхийн ямар зөрчил гаргасан болохыг дурьдаагүй бөгөөд ойлгомжгүй байна. Нөгөөтэйгүүр уг шаардах хуудсыг Орхон аймгийн төв замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөж байгаатай холбогдуулан замд ойр байрласан газрын зөрчилтэй аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлсэн байдаг ба манайх замаас хол байрладаг төдийгүй газрын ямар нэгэн зөрчилгүй болно. Тус шаардах хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д зааснаар илт хууль бус байна” гэжээ.

            Хариуцагч ОАГХБХБГ-ын дарга Д.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ГХБХБГ-аас 2019 оны 5, 6 дугаар сард Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчтай хамтран 2 талуудын хооронд үүссэн маргаантай асуудлыг газар дээр нь үзэхэд “Д” авто засварын газар нь хаалга хаасан, манай газрыг давхцуулан тохижилт ногоон байгууламж төлөвлөсөн зураг баталсан гэх гомдол мэдүүлсэн газар дээрээ холбогдох байгууллагад өргөтгөл барих албан ёсны мэдэгдэлгүй, барилгын батлагдсан зураггүй, ажил эхлэх зөвшөөрөл авалгүй Барилгын тухай хуулийн  14.1.1, 26.2, 46.1.3 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.5, 2.1 дэх заалтыг тус тус зөрчиж 2018 онд 6.4х22.4 м харьцаатай зүүн талдаа хаалга гаргасан нэг давхар өргөтгөл барилгыг барьсан байсан.

            Мөн өөрийн гэрээгээр хүлээсэн газар эзэмших эрх, үүргийг зөрчин нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй дугуй засварын газрыг сургуулийн барилгын бохир усны шугам дээр байгуулж үйл ажиллагаа эрхэлсэн дугуй засварын газарт хангагч байгууллагаас  зөвшөөрсөн техникийн нөхцөл авалгүй дур мэдэн “Д” авто засварын барилгаас сантехникийн шугамыг татан холбож үйл ажиллагаа явуулж байгаа нь Газрын тухай хууль 27.4, 57.3 дахь заалт, Барилгын тухай хуулийн 14.1.1, 26.2, 46.1.13 дахь заалт, холбогдох хууль, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын дүрэм журмыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн.

            Иймд дээрх хууль бус үйлдэлтэй нь холбогдуулан зөрчил арилгах хугацаатай албан шаардлагыг “Д” авто засварт хүргүүлж ажилласан. “Б” ХХК-ний  захирал Д.Б нь 2017 оны 5 дугаар сард өөрийн биеэр манай байгууллага дээр ирж гадна орчноо тохижуулах талаар мэргэжилтэн Г.Б-тэй уулзаж мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, эрх бүхий байгууллагаар гадна тохижилт, ногоон байгууламжийн зураг хийлгэн мэргэжилтэн Г.Б, Уурхайчин багийн Засаг дарга Г.Г нартай зөвшилцөн Аймгийн ерөнхий архитектороор тохижилтын зургийг батлуулсан байдаг. Энэ нь байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсгийг ханган ажилласан гэж үзэж байна” гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: “Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байна” гэж заасан байдаг. Уг албан бичгийг харахад Д.А-ийн эзэмшлийн газрын аль хэсгийг чөлөөлөх гэж байгаа нь тодорхойгүй. Захиргааны актыг бичгээр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлээ заах ёстой байсан. Гэтэл манай газрыг албадан чөлөөлүүлэх тухай Засаг даргын захирамж гараагүй байхад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж нийтийн эзэмшлийн талбай дээр барилга барьсан мэтээр газар чөлөөлөх албан шаардлага хүргүүлсэн байгаа. Тиймээс энэхүү маргаан бүхий актыг  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ОАГХБХБГ-аас “Д” авто засварын төвд хаягласан албан шаардлага хүргүүлсэн. Д авто засварын төв нь эзэмшил газар дээрээ барилга барьсан боловч Барилгын тухай хууль, Газрын тухай хуулийг тус тус зөрчсөн байдаг. Барилгын тухай хуулинд “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр барихыг хориглосон” заалт байдаг. Хуульд заасны дагуу зөвшөөрөл авч барилгын ажил хийсэн байх шаардлагатай. Мөн барилга байгууламжид тавигдах шаардлага гэж байгаа. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “зураг төслийн дагуу баригдсан байх” гэж байгаа.  Зураг төсөл хийхдээ  хотын Ерөнхий архитектортой зөвшилцөх ёстой байсан. Энэ хуулийг танайх зөрчсөн байна. Газрын тухай хуулиар танайх 1231 м.кв газар эзэмшиж байгаа. Гэтэл барилгын өргөтгөл барих гэж байгаа тохиолдолд барилгын инженертэй зөвшилцөж барих ёстой байсан. Танай урд талд шатахуун түгээх станц байдаг. Аюулгүй байдлаа бас бодолцох ёстой байсан. Танайх 6.24х22.4 м урттай өргөтгөл барьж урагшаагаа гарц гаргасан байсан.

