Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1501

 

 

 

 

 

      2017          07            03  

                   1501

 

 

Л.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01128 дугаар шийдвэртэй, Л.Ганчимэгийн нэхэмжлэлтэй хариуцагч “Хас банк” ХХК-д холбогдох

 

“Хас банк” ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн М/667 тоот болон 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн В/903 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийлгүүлэх тухай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2003 оны 09 сард “Хас” банкны Сонгинохайрхан салбарын жижиг дунд зээлийн эдийн засагчаар ажилд орсон ба түүнээс хойш Зээлийн удирдлагын газарт зээлийн эрсдлийн менежер, Хархорин тооцооны төвийн салбарын захирал Зээлийн удирдлагын газарт зээлийн эрсдлийн менежер, Жижиг дунд Бизнесийн банкны газарт ахлах мэргэжилтэн, Төвийн бүсийн захирал, Ерөнхий үйлчилгээ бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн захирал, Зээлийн шинжилгээний хэлтсийн захирал болон Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлаар нийтдээ тус банкинд тасралтгүй 13 жил ажилласан. Би өөрийн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл “Хас” банкны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 05 сарын 09-ний өдрийн М/667 тоот "Л.Ганчимэгийг ажил үүрэг гүйцэтгүүлэхийг зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлэх тухай" тушаал гарч ажил үүргийг минь гүйцэтгүүлээгүй байж байгаад 2016 оны 06 сарын 27-ны өдрийн В/903 тоот тущаалаар 2016 оны 07 сарын 08-ны өдрөөс үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд “Хас” банкны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 05 сарын 09-ний өдрийн М/667 тоот тушаал, 2016 оны 06 сарын 27-ны өдрийн В/903 тоот тушаалыг хүчингүй болгож, “Хас” банкны Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, 2016 оны 05 сарын 09-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 30 634 782 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “Хас банк” ХХК-ийн тайлбарт: Л.Ганчимэг нь зээл шийдвэрлэх эрх хэмжээ бүхий Зээлийн шинжилгээний хэлтэст захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн төрөл садан, найз нөхдийнхөө нэрээр зээл гаргуулан авч, бусдын нэрээр зээл авахгүй байх, зээлдэгчээс шан харамж, хувь авахгүй байх журмын зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан. Өөрийн хамаатан Л.Хонгорзулын нэрээр 84 000 000 төгрөгийн, О.Оюуны нэрээр 20 000 000 төгрөгийн, өөрийн ээж Ч.Дэнсмаагийн нэрээр 50 000 000 төгрөгийн зээл авсан. Мөн хамаатан Ё.Мягмаржаргалын 100 000 000 төгрөгийн зээлээс 44 000 000 төгрөгийг, Ё.Мягмаржаргалын 20 000 000 төгрөгийн зээлийн шугамаас 3 000 000 төгрөгийг, Ч.Уламнэмэхийн 35 000 000 төгрөгийн зээлээс 25 000 000 төгрөгийг, хамтран бизнес эрхлэгч О.Молормаагийн 100 000 000 төгрөгийн зээлээс 44 000 000 төгрөгийг, О.Молормаагийн нөхөр болох Б.Алтанхүүгийн 50 000 000 төгрөгийн зээлээс 10 000 000 төгрөгийг, 50 хувийг нь эзэмшдэг "Зэст хангай" ХХК-ийн 340 000 ам.долларын зээлээс 55 000 ам.долларыг авсан байдаг.

Хөдөлмөрийн дотоод журамд тодорхойлсон холбогдох этгээд болох Ё.Мягмаржаргалд 100 000 000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэхэд нь саналын эрхтэйгээр оролцсон, холбогдох этгээд болох талаар банкинд мэдээлэлгүйгээр холбогдох журам зөрчсөн болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ё.Мягмаржаргалын зээлийг 99 998 425 төгрөгийн үлдэгдэлтэй байхад зээлийн барьцааны орон сууцыг чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулж өөрийн нэр дээр шилжүүлсэн үйлдлээрээ уг зээлийг барьцаа хөрөнгөгүй болгож эрсдэлд оруулсан. Л.Хонгорзулын нэрээр авсан 84 000 000 төгрөгийн, 11 cap хүү төлж, 12 дахь сард үндсэн төлбөрөө бөөнд нь төлж дуусгах нөхцөлтэй олгогдсон орон сууц барьцаалсан шуурхай зээлийн үндсэн төлбөр төлөх үүрэг эхлэх сард бизнесийн зээлд хөрвүүлж төлүүлсэн. Бизнесийн зээл нь 35 cap хүү төлж, 36 дахь сард үндсэн төлбөрөө төлж дуусгах нөхцөлтэй олгогдсон нь Бичил жижиг бизнесийн зээлийн журмын 9.2-т заасныг зөрчсөн, мөн цалингийн орлоготой зээлдэгчид уг журмын 3.2.21-д зээлдэгч нь бизнесийн орлоготой байхаар шаардлага тогтоосныг зөрчиж зээл олгох шийдвэр гаргасан.

