Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 50

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Мөнхтуяа

          Шүүгдэгч А.Б , Н.С , Т.О

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЗ/177 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр А.Б , Н.С , Т.О  нарт холбогдох 1828000390060 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

  Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Жаргалан суманд ….. оны …. дугаар сарын ….-ны өдөр төрсөн, ……. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., эхнэр, … хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, …………………………. оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Жүрмэд овогтой А.Б , регистрийн дугаар ...............,

Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Жаргалан суманд ….. оны …. дүгээр сарын …..-ны өдөр төрсөн, ….. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл …, эцгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, …………………………….. оршин суух, урд 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 211 дүгээр

 

шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 622 дугаар захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар 2 жил хорих ялаас чөлөөлж суллагдсан, Балданцэрэн овогтой Н.С , регистрийн дугаар .......................;

 Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Гуулин суманд ...... оны ....дугаар сарын .....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ......................................... оршин суух хаягтай, одоо Дархан-Уул аймаг, .......................................тоотод оршин суух, ял шийтгэлгүй Тугчин овогтой Т.О , регистрийн дугаар ................................;

Шүүгдэгч А.Б , Н.С , Т.О  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт хохирогч С.Б ы биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б , Н.С , Т.О  нарт холбогдох 1828000390060 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч А.Б , Н.С , Т.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

          Прокурор С.Мөнхтулга эсэргүүцэлдээ: Шүүгч захирамждаа ...Хэргийн нотлох баримтаас үзэхэд 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр энэ гэмт хэрэг илэрсэн, гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж, улмаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоосон атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хууль зөрчсөн байна.

          Хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг хялбаршуулсан журмаар бус ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу прокурор эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичсэн нь ойлгомжгүй, ...шүүгдэгч нарын үйлдэл нь нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ үйлдлээрээ хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг нь зөрчсөн зэрэг шинжтэй байгааг анхаарах нь зүйтэй.

          Иймд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэж шүүхэд ирүүлсэн энэхүү эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх нь эргэлзээтэй байх тул мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийг буцаах шийдвэр гаргав гэжээ.

          Дээрх шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг хуульчлан тогтоосон байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэхээр хуульчилсан.

          Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулахыг тус аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасагт даалгасан байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг тогтоох зорилгоор явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг мөрдөн байцаалт гэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулж байгааг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

          Харин А.Б , Н.С , Т.О  нарт холбогдох мөрдөн байцаалтын хэргийн ажиллагаа нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр прокуророос 1828000390060 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарснаас хойш 14 хоногийн хугацаа нь тоологдож байгаа болно.

          Түүнчлэн тодорхой этгээдэд гэмт хэрэг үйлдэх сэдэлтийг төрүүлэхэд түлхэц өгсөн хувийн болон нийгмийн таагүй тохироог гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан гэж үздэг. Харин байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хариуцлага, хайхрамжгүй байдлын улмаас бүрдсэн тодорхой гэмт хэрэг үйлдэгдэх боломжийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл гэдэг.

          А.Б , Н.С , Т.О  нар нь бусдын биед буюу хохирогч С.Б ы биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гол үндсэн шалтгаан нь таарамжгүй харилцаанаас буюу хохирогчийн замын хөдөлгөөнд зүй бус оролцсон үйлдэл нөлөөлсөн байна.

          Өөрөөр хэлбэл А.Б , Н.С , Т.О  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинж агуулагдахгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад анхан шатны шүүхээс яллагдагч нарт сонсгосон зүйл ангийг хүндрүүлэн шалгуулахаар буцааж байгаа нь хэргийн нөхцөл байдал, хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна.

          Иймд Өмнөговь аймаг дахь ум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЗ/177 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах тайлбар гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд буцаасан А.Б , Н.С , Т.О  нарт холбогдох хэргийг шүүх 2 үндэслэлээр буцаасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой төрлийн хөнгөн хэргийг хялбаршуулсан журмаар 14 хоногийн дотор шалгаж ирүүлэхээр байхад 14 хоногийн дотор бус хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Энэхүү хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  бусдын биед, хувийн таарамжгүй харьцааны улмаас халдсан эд зүйлийг нь гэмтээсэн ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл алга өөрөөр хэлбэл энэ хэргийг бүлэглэж танхай шинжтэйгээр үйлдсэн байх тул энэ гэмт хэргийг дахин шалгах шаардлагатай байна гэж үзээд прокурорт буцаасан байгаа. Дээрх хоёр үндэслэлийг ямар байдлаар үндэслэлгүй байна гэж үзсэн гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах талаар зааж дурдсан хэрэг бүртгэлийн шатандаа буюу өөрөөр хэлбэл хэрэг гарснаас хойш 2018 оны 04 сарын 20–ны өдөр хүртэл хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдсан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаагүй байна. Харин 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр прокуророос 1828000390060 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн үеэс эхэлж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж байгаа учраас эндээс хойш 14 хоногийн дотор тоологдоно. Дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зөрчигдөөгүй байна.  Тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдлаас судлаад үзэхэд хохирогч нь замын хөдөлгөөнд соёлгүй оролцсоноос болж энэ хэрэг үйлдэгдсэн байгаа. Энэ хэргийн зүйлчлэл нь зөв байна. Ийм учраас энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдээ Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

         Анхан шатны шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг үүрэг болгон хуульчилсан ба гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, нотолбол зохих байдлын шаардлагыг хангасан эсэх, Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.

          Хэргийг бүхэлд нь хянахад хохирогч С.Б  нь 201 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлдөө

“...миний бие 2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Цогтцэцийгээс Цогт-Овоо орох замд 39-97 УНЛ улсын дугаартай  ISTANA маркийн маркийн машинтай бүлэг этгээдүүдэд зодуулж хүнд гэмтэл бэртэл авсан. Миний авто машины болох 02-96 УНЕ улсын дугаартай metsubishi Canter маркийн машинд хохирол учруулан санаатайгаар маш ихээр эвдэж хэмхэлсэн тул энэхүү асуудал, хохирол, гомдлыг шийдэж өгнө үү” гэсэн өргөдлийг гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.

          Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах замаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 173 тоот дүгнэлтээр “хөнгөн” /хх-56/, эд хөрөнгөнд учирсан хохирлыг хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний 129 тоот дүгнэлтээр С.Б ы эзэмшлийн MITSUBISHI CANTER маркийн, 02-96 УНЕ улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 353000 төгрөг /хх-61/, хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн тухайн цаг хугацаанд өмсөж яваад бусдад зодуулсны улмаас урагдсан гэх хувцасны үнэлгээг 72000 төгрөг /хх-66/ нийт дүнгээр 425000 төгрөгийн хохирол учирсан талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулсан байхад прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг бүрэн тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн  5 дахь хэсгийн  5.3-т заасантай нийцээгүйг дурдах нь зүйтэй.

         Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2, 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”,  “Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх” гэж заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хяналгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль тогтоомжид нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

          Иймд прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЗ/177 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

           2. Шүүгдэгч А.Б , Н.С , Т.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

           3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                 ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  П.ДОЛГОРМАА