Өөрийнхөө эзэмшил газар дээрээ барьж байгаа боловч Барилгын тухай хуулийг зөрчсөн байна. Иргэн Б гэж хүн гомдол гаргасны дагуу манайх тухайн газар дээр үзлэг, шалгалт хийсэн. Танайх хажуудаа вагончик тавьчихсан авто засвар ажиллуулж байсан. Барилгаасаа төв дулааны шугам татаж оруулсан байсан. Ийм зөрчлүүд илэрсэн. Захиргааны ерөнхий хуулийнхаа дагуу шаардах хуудас танайд хүргүүлсэн. Иргэн Б та 2 манай ажил дээр ирж уулзсан. Хоорондоо энэ асуудлаа зохицоод тохиролцооч гэсэн байгаа. Өнөөдөр шүүхийн шатандаа явж байна. Шаардах хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу явуулсан. Шаардах хуудас хуулийн дагуу, хууль ёсны дагуу хийгдсэн. Бид нар бол ийм, ийм зөрчил гарсан байна гэж мэдэгддэг. Зөрчлийг арилгахыг шаарддаг. Болохгүй бол хугацаатай үүрэг өгч Засаг даргад уламжилж газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах санал хүргүүлдэг. Тэгэхээр хууль ёсны шаардлага гаргасан гэж үзэж байна” гэв.

 

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.А нь ОАГХБХБГ-т холбогдуулан “ОАГХБХБГ-ын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Шаардах хуудас”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба энэхүү өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э тус нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тул тухайн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

            1. Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн “Эдэлбэр газрын хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай” А/593 тоот захирамжийн хавсралтын 10 дахь заалтаар иргэн Д.А-д Уурхайчин баг Шунхлай ШТС-ийн ард 1231 м2 газрыг Авто засвар, үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж[1], газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр /ОАГХБХБГ-тай/ байгуулсан байна[2].

            2. Дээрх Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн А/593 тоот захирамжийн хүрээнд Д.А нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч бөгөөд газар эзэмших эрхийг нь хөндсөн аливаа шийдвэрт гомдол /нэхэмжлэл/  гаргах эрхтэй субьект юм.

            3.ОАГХБХБГ нь  маргаан бүхий “Шаардах хуудас”-ыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д:   “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.4-т: “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг  тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

            4. Тодруулбал: ОАГХБХБГ-ын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Шаардах хуудас”-ын үндэслэл болгож буй дараах хуулийн заалтууд нь бодит нөхцөлд тохироогүй, утга агуулгын илэрхий алдаатай болох нь тогтоогдож байна.

            5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан  бөгөөд иргэн Д.А нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №000587549 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй[3], шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хуулийн хүчинтэй болох нь тогтоогдсон болно.

            6. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2 /сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх/ дахь заалт нь нийтийн зориулалттай орон сууцны байшин, түүнтэй холбоотой хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх талаарх зохицуулалт болно.

          7. Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 /сууцныхаа зориулалт, төлөвлөлт, үндсэн бүтэц, хийц, инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх/ заалт нь сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт бөгөөд иргэн Д.А-ийн газар нь Авто засвар, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газрын маргаан учир тус хуулийн заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм.

          8. Зөрчлийн тухай хуулинд 8 дугаар бүлэг 8.1.3, 8.10.1 дэх заалтыг маргаан бүхий “Шаардах хуудас”-т баримталсан боловч энэ талаарх хуулийн заалт Зөрчлийн тухай хуулинд тусгагдаагүй байна.

             9. Мөн Барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг зөрчих тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.9 дэх заалт, 12.1.4, 14.4.4 дэх заалт баримталсан байгаа бөгөөд ийм нэршилтэй хууль, эрх зүйн зохицуулалт Монгол улсад  байхгүй.

            10. Газрын тухай хуулийн  57 дугаар зүйлийн  57.3-т: Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”,  57.4.-т: Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан ба энэ нь тухайн шатны Засаг даргын эрх хэмжээний асуудал тул тухайн эрхийг олгогдоогүй бөгөөд Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавих хуулиар хүлээлгэсэн үүргийг ОАГХБХБГ хэрэгжүүлж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”  заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Өөрөөр хэлбэл Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга нарт хуулиар хүлээлгэсэн чиг үүрэгтэйгээ холбогдуулан захиргааны акт гаргах эрх зүйн баримтлах зохицуулалт байтал ОАГХБХБГ-аас дээрх хуулийг баримталж захиргааны акт гаргасан нь хуульд нийцээгүй байна.

         12. Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн Д.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий “ОАГХБХБГ-ын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Шаардах хуудас”-ыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           13. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т: “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” зааснаар ОАГХБХБГ-ын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Шаардах хуудас”-т баримтласан /дээр нэрлэн заасан/ хуулийн заалтууд нь илт хууль бус тул захиргааны акт бүхэлдээ илт хууль бус болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ОАГХБХБГ-ын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Шаардах хуудас”-ыг илт хууль бус болохыг тогтоосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ОАГХБХБГ-ын санхүүгээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А-д олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.САРАНГЭРЭЛ

                                   

 


[1] ХХ-ийн 63 дугаар тал, арын нүүрт

[2] ХХ-ийн 66, 67 дугаар тал

[3] ХХ-ийн 65 дугаар тал