"Зэст хангай" ХХК-ийн 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 250 000 000 төгрөгийн зээлийг зориулалтаар нь ашиглаагүй, үүнээс 48 575 485 төгрөгийг О.Молормаагийн зээлийг, 29 526 671 төгрөгийг өөрийн төрсөн дүү Л.Сундуйчимэгийн зээлийг төлөхөд ашиглаж, мөн 20 000 000 төгрөгийг Л.Ганчимэг хувьдаа, 30 500 000 төгрөгийг О.Молормаа хувьдаа ашигласан. 2014 оны 7 сарын 02-ны өдөр "Зэст хангай" ХХК-д 340 000 ам.долларын зээл олгогдсоноос өмнөх зээлийн үлдэгдэл 279 998 ам.долларыг төлж, зөрүү 55 000 000 төгрөгийг Л.Ганчимэг өөртөө авч ашигласан, уг 340 000 ам.долларын зээл өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй, муу ангилалд байгаа. О.Молормаагийн дүүгийн нөхөр Ц.Бямбадоржид 60 000 000 төгрөгийн зээлийг олгоход зөвхөн газар болон хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгох зөвшөөрлийг өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн олгосон. 2016 оны 02 сарын 05-ны өдөр ажиллагсдын хэрэглээний зээл авахаар 17 500 000 төгрөгийн зээл хаах нөхцөлтэйгээр тооцоолж 26 000 000 төгрөгийн зээл авсан
боловч өмнөх зээлийг хаалгүйгээр зээлийг бүхэлд нь авч ашигласан, энэ буруугаа өөрөө
хүлээн зөвшөөрсөн. Нөхөр Ч.Дэлгэрийн зээлийн хувийн хэрэг, зээлийн гэрээ, барьцааны гэрээг алга болгосон. Уг баримт бичгүүдийг хадгалах чиг үүрэгтэй ажилтан болох Л.Ганчимэгийн багын найз Ш.Наранцэцэгээс хуулбарлан Л.Ганчимэгт 2016 оны 02 сарын 17-ны өдөр цахим шуудангаар хүргүүлснээс хойш алга болсон.

2016 оны 3 сард Дотоод аудитын газраас зээлийн үйл ажиллагаанд ээлжит шалгалт хийх үед ямар зээл түүвэрт хамрагдаж шалгагдах талаар мэдэх ёсгүй байтал энэ талаар мэдээлэл, хувийн хэргүүдийг холбогдох ажилтанд хандаж авсан, шалгах зээлийн жагсаалтад орсон нөхөр болох Ч.Дэлгэрийн орон сууц худалдан авах зээлийн хувийн хэрэгт байсан зээлийн саналыг устгаж, засварлан шинээр бүрдүүлсэн, ингэхдээ уг зээлийг судалсан судалгааны мэргэжилтнээс зээлийн саналыг файлаар авч, "Ч.Дэлгэр нь 42 000 000 төгрөгийн орон сууц барьцаалсан шуурхай зээлийг төлүүлэх, зээлээр худалдан авч буй орон сууц нь Хас банкны 1480009904 тоот зээлд барьцаалагдсан" гэж бичсэн байсныг хасч шинээр хэвлэн, санал бэлтгэсэн ажилтнаар гарын үсэг зуруулж хувийн хэрэгт хийсэн. Л.Ганчимэг нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон учир хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 4-т зааснаар "Хас банк" ХХК-д холбогдох, хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 05 сарын 09-ний өдрийн М/667 тоот "Л.Ганчимэгийг ажил үүрэг гүйцэтгүүлэхийг зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлэх тухай" тушаал болон 2016 оны 06 сарын 27-ны өдрийн В/903 тоот "Л.Ганчимэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 30 634 782 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Л.Ганчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Ганчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Ганчимэг давж заалдах гомдолдоо: Шүүхээс ажлын байрнаас хөндийрүүлсэн тушаалыг "..Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үр дагаврыг бий болгоогүй харин аудитын шалгалт хийх хугацаанд ажлын байрнаас нь түр хугацаагаар "хөндийрүүлэх" буюу удирдах албан тушаалтныг аудитын шалгалтын явцад нөлөөлөхгүй байх нөхцөл байдлыг бүрдүүлэх агуулгатай байх тул Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид харшлаагүй байна" хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулиар "Ажлын байрнаас түр хөндийрүүлэх" гэсэн ойлголтыг хуульчлаагүй бөгөөд хуульд байхгүй зохицуулалтаар цалин хөлсийг зогсоож, ажил үүргийг гүйцэтгүүлэхгүйгээр хөндийрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

“Хас банк” ХХК надтай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй байж "Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирал"-ын албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. "Хас банк”-ны Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн В/378 тоот тушаалаар намайг 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан. Уг тушаалын 2 дах заалтаар хөдөлмөрийн гэрээнд холбогдох өөрчлөлтийг тусгах үүргийг тус банкны Зээл хариуцсан захирал Ю.Гэрэлмаад үүрэг болгосон байдаг. Гэтэл тушаалын дагуу Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын албан тушаалд надтай огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, миний өмнөх хөдөлмөрийн гэрээнд ч нэмэлт өөрчлөлтийг оруулаагүй. Намайг ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлийг хангах ёстой. Гэтэл намайг чөлөөлсөн Иргэдийн зээлдийн судалгааны хэлтсийн захирлын албан тушаал дээр надтай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй атал шүүхээс хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. “Хас банк” ХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн В/903 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 дах заалтыг үндэслэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулж гэрээг цуцлах ёстой.  Гэтэл “Хас банк” ХХК-ийн тушаалын үндэслэл болсон зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл 2 жилийн өмнөх зөрчилд шийтгэл ногдуулж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй.  Миний бие 2017 оны 02 сарын 20-ны өдөр хүүхдээ сахиад Эх нялхсын төвд хэвтэн эмчлүүлж байсан учир дээрх нөхцөл байдал болон холбогдох нотлох баримтын хамт шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ албан ёсоор шүүхэд өгсөн. Гэтэл шүүхээс хурлыг хойшлуулсан атлаа гэрчүүдийг зөвхөн хариуцагч талыг байлцуулан асуусан нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Ганчимэг нь хариуцагч “Хас банк” ХХК-д холбогдуулан хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн М/667 тоот болон 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн В/903 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон, шүүхээс маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Ганчимэг нь хариуцагч “Хас банк” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Зээлийн шинжилгээний хэлтсийн захирлаар ажиллаж байгаад хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/378 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын албан тушаалд шилжин ажилласан ба хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн В/903  тоот тушаалаар ажлаасаа халагдсан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

 

Хариуцагч “Хас банк” ХХК-ийн хүний нөөц хариуцсан захирлын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн В/378 тоот Л.Ганчимэгийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын 2 дахь заалтад “Л.Ганчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгах, .... гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Зээл хариуцсан захирал Ю.Гэрэлмаад үүрэг болгосугай” гэж заасан ба уг өөрчлөлтийг ажил олгогчийн зүгээс хийгээгүй нь нэхэмжлэгчийг шинээр ажил үүрэг гүйцэтгэсэн нөхцөл байдалд нөлөөлөх үндэслэлгүй байх тул зохигчдыг Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

Хэргийн 209-214 дүгээр талд авагдсан “Хас банк” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Төв албаны ажилтантай холбоотой зөрчлүүдийг шалгасан тайлангаар нэхэмжлэгч нь 2014, 2015, 2016 онуудад нийт 19 зөрчил гаргасан байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгч Л.Ганчимэгийн гаргасан дээрх зөрчлүүдээс Иргэдийн зээлийн судалгааны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нөхөр Ч.Дэлгэрийн орон сууц худалдан авах зээлийн саналыг засварлаж, барьцааны орон сууцыг чөлөөлүүлж өөрийн нэр дээр шилжүүлсэн, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ч.Дэлгэрийн жижиг бизнесийн зээлийн хувийг хэргийг алга болгосон, мөн өөрийн 2015 оны  07 дугаар сарын 10-ны өдрийн хэрэглээний зээлийн 17 500 000 төгрөгийн үлдэгдлийг хаалгүйгээр  2016 оны 02 дугаар сарын 05-ны  өдөр 26 000 000 төгрөгийн ажиллагсдын хэрэглээний зээлийг давхцуулан авсан гэх зөрчлийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлах бөгөөд уг зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримт, гэрч Н.Ундармаа, Т.Нандинцэцэг, Ч.Долгорсүрэн нарын мэдүүлгээр  тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 4.1.11, 4.1.13, Хөдөлмөрийн дотоод журмын 16.3.11-д “гүйцэтгэж буй ажил үүрэг болон албан тушаал, өөрт олгогдсон тусгай эрх хэмжээ, боломж, эд хөрөнгийг өөрийн эсхүл бусдын ашиг сонирхлыг харгалзан ашигласан, ...эрхээ урвуулан ашигласан, эрх хэмжээгээ хэтрүүлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан”, 16.3.13-т “банкны болон санхүүгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн баримт бичигт худал мэдээлэл оруулсан...”, 16.3.14-т “удирдах ажилтан нь үнэнч шударгаар ажиллах үүргээ ухамсарлан биелүүлээгүй, ... удирдах ажилтанд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан, ... хяналтын чиг үүргийг хэрэгжүүлээгүй” гэж заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд хамаарч байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг тодруулах зорилгоор аудитын шалгалт явуулсан ба уг хугацаанд нэхэмжлэгчийг шалгалтанд  хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхаар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн В/667 тоот Л.Ганчимэгийг ажил үүрэг гүйцэтгэхийг зогсоож, ажлын байрнаас хөндийрүүлсэн тушаал гаргасныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн аудитын шалтгалтаар илрүүлж, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн В/903 тоот тушаалаар нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Шүүх Н.Ундармаа, Т.Нандинцэцэг, Ч.Долгорсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд зааснаар хууль сануулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-т заасан журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/01128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                          

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                       ШҮҮГЧИД                          С.ЭНХТӨР

 

                                                                                                А.МӨНХЗУЛ